Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

     

 

       

 

 

 

 

 

   2022         11            22                                      2022/ШЦТ/212

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2219003750332 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .........төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Г 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө ........... хаягт байх хохирогч О.Цийн эзэмшлийн байрны 2 ширхэг цонхыг чулуу шидэн хагалж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын  эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.      

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Г.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чойр руу ажлаар явсан. 2022 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай охин Отгончимэг над руу утсаар залгаад манай хаалгыг нэг хүн нүдээд байсан чинь 2 өрөөний цонх хагалчихлаа гэж хэлсэн. Би 09 дугаар сарын 11-ний өдөр Чойроос гэртээ ирээд харахад том өрөөний вакум цонх, жижиг өрөөний поорчик, жижиг тасалгаа хэсэг нь хагарсан байсан...Г манай байрны цонхийг хагалсан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Гы ах Ганцоож гэж хүн над руу 2 өрөөний цонхны хохирлын мөнгө гэж 300.000 төгрөг миний .... тоот данс руу шилжүүлсэн 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цонхоо засуулахад нийт 500.000 төгрөг зарлагдсан бөгөөд хохирол барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

Гэрч Ө.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэртээ унтаж байхад эмээ Баасансүрэн намайг сэрээгээд хаалга хун тогшоод байна гэхээр нь би айгаад хаалгаа нээж өгөөгүй. Удалгүй том өрөөний цонх болон жижиг өрөөний вакум цонхийг гаднаас чулуу шидэж хагалсан. Тухайн үед ээж байгаагүй Чойрт ажлаар явж байсан ба Айраг суманд ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед над руу Г утсаар залгаад гараад ир уулзъя гээд байсан би гараагүй, намайг гарч ирсэнгүй гэж уурласандаа манай цонхийг хагалсан." гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 18 дугаар тал)  

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №TXY922/4534 дугаартай "...135 42 см хэмжээтэй вакум цонхны шил... 150.000 төгрөг...65*41 см хэмжээтэй вакум цонхны шил... 100.000 төгрөг...53*30 см хэмжээтэй вакум цонхны шил...80.000 төгрөг...63*40 см хэмжээтэй вакум цонхны шил... 100.000 төгрөг... Нийт үнэ 430.000 төгрөг." гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 63 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг замчин 23-14 тоот хаягт байх хохирогч О.Цийн эзэмшлийн байрны цонх руу чулуу шидэн 2 цонхыг нь хагалж  бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чойр руу ажлаар явсан. 2022 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай охин Отгончимэг над руу утсаар залгаад манай хаалгыг нэг хүн нүдээд байсан чинь 2 өрөөний цонх хагалчихлаа гэж хэлсэн. Гы ах Ганцоож гэж хүн над руу 2 өрөөний цонхны хохирлын мөнгө гэж 300.000 төгрөг миний .... тоот данс руу шилжүүлсэн 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн.." гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэртээ унтаж байхад эмээ Баасансүрэн намайг сэрээгээд хаалга хун тогшоод байна гэхээр нь би айгаад хаалгаа нээж өгөөгүй. Удалгүй том өрөөний цонх болон жижиг өрөөний вакум цонхийг гаднаас чулуу шидэж хагалсан. " гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №TXY922/4534 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Г нь хохирогч О.Цийн эзэмшлийн байрны цонх руу чулуу шидэн 2 цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

 

Шүүгдэгч Г.Гы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч О.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, 500,000 төгрөг төлсөн гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Г.Гд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Гы хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН