Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

 

      2022         11           29                                        2022/ШЦТ/214

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Хохирогч О.У,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бд холбогдох эрүүгийн 2219001430310 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ... төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж,мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, П.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч О.Утай маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун шуу, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч П.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 03 сарын 11-ний өдөр эхнэртэйгээ байж байхад А эгч ажил дээрээс ирээд авчих гэж эхнэрийг дуудсан. Бид хоёр авах гээд явж байхад Энхбаяр гэх манай найз сумын төвөөс 20 километрийн зайнаас манай дүүг аваад ирээч унаа олдохгүй байна гэхээр нь А эгч, би, эхнэртэйгээ, Энхбаяртай дөрвүүлээ явсан. Бид дөрөв замдаа архи ууж байгаад А эгчтэй маргалдсан. А эгч бид хоёрыг зодолдож байхад эхнэр голоор орж салгах гэхэд нь би өшиглөсөн байсан.Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дөрвүүлээ хамт архи уусан. Иххэтээс зайдуу 10 гаруй километр явсан. Маргалдах шалтгаан нь юунаас болсон бэ гэхээр машины түлхүүр авахаас болсон. А эгч бид хоёр хоёулхнаа явах гэхэд бид хоёрыг архи уучихсан байж машин барих гэлээ гээд түлхүүр өгөхгүй булаацалдсан. А эгч түлхүүр авах гээд дайраад энэ хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Тухайн үед түлхүүр өгөөгүй нь болсон байсан. Бид хоёр согтуу байсан, түлхүүр өгсөн бол дараа нь яах ч байсан юм. Би түлхүүрээ аваад цагдаа дуудна гээд машиндаа суугаад хаалгыг нь түгжих гэтэл Б ирээд намайг үснээс зулгааж, түлхүүр булааж аваад намайг өшиглөсөн. Түлхүүр өгсөнгүй, чи ганцаараа машинтай юм уу гэж А эгч хэлээд энэ хоёр хоорондоо маргалдсан. Би тухайн үедээ зодуулсандаа шаралхаж, хашраая гэж бодоод цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би А эгчийг тэгээд хэлчих гээд хуйвалдсан. 20 хоног ажиллаад 10 хоног амрахаараа архи уудаг нь үнэн. Манайх уурхай болохоор хамт олон нь байнгын архи хэрэглэдэг. Тэр болгоныг нь хориод дийлдэггүй. Архи уух болгондоо агсам тавиад байдаггүй. Би шүүх хурал болно гэж бодоогүй, ийм зүйлийг мэдэхгүй байсан. Цагдаад өргөдөл бичээд өгчихвөл би дийлчихэж байгаа юм шиг санагдсан. Одоо манай нөхөр архи уухгүй, ажлаа хийгээд бид хоёрын амьдрал өөр болж байгаа гэсэн мэдүүлэг,

 

        Гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12.00 цагийн орчим гэж санаж байна ажлаас буугаад О.Утай утсаар яриад намайг ажил дээрээс ирээд авчих гэж хэлтэл О.У нөхөртэйгөө ирсэн нөхөр нь согтуу бас нөхрийнх нь найз гээд нэг залуутай хамт ирсэн. Би машинд суутал сумаас ойрхон Хажуу улааны уурхай орж хүн авчхаад явъя гэж яваад замдаа П.Б нь согтуугаар эхнэрийгээ хэл амаар янхан банзал чамайг ална гээд гэнэт хэл амаар доромжлоод толгой руу нь түлхээд байсан тэгэхээр нь би П.Бд чи дандаа архи ууж эхнэртээ агсам согтуу тавьж байх юм гэж хэлтэл хөдөө машинаа зогсоогоод эхнэрийгээ машинаас үсдэж чирч буулгаад 2-3 удаа өшиглөж алгадахаар нь би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №02/0145 дугаартай “...1. О.Уын биед тархи доргилт, баруун шуу, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 79 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон  цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд,

          хохирогч О.У, гэрч Э.А нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №02/0145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүнд тархи доргилт, баруун шуу, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Уын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...машиндаа суугаад хаалгыг нь түгжих гэтэл Б ирээд намайг үснээс зулгааж, түлхүүр булааж аваад намайг өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №02/0145 дугаартай  дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн үйл баримтыг тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч П.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч О.У нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар ирүүлсэн  баримтгүй,нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын санал гаргасан болно.

 

Шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ,6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд  төлүүлэхээр шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар:

Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч П.Б нь бүрэн дунд боловсролтой боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН