Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 110/ШШ2021/0028

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: З.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х.Нийг Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох”,

 “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгох”,

“Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгох”,

“Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг  хүчингүй болгох”, 

“Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг тодорхойлолтыг дахин боловсруулахыг,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд  хүргүүлэхийг Цэнгэл сумын Засаг даргад тус тус даалгах”,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М гуравдагч этгээд Х.Н, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 117 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны төв зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах зарыг олон нийтэд мэдээлж,  Монгол Улсын иргэн байх, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн өвчин эмгэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх болзол шаардлагыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ гэж заасан. Энэ зарын дагуу тухайн сонгон шалгаруулалтад орсон иргэн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх ёстой юм.  Албан тушаалын тодорхойлолтод заасан 4 тусгай шаардлагууд байгаа. Үүнд, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багш мэргэжилтэй, мэргэшлийн хувьд боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх, туршлагын шаардлагад ерөнхий боловсролын  сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэж сонгон шалгаруулалтын зард Төрийн албаны зөвлөлөөс тодорхой тусгаж өгсөн. Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг бүртгэнэ  гэсэн. Тухайн 4 шаардлагыг юу гэж ойлгох вэ гэдгийг боловсролын шаардлагад бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой ба мэргэжлийн шаардлагад их, дээд сургуульд суралцаж эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.

Мэргэшлийн шаардлагад дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн  мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно. Туршлагын шаардлагыг тухайн мэргэжлээрээ төрийн болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог.

Жишээ нь мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл хоногоор нь тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой. Энэ хугацааг тооцохдоо “нийгмийн даатгалын дэвтрийн ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална.” гэж  зөвлөмжид тодорхой зааж өгсөн байдаг. Миний бие дээрх тавигдаж буй тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байсан тул сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоол дээр “Мэргэшил” гэдэгт дипломын дараах гурван сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн сургалтад хамрагдаж төгссөн баримт бичигт болон мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно.” гэж тусгасан.  Миний хувьд 1994 оноос хойш тасралтгүй боловсролын байгууллагад ажиллаж байна. 1990-1994 онд Оросын холбооны улсын Тувагийн багшийн сургуулийг дипломын боловсролтой, бага боловсролын багш мэргэжлээр төгсөж, 1994 оноос эхлээд ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа дараах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж мэргэшил гэдэг шаардлагыг хангасан гэж үзэж байна.

2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймгийн багшийн коллежийг 4 жил сурч, мөн 20-иод төрлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичгээ хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Иймд дипломын боловсролын дараа дахиад бага ангийн багш мэргэжлээр 4 жил гаруй хугацаанд суралцаж  мэргэшсэн гэж үзэж байна. Мэргэшлийн шаардлагыг Х.Н хангаагүй байсан. Х.Нийн тухайн үед бүртгүүлсэн материалыг үзэхэд, 6 төрлийн сертификаттай, хамгийн дээд тал нь 2 кредитийн сургалтуудад суусан байх ба  2 кредитийг тооцож үзэхэд, 4 хоногийн сургалт болно. Нийт 6 төрлийн сургалт нь 2 кредитээр 24 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэдэг нь харагдаж байгаа. Мөн 2001 онд Ховд их сургуулийг төгссөнөөс хойш 3 сарын хугацаатайгаар мэргэшээгүй гэдэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан материалуудаар тогтоогдож байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад “...багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгана гэж заасан. Удирдах ажлын туршлагад Ерөнхий боловсролын  сургуулийн захирал, сургалтын менежер, боловсролын газрын албаны дарга, даргын албан тушаалд ажилласан туршлагыг авч үзнэ.” гэсэн байна. Х.Н нь  багшлах ажлын туршлагыг хангасан. Миний  хувьд ч хангасан.

Удирдах ажлын туршлагын хувьд  2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан сонгон шалгаруулалтын зар дээр 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэж заасныг салбар зөвлөл нь  Х.Нийг бүртгэхдээ мөрдөөгүй. Х.Н 8 сарын удирдах албан тушаалын туршлагатай. Миний хувьд 2006 оноос хойш 14 дэх жилийн удирдах албан тушаалын туршлагатай байсан. Удирдах албан тушаалын туршлагыг хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад оруулахаар бүртгэсэн шийдвэр нь миний  шударгаар өрсөлдөх эрх ашгийг зөрчсөн.

Мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад сургуулийн өмнөх боловсролын болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын удирдах албан тушаалд ерөнхий боловсролын сургалтын байгууллагын захирал, ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежерийн албан тушаал байхаар баталсан. Би Х.Нийг удирдах албан тушаалын туршлагагүй гэж хэлээгүй, харин 8 сарын удирдах албан тушаалын туршлагатай учраас хугацаа тоолох журмын дагуу тооцоход 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх шаардлага бүрэн хангагдахгүй байсан.

Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/130 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Тухайн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 2019 оны 03 тоот тогтоол, Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын сайдын “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай тушаалыг үндэслэл болгосон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын А/430 дугаар тушаалаар цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч туслах багш, сэргээн засалч багш, тогтооч нарын ажлын байрны тодорхойлолтыг баталсан тушаал бөгөөд уг шийдвэр нь ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт батлахад хамааралгүй юм.

Засаг даргын баталсан албан тушаалын тодорхойлолтын туршлага хэсэгт “ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх шаардлага тавьсан ба энэ нь Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Албан тушаалд тавиглах нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага үндсэн чиг үүргийн туршлага хэсэгт заасныг шууд хуулбарласан байна.

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг шинээр баталж, тушаалын 5 дахь заалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/692 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байдаг.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж, Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах  захиалгыг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай  хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч, туслах багш, тусгай цэцэрлэгийн сэргээн засалч, тогоочийн албан  тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан тушаалыг үндэслэн Цэнгэл сумын Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А/130 дугаартай захирамж  гаргаж,  Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 4.3-т заасныг зөрчсөн, уг заалтад албан тушаалын тодорхойлолтыг хянахдаа баримт бичгийн бүрдэл дутуу, албан тушаалын тодорхойлолтын бүтэц, агуулга оновчгүй буюу дутуу, албан тушаалд тавигдах тусгай шаардлага хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд зөвлөмжийн хамт томилох эрх бүхий этгээдэд буцаана гэж заасан.  Гэтэл энэ үйл ажиллагаа явагдаагүй,  сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар баталсан үлгэрчилсэн албан тушаалын тодорхойлолтын дагуу боловсруулагдаагүй байсан учраас уг сонгон шалгаруулалтын үеэр миний  шударгаар албан тушаалд өрсөлдөж, захирлын албан тушаалд ажиллах эрх ашгийг зөрчсөн.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/815 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийг татан буулгах тухай, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10  дугаар сарын 12-ны өдрийн А/816 дугаар захирамжаар Цэнгэл сумын 2 дугаар сургуулийг суурь боловсролын 9 жилийн сургууль болгон өөрчлөн байгуулах шийдвэр гарсан нь албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага гарч байгаа, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 2.2-д “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсон тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулна.” 2.3-д “Энэ журмын 2.2-т заасан тохиолдолд албан тушаалын тодорхойлолтыг эрх бүхий байгууллагын баталсан албан тушаалын ангилал,  зэрэглэл, ажлын байрны шинжилгээ, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдээлэл цуглуулах асуулга”-ын мэдээлэл болон холбогдох бусад шаардлагатай мэдээлэлд үндэслэн боловсруулна.” гэж тодорхой заасан. Х.Н би заах аргын ахлагчаар ажиллаж байсан гэсэн тайлбар хэлсэн байсан. Заах аргын ахлагчийг боловсролын  сургалтын байгууллагын удирдах ажилтан гэж үзэх ямар нэгэн хуулийн заалт байхгүй. Мөн Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д багш нь анги удирдаж болно, заах аргын нэгдлийг хариуцан ажиллаж болно гэж заагаад өгсөн.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Сонгон шалгаруулалтын зөвлөмжид албан тушаалын тодорхойлолтод заасан 4 үндсэн шаардлагын аль нэгийг хангаагүй иргэнийг бүртгэхгүй гэж тодорхой заагаад өгсөн. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь гуравдагч этгээдээр оролцож байгаа Х.Н нь тухайн үед  уг 4 шаардлагаас мэргэшил, туршлагатай холбоотой 2 шаардлагыг хангахгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Х.Нийг бүртгэсэн нь буруу гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мэргэшсэн байх гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3.5.2-т мэргэших талаар тодорхой зааж мөн тайлбарласан байгаа. Үүнд мэргэшил гэдэгт “Дипломын дараах 3 сараас  дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгоно.” гэж заасан. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн сайтад тавьсан зар болон зөвлөмжид тодорхой дурдсан байгаа. Салбар зөвлөл нь оролцогчид шаардлагыг хангах эсэхийг нарийвчлан тодруулсан байх  ёстой. Хариуцагчийн төлөөлөгч “...мэргэшлийн үнэлгээ өгөхгүй тул 3 сараас  дээш хугацаагаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг харгалзах шаардлагагүй байсан. Аль аль нь сургалтад хамрагдсан сертификаттай байсан учраас бүртгэсэн. Албан тушаалын тодорхойлолтод тодорхой кредит цаг гэж тусгаж өгөөгүй. Мөн олон удаагийн сургалтын хоногийн нийт дүн нь 90 хоногоос дээш байх биш, нэг удаагийн сургалт нь  90 хоногоос дээш  хугацаагаар зохион байгуулагдсан сургалтад хамрагдах  ёстой.” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын аль аль нь 90 хоногоос дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангахгүй байсан бол салбар зөвлөл  яагаад бүртгэсэн юм бэ? гэдэг асуудал байгаа. Нэхэмжлэгч З.Н  нь 1994 онд Оросын холбооны улс, Тува улсын багшийн их сургуулийг дипломын зэрэгтэй төгссөн. Дараа нь 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг 4 жил  суралцаж мэргэшээд явж байгаа. Мэргэшлийн шаардлагыг З.Н бүрэн хангасан байсан. Х.Нийн хувьд 2001 онд Монгол Улсын их сургуулийн харьяа Ховд их сургуулийг төгссөн. Тэрнээс хойш мэргэшсэн сургалтад хамрагдаагүй байна. Тиймээс энэ шаардлагыг хангахгүй байхад бүртгэсэн буруу гэсэн байдлаар тайлбарлаж, маргаж байгаа.

Х.Н нь туршлагын шаардлагын ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил ажилласан байх гэснийг хангасан, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалаар ажилласан байх эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэснийг хангаагүй.  Хариуцагчаас Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг тогтоосон тогтоол байгаа.  Боловсролын салбарын байгууллагыг ойлгохдоо албан тушаалын тодорхойлолтод ерөнхий боловсролын сургууль гэж тодорхой дурдсан, ...эсхүл боловсролын салбарын байгууллагад ажилласан  туршлагыг заасан нь боловсролын бусад салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байхыг ойлгоно үзэж байгаа. Боловсролын салбарын байгууллага гэж ямар байгууллага байдгийг Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1-д “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна.”,

141.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.”

15.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, консерватор /хөгжмийн дээд боловсролын байгууллага/, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.”,

16.1-д “Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.”,

17.1-д “Насан туршийн боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага орон нутгийн насан туршийн болон албан бус боловсролын байгууллагыг нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ чиглэлээр боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.”,

18.1-д “Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж болно.” гэдэг байгууллагууд орж байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 5-аас дээш жил багшилсан байх,  эсвэл 3-аас дээш жил удирдах ажилтан хийсэн байх, эсвэл боловсролын бусад байгууллагад гэж ажлын байрны тодорхойлолтод оруулсан байхад ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласныг боловсролын салбарын гүйцэтгэх албан тушаалд ажилласан гэж үзэж  бүртгэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх байдлаар албан тушаалын тодорхойлолтод заасан 2 шаардлагыг хангахгүй байгаа Х.Нийг бүртгэснээс болж, нэхэмжлэгч З.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр албан тушаалын тодорхойлолт боловсруулах тодорхой журам баталсан. Уг журмын 5.3-д “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална.” гэж заасан байхад шууд баталсан. Үүнд ямар нэгэн хяналт хийсэн зүйл байхгүй. Боловсрол,  соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалыг үндэслээд сумын Засаг дарга  албан тушаалын тодорхойлолт баталсан. А/692 дугаар тушаал нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар хүчингүй болсон. Тийм байхад Төрийн албаны зөвлөлөөс санал авагдаагүй, хүчингүй болсон журмыг үндэслээд баталсан албан тушаалын тодорхойлолтыг үндэслээд сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан нь хууль бус байсан гэж үзэж байна.

Хариуцагчаас Б/03 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага нь өмнөх А/692 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтын шаардлагатай адилхан гэж байгаа.  Үүнд мэргэшил хэсгийн шаардлага нь адилхан байгаа. Гэхдээ үүнд 90 хоногоос дээш хугацаагаар мэргэшсэн байх  гэдэг асуудал дахиж тавигдах ёстой.  Б/03 дугаар тушаалд суралцагчийн тооноос шалтгаалж туршлагын шаардлагыг янз бүрээр тогтоож болно гэж заасан. байгаа. Энэ журмаар албан тушаалын тодорхойлолтоо боловсруулаад Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, саналыг авч, тэрний үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан бол асуудал өөрөөр яригдах байсан. Эхнээсээ  хүчингүй болсон журмыг баримталсан. Дараа нь бүртгэл хийхдээ  холбогдох журмаа зөрчсөн. Тавьж байгаа 4 шаардлагын 2-ыг хангахгүй байгаа  хүнийг бүртгэснээс болж  нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс гаргасан тайлбарт:

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс тус аймгийн Ногооннуур сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургуулийн, Өлгий сумын 10 дугаар сургуулийн захирлуудын болон Дэлүүн, Сагсай сумдын 2 дугаар цэцэрлэгийн, Улаанхус сумын 3 дугаар буюу Согоог багийн хүүхдийн цэцэрлэгийн  Цэнгэл сумын 4 дүгээр  цэцэрлэгийн Өлгий сумын 19, 20, 21 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтад явуулсан.

Сонгон шалгаруулалтын бүртгэлийг цахим хэлбэрээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авч шалгалтын комисс бүртгүүлэхээр ирүүлсэн иргэдийн материалтай танилцаж утсаар хариу өгсөн.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн нийт 11 албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр 29 иргэний материал ирснийг комиссоос нягтлан шалгаж үзээд нийт 11 албан тушаалд шаардлага хангасан 27 хүнийг бүртгэсэн.

Үүнээс Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэн З.Н нь короновирусийн халдвар гарсан Улаанбаатар хотоос ирж 14 хоногийн гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн хүсэлт гаргасан тул тухайн иргэний шалгалт өгөх боломжийг нь хангаж уг албан тушаалын шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар хойшлуулж, бусад шалгалтыг хугацаанд нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тусгасан албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалтан нь баталж мөрдүүлдэг хуулийн зохицуулалттай.

2019 оны А/692 дугаар тушаалаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага үндсэн чиг үүрэгт заасан жижиг албан тушаалын тодорхойлолтыг үндэслэл болгож Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/130 дугаар захирамжаар баталсан албан тушаалын тодорхойлолтод ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын  сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэсэн тусгай шаардлага тус тус тавьж мөрдөж ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Х.Нийг Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн албан тушаалд Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол олгох багш, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш нарыг гүйцэтгэх албан тушаалд хамаарна гэж тогтоож өгснийг баримталж бүртгэсэн болно.

Мэргэшлийн шаардлагад Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх гэж заасан ба Х.Н нь 2005 онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг байгууллагын зохион байгуулсан Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах багш цагийн сургалт, 2010 онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг байгууллагын зохион байгуулсан сургуулийн шинэчлэл олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт багц цагийн сургалт, 2013 онд Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт байгууллагын зохион байгуулсан Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтыг технологи  2014 онд Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах  арга зүй зэрэг багц цагийн сургалтад хамрагдсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  2019 оны А/692 дугаар тушаалаар жишиг албан тушаалын тодорхойлолт батлагдсан ба энэ удаагийн Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарын сонгон шалгаруулалтад багш нарын өрсөлдөх боломж хангагдсан, Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын хувьд  3 хүн өрсөлдсөн.

Тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг томилох эрх бүхий албан тушаалтнаас нэг хүнд зориулан боловсруулан батлах боломжгүй. Улсын хэмжээнд нэг жишиг загвараар тодорхойлж мөрдөн ажиллаж байна. 

Иймд Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн зүгээс Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн албан тушаалын сул орон тооны захиалгыг хуулийн хугацаанд шат дараатай Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан.

Цэнгэл сумын Засаг даргаас  сул орон тооны захиалгын хамтаар салбар зөвлөлд эрх бүхий этгээдээс тухайн үед ирүүлсэн албан тушаалын тодорхойлолт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/692 дугаар тушаалаар баталсан жишигтэй адилхан байсан болохоор шалгалтаа зохион байгуулсан. Нэхэмжлэгч А/692 дугаар тушаал хүчингүй болсон, 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаас Б/03 дугаар тушаалаар үлгэрчилсэн албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталсан гэж маргасан боловч Б/03 дугаар тушаалаар баталсан албан тушаалтын тодорхойлолтод заасан шаардлагууд нь А/692 дугаар тушаалд болон  Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасантай адилхан байх тул З.Нгийн эрх зөрчигдсөн асуудал байхгүй гэж үзэж байгаа.

Мэргэшлийн шаардлагын хувьд  Тува Улсад дипломын мэргэжилтэй төгсөөд дараа нь Ховд Их сургуулийн салбар сургуульд бакалаврын зэргээр төгссөнөөр уг шаардлагыг хангаж байгаа гэж тайлбарласан, гуравдагч этгээд Х.Н нь бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг мөн адил хангаж байгаа. Өрсөлдсөн хүмүүс ямар нэгэн байдлаар урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байсан тул сонгон шалгаруулалт зохион байгуулсан комиссын зүгээс мэргэшүүлэх сургалтын сертификатын тоо болон сургалтын хугацааг тооцож, харгалзаагүй. Сургуулийн захирлын албан тушаалд багш нарын өрсөлдөх боломжийг нээж өгснөөр  бүх багш нар ямар нэгэн байдлаар кредит цагийн сургалтад хамрагдаж байдаг. Тэрүүгээр өрсөлдөх боломж  нь нээлттэй болж байгаа.

Х.Нийг  шалгалтад бүртгэснээс болж З.Нгийн   ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй,  хохирсон зүйл байхгүй гэж үзэж байна. Х.Н шалгалт өгснөөр би муу оноо авчихсан гэж үзэж байгаа нь буруу. Туршлага хэсэгт заасан удирдах албан тушаалд заавал ажилласан байх гэдэгт зөвхөн удирдах албан тушаал гэж заагаагүй. “удирдах албан тушаал эсхүл боловсролын байгууллагад удирдах болон гүйцэтгэх” гэж зааж өгсөн. Төрийн албаны тушаалын удирдах болон гүйцэтгэх гэдэгт хамаарах албан тушаалыг Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор заагаад өгсөн болохоор энэхүү эрх зүйн актыг баримталж бүртгэсэн байгаа. А/692 дугаар тушаалаар баталсан өмнөх  албан тушаалын тодорхойлолт нь Б/03 дугаар тушаал гарснаар хүчингүй болсон байх боловч аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас салбар зөвлөлд уг шийдвэрийг  ирүүлээгүй байсан учраас бид энэ талаар мэдээгүй.

Тухайн үед сонгон шалгаруулалт зарлаж, бүртгүүлэх явцад З.Н Төрийн албаны зөвлөлд 2 удаа хүсэлт гаргаж байсан. Нэг нь сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгөх, хоёр дахь нь Х.Нийг буруу бүртгэсэн талаар хүсэлт гаргаж байсан.  Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс Х.Нийн бүх материалыг татаж аваад шалгаад хариу өгсөн байгаа.  З.Н өөрөө шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч, дүнгийн хуудсанд гарын үсэг зураад гарсан. Тухайн сонгон шалгаруулалтын үнэлгээ бүрийг З.Нгийн өөрт нь танилцуулсан. Иймд сонгон шалгаруулалтад бүртгэсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн салбар зөвлөлийн шийдвэр, нэр дэвшүүлэх тухай 2020 оны 47 дугаар тогтоолыг хүчингүй болгох, мөн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бекет нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/130 дугаар захирамж гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалыг үндэслэл болгосон байна. Захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг баталсан бөгөөд уг журмын нийтлэг үндэслэл хэсэгт энэ журмыг баталсан зорилго нь төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянах, зөвшөөрөл өгөх, батлахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заажээ. Дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор  хийсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, албан тушаалын тодорхойлолт боловсруулах нөхцөл шаардлага түүнд хийсэн шинжилгээ, албан тушаалын тодорхойлолтыг хангаж зөвшөөрөл олгосон ямар нэг баримт мэдээлэл сумын Засаг даргын Тамгын газарт байхгүй байна. Мөн үндэслэх хэсэгт дурдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан,  спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаал нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш тусгай цэцэрлэгийн сэргээн засалч, багш, тогоочийн  албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан шийдвэр байх ба сургуулийн захирлын албан тушаалд хамааралгүй байна. Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар захирамжаар сумын Засаг даргын А/130 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон.  Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай Б/03 дугаар тушаал болон  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталж, төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий байгууллагад хүргүүлэх болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт батлах тухай А/130 дугаар захирамжаар баталсан захирлын  албан тушаалын тодорхойлолтыг  үндэслэл болгон Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын  сонгон шалгаруулалт явагдаж, салбар зөвлөл 2020 оны 47 дугаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Уг тогтоол болон сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэсэн бүртгэл, сонгон шалгаруулалт явуулж Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлыг томилох талаарх нэр дэвшүүлсэн асуудал салбар зөвлөлийн эрх хэмжээнд хамаарх тул шинээр сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шууд явуулах хууль зүйн боломж сумын Засаг даргад байхгүй байна.

Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд, сумын Засаг даргын Б/05 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 47 дугаар тогтоолыг үндэслэл болгосон, уг тогтоол хүчин төгөлдөр тул Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.

 Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар тогтоолыг уг шийдвэрийг гаргасан эрх бүхий байгууллага өөрөө эсвэл шүүх хүчингүй болгохыг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн нөхцөлд сумын Засаг даргын зүгээс ажилд томилох тухай Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын орон тоонд дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна.

Нэхэмжлэгч Засаг даргын Б/05 дугаартай захирамжид холбогдуулан гомдол гаргасан хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг  өнгөрүүлсэн гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн уг шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаад шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.

Нэхэмжлэлийн бусад  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 117 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 2.3-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах зарыг олон нийтэд мэдээлсэн.

Миний бие дээрх зарын дагуу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар бүртгүүлсэн, шалгалтын зарын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын туршлага хэсэгт зааснаар Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх шаардлага тавигдсан байдаг. Миний хувьд дээрх шаардлагыг бүрэн  хангасан болно. Үүнд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Монгол хэл, уран зохиолын багшийн үндсэн орон тоонд 19,5 жил ажилласан.

Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын салбарын байгууллага мөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10.2-т төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх ,туслах гэсэн төрөлтэй байна.”, 10.4-т  энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцтэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэсэн байдаг бөгөөд Засгийн газрын баталсан 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын эзэмшүүлэх сургалтын байгууллагын  төрийн үйлчилгээний албан тушаалын гүйцэтгэх албан тушаалын жагсаалтад ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багшийн албан тушаал багтаж байгаа.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Монгол хэл бичиг, уран зохиолын багшийн үндсэн оронд тоонд ажиллах хугацаандаа Бага дунд боловсролын тухай хуулийн 22.1.3-д зааснаар бага суурь бүрэн дунд  боловсролын стандартыг мөрдөж заах арга  мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх мэргэжлийн болон ёс зүйн чиглэлээр зохиогдсон  сургалт олимпиад уралдаан тэмцээнд хамрагдаж байсан нь зарласан албан тушаалын  тодорхойлолт, зард заасан мэргэжил, мэргэшил хэсгийг хангасан бөгөөд холбогдох баримт бичиг сертификатын хуулбарыг бүрдүүлж өгсөн болно. Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад бүртгэхгүй, шалгалтад оруулахгүй байх үндэслэл байхгүй байсан.

Сонгон шалгаруулалтад товлогдсон өдрөөсөө 14 хоногоор хойшлогдож , 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, сонгон шалгаруулалтад З.Н, Н.Ганбаатар бид гурав орсон, Х.Н би 77 оноогоор тэргүүлсэн.

Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор Х.Н намайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн, сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу шударгаар явагдсан болно. Шалгуулагчийн нууц кодыг шалгалтын танхимд орсны дараа шалгалтад орж буй 3 хүнд адил тэгш журмаар тарааж өгсөн бөгөөд үүнд ямар нэгэн эргэлзээ төрүүлэх асуудал огт байгаагүй.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Б/05 дугаартай захирамж гарч, Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын орон тоо эзэнгүй болсон тул  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Захирлын үүргийг 8 сар түр орлон гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил алдаа дутагдал гаргаагүй, жилийн эцэст БСУГ-ын даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнүүлж хангалттай буюу 88 хувийн гүйцэтгэлтэй хамгаалсан.

Х.Н миний бие хууль журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож өндөр оноогоор өрсөлдөгчдөө тэргүүлэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолын дагуу гарсан сумын Засаг даргын захирамжаар энэхүү албан тушаалд томилогдсон.

Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж сургалт бүр багц цагаар хэмжигдэж байгаа нь үүнээс тодорхой харагдаж байна. З.Н Тува улсад багшийн дээд сургуулийг дипломын зэрэгтэй төгссөн бөгөөд дипломын дараа 90 хоног хүртэлх мэргэшүүлэх сургалтад суусан байж болох юм.

Харин Х.Н миний  хувьд 2001 онд Монгол Улсын их сургуулийн Ховд салбар сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн буюу энэ нь дипломоос ахисан түвшний боловсрол эзэмшсэнийг батлах тул дипломын дараах 90 хоног мэргэшүүлэх  сургалтад хамрагдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин ажиллах хугацаандаа кредит цагаар тооцогдох мэргэшүүлэх багц  сургалтуудад сурсан талаарх холбогдох нотлох баримтуудаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч З.Н 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ мэргэшлийн шаардлага гэдгийг дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэжлийг нотолно гэж тодорхой зааж өгсөн гэж маргасан.

 Дээрх өгүүлбэрт байгаа мэргэшлийн зэрэг олгосон баримт бичиг Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтын тухай Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт тодорхой дурдаж өгсөн байгаа.  Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно” гэж заасан.

23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”

23.2.2-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”

23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Иймээс захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамааралтай зүйлийг хуульд огт дурдаагүй байгаа.

2001 онд бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэнээс хойш ажиллах хугацаандаа мэргэшүүлэх багц сургалтуудад боломжоороо ирсэн захиалгын дагуу суралцаж бүрэн хамрагдсан байгаа. Ийм учраас  нэхэмжлэгч З.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчээс нэг албан тушаалд томилогдохын тулд нэхэмжлэл гаргаж байгаа нь харамсалтай байна. Яагаад гэвэл улсын хэмжээнд ганцхан байгаа Тува үндэстний сургуулийн үйл ажиллагааны явцад өмнөх захирал нь ажлаас чөлөөлөгдсөний дараа сургуулийн түр орлон гүйцэтгэгчээр Х.Н ажиллаж байсан. Тухайн сургуулийн багш, сурагчид болон сумын ард иргэдийн санал хүсэлтийг харгалзаж байгаад Х.Нийг түр томилсон байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ би бүх болзол шаардлагыг хангасан учраас сургуулийн захирлаар  ажиллах ёстой гэдэг утгатай зүйл ярьж байна. Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад оролцсон 3 иргэний дээд боловсролтой, олон жил багшаар ажилласан, багш мэргэжлээр мэргэшсэн, сургалтуудад хамрагдаж нөхцөл байдлыг харалзаад шалгалтад оролцуулахаар бүртгэсэн, комиссын зүгээс оролцуулах боломжгүй гэсэн эсрэг санал гаргаагүй.

Сонгон шалгаруулалтын үнэлгээгээр өндөр оноо авсан учраас Х.Нийг Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилсон. Салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан. Төрийн ажил тасралтгүй явагдах зарчимтай  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж  өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Нгаас шүүхэд анх Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х.Нийг Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 47 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгож, маргаан бүхий албан тушаалд өөрийг нь томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн гурав дахь шаардлагаа  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулахыг салбар зөвлөлд даалгах байдлаар өөрчилж, “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан тус сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, “Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг тодорхойлолтыг дахин боловсруулахыг, тус албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд  хүргүүлэхийг Цэнгэл сумын Засаг даргад тус тус даалгах зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  А/72 дугаартай захирамж гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосноор нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан  Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа  шүүх хуралдааны явцад мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах зарыг Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийтэд мэдээлснээр сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хугацаанд салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр иргэн З.Н, Х.Н, Н.Ганбаатар нар бүртгүүлжээ.

Сонгон шалгаруулалтын зард[1] ...албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан иргэн бүртгүүлэхээр заасан байх ба мэргэшил, туршлагын шаардлагыг Х.Н хангахгүй гэх үндэслэлээр салбар зөвлөлийн түүнийг сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэрт холбогдуулж нэхэмжлэгч З.Нгаас Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд тус зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/2177 дугаартай албан бичгээр “...Х.Нийг дээрх шаардлагыг хангаж байх тул бүртгэхгүй, шалгалтад оруулахгүй гэх үндэслэл одоогоор харагдахгүй байна.” гэх хариуг өгснөөр маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, гуравдагч этгээд Х.Н  77.36 оноогоор,   нэхэмжлэгч З.Н 64.67 оноогоор тус тус шалгалтад тэнцэж, Н.Ганбаатар  46.16 оноо авснаар тэнцээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д ...төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах гэж заасны дагуу  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын Долоогийн 7.2-т “Төрийн албаны зөвлөл, харьяа салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.” гэж зааснаар салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  47 дугаар тогтоолоор Х.Нийг Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар  сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Х.Н тус албан тушаалд томилогджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүхээс дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Нэгдүгээрт

Сонгон шалгаруулалтын зөвлөмжид “мэргэшлийн шаардлага” гэдгийг дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн  тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг  нотолно.” гэж тодорхой заасныг буюу  албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагыг  гуравдагч этгээд Х.Н хангахгүй гэх маргааны тухайд:

“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын Хоёрын 2.2-т “Эрх бүхий байгууллага, албан тушаалын сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 2.2.1-д “албан тушаалын тодорхойлолт;” гэж заасан.

Боловсролын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан томилох эрх бүхий этгээдийн хувьд Цэнгэл сумын Засаг даргаас  2020 оны А/130 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод мэргэшлийн шаардлагыг Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байхаар тусгажээ.

Сонгон шалгаруулалтын зард тусгасан мэргэшлийн шаардлага нь уг албан тушаалын тодорхойлолтод заасантай нийцсэн байх ба Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан 4 тусгай шаардлагыг  дараах байдлаар ойлгоно.”, Мэргэшлийн шаардлага”: Дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн  тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг  нотолно.” гэж тусгажээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг ойлгоно.” гэж заасан ба Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын Гурвын 3.5.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана.” гэж заасантай холбогдуулж, “мэргэшил” гэдэгт “Дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн  тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг  нотолно.” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Н, гуравдагч этгээд Х.Н нар нь албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсэгт заасан Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нь тогтоогдсон байх ба аль алиных нь хамрагдсан мэргэшүүлэх сургалт нь  хугацааны хувьд  сонгон шалгаруулалтын зөвлөмжид заасан 90 болон түүнээс дээш хоногийн байх шаардлагыг хангаагүй байна.

            Тухайлбал нэхэмжлэгч З.Н нь:

 1. 2009-2010 оны хичээлийн жилд “Боловсрол судлал, мэргэжлийн онол арга зүй, үзүүлэх хичээл, математикийн хичээлээр сурагчдыг үнэлэх арга зүй” чиглэлээр 3 кредит цагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь Монголын математикийн багш нарын академийн сургалтын 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн сертификатаар,

            2.“Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй ARTICULATE STUDIO-программ ашиглах нь” сэдэвт сургалтад хамрагдсан нь Мэдээлэл технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төвөөс олгосон 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 371 дугаартай сертификатаар,

            3.Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Боловсролын Их сургуулиас хамтран зохион байгуулсан “Хичээлийн технологийн шинэчлэл” сэдэвт мэргэжил дээшлүүлэх 2 кредит цагийн сургалтад хамрагдсан нь КТ 027001131 дугаартай 2014 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн сертификатаар,

            4.“Сургалтын менежер 10” нэртэй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Батламж”-аар,

            5.“Хүүхэд яаж сурдаг, сурахад тохиолдох саад, тэдгээрийг даван гарах” арга зүйг эзэмшсэн нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээгээр,

            6.“Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт 2 кредит цагийн сургалтад оролцсон нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтарч олгосон 2006/0353 дугаартай 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн сертификатаар,

            7.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэн, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулсан “Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн бага ангийн багш нарын “Монгол хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх” сургалтад 2019 дугаар сарын 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдрийн хооронд оролцсон нь “Батламж”-аар,

            8.“Кембрижийн стандартыг баримжаалан шинэчилсэн сургалтын хөтөлбөр, арга зүй” сэдэвт 1 кредит цагийн сургалтад 2012 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд хамрагдсан нь 012/1922 дугаартай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий Боловсролын газраас олгосон сертификатаар,

            9.“Үндэсний сургуулиудад Тува хэл болон уран зохиол заах арга зүйн онцлог” сэдэвт 16 цагийн  сургалтад  2019 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд оролцсон нь Тувагийн Боловсролын хөгжлийн болон мэргэжил дээшлүүлэх институтийн 2019 оны 551 дугаартай сертификатаар,

            10.Тува хэлний мэргэжил дээшлүүлэх  72 цагийн сургалтад 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 10-ны хооронд хамрагдсан нь Тувагийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах институтээс олгосон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 172400209916 дугаартай гэрчилгээгээр,

            11.“Сургалтын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх арга зүй” сэдэвт 2 кредит цагийн сургалтад оролцсон нь Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төвийн 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2238 дугаартай сертификатаар,

            12. “Би өөрөө компьютероо засварлаж чадна” сэдэвт сургалтад хамрагдсан нь Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төв”-өөс олгосон сертификатаар,

            13. “Ерөнхий боловсролын хүрээн дэх асуудлуудын шийдэл, эрэл хайгуул” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад тува хэл заах нь” сэдэвт илтгэл тавьж, 24 багц цагийн сургалтад 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд оролцсон нь 805 дугаартай Тувагийн мэргэжил дээшлүүлэх институтийн сертификатаар,

            14. ”Хос хэлний сургалтын нөхцөлд Тува хэл заах арга зүй” сэдэвт 72 цагийн сургалтад 2009 оны 04 дүгээр сарын 04-нээс 10-ны хооронд хамрагдаж, Тувагийн Улсын Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн нь тус сургуулиас 2009 онд олгосон 6992 дугаартай гэрчилгээгээр,

            15. “Боловсролын салбарын мэдээллийн систем”- сургалтад хамрагдсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “Батламж”-аар,

            16. ”Эх хэл дээр суурилсан Олон хэлний боловсрол:Төлөвлөлт, менежмент, заах, үнэлэх асуудлуудын танилцуулга” сэдэвт 24 академик цагийн 2020 оны 12 дугаар сарын 01-нээс-12-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан семинар хөтөлбөрт хамрагдсан нь Боловсролын яамны дэргэдэх Монголын Боловсролын судалгааны хүрээлэнгээс олгосон  сургалтын гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчээс 1 кредит цагийн сургалтыг хоногт шилжүүлэхэд 2 хоногийн сургалт болно гэж,  мөн  кредит цаг, хоногийн мэдээлэл тусгагдаагүй тухайлбал 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 371 дугаар бүхий  сертификаттай “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй ARTICULATE STUDIO-программ ашиглах нь” сэдэвт сургалт нь 2 хоногийн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Батламж” олгосон  “Сургалтын менежер 10” сэдэвт сургалт нь  5 хоногийн,  2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээтэй “Хүүхэд яаж сурдаг, сурахад тохиолдох саад, тэдгээрийг даван гарах” арга зүйг эзэмшүүлэх сургалт нь  4 хоногийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “Батламж”-тай Боловсролын салбарын мэдээллийн систем”- сургалт нь 2 хоногийн, “Би өөрөө компьютероо засварлаж чадна” сэдэвт сургалт нь 2 хоногийн сургалтууд байсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан ба нэхэмжлэгчийн тайлбарласнаар тооцоход  нэхэмжлэгчийн хамрагдсан дээрх 16 удаагийн мэргэшүүлэх сургалт нь нийтдээ 73 хоногийн сургалт байна.

            Гуравдагч этгээд Х.Н нь:

1. “Анги удирдах ур чадвар ба багшийн ажлын төлөвлөлт” сэдэвт 2 кредит цагийн сургалтад хамрагдсан нь Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгосон 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 004844 дугаартай сертификатаар,

            2. “Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт 2 кредит цагийн сургалтад оролцсон нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтарч олгосон 302 дугаартай 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн сертификатаар,

3.”Сургуулийн шинэчлэл, олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт” сэдэвт 2 кредит цагийн сургалтад оролцсон нь Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2010 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон 536 дугаартай сертификатаар,

4. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй ARTICULATE STUDIO-программ ашиглах нь” сэдэвт сургалтад хамрагдсан нь Мэдээлэл технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төвөөс олгосон 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 507 дугаартай сертификатаар,

            5. “Би өөрөө компьютероо засварлаж чадна” сэдэвт сургалтад хамрагдсан нь Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төв”-өөс олгосон сертификатаар,

            6. “Хүүхэд яаж сурдаг, сурахад тохиолдох саад, тэдгээрийг даван гарах” арга зүйг эзэмшсэн нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээгээр,

          7. ”Ёс зүйн боловсрол” сэдэвт сургалтад хамрагдсан нь ХИС-ийн НХУС-ийн олгосон 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сертификатаар тогтоогдож байгаа ба уг 7 удаагийн сургалт нь  нийт 22 хоногийн сургалт байна.

            Хариуцагч салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас мэргэшлийн шаардлагатай холбогдуулж шүүх хуралдааны явцад “...сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагыг хангасан гэж үзээд бүртгэсэн, сонгон шалгаруулалтын талаарх зөвлөмжид “мэргэшлийн шаардлага” гэдгийг дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн  тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг  нотолно.” гэж заасан боловч шалгалтад оролцогчдыг бүртгэхдээ дээрх хугацааны мэргэшлийн шалгалтад оролцсон эсэхийг харгалзаагүй. 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалт гэдгийг нэг удаагийн мэргэшүүлэх сургалт нь хугацааны хувьд 90 ба түүнээс дээш хоногоор зохион байгуулагдсан байхыг ойлгоно. Сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт “боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлийн мэргэшүүлэх” гэж заасан учраас  оролцогч нар бүгд мэргэшлийн сургалтад хамрагдсан гэж үзсэн.” гэж тайлбарласан.

            Дээрх байдлаар сонгон шалгаруулалтын зөвлөмжид “мэргэшлийн шаардлага” гэдгийг дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд ...” гэж тусгасныг агуулгын хувьд  нэг удаад нь  3 сар ба түүнээс дээш хоногоор зохион байгуулагдсан мэргэшлийн сургалтад хамрагдсан байхаар ойлгох бөгөөд уг тайлбар нь оролцогчийн нэгээс олон удаа хамрагдсан мэргэшлийн сургалтуудын нийт хоногийн тоо 90 болон түүнээс дээш хоног байх агуулгагүй байна.

            Сонгон шалгаруулалтын зөвлөмжид мэргэшлийн шаардлага гэдгийг дээрх байдлаар тайлбарлаж тусгасан байх боловч албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсэгт тодорхой хоног, кредит цагийн мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан байхыг шаардаагүй байх тул боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх талаарх албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь хангасан гэж үзэхээр байгаа ба гуравдагч этгээд Х.Нийг уг шаардлагыг хангасан гэж үзэж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар салбар зөвлөлөөс бүртгэсэн нь хууль, холбогдох журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас “...гуравдагч этгээд Х.Н нь сонгон шалгаруулалтын зөвлөмжид тайлбарласнаар мэргэшлийн шаардлагыг хангаагүй.” гэж маргасан боловч нэхэмжлэгч З.Н нь уг шаардлагыг мөн адил хангаагүй, салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад оролцогч нь мэргэшлийн шаардлагын хувьд 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг сонгон шалгаруулалтын зөвлөмжид зааснаар шаардаагүй буюу  уг шаардлагыг харгалзахгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн албаны тэгш байдлын зарчмаар хандаж, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагыг  хэн аль нь хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад бүртгэсэн тохиолдолд Х.Нийг бүртгэсэн салбар зөвлөлийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тухайн сонгон шалгаруулалтад оролцох, шударгаар өрсөлдөх эрх нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчээс мэргэшлийн шаардлагатай холбогдуулж, 1994 онд багшийн техникумыг “Бага боловсролын багш” мэргэжлээр төгссөний дараа Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежийг 4 жилийн хугацаагаар “Бага ангийн багш” мэргэжлээр суралцаж төгссөн тул сонгон шалгаруулалтын зөвлөмжид заасан 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангасан гэж маргасан боловч тус сургуулийг нэхэмжлэгч 2004-2008 оны  хооронд 4 жилийн хугацаагаар “Бага ангийн багш” мэргэжлээр суралцаж,  бакалавр зэргээр төгссөн нь Дээд боловсролын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.З-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.” гэж зааснаар дээд боловсролын бакалаврын зэрэг олгосон сургалт тул 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр D200807598 дугаартай дипломоор “Бага боловсролын багш” мэргэжлээр  бакалаврын зэрэг эзэмшсэнийг дипломын дараах 90 хоног түүнээс дээш хугацааны мэргэшлийн сургалтад хамрагдсан гэж үзэхгүй юм. Мэргэшүүлэх сургалт нь гэдгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5,  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолд тайлбарласан агуулгаар   тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх  дипломын дараах  3 сар ба түүнээс дээш хугацааны сургалтыг ойлгох тул  нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хоёрдугаарт

Гуравдагч этгээд Х.Н нь удирдах албан тушаалд 8 сар ажилласан,  боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх  албан тушаалд ажиллаж байгаагүй тул 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх туршлагын шаардлагыг хангахгүй гэх маргааны хувьд:

            Маргаан бүхий албан тушаалд тавигдах туршлагын шаардлагыг  ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байхаар сонгон шалгаруулалтын зард тусгагдсан нь Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/130 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын шаардлагатай нийцсэн байна.

            Уг шаардлагыг хангасан иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлэх эрхтэй байх ба гуравдагч этгээд Х.Н нь туршлагын дээрх шаардлагыг хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд Х.Н нь 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилласнаар туршлагын шаардлагын  ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх хэсгийг хангасан байх ба энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй.

            Туршлагын шаардлагын 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэсэн хэсгийн агуулгыг оролцогч нь 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд, мөн хугацаагаар боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байхыг зэрэг хангана гэж ойлгохгүй бөгөөд эсхүл гэдэг үгийн утгаар дээрх шаардлагуудын аль нэгийг хангасан бол туршлагын шаардлагыг хангасан гэж үзнэ.

            Тухайлбал 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд ажиллаагүй оролцогч нь 3-аас доошгүй жил боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалын аль нэгд ажилласан бол, мөн 3-аас доошгүй жил боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалын аль нэгд ажиллаагүй иргэн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд ажилласан болон туршлагын шаардлагын энэ хэсгийг хангасан гэж ойлгоно.

            Гуравдагч этгээд Х.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04  дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар  Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хүртэл 7 сар 9 хоног ажилласан байх ба ингэснээр 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд мөн боловсролын салбарын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагыг тус тус хангаагүй боловч дээрх байдлаар сумын ерөнхий боловсролын сургуульд 19 жил багшаар ажилласнаар туршлагын шаардлагын 3-аас доошгүй жил боловсролын салбарын байгууллагад гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын  байгууллага гэнэ.”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн боловсролын үнэлгээний, мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна.” гэж тус тус зааснаар ерөнхий боловсролын сургууль нь боловсролын байгууллагад хамаардаг байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т  зааснаар төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн   20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар баталсан Засгийн газрын 2019 оны 25 дугаартай “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг тогтоосон 2 дугаар хавсралтад зааснаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш нь боловсролын байгууллагын гүйцэтгэх албан тушаалд хамаардаг байна.

Иймээс гуравдагч этгээд Х.Н нь маргаан бүхий албан тушаалын туршлагын шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гуравдугаарт

Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа захирамжид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалыг үндэслэсэн. Энэ нь Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч, туслах багш, тусгай цэцэрлэгийн сэргээн засалч багш, тогооч нарын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан шийдвэр тул хамааралгүй шийдвэрийг үндэслэж баталсан албан тушаалын тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь хууль бус гэх маргааны тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт батлах нийтлэг журам”-ыг баталсан.

Уг журмын нийтлэг үндэслэлийг зохицуулсан Нэгийн 1.1-д “Энэ журмын зорилго нь төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянах, зөвшөөрөл өгөх, батлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, Тавын 5.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална.” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална.” гэж, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.27-т “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах;” гэж тус тус заасан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гэх үндэслэлээр Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27-д заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаартай тушаалын холбогдох хэсгээр  “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-ийг баталсан байх ба уг баримтын “мэргэшил” гэсэн хэсэгт “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх” гэж, туршлагын хэсэгт “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх;”, “3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” гэж тусгагджээ.

Цэнгэл сумын Засаг дарга нь томилох эрх бүхий этгээдийн хувьд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба уг захирамжид хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч, туслах багш, тусгай цэцэрлэгийн сэргээн засалч багш, тогоочийн албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалыг үндэслэсэн байх боловч маргаан бүхий албан тушаалд тавигдах боловсролын шаардлагыг “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх”, мэргэжлийн шаардлагыг “багш мэргэжил эзэмшсэн байх”, мэргэшлийн шаардлагыг “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх”, туршлагын шаардлагыг “ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байхаар  тусгаж баталсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай” А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-ийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага хэсэгт заасантай нийцсэн байна.

“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын Хоёрын 2.2-т “Эрх бүхий байгууллага,албан тушаалын сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 2.2.1-д “албан тушаалын тодорхойлолт;” гэж заасан ба Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар зөвлөл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлахдаа Цэнгэл сумын Засаг даргаас салбарт зөвлөлд ирүүлсэн  2020 оны А/130 дугаар захирамжаар баталсан сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангах иргэнийг бүртгэхээр  зард тусгасан, албан тушаалын уг тодорхойлолтод заасан  боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага нь дээрх байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалын холбогдох хэсгээр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т заасан шаардлагатай нийцсэн байна. Цэнгэл сумын Засаг даргын А/130 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, бусад албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын огноо, дугаарыг тусгаж, баримталсан нь буруу  боловч нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, ажилтны албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг сургуулийн захирлын албан тушаалд тавихаар албан тушаалын тодорхойлолтод заагаагүй, салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад оролцуулахаар З.Нг бүртгэсэн, улмаар нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдсөн байх тул сумын Засаг даргын А/130 дугаар захирамжид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалыг баримталсан нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагавар үүсгээгүй байна.

“Албан тушаалын тодорхойлолт батлах нийтлэг журам”-ын Тавын 5.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална.” гэж заасан ба маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд “Албан тушаалын тодорхойлолтын баталгаажуулалт V” хэсгийн “Албан тушаалын тодорхойлолтыг хянаж батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр” гэсэн хэсэгт “Төрийн албаны зөвлөл” гэж тусгагдсан байх боловч шийдвэрийн огноо, дугаар хэсэгт холбогдох мэдээлэл тусгагдаагүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа Төрийн албаны зөвлөлийн саналыг аваагүй гэж маргасан боловч уг зөрчил  нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхэд нөлөөлөөгүй, уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын дагуу Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлсэн, санал аваагүй гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын зард уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг тусгахаас татгалзсан, өөрчилж тусгасан нөхцөл байдал үүсгээгүйг, Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/130 дугаар захирамжаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг үндэслэн Төрийн албаны зөвлөл, түүний харьяа салбар зөвлөлөөс сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Дөрөвдүгээрт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаал нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар хүчингүй болсон, шинээр баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод удирдах болон багшлах ажлын туршлагыг заавал тусгахаар заасан тул маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шаардлагатай гэх маргааны тухайд:

Цэнгэл сумын Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А/130 дугаар захирамж гаргаж, сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан нь  дээрх байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т нийцсэн байх боловч сонгон шалгаруулалт болохоос өмнө Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27-д заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг шинэчлэн баталж, үүнтэй холбоотойгоор А/692 дугаартай дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байжээ.

Хариуцагч талаас Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг шинэчлэн баталсныг сонгон шалгаруулалт зохион байгуулах үед мэдээгүй, А/692 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т зааснаар томилох эрх бүхий этгээдээс баталж, ирүүлсэн албан тушаалын тодорхойлолтын дагуу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тодорхойлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, А/692, Б/03 дугаар тушаалуудаар баталсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан шаардлага нь хоорондоо адилхан байна.”  гэж тайлбарласан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т боловсролын шаардлагыг “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх”, мэргэжлийн шаардлагыг “багш мэргэжил эзэмшсэн байх”, мэргэшлийн шаардлагыг “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх” туршлагын шаардлага нь  “ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх”-аар  заасан бол  Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтод боловсролын шаардлага нь “1200-аас доош суралцагчтай сургуульд: дээд, бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх”, мэргэжлийн шаардлага нь  “Боловсролын шинжлэх ухаан /0111/, Багш, мэргэжлийн /0113, 0114/, байгалийн шинжлэл ухаан /0511,0512, 0531,0533, 0541/, Мэдээллийн технологи /0611,0612, 0613/, Хүмүүнлэг /0222/, Хэл /0231, 0232/ “гэж, мэргэшлийн хувьд “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх”, туршлагын шаардлага нь “Багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгах ба туршлагын шаардлагын доод жишгийг тогтоохдоо сургуулийн суралцагчийн тоо, сургуулийн хэв шинж, хамран сургалтын хүрээ зэргээс хамаарч доорх байдлаар тогтоож болно.

-160 хүртэл суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 3-аас доошгүй жил багшилсан, заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй, 1-ээс доошгүй жил Заах аргын нэгдлийн ахлагчаар ажилласан байх”,

-161-640 суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан, заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй, 3-аас доошгүй жил удирдах ажил эрхэлсэн байх”,

 -641-1200 суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан, тэргүүлэх  ба түүнээс дээш зэрэгтэй, 3-аас доошгүй жил  удирдах ажил эрхэлсэн ажилласан байх”,

-1201-1500 суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 6-аас доошгүй жил багшилсан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 4-өөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн  ажилласан байх”,

1501-дээш суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 8-аас доошгүй жил ажилласан,тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 4-өөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх.

Удирдах ажлын туршлагад- ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, боловсролын газрын дарга, даргын албан тушаалд ажилласан туршлагыг авч үзнэ гэж заажээ.

Б/03 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтод заасан боловсрол болон мэргэжлийн шаардлагыг бакалавр зэрэгтэй, багш мэргэжилтэй нь хувьд нэхэмжлэгч З.Н, гуравдагч этгээд Х.Н нарын хэн аль нь хангасан байх ба нэхэмжлэгчээс боловсрол, мэргэжлийн шаардлагатай холбогдуулж маргаагүй.

А/692 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т мэргэшлийн шаардлагыг “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх” гэж заасан нь Б/03 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын мэргэшил хэсэгт хэвээр батлагдсан,  өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс өмнө баталсан мэргэшлийн шаардлагыг Б/03 дугаар тушаалаар өөрчлөөгүй ба гуравдагч этгээд Х.Н нь дээрх байдлаар маргаан бүхий албан тушаалд тавигдсан мэргэшлийн  шаардлагыг хангасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдын тоо нь 2019-2021 оны хичээлийн жилд бүгд 109, 2020-2021 оны хичээлийн жилд бүгд 126 байх ба уг сургууль нь 160-аас доош  суралцагчтай ерөнхий боловсролын сургуульд хамаардаг байна.

Б/03 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолт”-д 160-аас доош  суралцагчтай сургуулийн захирал нь туршлагын хувьд  ерөнхий боловсролын сургуульд 3-аас доошгүй жил багшилсан, заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй, 1-ээс доошгүй жил Заах аргын нэгдлийн ахлагчаар ажилласан байх шаардлага тавигдсан байх ба удирдах албан тушаалд ажилласан байх шаардлага тавигдаагүй байна.

Уг баримтаас үзэхэд удирдах ажил эрхэлсэн байх шаардлага нь 160 ба түүнээс дээш суралцагчтай сургуулийн захирлын албан тушаалд хамааралтай байна.

Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 160-аас доош суралцагчтай сургуульд хамаарч байгаагийн хувьд тус сургуулийн захирал нь туршлагын хувьд  ерөнхий боловсролын сургуульд 3-аас доошгүй жил багшилсан, заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй, 1-ээс доошгүй жил Заах аргын нэгдлийн ахлагчаар ажилласан байх шаардлагыг нэхэмжлэгч З.Н, гуравдагч этгээд Х.Н нарын хэн аль нь  хангаж байгаа нь хэрэгт авагдсан энэ талаарх нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс Б/03 дугаар тушаалаар удирдах болон багшлах ажлын туршлагыг заавал тусгахаар заасан, нэхэмжлэгч удирдах албан тушаалд 8 сар ажилласан нь уг баримт бичигт заасан туршлагын шаардлагыг хангахгүй гэж маргасан боловч Б/03 дугаар тушаалаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтын туршлагын хэсэгт “Багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгах  ба туршлагын шаардлагын доод жишгийг тогтоохдоо сургуулийн суралцагчийн тоо, сургуулийн хэв шинж, хамран сургалтын хүрээ зэргээс хамаарч доорх байдлаар тогтоож болно.” гэж зааснаас үзэхэд тухайн сургуулийн суралцагчийн тооноос хамаарч багшлах болон удирдах ажлын туршлагыг тогтоохоор байна.  Ингэхдээ 160-аас доош суралцагчтай сургуулийн захиралд багшлах ажлын туршлагыг 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан байхаар тогтоож, харин удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байхыг шаардаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна.

“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын Зургаагийн 6.2-т “Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлыг үнэлэхдээ оролцогчдын боловсрол, туршлага, ур чадварт дараах үнэлгээ өгнө:”, 6.2.2-т “Туршлагыг үнэлэхдээ албан тушаалын чиг үүргийн чиглэлээр хамгийн олон жил ажилласан оролцогчийг 10 оноогоор үнэлж, энэ онооноос хувь тэнцүүлэн тооцох замаар бусад оролцогчийг үнэлнэ.” гэж заасан байх ба сонгон шалгаруулалтын үр дүнгээр нэхэмжлэгч З.Н нь нийт 64.67 оноо, үүнээс туршлагын үнэлгээгээр 10 оноо, гуравдагч этгээд Х.Н нь нийт 77.36 оноо, үүнээс туршлагын үнэлгээгээр 7.36 оноо авсан нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Н, гуравдагч этгээд Х.Н нар нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т заасан шаардлагад нийцүүлж томилох эрх бүхий этгээдээс баталсан маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын болзол, шаардлагыг хангасан гэж үзэж захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэсэн, сонгон шалгаруулалтын комисс нь   нэхэмжлэгч З.Нгийн туршлагын үнэлгээг дээрх байдлаар хамгийн дээд оноо буюу 10 оноогоор, гуравдагч этгээд Х.Нийн туршлагын үнэлгээг 7.36 оноогоор үнэлсэн.  Холбогдох журамд оролцогч нарын ажилласан жилийг харгалзан туршлагын үнэлгээг үнэлэхээр байгаа бөгөөд Х.Нийн ажилласан жилийн туршлагын талаар нэхэмжлэгч маргаагүй, хэдийгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаас өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаал нь эрх бүхий этгээдийн Б/03 дугаар тушаалаар хүчингүй болж, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг шинээр баталсан байгаа ч  туршлагын уг  шаардлагыг гуравдагч этгээд Х.Н нь бүрэн хангасан, Б/03 дугаар тушаалаар батлагдсан  албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод туршлагын шаардлагыг  А/692 дугаар тушаалын холбогдох хавсралтад зааснаас өөрөөр тогтоосон нөхцөл байдал нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын сонгон шалгаруулалтын үед авсан туршлагын үнэлгээнд нөлөөлөхөөргүй байна.

Өөрөөр хэлбэл шинээр баталсан сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт бүхий баримтад туршлагын шаардлагыг А/692 дугаар тушаалд зааснаас өөрөөр баталсан боловч Х.Н нь  А/692, Б/03 дугаар тушаалуудын холбогдох хавсралтад заасан  туршлагын шаардлагыг тус тус хангасан, түүний ажилласан жилийн талаар маргаангүй тохиолдолд туршлагын шаардлагыг өөрөөр тогтоосон үр дагавар нь туршлагын үнэлгээнд нөлөөлөхгүй, тухайлбал нэхэмжлэгч туршлагын үнэлгээгээр хамгийн дээд 10 оноог авсан тохиолдолд үүнээс илүү үнэлгээ өгөх боломжгүй, гуравдагч этгээдийн 7.36 оноо  нь буурч үнэлэгдэж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх үндэслэл үүссэн гэж үзэх боломжгүй тул  маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг шинээр өгөх, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг хариуцагч нарт даалгах нь  үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн хуульд зааснаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэгтэй Төрийн албаны зөвлөл, түүний харьяа салбар зөвлөл нь маргаан бүхий сул орон тооны захиалгын дагуу тавигдах болзол, шаардлагыг тодорхойлж, сонгон шалгаруулалтын талаар нийтэд мэдээлсэн, гуравдагч этгээд Х.Н нь зард тусгагдсанаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгч, шалгалтад оролцсон, салбар зөвлөлөөс түүнийг шаардлага хангасан гэж үзэж бүртгэж, шалгалтад оролцуулсан нь үндэслэлтэй байх тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг шинэчлэн баталсан, уг баримтын дагуу албан тушаалын тодорхойлолтыг томилох  эрх бүхий этгээдээс тухайн үед боловсруулж батлаагүй, салбар зөвлөл нь хянаагүй зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь гуравдагч этгээд Х.Нийг буруутгах үндэслэл болохгүй,  эрх бүхий этгээдийн А/692, Б/03 дугаар тушаалуудаар баталсан албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг гуравдагч этгээд дээрх байдлаар хангасан, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох, шударгаар өрсөлдөх эрх нь дээрх байдлаар зөрчигдөөгүй тохиолдолд эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр шүүх гуравдагч этгээдийг шалгалтад бүртгэсэн, маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн, томилсон  талаарх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрүүдийг хүчингүй болгох, улмаар сонгон шалгаруулалтын захиалгыг шинээр өгөх, шалгалтыг дахин зохион байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон А/692 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг”-т заасан шаардлагыг хуулж, Цэнгэл сумын Засаг даргаас албан тушаалын тодорхойлолт баталсан, үүний дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь хууль бус гэж нэхэмжлэгч маргасан боловч тухайн сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч шалгалтад оролцсон, А/692 дугаар тушаал хүчингүй болсон асуудлаар тухайн үед шаардлага гаргаж маргаагүйг,  

хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар захирамжаар 2020 оны А/130 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, ингэснээр маргаан бүхий албан тушаалын тодорхойлолт хүчингүй болсон байх боловч А/130 дугаартай захирамж, түүний хавсралтаар баталсан сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт нь сонгон шалгаруулалт явуулсан тухайн үед хүчинтэй байсныг тус тус дурдах нь зүйтэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалыг  Засаг даргын А/130 дугаартай захирамжид баримталсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг хүлээн зөвшөөрч А/130 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, дээрх байдлаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын Б/03 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын  үлгэрчилсэн тодорхойлолтыг шинэчлэн баталсан тохиолдолд томилох эрх бүхий этгээдээс холбогдох хууль, журамд нийцүүлж,  эрх бүхий этгээдийн санал, зөвшөөрлийг авах замаар маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж, батлах нь зүйтэй. Гэвч  уг асуудал нь дээрх байдлаар  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тохиолдолд нэхэмжлэгч З.Н нь Цэнгэл сумын Засаг даргаас  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг тодорхойлолтыг дахин боловсруулахыг шаардаж энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэлээ.

Тавдугаарт

Бусад маргааны тухайд:

Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг  хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзахыг хүссэн санал нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай уялдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ихэсгэж,  “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцах явцад Б/05 дугаар захирамж гарсныг олж мэдсэн.” гэж тайлбарласан.

Захиргааны албан тушаалтны шийдвэрт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, уг шийдвэр нь хууль бус гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй ба нэхэмжлэгч анх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалттай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, Б/05 дугаар тушаал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байна. Уг шийдвэр нь  нэхэмжлэгчид чиглэгдээгүй бөгөөд Б/05 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Х.Нийг маргаан бүхий албан тушаалд томилсон талаар Цэнгэл сумын Засаг даргаас нэхэмжлэгчид мэдэгдээгүй тохиолдолд Б/05 дугаар захирамж гарсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор уг шийдвэрт холбогдуулж нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл  нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж үзэхгүй юм.

Хариуцагч талаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь нэг байгууллагад ажилладаг, сургуулийн захирлаар Х.Н 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/05 дугаартай захирамжаар томилогдсоныг мэдсэн байх боломжтой гэж маргасан боловч үүнээс өмнө Х.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын чиг үүргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хэрэгжүүлж ажиллаж байгаад мөн өдрийн Б/05 дугаар захирамжаар тус албан тушаалд бүр томилогдсон байна. Иймээс нэг сургуульд ажиллаж байгаагийн хувьд захирлаар Х.Н  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсоныг, энэ талаар Б/05 дугаар захирамж гарсныг  тухайн өдөр нэхэмжлэгч  мэдсэн  байх ёстой гэж үзэх боломжгүйг,   Засаг даргаас нэхэмжлэгчид мэдэгдсэнийг нотлоогүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл байхгүй, харин захиргааны уг акт нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/130 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  10 дугаар зүйлийн 10.2, 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.3, 66 дугаар зүйлийн 66.1.11, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х.Нийг Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр,  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 47 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг  тус тус хүчингүй болгох,  Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг тодорхойлолтыг дахин боловсруулахыг, тус албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд  хүргүүлэхийг тус тус Цэнгэл сумын Засаг даргад даалгах, тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар нэртэй баримт, хэргийн 6 дугаар хуудас