| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 226/2019/0042/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 42
Б-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
226/2019/0042/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Прокурор Д.Энхжаргал,
Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогч Э нарын давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 1939000010018 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг, Модотын 1-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-н Б /РД: СЮ88063091/ нь
2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг, Модотын 1-6 тоотод иргэн Э-тай хэрүүл маргаан үүсгэж цээж болон баруун шуунд нь хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н Б-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б давж заалдах гомдолдоо: Миний бие урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулсан, Э-н зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн.
Мөн миний асрамжид 2 настай охин маань байдаг бөгөөд би ар гэрийн амьдралаа авч явдаг. Иймд миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” гэж заагаад 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч уг гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн, Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байсан. Мөн миний зүгээс “эд мөрийн баримтаар хураагдсан гэх хутгаар Б нь Э-ыг хутгалж хүнд хохирол учруулсан нь нотлогдоогүй, Б нь хутга мэс хэрэглэж Э-ын биед гэмтэл учруулсан үйлдэл нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай” саналыг гаргаж байсан. Анхан шатны шүүх хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг ямар үндэслэлээр хүлээж аваагүй, хохирогч Э-ын мэдүүлгүүд ямар үндэслэлээр няцаагдаж байгааг шийтгэх тогтоолд тодорхой тусгаж өгөөгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй юм.
Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ял оногдуулсан. Б-ыг яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэж бичигдсэн байдаг. Гэтэл хуулийн энэ заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэж бичдэг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болоогүй байна гэж үзэж байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар ясан бариултай хутга хураагдсан. Хэргийн газрын үзлэг хийхэд Б-ын гэрт аргалын авдранд 3 ширхэг хутга байсан бөгөөд ясан бариултай хутга нь цус бүхий зүйлээр бохирлогдсон байсан учир эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг /хх-ийн 7 хуудас/. Эд мөрийн баримтаар хураасан тогтоол, яллах дүгнэлтийн хавсралтад “цус бүхий зүйлээр бохирлогдсон ясан бариултай хутга” гэж бичигдсэн байх боловч энэ бохирлогдсон зүйл нь цус мөн эсэхийг тогтоогоогүй, цус мөн бол хүний цус уу, амьтны цус уу гэдгийг шинжлүүлээгүй, эргэлзээтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл эд мөрийн баримтаар хураагдсан ясан бариултай хутгаар Э-ын биед гэмтэл учруулсан гэсэн баримт хавтаст хэрэгт байдаггүй. Энэ талаар цагдаа, прокурор, шүүхийн шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй юм.
Анхан шатны шүүх Б-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад авагдсан мэдээллээс өөрөөр зөрүүтэй байдлаар хууль зүйн дүгнэлт гаргасан. Шийдвэрийнхээ нь үндэслэл болсон нотлох баримтын агуулгаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж бичигдсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б- бусдын бие махбодод санаатай үйлдлээр гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдоогүй юм.
Хэргийн үйл баримтыг нотлох шууд баримтын хүрээнд хохирогч Э, шүүгдэгч Б-ын мэдүүлгээс өөр шууд нотлох баримт байхгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон асуудлыг зөвхөн Э, Б нар хэлдэг, өөр харсан гэрч байдаггүй юм.
Хэргийн хохирогч болох Э нь мөрдөн байцаалтын шатанд нийт 2 удаа, шүүхийн шатанд 1 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд 3 удаа мэдүүлэг өгөхдөө “Б намайг санаатай хутгалсан” гэх мэдүүлгийг нэг ч удаа мэдүүлж байгаагүй юм.
Э мөрдөн байцаалтад өгсөн эхний мэдүүлэгтээ “...ясан бариултай хутгыг нааш цааш нь эргүүлээд байсан, намайг хутгалсан байх” гэсэн байдаг. Харин мөрдөн байцаалтад өгсөн 2 дахь мэдүүлэгтээ “...хутганы ар хэсгээр цохиод байсан, хатгасан байх, би энэ талаар сайн санахгүй байна” гэж мэдүүлдэг. Шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...намайг санаатай хутгаар хатгасан үйлдэл гаргаагүй, бид хоёр хутга булаацалдаж байсан, надаас Б хутга булааж аваад бөгсөөр нь цохиод намайг ав гэж хэлж байсан, тийм болохоор намайг хутгалсан гэж бодсон” гэдэг.
Ийнхүү хохирогч Э нь “Б намайг санаатай хутгалсан” гэх мэдээллийн эх сурвалжаа шууд зааж өгч чадаагүй байна.
Энэ хэргийн бодит байдлыг мэдэх хүний нэг бол холбогдогч Б юм. Б мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй гэрчээр 1, яллагдагчаар 1 удаа мэдүүлэг өгсөн байдаг.
Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би хутгалчихсан” гэж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “бид хоёр хутга булаацалдсан, би хутгыг нь аваад гар гэж хэлсэн, гарч яваад эргэж орж ирээд орон дээр унахад нь хутгалуулсан гэдгийг мэдсэн” гэж хоёр өөр мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэс болохгүй” гэж заасан байдаг.
Б-ын гэрчээр өгсөн “би уурандаа хутгалсан” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин Б-ын 2 дахь мэдүүлэг буюу яллагдагчаар өгсөн “бид хоёр хутга булаацалдсан, би санаатай хутгалаагүй” гэх мэдүүлэг нь хохирогч Э-ын мэдүүлгээр давхар нотлогддог.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт буруутай эсэхэд нь эргэлзээ гарвал ашигтай шийдвэрлэнэ” гэх хуульд заасан зарчмын хүрээнд Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хохирогч Э давж заалдах гомдолдоо: Б бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б-ын гэрт архи уусан нь үнэн. Би тухайн үед хутга барьж, агсам согтуу тавьсан байсан. Б хутгыг надаас авах гэж булаацалдаж байхад би хутганд өртсөн байх магадлалтай юм. Б намайг санаатай хутгалаагүй бөгөөд би энэ талаар шүүх хуралдаанд хэлсэн. Би мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд нэг ч удаа “Б миний цээжинд хутгалсан” гэсэн мэдүүлэг өгч байгаагүй. Харин хэрхэн хутганд өртсөн гэдгээ мэдэхгүй байгаа талаараа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Иймд Б-ын зүйл ангийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү.
Б-ын үйлдэл нь болгоомжгүй үйлдэл бөгөөд энэ талаар өмгөөлөгч шүүх хуралдаанд санал гаргаж байсан. Анхан шатны шүүх санаатай хутгалсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, хохирогчийн мэдүүлгийг харгалзахгүйгээр Б-ыг хүнд зүйл ангиар яллаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу, бодитой хийгдсэн гэж үзнэ байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх бөгөөд хохирогч Б намайг хутгалсан гэж шууд зааж хэлдэггүй, мөн шүүгдэгч Э-ыг би хутгалсан шууд гэж хэлдэггүй юм. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хх-ийн 182 хуудас/ гэсэн хүсэлтийг, хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Б-ын үйлдэл нь гэмт хэргийн болгоомжгүй хэлбэр буюу хутга булаацалдаж байх үедээ нэг нь нэгнийгээ хатгачихсан үйлдэл байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” /хх-ийн 184 хуудас/ гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА