Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0220/Э |
Дугаар | 2022/ШЦТ/220 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/220
2022 12 07 2022/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2219000000319 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ........ суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... оршин суух хаягтай, одоо ..... нутаглах, урьд ял шийтгэлгүй, Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.....г “гэртээ харьж малаа малласангүй” гэх зүйлээр шалтаглан түүний толгой руу сүхний иш хэсгээр цохиж, эрүүл мэндэд нь "... толгойн зулай хэсэгт 2 см орчим язарсан шарх...” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр унага тамгалах санаатай Сайншандын дэлгүүрээс юм аваад буцах байсан. .... хэд хоног архи уугаад гэртээ ирэхгүй байсан. Хөдөө ганцаараа байдаг болохоор хэцүү байдаг. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй тэгэхээр нь очоод гар утсыг нь авах санаатай сүхээр далайж байгаад, цүнхнээс нь гар утсыг авах гэж байтал сүхний ишинд оногдсон, миний буруу, гэм буруугаа ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Тамир гэх найзынхаа гэрт нэг шил архи уучхаад Дын хамт Дэнжид байх Дгийн гэрт очиж Дын нөхөр Мыг авах зорилгоор гэрт нь дөнгөж ороод байж байтал манай нөхөр Н мотоциклтой ирээд гэрийн гадна зогсоод гэрт орж ирээд хөдөө гэр лүүгээ явахгүй юм уу гэж хэлсэн бөгөөд би эргээд нөхөр лүүгээ хартал манай нөхөр Н малаа харсангүй гээд уурлаад Мтай маргалдсан бөгөөд гартаа сүх бариад миний толгой руу цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
Гэрч Д.Өргөнцагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө... өндийгөөд хартал нэг үл таних залуу гартаа төмөр сүх барьчихсан Болороогийн толгой хэсэгт нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
Гэрч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд байх Дгийн гэрт М, .... нарын хамт нэг шил архи уугаад байж байтал гэрт ....гийн нөхөр Н орж ирсэн. Тэгээд эхнэр ....гаа явъя гэж хэлтэл .... одоо явлаа гэж хэлсэн бөгөөд Н уурлаад гэрийн баруун урд байсан сүхийг аваад эхнэр лүүгээ дайрсан. Тэгэх үед нь би Нг боль гэж хэлээд голоор нь ортол намайг түлхэж унагаагаад .... эгчийн толгойг нь сүхээрээ цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/0494 дугаартай "... Б.....гийн биед зулайн шарх” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр .... тоот хашаанд хамтран амьдрагч Б.....г архи уулаа “гэртээ харьж малаа малласангүй” гэж маргалдах явцдаа гэрийн хаяанаас авсан сүхний иш хэсгээр толгой руу нь цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/0494 дугаартай "... Б.....гийн биед зулайн шарх” бүхий гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд: хохирогч Б....., гэрч Д.Өргөнцагаан ,Д.Доржпагма нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/0494 дугаартай шинжээчийн дүгнэлт,яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 50/,захиргааны зөрчлийн лавлагаа/хх-ийн 46/,эд хөрөнгийн талаарх лавлагаа/хх-ийн42/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдагч Б.....гийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Нгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б..... нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Нгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан хохирогчоор өгсөн /хх 10-11, 71/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан болно.
Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,хорих ялаар солихыг анхааруулж байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н бүрэн дунд боловсролтой,монгол хэл,бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН