Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 2224000830092 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, *төрсөн, 37 настай, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт * оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн *******, /РД:*******/

 

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг “Хатгуурантай" гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.6 м3 түлээний хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Завхан аймгийн Баянтэс сумын төв рүү Ниссан Атлас маркийн 08-76 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 285,375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг “Хатгуурантай" гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.6 м3 түлээний хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Завхан аймгийн Баянтэс сумын төв рүү Ниссан Атлас маркийн 08-76 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 285,375 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн *******аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймаг Баянтэс сумын Бужир баг Хутгуурантай гэх газарт 9 сарын 04-ний өдөр зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэж тээвэрлэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас /,

-2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хатгуурантай гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09-р тал/,

-2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******ын эзэмшлээс цагаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 23-25-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-19-р тал /,

-Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэний ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 285,376 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийг нь хамт нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би хонио хариулаад явж байсан чинь утас дугараад ******* яриад хаана байна, хүрч ирээд 2- 3 бүдүүн мод машинд ачаад өгөөч ганцаараа даахгүй байна гэхээр нь хонио эргүүлчхээд мотоциклтой *******ын байгаа гэх Хатгуурантайн даваа гэх газарт яваад очсон. Тухайн үед цаг хэд болж байсныг хараагүй, лав үдээс хойш болчихсон байсан. Намайг очиход ******* ачааны машин дээр мод ачаад тавьчихсан байсан. Би тэгээд ******* дээр очиход өмх жаахан идчихсэн 3-4 ширхэг, 160-180 см орчим урттай бүдүүн мод байхаар нь машин дээр нь гаргаж өгсөн. Би одоо явахгүй бол болохгүй хонио гэрийн зүг эргүүлчихсэн гээд малдаа санаа зовоод байсан болохоор хаяад явсан. ******* ганцаараа цагаан өнгийн Портер маркийн автомашинтай явж байсан. Би 3-4 ширхэг модыг нь машин дээр гаргалцаж өгөхөд тэнд цагаан өнгийн моторт хөрөө харагдаж байсан. *******ыг мод бэлтгэхдээ эрхийн бичиг авсан авсан эсэх талаар мэдээгүй, би тэр талаар асуугаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

-Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би 2022 оны 8 дугаар сард ажилд орсон, 8 дугаар сард хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиг аваад байсан ******* гэх хүн аваагүй. 8 дугаар сарын 23-ны өдөр гээд Бужир багийн засаг дарга л мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Сүүлд харин Хачиг багийн нутаг Хатгуурантай гэх газраас 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ******* гэх хүн мод оруулж ирж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагдсаныг мэдсэн. ******* гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин түүний эхнэр 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5 метр куб модны 21-114725 дугаартай эрхийн бичиг 21-85 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан. Мод бэлтгэх эрхийн бичиг нь бичигдсэн хугацаанд модоо аваагүй бол 1 удаа сунгалт хийлгэдэг, бичилт хийгдээгүй хугацаа дууссан бол эрхийн бичиг хүчингүй болдог журамтай. Түдэвтэй сумын Ойн ангийн дарга Дарамсэнгийн хамт цагдаагийн хэсгийн хашаанд байсан 08-76 ЗАН улсын дугаартай Атлас маркийн ачааны машины тэвштэй модонд үзлэг хийхэд 1.5 метрээр тайрсан хуурай, шинэс төрлийн моднууд байсан...Ойгоос мод бэлтгэхээс өмнө тухайн иргэний зүгээс заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модынхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заасан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...Мод бэлтгэх эрхийн бичгийг өөр хүнд шилжүүлж болохгүй. Харин бэлтгэсэн модоо худалдан борлуулсан бол модоо дагуулж өгнө... нь уг мод бэлтгэх эрхийн бичгийг сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байх Баянтэс сумын нутаг дэвсгэрт хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* нь 08-76 ЗАН улсын дугаартай Nissan Atlas маркийн цагаан өнгийн ачааны автомашинаар мод тээвэрлэж явах үед нь цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу зогсоож шалгасан...ямар нэгэн бичиг баримт байгаагүй, тэгээд болсон зүйлийн талаар асууж тодруулахад миний машины бичиг баримт болон мод бэлтгэх эрхийн бичиг гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтаа аваад ир гээд явуулсан. Тэгсэн маргааш нь жолооны үнэмлэх болон мод бэлтгэх эрхийн бичгийг авчирсан бөгөөд тухайн эрхийн бичгийг шалгахад өөр хүний нэр болон өөр автомашины дугаартай хугацаа хэтэрсэн мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Тэгээд *******ыг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзээд цагдаагийн байгууллагын хоногийн мэдээнд гэмт хэргээр оруулсан...******* нь тухайн үед ганцаараа явсан бөгөөд тухайн модыг Баянтэс сумын Хачиг багийн Хатгуурантай гэх газраас өнөөдөр бэлтгэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна гэрээс гараад тугалын хашаа руу харсан чинь цагаан өнгийн ачааны автомашин мод ачсан зогсож байсан. Манай тугалын хашаа замын хажууд байдаг юм. Жолооч нь машиныхаа хажууд зогсож байхаар нь хэн юм бол гээд харахад ******* зогсож байсан юу хийж байгаа юм болдоо гэж бодоод эргээд гэртээ ороод удаагүй байхад машинаа асаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би *******ын мод бэлтгэсэн гэх Хатгуурантай нэртэй газар очиход 3 ширхэг унасан шинэс төрлийн мод байсан бөгөөд үндэс хэсгээрээ газарт унасан мод байсан. Тухайн үед ойр хавьд нь өөр шинээр мод хийсэн гэх зүйл ажиглагдаагүй...******* мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар мэдэхгүй байна. Би тухайн үед ээлжийн амралттай байсан... Иргэн хүн ахуйн зориулалтаар унасан, хуурай, гишүү мөчир зэргийг түлшний болон ахуйн зориулалтаар Мод бэлтгэх эрхийн бичиг авсны үндсэн дээр бэлтгэж болно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн мод байна. Ойгоос бэлтгэсэн мод нь босоо болон унанги хуурай мод байна. Иргэн ******* нь ойгоос цэвэрлэгээний ажил, огтлолоор 2.6 метр куб мод бэлтгэсэн байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд яр ихтэй, хатсан, өмхтэй, богино тайрсан тэгш шулуун биш зэрэг нь түлээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 09 дүгээр сард бэлтгэсэн байх магадлалтай. Мод бэлтгэсэн газар болох "Хатгуурантай" гэх газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 2 дугаар муж дахь нэг шоо метр хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээ /нийт/-109760/ төгрөг, хуурай модны илтгэлцүүр-1,0. Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн "Хатгуурантай" гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760х2,6x1,0=285376 төгрөг байна. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ босоо хуурай, унанги модноос бэлтгэсэн байна...” гэсэн дүгнэлт / ХХ-ийн 52- 53-р хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07-04-324.02 дугаартай: “...******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 2,6 метр куб түлшний хуурай модонд Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Э.Дарамсэнгийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 285,376 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 856,128 төгрөгийн нөхөн төлбөр тавив. ******* нь зөвшөөрлийн эрхийн бичиггүй түлшний 2,6 метр куб шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтын дагуу хурааж шийдвэрлэв. *******ын нөхөн төлбөр болох 856,128 төгрөгийг Хаан банкны 100090200988 дугаарын төрийн сангийн дансанд тушааж, тасалбарын нэг хувийг Баянтэс сумын БОХ-ын улсын байцаагч ад өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянтэс сумын Хачиг багийн нутаг манай мал малладаг өвөлжөөн дээр өөрийн 08-76 ЗАН Дугаарын Ниссан атлас маркийн ачааны машиныг жолоодон өвс ачиж ирсэн. Тухайн үед би ганцаараа явсан юм. Өвөлжөөнийхөө дэргэд өвсөө буулгачхаад буцахдаа "Хатгуурантай" гэх газрын ойгоос захалсан тайрсан модноос 2 ширхэг нарийн модыг өөрийн эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөөгөөр унагааж бэлтгэж дуусгаад байж байтал хонины бэлчээрт мотоциклтой найз ыг явж байхаар нь би дуудаад мод хамт ачилцаад өгөөч гэж гуйгаад бэлтгэсэн модоо машин дээр хамт ачсан... Тухайн үед би модтой машинтай сумын төв рүү орж ирээд хашаандаа ороод зогсож байгаад эргээд гартал сумын цагдаа тай тааралдаад шалгуулсан. Сумын цагдаа шалгахад надад мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байгаагүй. Тэгээд миний машиныг цагдаа саатуулсан. Тухайн үед манай гэрт 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хугацаа дууссан гоожин байсан. Би ойгоос унанги 2 ширхэг босоо модны нэг нь дундуураа хугархай нарийнхан мод байсан. Нөгөө нэг мод нь жалга руу тонгойсон хуурай мод байсныг хөрөөдөж бэлтгэсэн. Харин тухайн моднуудыг өөрөө ганцаараа бэлтгээд найз ыг гуйгаад ачуулсан. Тухайн 3 модноос би 73 ширхэг, 1.50 метрийн урттай мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Баянтэс сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 428,064 төгрөгийг төлж барагдуулсан, мөн үлдэгдэл 428,064 төгрөгийг 2023 ны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 142,688 төгрөг төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан  байх ба  цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 08-76 ЗАН улсын дугаартай “Ниссан Атлас” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  улсын орлого болгохоор хуульчилсан ба *******ын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 08-76 ЗАН улсын дугаартай “Ниссан Атлас” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул улсын орлого болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2,6 метр куб түлээний хуурай, шинэс модыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул мөн улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Харин шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 428,064 төгрөгийг төлж барагдуулсан, мөн үлдэгдэл 428,064 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 142,688 төгрөг төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдаж, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөгдөөгүй хохирлыг түүний хувьд оногдох эд хөрөнгөөс гаргуулж төлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 2,6 метр куб түлээний хуурай, шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, 08-76 ЗАН улсын дугаартай “Ниссан Атлас” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН