Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Н                                                     

Улсын яллагч Б.С

Шүүгдэгч М.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт М-ы И-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, одоо ... оршин суух байгаа, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ...сарын...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ... дугаар зүйлийн ... зааснаар ... жил ... сарын хорих ялаар шийтгүүлж ... оны ... сарын ...-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ... дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ... дугаар зүйлийн ... зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ... жилийн хугацаагаар хасч, ... жил ... сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ... овогт М-ын И /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.И нь 2022 оны ... сарын ...-ний өдөр 15 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй зочид буудлын .... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Т-тай маргалдаж, толгой руу мөргөлөө гэх шалтгааны улмаас хоорондоо зууралдаж орон дээр унах явцдаа зүүн хөмсөг, доод уруул орчим зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны ... сарын ...-ний өдөр Замын-Үүд сумын .... буудлын ... тоотод хамт барилга дээр ажилладаг байсан Г.Т-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд маргалдаж зууралдах явцдаа түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд яг хэрхэн яаж зодож цохисноо санахгүй, гэхдээ Г.Т нь над руу дайраад миний толгойн дээд хэсэгт мөргөж байсныг мөн түүнтэй маргалдаж байснаа санаад байгаа. Г.Т-тай надаас өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй, миний хувьд түүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. /хх-ийн 40/   

Шүүгдэгч М.И шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт мэдүүлгүүд өгсөн байгаа тул нэмж хэлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохиролд хохирогчийн ээжид нь 1,800,000 төгрөгийг өгсөн байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би гэртээ байж байсан чинь Т нь 15, 16 цагийн үед байх над руу залгаад “би эмнэлэг дээр байна, хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь нүүр ам хавдчихсан, уруулаас нь цус гарчихсан нэлээд согтуу байдалтай үзлэг хийлгэсэн гээд байж байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гээд асуухад “барилга дээр хамт ажиллаж байгаа И, Б нар намайг зодсон, одоо цагдаа дээр очиж гомдол гаргана, миний толгой өвдөөд байна, нүүр уруул хавдсан” гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дээр ирж өргөдөл бичиж үлдээчхээд хамт ажиллаж байгаа архи уусан хүмүүстэй нь уулзах гээд ... буудал руу орсон. Т гадаа үлдсэн би орсон чинь өрөөнийх нь шалан дээр цус туссан байсан. Хасар гэх залуу өрөөндөө сууж байсан, хоёр нь унтаж байсан. Тэгээд би ороод “яагаад та нар хүнд архи өгч байгаа юм бэ гээд цалин мөнгийг нь өгөхгүй байж” гэсэн чинь Х гэх залуу “би мэдэхгүй ээ” гэж байсан. ... Т машиндаа уйлчихсан “би өөрийнхөө өрөвч зангаасаа болж хүнд зодууллаа, адилхан зодолддог байж” гээд сууж байсан. Тэндээсээ бид гэрүүгээ хариад Т нь нэлээд согтолттой  байсан бөгөөд би хувцсыг нь тайлж өгөөд оронд нь хэвтүүлээд түүнийг зүүрмэглэж байтал миний утас дугараад түүнийг сэрээчихсэн. Тэгээд өөрийгөө толинд харчхаад “миний нүүрийг тавкачин шиг болгочихсон байна ха ха ха” гээд чанга чанга ингээгээд, нэг уйлаад байсан. Тэгээд Т нь хамар битүүрээд байна гэхээр нь нафазолин авч өгөөд сууж байсан. Т нь орон дээрээ хэвтэхгүй сууж байснаа “чи хүний хань юм бол хавдсан зүйл дээр хүйтэн жин тавиад өгчихгүй” гээд хашхираад уурлаад байхаар нь би түүнд “чи өөрөө яах гэж архи уусан юм, уугаагүй байсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй байсан шүү дээ” гээд маргалдсан. Тэгээд би “ингэж хэрүүл хийж байхаар гарч машиндаа унтлаа” гэж хэлээд 20 цаг өнгөрч байхад машинаа асаагаад гэрийн гаднаас хөдлөөд 1 дүгээр цэцэрлэгийн гадаа зогсоол дээр ирж зогсоод машиндаа унтчихаад өглөө 07 цаг 20 минутын үед буцаад гэртээ очсон чинь гэртээ боомилсон байдалтай нас барсан байсан. Т нэлээд согтолттой байсан, тайлбар мэдүүлэг өгөх чадваргүй согтуу байсан. И бол цагдаад хэллээ гээд дахиж зодсон гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 7/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл Т нь “хэдүүлээ ганц нэгэн пиво ууя л даа” гэж байсан би 00-ийн өрөө рүү орчхоод гараад ирсэн чинь 2,5 л Сэнгүр пиво Т дэлгүүр ороод аваад ирсэн байсан. Түүнийг Х-аас бусад нь уугаад байж байсан чинь “хоолоо аваарай” гээд дуудсан чинь Х, И хоёр хоолондоо яваад Т, Т бид гурав үлдээд пиво талдаа орж байх үед хоол аваад хүрээд ирсэн. Хоолоо идээд пиво дууссан чинь дахин архи уухаар болоод би “пиво ууя аа” гэсэн чинь Т нь “цагаан юм ууя” гээд тэнд ярьж байгаад тогооч Б-ын гэрээс 0,5 л татваргүй барааны архи байсан түүнийг ууж дууссан дахиад тогооч Б-аар 0,75 л Экс архи 3, 2 шил өргөст хэмх, 2 ундаа чихэр зээл хийлгэж аваад өрөөндөө авч ирж уусан юм. Х архи уугаагүй гараад явчихсан байсан. Т, Т, И бид 4 юм яриад инээж хөхрөлдөөд сууцгааж байсан чинь Т согтоод унтсан, тэгсэн чинь Т гэнэт л ширээний гол хэсэгт чимээгүй доошоо харж сууж байснаа ширээ өргөөд хөмрөөд шидсэн, тэгээд “та нарыг бүгдийг нь ална шүү, лалруудаа” гээд орилоод Т нь 2 гараа зангидчихаад “лалруудаа ална шүү” гээд бахираад байхаар нь сандарсандаа болоод 2 гартаа нь хавсаргаад тэврээд авсан. Тэгээд И-г “цагдаа дууд, цагдаа дууд” гээд орилсон чинь намайг тавиулах гээд 2 гараараа эсэргүүцээд байсан. Тэгээд орон дээр дараад байж байсан чинь Т нь нүдээ аниад унтаж байгаа юм шиг чимээгүй болчихоор нь би босоод унасан ширээ газраар тарсан эд зүйлийг янзлах гэж байтал Т гэнэт дахин босож ирээд орон дээр доошоо тонгойгоод сууж байсан И рүү дайраад түүнийг толгой руу нь хальт цохиод И-н дээр нь давхралдаад орон дээр унасан. Тэгээд би түүнийг араас нь тэвэрч аваад өрөөнөөс гаргах гээд “миний хөгшин одоо гэртээ харь” гээд аргадаад өрөөнөөс гаргасан чинь буудлын эгч “юу болоод байгаа юм бэ” гэж байсан. Би түүнийг өрөөнөөс гаргачхаад явчихлаа гэж бодоод унтаад өгсөн байсан. Тэгээд эргээд сэрэхэд Т-ын дуу гараад “лалруудаа бүгдийг чинь ална шүү” гэж байгаа сонсогдоод байсан. Би түүний дууг нь сонсоод хэвтээд байсан. Согтуу байсан болохоор өндийж харж чадахгүй байсан. Тэгээд би бие засах гээд босоод ирсэн чинь өрөөний хаалга онгорхой Т өрөөний үүдэнд зогсож байсан мөн цагдаагийн алба хаагч ирчихсэн И тэр цагдаад “наадах чинь ширээ авч чулуудаад агсам тавиад” гээд яриад зогсож байсан. Би буцаад орон дээрээ очоод хэвтээд өгсөн. Тэрнээс хойш босоогүй унтсан. Би Т-ыг өрөөнөөс гаргах гээд тэвэрч орон дээр дарсан, түүнээс бол би түүний уруул, хөмсөг рүү нь цохиогүй, И-г цохисон үгүйг хараагүй Т нь И-г цохих гээд хальт цохих шиг болоод орон дээр унахыг нь л харсан гэжээ.  /хх-ийн 12-13/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.И-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 56-57/

Шинжээчийн 2022 оны 10 сарын 06-ны 04/207 дугаартай дүгнэлтэд 1.Г.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Г.Т-ын биед зүүн хөмсөг, доод уруул орчим зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-27/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хохирогч Г.Т-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-37/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 44-46/

Шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 04/32 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 50-51/

Хохирогчийн нас барсны гэрчилгээ /хх-ийн 58/

Шүүгдэгчийн оршин суух хаягийн Баянзүрх дүүргийн ... хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 62, 68/  

Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 72-85/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч М.И нь 2022 оны ... сарын ...-ний өдөр 15 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Т-тай маргалдаж, толгой руу мөргөлөө гэх шалтгааны улмаас хоорондоо зууралдаж орон дээр унах явцдаа зүүн хөмсөг, доод уруул орчим зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “...Т гэнэт л ширээний гол хэсэгт чимээгүй доошоо харж сууж байснаа ширээ өргөөд хөмрөөд шидсэн, тэгээд “та нарыг бүгдийг нь ална шүү, лалруудаа” гээд орилоод Т нь 2 гараа зангидчихаад “лалруудаа ална шүү” гээд бахираад байхаар нь сандарсандаа болоод 2 гартаа нь хавсаргаад тэврээд авсан. Тэгээд И-г “цагдаа дууд, цагдаа дууд” гээд орилсон чинь намайг тавиулах гээд 2 гараараа эсэргүүцээд байсан. Тэгээд орон дээр дараад байж байсан чинь Т нь нүдээ аниад унтаж байгаа юм шиг чимээгүй болчихоор нь би босоод унасан ширээ газраар тарсан эд зүйлийг янзлах гэж байтал Т гэнэт дахин босож ирээд орон дээр доошоо тонгойгоод сууж байсан И рүү дайраад түүнийг толгой руу нь хальт цохиод И-н дээр нь давхралдаад орон дээр унасан. Тэгээд би түүнийг араас нь тэвэрч аваад өрөөнөөс гаргах гээд “миний хөгшин одоо гэртээ харь” гээд аргадаад өрөөнөөс гаргасан чинь буудлын эгч “юу болоод байгаа юм бэ” гэж байсан. Би түүнийг өрөөнөөс гаргачхаад явчихлаа гэж бодоод унтаад өгсөн байсан. Тэгээд эргээд сэрхэд Т-ын дуу гараад “лалруудаа бүгдийг чинь ална шүү” гэж байгаа сонсогдоод байсан. Би түүний дууг нь сонсоод хэвтээд байсан. Согтуу байсан болохоор өндийж харж чадахгүй байсан. Тэгээд би бие засах гээд босоод ирсэн чинь өрөөний хаалга онгорхой Т өрөөний үүдэнд зогсож байсан мөн цагдаагийн алба хаагч ирчихсэн И тэр цагдаад “наадах чинь ширээ авч чулуудаад агсам тавиад” гээд яриад зогсож байсан.” /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 10 сарын 06-ны ... дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/, хохирогч Г.Т-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.И-н гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хэрэг бүртгэлтийн шатанд М.Б-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон, шүүх М.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч оршин суух хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан болно. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн шатанд гомдолтой гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хохирлын нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно. Шүүхийн шатанд хохирогч Г.Т-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Ж.Г-ийг тогтоож шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан боловч Ж.Г нь шүүх хуралдаанд ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирснийг согтуурал шатгах багажаар үлээлгэхэд 1,83 хувийн согтолттой байсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн НХЖХХ-ийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т-ын  илтгэх хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.И нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-т 1,800,000 төгрөгийг хохиролд төлсөн гэх боловч энэ талаарх баримтаа хэрэгт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч М.И-г хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 209,000 төгрөгийг шүүгдэгч М.И-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...гэмт хэргийн улмаас иргэн Г.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.И-ээс гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 50-51/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.И-ээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 209,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого тодорхойгүй зэргийг харгалзан үзээд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт М-ын И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын И-г 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.И-ээс 209,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б