Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбатын Шинэхүү |
Хэргийн индекс | 105/2022/1730/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1816 |
Огноо | 2022-12-13 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1816
2022 12 13 2022/ШЦТ/1816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Өд холбогдох эрүүгийн 2206 03931 3274 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Ө, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед *** З.Мын гэрт хамт архи ууж, улмаар хохирогч З.Мыг согтоод унтсан байхад нь халааснаас нь 101.000 төгрөг болон гар утсаар нь мобайл банк руу нь нэвтэрч 250.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлэн авч, З.Мын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 351.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед *** З.Мын гэрт хамт архи ууж байгаад согтоод унтсан байхад нь шунахайн сэдэлтээр өмдний урд талын халааснаас нь 101.000 төгрөгийг бэлнээр болон гар утсан дахь мобайл банк руу нь нэвтэрч 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 351.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны гаднаас такси барихдаа нэг залуутай танилцсан. Тэгээд би тэр залуутай дэлгүүр орж 0.33 граммын шилтэй Хараа гэх архи аваад *** байх гэр лүүгээ таксидаж ирээд тэр залуутай архиа хувааж уучхаад би гэртээ унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн чинь гэрт нөгөө залуу байхгүй, миний өмдөнд байсан 101.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Тэгээд бас утсаа шалгахад миний утасны мобайл банкны данс руу нэвтэрч ороод *** дугаартай данс руугаа 250.000 төгрөг шилжүүлээд авчихсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би тухайн залуугийн хажууд байхдаа 2-3 удаагийн гүйлгээ хийсэн бөгөөд тэгэхэд тэр залуу миний мобайл банкны кодыг харсан юм шиг байсан. Миний банкны нууц үг 1235 гэсэн код байсан. Хажууд байсан хүн цээжлэхэд боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 30 дахь тал/,
Хохирогч З.Мын Хаан банкны *** дугаартай дансны 2022 оны 07 дугаар сарын 10-аас 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны хуулга /хх-ийн 17 дахь тал/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах ахлагч Б.Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаагаар хохирогч З.Маас сэжигтэн С.Ө болон бусад 3 хүний хамт зургийг харуулж таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 дахь тал/,
Хохирогч З.Мын Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан “...Загдаа овогтой З.М миний бие өөрийн хохирол болох 351.000 төгрөгийг хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дахь тал/,
Яллагдагч С.Өы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр очсон тэгээд байж байхдаа өөрийн найз Бтэй таараад хамтдаа нэг шил архи уусан. Тэгсэн манай найз намайг орхиод явсан. Тэгээд би согтуу явж байгаад үл таних архи ууж байсан хүмүүстэй хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байхад үл таних залуутай танилцаад хамтдаа тэдний гэрт архи уухаар болоод *** тоотод очсон. Тэгээд бид хоёр тэндээ ороод нэг шил архи аваад ууж байхдаа амьдралаа ярьж байхад тэр ах надад бэлэн 100.000 төгрөг өгөөд миний Хаан банкны *** тоот дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн. ...Би архи ууж байхдаа З.М гэх хүнд амьдрахад хэцүү байна надад мөнгө хэрэгтэй байна гэхэд тэр ах надад өөрөө мөнгө өгсөн. ...Тухайн мөнгийг З.М гэх хүн өөрөө над руу шилжүүлсэн. Тэгээгүй бол би тэр ахын интернэт банкны нууц үгийг мэдэх боломжгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
С.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед *** З.Мын гэрт хамт архи ууж байгаад согтоод унтсан байхад нь шунахайн сэдэлтээр өмдний урд талын халааснаас нь 101.000 төгрөгийг бэлнээр болон гар утсан дахь мобайл банк руу нь нэвтэрч 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 351.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна. Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч С.Өыг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч С.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч З.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “…З.М миний бие өөрийн хохирол болох 351.000 төгрөгийг хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэх хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 45 дахь тал/
Иймд шүүгдэгч С.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.Ө нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй байна. Иймд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүхээс С.Өд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 35 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 34 дэх тал/.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ гэм буруугаа хүлээж хэлсэн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдал зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүргийг тус тус тэнсэн харгалзсан хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Өд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар С.Өд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн зүйлийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүргийг тус тус 6 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ