Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0215/Э |
Дугаар | 2022/ШЦТ/216 |
Огноо | 2022-12-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/216
2022 12 01 2022/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
хохирогч О.Х,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гт холбогдох эрүүгийн 2219000000324 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ...................... төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....................тоотод оршин суух, урьд 1991 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2015 оны 8 сарын 25-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2021 оны 7 сарын 08-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийтгүүлсэн, Ж.Г
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн ... айлын байрны ертөнцийн зүгээр урд талд хохирогч О.Хтай цонхны урд талд тамхи татлаа гэх шалтгааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд 2 дугаар шүдний ганхаа...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2022 оны 09 сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд гэртээ байсан. Тухайн өдөр дулаахан байсан болохоор гэрийн цонх онгорхой байсан. Гэрийн цонхоор тамхины утаа орж ирсэн, манай гэрт тамхи татдаг хүн байхгүй, би өөрөө тамхи татдаггүй учраас тамхины утаанд байж чаддаггүй. Цонхон дээр очиход урьд нь зүс таних Анагаахын сургуулийн оюутнууд байхаар нь та нар цаашаа яваад тамхиа татчих гэж хэлэхэд ямар ядаргаатай юм, наад цонхон дээрээ тамхи татаж болохгүй гээд биччихээч чи гэхээр нь уурласан. Би гэрээсээ сургуулийнх нь захиргаанд мэдэгдэх гээд явж байхдаа Хын мөрнөөс нь барихад эргэж хараад намайг заамдсан, би санаандгүй мөргөсөн. Урьд нь удаа дараа тамхи татаж байсан. Би 20, 30 удаа сургуулийнх нь захиргаанд албан бичиг өгч байсан. Шөнө оройн цагаар орцонд орж ирж тамхи байнга татдаг. Хэлэхээр бид нар айлд ирсэн, гэрийнхээ үүдэнд байна гэж хэлдэг. Араас нь дагаж явж байгаад сургуулийнх нь байр руу ороход нь танай оюутнууд мөн үү гэж асуухад мөн байдаг. Манай оршин суугчдаас удаа дараа ийм гомдол ирж байгаа. Би 2019 оноос хойш Анагаахын сургуульд бичиг өгч байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр сургууль их цэвэрлэгээтэй гээд бүх оюутнуудыг цуглуулсан. Байрнаас гараад ангийнхаа найз Ганбаатай оюутны байрны зүүн урд талд очиж тамхи татсан. Нэг давхрын цонхноос зандрангүйгээр холхон очоод тамхиа тат гэж хэлэхээр нь би ямар ядаргаатай юм, эндээ тамхи татах хориотой гээд тэмдэг тавьчихгүй яасан юм гэж хэлчхээд тамхиа татаж дуусгаад сургууль руу алхаж байсан. Араас гарч ирээд миний мөрнөөс татаад эргүүлсэн. Бид хоёр барьцалдахад миний нүүрэн тус газарт мөргөсөн. Миний хамраас их хэмжээний цус гарсан. Ганбат намайг салгахад шилэн хүзүүнээс дарчхаад чулуу бариад над руу дайраад, араас чинь дүрчхээд сууж чадна гэж хэлсэн. Гэрээс нь эмэгтэй хүн гарч ирээд яагаад давраад байгаа пизданууд вэ гэж хэлсэн. Би энэ хүнээс салаад байр руу явж байхад байрны багш гарч ирээд цагдаа дуудаж өгсөн гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... айлын ертөнцийн зүгээр урд талд тамхи татаад зогсож байсан чинь хамгийн урд талын орцны 1 давхрын цонхноос 40 орчим насны эрэгтэй хүн пизда нар минь хол очиж тамхи тат гэж хэлээд байгаа юм биш үү би та нарт хэдэн удаа хэлэх юм бэ гээд орилсон тэгсэн чинь би болохоор за ахаа гээд булан эргэсэн харин манай найз зөрүүлээд үг хэлж байх шиг байсан би тэрийг нь сонсоогүй. Тэгээд бид хоёр цаашаа явж байсан чинь араас нөгөө ах над руу гүйж ирснээ биш байна гээд найз О.Х луу очсоноо шууд заамдаж аваад би чамд хэдэн удаа хэлэх юм гэхэд нь Х та намайг андуураад байгаа юм биш үү гэсэн тэгээд нөгөө ах Хын нүүр лүү нь толгойгоороо мөргөчихсөн. Тэгээд би нөгөө ах Х хоёрыг салгасан тэгсэн чинь Хын хамраас цус гарсан тэгээд салгаж аваад байж байхад нөгөө ах дайраад би чамайг ална шүү араас чинь дүрчихнэ шүү гээд чулуу аваад дайраад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №02/0473 дугаартай "... 1. О.Хын биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд 2 дугаар шүдний ганхаа гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь тус бүртээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн ... айлын байрны урд талд хохирогч О.Хтай цонхны урд талд тамхи татлаа гэх шалтгааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд 2 дугаар шүдний ганхаа...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч В.Гүрдорж,гэрч Т.Баяржавхлан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №02/0403 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогч болон шүүгдэгчийн бие биеэ хүндлэх харьцаа, ахмад хүний үгийг сонсох тэвчээр, хэн нэгэндээ тавих шаардлагаа зөв зохистой ойлгуулж чаддаггүй зэрэг нөхцөл байдлаас гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Х нь шүдээ эмчлүүлж, янзлуулмаар байна гэж мэдүүлсэн ба хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч Ж.Г нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1000,000 төгрөг төлсөн байна.
Хохирогч О.Хын цаашид эмчлүүлэхтэй холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Гын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын санал гаргасан болно.
Шүүгдэгч Ж.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,хохирогчид 1000000 төгрөг төлсөн ба хохирогч О.Х нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН