Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0539

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0539

Улаанбаатар хот

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугарсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд “*******” ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тус зөвшөөрлийг “хүчин төгөлдөр” гэсэн өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ““*******” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд “*******” ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахааар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт: “*******” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/2013 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт хүргүүлсэн ба уг хүсэлтийн хариуг хариуцагчаас дээрх 4/2201 дугаар албан бичгээр өгөхдөө тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл бий эсэх талаар дурдалгүйгээр зөвхөн шинжээч томилсон тухай л мэдэгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

1.1. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлэдэг нэгж нь Кадастрын хэлтэс бөгөөд Геологийн алба нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны асуудлыг шийдвэрлэдэг нэгж биш юм.

1.2. 2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг нь төрийн байгууллагын үүрэг биш харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК-ийн хуульд заасан үүрэг бөгөөд энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 7162Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

2. Харин “*******” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ.” гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан бөгөөд дээрх хүчинтэй хугацаандаа хуулийн нөхцөл, шаардлагыг биелүүлж Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

3. Шинжээч О.Чулуун хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч танилцаад 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “...ордын хайгуулын судалгааг бүрэн гүйцэт хийж түүний үр дүнгээр нөөц тооцон бодсоны дараа хайгуулын ажпын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг шинжээчид дахин танилцуулахыг зөвлөж...” ордын хайгуулын ажлыг буцаажээ мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа хэлэлцүүлэх, батлуулах, үйл ажиллагаа үргэлжилж байсан, улмаар хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа 2014 оны 04 дүгээр сарын 29-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

3.1. Тухай үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа 24, 25 дугаар зүйлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа багтаж өргөдөл гаргах зохицуулалт юм.

3.2. Харин төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр дууссан өдрөөс хойш 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг хадгалсан бөгөөд энэ хугацаанд тус компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайлангаа хэлэлцүүлж батлуулаагүй байна. Иймд “*******” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай шийдвэрээр шинжээч томилуулсан хэдий ч тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөц хэлэлцүүлэх тайлангаа өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.3. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгож кадастрын системд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж зааснаар дуусгавар болгон бүртгэснийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл анх “*******” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаанчулуут гэдэг газарт 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг тогтоолгох, “*******” ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг тус тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар хадгалж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргажээ. Уг нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4730 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “*******” ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан алдааг арилган дахин нэхэмжлэл гаргасныг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6811 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ. 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугарсүрэн нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Цагаан чулуутын орд гэдэг газар 7162Х дугаартай хайгуулын тус зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцэх хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр хадгалахыг даалгах” гэж тодруулжээ.

Хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэх, эсхүл уг хугацаа тасалдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

“*******” ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр “...7162Х тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгосон байна. ...үр дүнгийн тайлангаа хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул манай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6-4888 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Мөн нэхэмжлэгчээс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад “...7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээж, хүчин төгөлдөр хэвээр хадгалж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6/3771 дугаар албан бичгээр хариу өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг гарган шийдвэрлүүлээгүй тохиолдолд шүүх  “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.

Иймд давж заалдах шатны шүүх тухайн алдааг залруулан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх бололцоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ тухайн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх “*******” ХХК-д нээлттэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “*******” ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, “*******” ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР