Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

   2022         12           09                                      2022/ШЦТ/227

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бид холбогдох эрүүгийн 2219000000339 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 04  дүгээр сарын 08-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 0-5 насны 2 хүүхдийн хамт .............. гэх газар оршин суух,2019 оны 11 сарын 29-ний өдрийн 191 дугаартай Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн, Л.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “.... ХХК-ний Дорноговь аймаг дахь салбарын харьяа ШТС 61 салбарт түгээгчээр ажиллаж байхдаа хариуцуулан олгосон шатахуун болон тос тослох материалыг худалдаалсан орлогыг хувьдаа завшиж 11 удаагийн үйлдлээр нийт 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн харьцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би анх хүнээс покер заалгаж утсаараа тоглож сурсан. Эхлээд өөрийнхөө мөнгөөр тоглоод 3,000,000 төгрөг авсан. Тэгээд ойр зуурын эд зүйлээ авсан. Тэгээд удахгүй шатахуун түгээх газарт ажилд ороод үйлчлүүлэгч шатахуун аваад картаа орхичихсон байна. Дансанд чинь мөнгөө хийчихье гээд миний дансанд мөнгөө хийсэн. Тэгээд 10,000 төгрөгөөр нь тоглоод үзье гэж бодоод алдсаар байгаад байгууллагын мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг алдсан байсан. Алдсан мөнгөө олох гэж тоглосоор байгаад 13,000,000 гаруй төгрөг алдсан байсан гэсэн мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ....-д хуульчаар ажилладаг юм. ....-аас Дорноговь аймаг дахь салбарын харьяа ШТС-61 салбарт гэнэтийн шалгалт хийхэд түгээгчээр ажиллаж  байсан Л.Б нь ажиллаж байх хугацаандаа компаниас итгэмжлэлээр хариуцуулан олгосон шатахуун болон тос тослох материал түүнийг худалдаалсан орлого болох төгрөгөөс ажлын үүрэг гүйцэтгэх явцдаа дур мэдэн хувийн зорилгодоо ашиглаж 11 удаагийн үйлдлээр 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гар утсаараа покер тоглож мөнгөө алдчихаад, ахиж тоглож алдсан мөнгөө олох гэж байгаад ийм байдалд хүрсэн гэж хэлж байсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг дутааж байгаагүй...Л.Б нь Сод Монгол Групп-т учруулсан 13.476.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...Манай компанид учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа болохоор санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 69 дүгээр тал),

 

Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ШТС-61 дүгээр салбарын түгээгчээр ажиллаж байсан Л.Б нь байгууллагын тооцооноос 13.476.000 төгрөгийн дутагдал гаргасан байсан ба түгээгч Л.Бтэй уулзаж ярилцахад 11 удаагийн гүйлгээгээр 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан байсан бөгөөд яагаад ийм зүйл болсон талаар асуухад мөрийтэй тоглоод алдчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №22/453 дугаартай “...нийт төлбөр 13.476.000 төгрөг...” төлбөрийн акт ( хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 47 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “.... ХХК-ний Дорноговь аймаг дахь салбарын харьяа ШТС 61 салбарт түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулан олгосон шатахуун болон тос тослох материалыг худалдаалсан орлогыг хувьдаа завшиж 11 удаагийн үйлдлээр нийт 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Л.Б нь ажиллаж байх хугацаандаа компаниас итгэмжлэлээр хариуцуулан олгосон шатахуун болон тос тослох материал түүнийг худалдаалсан орлого болох төгрөгөөс ажлын үүрэг гүйцэтгэх явцдаа дур мэдэн хувийн зорилгодоо ашиглаж 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан....” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнШТС-61 дүгээр салбарын түгээгчээр ажиллаж байсан Л.Б нь байгууллагын тооцооноос 13.476.000 төгрөгийн дутагдал гаргасан байсан ба мөрийтэй тоглоод алдчихсан гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22/453 дугаартай төлбөрийн акт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлнэ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь “.... ХХК-ний Дорноговь аймаг дахь салбарын харьяа ШТС 61 салбарт түгээгчээр ажиллаж байхдаа хариуцуулан олгосон шатахуун болон тос тослох материалыг худалдаалсан орлогыг хувьдаа завшиж 11 удаагийн үйлдлээр нийт 13.476.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

 

 Шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 69, 74 дүгээр талд авагдсан байна.

Шүүгдэгч Л.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд манай компанид учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-69, 74/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Бид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар /Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гаргахгүйгээр/ зорчих эрхийг хязгаарлах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Л.Бид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Л.Бид танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Л.Бийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Бид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Бид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН