Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                        129/ШШ2019/00129              

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Ч-д   холбогдох 

1.487.320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Л.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ч нь Эрдэнэбулган сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн б/02 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж тус хэлтсийн ажилгүйдлийн даатгалын сангаас 2017.03.18-ны өдрөөс 07 сарын 04-ний өдрийн хооронд 76 хоногоор тооцон 1.487.320 төгрөгийн тэтгэмж авсан болно. Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дүгээр шийдвэрээр ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн. Энэ нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.7-д заасан “даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ”. Заалтын дагуу Архангай аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/01 АРА 2018/01-НА дугаар акт тавигдсан. Иймд иргэн Л.Ч нь тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул илүү авсан 1487320 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Ч миний бие нь Хот тохижилт үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаа 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ өгч тэтгэмжээ авсан. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нэхэмжлэлд “Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн байна” ... гэжээ. Л.Ч миний биеийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар тогтоосон зүйл байхгүй. Харин Л.Ч миний гаргасан нэхэмжлэлийг эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан болохоос шүүхийн шийдвэр гараагүй. Миний бие нь Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн. Эгүүлэн уг албан тушаалдаа томилогдсон зүйл байхгүй. Уг асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжпэлд дурьдагдаад байгаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22-р тогтоолын 4.7-д заасан “даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ”. Заалтын дагуу Архангай аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 05-р сарын 02-ны өдрийн 01/01 АРА-2018/01-НА дугаар акт тавигдсан гэжээ. Л.Ч миний бие нь цалин мөнгө аваагүй эгүүлэн ажилдаа томилогдоогүй. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба 2017 оны 11-р сарын 01-ны өдөр Хот тохижилт, Төлөвлөлт, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын орчны бохирдол, цэвэрлэгээ, хог хаягдал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Гэтэл Аудитын газраас хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, НДШ-г зохих санд буцаан төвлөрүүлсэн ба тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд олгосон 3.014.426 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төвлөрүүлэх шийдвэр гаргасан байна. Иргэн Л.Ч миний биеийг 1.487.320 төгрөгийг нөхөн төлөхөөр акт тогтоосон талаар нийгмийн даатгалын хэлтсээс албан тоот ирсэн. Аудитын газраас иргэн надад акт тавьсан талаар мэдэгдээгүй. Ингээд миний бие нь Аудитын газарт гомдол гаргахад таньд тавьсан актыг хүчингүй болгосон, нийгмийн даатгалын хэлтэс рүү хүчингүй болгосон хурлын шийдвэрээ явуулсан гэсэн. Гэтэл өнөөдөр Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн Л.Ч миний биеэс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж авсан байдаг. Л.Ч нь хууль бусаар ажлаасаа халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар эвлэрч, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 4 дүгээр сараас 10 сар хүртэлх хугацааг нөхөн төлүүлсэн байна. Өнгөрсөн 2017 оноос 2018 оны 1 дүгээр улиралд Архангай аймаг дахь төрийн аудитын газраас манай байгууллагад хяналт, шалгалт явуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг шалгаж дээрх зөрчлийг илрүүлж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 01/01 АРА-2018/01-НА дугаартай актыг тавьсан. Иймд хариуцагч Л.Ч ажилгүйдлын даатгалын сангаас авсан төлбөрөө буцааж төлөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аудитын газрын акт дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.7 дахь хэсэг гээд бичсэн байсан учраас манайх андуураад бас биччихсэн байсан. Дараа нь нэмэлт тайлбар дээрээ нэмж засаж өгсөн байгаа. Хариуцагч Л.Ч уг актаар тогтоогдсон мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн гээд байхаар нь аудитын газраас тодруулахад манай тавьсан актныхаа араас хөөцөлдөхөө болъё, Нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө сандаа мөнгөө гаргуул гэсэн байсан. Үүний дагуу нэхэмжлэлээ гаргаад явсан. Улсын Их Хурлын байнгийн хорооны 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг баталсан байдаг. Энэ дүрмийн 1.2-т зөвлөл нь нийгмийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байгууллага мөн гэж заасан байгаа. Зөвлөлөөс ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж олгох тухай 22 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын 4.6-д даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож гэдэгт тухайн хүн буюу хариуцагч нь цалингаа авахгүй гээд эвлэрсэн учраас эвлэрлийг нь л баталсан. Тус тогтоолын 4.6 дахь заалтын тайлбарт тэтгэмж авагч ажилд орсон тохиолдолд ажилгүйдлын тэтгэмжийг зогсоож, цалин хөлс болон ажилгүйдлын тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэсэн байгаа. Энэ нь өмнөх ажилдаа орсон, ороогүй нь хамаагүй. Л.Ч 2017 оны 4 дүгээр сараас 10 сард ажиллаагүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрийг үндэслэж ажил олгогч байгууллага 32 кодоор нөхөн төлж тодорхой хэмжээний цалин олгосон юм шиг байна лээ гэв.

Хариуцагч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад Архангай аймгийн Цэцэрлэг хотын Захирагчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар ажлаасаа халагдсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч буцаад даргын албан тушаалдаа томилогдоогүй, эвлэрээд Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаартай тушаалаар тус газар мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа. Тухайн эвлэрлийн гэрээгээр миний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхээр эвлэрсэн. Би ажилгүй байсан хугацааны цалингаа аваагүй. Дээрх актаар тогтоогдсон мөнгөн дүнг Нийгмийн даатгалын хэлтэс надаас гаргуулна гэхээр нь би Архангай аймаг дахь төрийн аудитын газарт гомдол гаргасан. Архангай аймаг дахь төрийн аудитын газраас намайг дээрх актаар тогтоосон мөнгөн дүнг буцаж төлөх шаардлагагүй гэсэн хариу албан бичгийг өгсөн учраас би Нийгмийн даатгалын хэлтсээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Л.Ч-д  холбогдуулан 1.487.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргажээ.

Хариуцагч Л.Ч нь “ ... Хот тохижилт төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар эгүүлэн томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргаж нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрснийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай захирамжаар баталжээ. Уг захирамжаар баталсан эвлэрсэн нөхцөлийн дагуу хариуцагч Л.Ч-г Хот тохижилт, Төлөвлөлт, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын орчны бохирдол, цэвэрлэгээ, хог хаягдал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон болох нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаартай тушаалаар нотлогдож байна. 

Хариуцагч Л.Ч нь ажилгүйдлийн тэтгэмж 1487320 төгрөг даатгалын сангаас авсан үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.7-д заасан “даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ” гэсэн заалтанд дурдсан үйл баримт буюу хариуцагч Л.Ч нь хууль бусаар ажлаас халагдсан болохоо тогтоолгож, Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалин авсан гэсэн үйл баримт тогтоогдсонгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ч-с 1.487.320 төгрөг гаргуулах тухай Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН