Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 992

 

 

 

 

 

 

 

2019          10              3                                              2019/ДШМ/992                                              

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906000000446 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

......... Э, 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 5 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан;

 

Б.Э нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гадаа иргэн З.Нийн гар утас, түрийвч, Хаан банкны виза карт, смарт карт, сим картны гэр 2 ширхэг, иргэний цахим үнэмлэх, биет 120.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 189.700 төгрөгийн хохирол учруулсан,

мөн дээрх цаг хугацаа, газар нутагт З.Нийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун завьжны язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 147 дугаар байрны хажуугийн хүүхдийн тоглоомын талбайд Б.Бы гар утас, хуруундаа зүүж байсан хоёр ширхэг бөгж зэрэг эд зүйлсийг авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор түүний хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..... Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 16 /арван зургаа/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон нийт 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, амь хохирогч Б.Бы 10 ширхэг хумсны дээж, шүүгдэгч Б.Эы 8 ширхэг хумсны дээж, хэрэг болох үед өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, хоёр талдаа гурван эгнээ цагаан өнгийн канттай хар өнгийн даавуун өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Эаас 8.546.660 /найман сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд олгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах хугацаандаа Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Чинзоригт үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жил 7 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр шийтгэх тогтоол гардан авахад тогтоол дээр миний биеийн байцаалт алдаатай бичигдэж, мөн улсаас авсан гавьяа шагнал бичигдээгүй байна. Би Монгол Улсынхаа нэр хүндийг ази тив, дэлхийн тавцанд 11 жил өндөрт өргөж явсан. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврагийн 10-10 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, боксын багш дасгалжуулагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналтай. 1998-2000 оны хооронд аймгийн өсвөрийн боксын 3 удаагийн аварга, 2000-2009 оны хооронд кикбоксын зүүн бүсийн 9 удаагийн аварга, 2000-2009 оны хооронд кикбоксын улсын 8 удаагийн аварга болсон. Монгол Улсын хэмжээнд кикбоксын 56 удаа рекорд амжилтаа тогтоож байсан. Кикбоксын Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Кикбоксын олон улсын хэмжээний мастер цолтой. ...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, миний буруутай үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, нөхөж баршгүй орон зай үүссэнд маш их гэмшиж байна. Иймд миний улсаас авсан гавьяа шагнал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ үнэн зөвөөр хүлээснийг минь харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн биеийн байцаалтыг ийм байдлаар дурдаж хэлдэг байсан. Түүний хувийн байдлыг тодруулах зорилгоор “Б.Эы дүүгээс тайлбар авах, мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгаа хамаатнуудаас түүний авч байсан шагналын баримтыг авах ажиллагааг хийж өгөөч” гэх хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөгч хүсэлтийг хүлээн авч шалгахад “Алдар” спорт хороонд Б.Э нь тамирчнаар ажиллаж байгаагүй, ямар нэгэн шагнал авч байгаагүй гэх тодорхойлолт, лавлагаа ирүүлсэн. Б.Эы хувьд гэм буруугийн талаар маргаагүй. Анхан шатны шүүхээс 16 жил 7 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Б.Эы хувьд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлсэн тохиолдолд ажил хөдөлмөр хийж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх боломжтой. ...” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Б.Эы гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан. Хавтас хэргийн 218 дугаар талд, Б.Эы дүү Б.Энхчимэгээс мэдүүлэг авахад “Манай ах Э нь 1986 онд төрсөн, айлын ууган хүү, Сэлэнгэ аймагт 8 дугаар анги төгссөн. 2006-2007 онд Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг” байсан талаар мэдүүлэг өгсөн. Мөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос “Б.Э гэх тамирчин тус хороонд харъяалагдаж байгаагүй, мөн ажиллаж байгаагүй” гэх албан бичиг ирүүлсэн. Хувийн байдлын хувьд, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 гэмт хэрэг үйлдсэн тул түүнд анхан шатны шүүхээс 16 жил 7 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь түүний гэм бурууд тохирсон. ...”  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Э нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гадаа иргэн З.Нийн нүүрэн тус газар нь цохиж, гар утас, түрийвч, Хаан банкны виза карт, смарт карт, сим картны гэр 2 ширхэг, иргэний цахим үнэмлэх, биет 120.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 189.700 төгрөгийн хохирол учруулсан,

мөн дээрх цаг хугацаа, газар нутагт З.Нийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар дээрэмдэх явцдаа, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун завьжны язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 147 дугаар байрны хажуугийн хүүхдийн тоглоомын талбайд Б.Бы гар утас, хуруундаа зүүж байсан хоёр ширхэг бөгж зэрэг эд зүйлсийг авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор түүний хоолойг нь боож санаатай алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Нийн “...Тэр залуу миний баруун нүд, шанаа орчим хоёр удаа гараараа цохиход миний нүдний шил унасан. Тэгээд халаас уудлаад гар утас, хэтэвчтэй мөнгийг авсан. ...” /2хх 30/,

Б.Эы яллагдагчаар өгсөн “...Тэр хүн надаас 7 буудал хаана байдаг вэ гэж асуухаар нь би заагаад өгье гэж дагуулж явж байгаад гар утас, хэтэвч нь халаасанд нь ил харагдаж байхаар нь авсан. ...” /2хх 39-40/,

гэрч Д.Оюунтүлхүүрийн “...Тайванаа “эгчээ надад хоёр rap утас байна, та зараад өгөөч” гэхээр нь таньдаг ах Очироод цагаан өнгөтэй гар утсыг 12.000 төгрөгөөр зарсан. Нөгөө ногоон өнгөтэй гар утсыг гэртээ авч хариад ээж, хүү хоёртойгоо утсаар яриад Тайванаад буцаагаад өгсөн. ...” /2хх 37-38/ гэх мэдүүлгүүд,

 “...З.Нисгэгчийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун завьжны язрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2479 дугаартай дүгнэлт /2хх 42/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн “...Талийгаач нь архаг хууч өвчингүй. Баруун гар өвдөөд юм бичиж болохгүй байна гэж байсан. Мөн хараа маш муутай. ...” /1хх 38-40/,

насанд хүрээгүй гэрч Б.Саруулын “...сургуулиа тараад байрны урд талаар алхаж явахад хүүхдийн тоглоомын талбайд траншейны бололтой, муухай хувцастай 3 эрэгтэй хүн сууж байсан. Тухайн үед их чанга ярьж байсан ба эцэг эхээс уламжлагдан ирсэн бөгж, ямар нэгэн чулуутай гэж байсан ба нэг залуу нь баахан урт уяа шиг зүйл гартаа барьсан байсан. ...” /1хх 42/,

гэрч Г.Үнэнбатын “...15 цагийн үед гадаа хүмүүсийн дуу чангараад байхаар нь цонхоор харахад хүүхдийн тоглоомын талбай дээр 2 хүн ноцолдоод нэг хүн хараад зогсож байсан. Нэг нь унаад нэг нь дээр нь гараад ноцолдоод сандал дээр дараад байсан...” /1хх 44-45/,

гэрч Ү.Одонтуяагийн “...Цонхоор тоглоомын талбай руу харахад 3 хүн архи ууж байсан. ...Муудалцаад орилолдоод байсан...” /1хх 48-49/,

гэрч М.Эрдэнэбаатар “...Талийгаач нь хар өнгийн Нокиа гар утастай, баруун гарын долоовор хуруунд тольтой шар өнгийн бөгж, зүүн гарын долоовор хуруунд мөнгөн юм шиг ногоон шигтгээтэй том тольтой бөгж зүүсэн байсан. Өдөр надтай уулзаад салахад уг бөгжнүүд нь байсан. …” /1хх 54/,

Б.Эы яллагдагчаар өгсөн “....Болд ахыг явсны дараа тэр эрэгтэйг заамдаад дарж байгаад бие нь сулраад ухаан алдчих шиг болохоор нь гарнаас нь бөгжийг нь аваад явсан...”  /2хх 92-93/ гэх мэдүүлгүүд,

“...Талийгаач Б.Б нь багалзуурдсаны улмаас амьсгал бүтэж нас барсан болохыг тогтоосон…” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 645 дугаартай дүгнэлт /1хх 100-102/

“...Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 611 дугаартай дүгнэлт /1хх 109/,

 “...16 цаг 30 минут 55 секундээс эхлэж 30 минут орчим дүрслэгдэх бөгөөд...саарал малгайтай, саарал өнгийн куртиктэй, хар өнгийн цагаан канттай өмдтэй эрэгтэй хүн амь хохирогчийн дээрээс дарж ноцолдож байгаа нь бичигдсэн байна...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32-34/, /1хх 168-179/,

хэргийн газар болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-21/, /2хх 21-26/, хөрөнгийн үнэлгээ /1хх 114/, /2хх 84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт, “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Эы хохирогч З.Нийн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн З.Нид хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бы гар утас, хуруундаа зүүсэн хоёр ширхэг бөгж зэрэг эд зүйлсийг авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор түүний хоолойг боож багалзуурдсаны улмаас амьсгал бүтэж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 16 жил 7 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Б.Эы “...хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Эы “...Миний биеийн байцаалтад оршин суух хаягийг буруу бичсэн, мөн улсаас авсан гавьяа шагналыг бичээгүй. ...” гэсэн гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.Эыг “...дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй...” гэж оршин суух хаяг нь зөв бичигдсэн байх бөгөөд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай албан бичгээр “Б.Э нь тус хороонд тамирчнаар ажиллаж байгаагүй” болох нь тогтоогдож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас “Б.Э нь цол, зэрэг авсан гэх бүртгэл байхгүй байна” гэх лавлагаагаар гомдлын үндэслэл няцаагдаж байна.

 

Харин анхан шатны шүүх хохирогч З.Нид учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эы урьд цагдан хоригдсон нийт 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай. ...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эы урьд цагдан хоригдсон нийт 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай. ...” гэж,

7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Эаас 8.546.660 /найман сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд олгосугай. …” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эаас нийт 8.736.360 /найман сая долоон зуун гучин зургаан мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд 8.546.660 /найман сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг, хохирогч З.Нид 189.700 /нэг зуун наян ес мянга долоон зуу/ төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН