Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0432/З |
Дугаар | 221/МА2024/0706 |
Огноо | 2024-11-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0706
“Э э м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Нэхэмжлэгч: “Э э м” ХХК
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0712 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.О, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Я.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0432/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй "Э э м" ХХК нь 2017 оны 02 дугаар 13-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 9011657045 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ба "Э э м" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 35231003433 тоот томилолтоор /Удирдлагын шийдвэрээр Иж бүрэн/ шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Б.О, Ж.С нар хийж гүйцэтгэсэн.
2.2. "Э э м" ХХК нь нэг эзэмшигчтэй буюу иргэн О.Тийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөлтэй, гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. Тус хяналт шалгалтаар уг компанийн нэр дээр бүртгэлтэй Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Д" нэртэй газарт орших 741.08 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах 01 дугаартай гэрээ байгуулж иргэн О.Тт компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн бөгөөд эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар 250,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсний орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчил илэрч татварын улсын байцаагч нар "Нөхөн ногдуулалтын акт" үйлдэж нийт 250,000,000.00 төгрөгийн зөрчилд 75,000,000 төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 төгрөгийн торгууль, 15,000,000 төгрөгийн алданги, нийт 112,500,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
2.3. Татвар төлөгч тус хяналт шалгалтаар ногдуулсан нөхөн ногдуулалтын актын төлбөрийг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргасан байна. Маргаан таслах зөвлөлийн гишүүдийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай шийдвэрээр татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-32540000001 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 112,500,000 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн буюу захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хууль эрх зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.
2.4. Харин татвар төлөгч Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа "Э э м" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-гээр 250,000,000 төгрөгөөр тухайн компанийн хувьцааг 100 хувь О.Тт шилжүүлж, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байхад татварын байцаагч нар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2-т заасныг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны акт хууль бус гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
2.5. Улмаар татвар төлөгчийн нэхэмжлэлтэй гомдол Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх явцад дараах нөхцөл байдал үүссэн бөгөөд нэхэмжлэгч Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасантай холбоотой 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00363 дугаартай захирамжаар Ө.Бийн нэхэмжлэлтэй О.Тт холбогдох компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, "Э э м" ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай захирамжилж, иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тодруулбал Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч "Э э м" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б О.Тт 100 хувь шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн тус компанийн хувьцааг эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олох гэсэн боловч үр дүнд хүрээгүй гэрээний үүрэг биелэгдээгүй гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.6. Уг Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..., 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ; гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтыг цулуулаагүй, нотлох баримтыг үнэлж бэхжүүлээгүй бодит бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хугацааны татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч эрх шилжүүлэн авагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах" 01 дугаартай гэрээний 2.3.1 дэх заалтад заасан нөхцөл бүрэн биелэгдсэн тохиолдолд компанийн хувьцаа эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ хэрэгжих талаар дурдагдсан ба гэрээнд заасан төлбөрийн нөхцлийн дагуу гэрээний төлбөрийг Ө.Бөд бүрэн төлж барагдуулсан талаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ярилцлага, татварын улсын байцаагчийн тэмдэглэглэлээр нотлогдсон байна.
2.7. Мөн 2019-2024 оны хугацаанд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг О.Т төлж байсан нь төлбөрийн баримтаар нотлогдсон, тухайн эрх шилжүүлсэн хугацаанд Ө.Б, О, Т нарын хөрөнгийн байдал татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тус тус бүртгэгдсэн байхад Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүх гэрээтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаагүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
2.8. Мөн түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0712 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4, 5, 6-д татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй талаар дурдаж,, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг хуульд нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой дурдсан атлаа хэргийг шийдвэрлэхдээ тус шийдвэрийн Тэмдэглэх хэсгийн 10-т "Э э м ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б тус компанийн хувьцааг О.Тт 100 хувь шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олох гэсэн боловч үр дүнд хүрээгүй буюу орлого олоогүй болохыг шүүгчийн захирамжаар тогтоож, "Э э м" ХХК-ийн хувьцааг буцаан олгосон тул түүнийг эрх борлуулж орлого олсон гэж үзэж, түүний орлогод 30 хувиар татвар ногдуулах үндэслэлгүй гэж үзэн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны одрийн НА-35240000001 дугаартай нехен ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
2.9. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2008)-ийн 8 дугаар зүйл. "Үйл ажиллагааны орлого", 8.1-д "Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно", 8.1.2-т "эрх борлуулсны орлого", 8.2-т "эрх борлуулсны орлогод дараах орлогыг хамааруулна", 8.2.2-т "хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах, эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого", 17 дугаар зүйлийн 17.2-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна", 17.2.7-д "эрх борлуулсны орлогод 30 хувиар"... 21 дүгээр зүйлийн 21.5-д "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мен хуулийн 4.1.6- д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ"; гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд "Э э м" ХХК нь эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогоос суутган авч төсөвт төлөх үүрэг хүлээсэн бөгөөд мөн Татварын еренхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө... 29.1. Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана, гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т "Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг баримтлан 75,000,000.00 төгрөг нөхөн татварт, 22,500,000.00 төгрөг торгууль, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж заасныг тус тус үндэслэн хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн байна.
2.10. Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00363 дугаартай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх-2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0712 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагч Б.О, Ж.С нарын "Э э м ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэний орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 250,000,000.00 төгрөгийн зөрчилд 75,000,000 төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 төгрөгийн торгууль, 15,000,000 төгрөгийн алданги, нийт 112,500,000 төгрөгийн тогтоосон актын төлбөрийг хэвээр үлдээж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.
Жич: Тус татварын хяналт шалгалт нь Үндэсний Аудитын газрын Татварын ерөнхий газарт хийгдсэн шалгалт, аудитын 01 дүгнэлтээр нэр дурдсан компаниудын эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулсан, шилжүүлэн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн, тусгай зөвшөөрлийг шилжүүлж орлого олж байгаа талаарх дүгнэлтийг үндэслэн ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, Хяналт шалгалт аргазүйн газар, Эрдэс, баялагийн татварын хэлтсээс нэгдсэн тусгай удирдамж, томилолтын дагуу хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э э м ХХК”-иас “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарт холбогдуулан гаргажээ.
2.1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нар “Э э м” ХХК-ийн 2019-2022 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар 250,000,000.00 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн үнийн дүн бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсний орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 75,000,000 /далан таван сая/ төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 /хорин хоёр сая таван зуу/ төгрөгийн торгууль, 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн алданги нийт 112,500,00.00 /нэг зуун арван хоёр сая, таван зуун мянга/ төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.2. Гомдол гаргагчаас “...100 хувийн хувьцаагаа О.Тт шилжүүлж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2-т заасан эрх зөрчсөн, ...Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг нь баталж, тус гэрээг хүчингүй болгосон” гэж, хариуцагч нараас “...тус компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч О.Т нь компанийн хувьцааг иргэн Ө.Бөөс 100 хувь шилжүүлэн авч, эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар 250,000,000.00 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн үнийн дүн бүхий компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ татвар суутган төсөвт төлөөгүй зөрчил үйлдсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээг үндэслэн “Э э м” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Ө.Бөөс О.Тт шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчдоос тус үйл баримттай маргадаггүй.
3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”, 17 дугаар зүйлийн 17.2.7-т “эрх борлуулсны орлогод 30 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж,
мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл “Э э м” ХХК нь “компанийн эцсийн эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн орлогоос албан татвар суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байх тул ...маргаан бүхий НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар “75,000,000,00 /далан таван сая/ төгрөгийн нөхөн татварт 22,500,000,00 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, 15,000,000.00 /арван таван сая/ төгрөгийн алданги тооцсон нь хуульд нийцсэн байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн “...хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан, “Э э м” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хүчингүй болсон хуулийг үндэслэн татвар ногдуулж, хариуцлага тооцсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, ...эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогоос суутган авч төсөвт төлөх үүрэгтэй, …нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй” хэмээх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
3.3. Тодруулбал, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” №01 тоот гэрээний 2.3 дахь хэсгийн 2.3.1-д “Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр Хувьцааны Төлбөрийн 72% болох 180,000,000 төгрөгийг төлөх”, 2.3.2-т “Хувьцааны төлбөрийн үлдэгдэл 28% болох 70,000,000 төгрөгийг Худалдан авагч нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө” гэж заасан байх бөгөөд татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч эрх шилжүүлэн авагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Т нь гэрээний төлбөрийг “...бэлэн, бэлэн бус /бартер/-аар цувуулан өгч дуусгасан” гэж тайлбарласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 36981 дүгээр ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хяналт, шалгалтын үед тус гэрээний биелэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасан орлогыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу суутган авч, төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын актаар төлбөр төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
4. Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд холбогдох дүгнэлтийг зөв хийсэн боловч “...“нийслэлийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны шүүгчийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон гэрээ хэрэгжиж, Ө.Бийг орлого олсон гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий актыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” хэмээн дүгнэж татварын улсын байцаагчийн НА-35240000001 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.1. Учир нь Татварын улсын байцаагч нар нь “Э э м” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж, 2019 онд “Э э м” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 741.08 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч О.Т нь компанийн хувьцааг Ө.Бөөс 100 хувь шилжүүлэн авч эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсний орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар нийт 112,500,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд нийслэлийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн 00363 дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д "албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” ойлгохоор заасан бөгөөд “Э э м” ХХК-ийн 2019 оны зөрчилд холбогдуулан нөхөн ногдуулалтын акт тогтоосон байх атал цаг хугацааны хувьд үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” №01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа бий болсон нөхцөл байдлыг үндэслэн өмнө нь гаргасан зөрчлийг үгүйсгэж, эрх бүхий албан тушаалтны гаргасан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах “зайлшгүй байх”, “шудрага байх” зарчимд нийцэхгүй.
4.3. Иймд анхан шатны шүүхийн “..:ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олох гэсэн боловч үр дүнд хүрээгүй буюу орлого олоогүй болохыг шүүгчийн захирамжаар тогтоож, “Э э м” ХХК-ийн хувьцааг буцаан олгосон байх тул түүнийг эрх борлуулж орлого олсон гэж үзэж, түүний олоогүй орлогод 30 хувиар татвар ногдуулах үндэслэлгүй” хэмээн буруу дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх хариуцагчийн “...нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй талаар дурдаж, актаар тогтоосон төлбөрийг хуульд нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой дурдсан атлаа хэргийг шийдвэрлэхдээ ...нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
5. Хэдийгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 00363 дугаар захирамжаар “...2019 оны 4 сарын 10-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, “Э э м” ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх боловч энэхүү шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн асуудал нь энэхүү захиргааны хэргийн хувьд маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн гаргасан “...Ө.Б, О.Т нар гэрээгээр тохирсон үүргээ энэ хугацаанд хангалттай биелүүлээгүй тул иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталж, хүчингүй болгож, гэрээ байгуулагдахаас өмнөх эрх зүйн хэлбэрт хэн хэн нь шилжиж очно гэсэн шийдвэрийг гаргасан тул тухайн татварын актыг хүчингүй болгож өгнө үү” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой өөрт учирсан хохиролыг иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э э м ХХК”-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН