Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Н

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э

Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Ц

Хохирогч П.Э, Б.М, М.З

Иргэний нэхэмжлэгч Б.С, Т.Б, М.М, Д.Х, Д.Б, Г.Г

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Х

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц-ийн Б-рт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ...боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймаг ... газар нугалдаг, ... овогт Ц-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны ... сарын ...-ний өдрийн 11 цагийн орчимд Дорноговь аймгийн ... дэвсгэрт шороон зам дээр ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.а- д “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч...тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтаар 3.4-т “дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шурга дутуу, найдваргүй бэхлэгдсэн үед замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч П.Э, Б.М, М.З нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болдог өдрийн урд өдөр 20 цагийн үед миний танил М.Б гэх залуу манай эхнэрийг Сайншандаас аваад зам дээр буулгах үед М.Б надад хандан “маргааш компаниас хэдэн хүн аваад яваад өгөөч машин хүрэлцэхгүй байна, чи яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч маргааш нь буюу 2022 оны 05 сарын 21-ний өглөө 05 цагийн үед ... ХХК-ийн гадаа ирээд зогссон чинь баахан хүн гараад ирсэн. Тэгээд би “хүүе ийм олон хүн суухгүй шүү буу” гэсэн чинь “та аваад яв” гэсэн. Тэгээд миний машинд арын суудалд өвөр өвөр дээрээ суугаад 13-н хүн явсан. ... сумын ... замдаа гарсан. Тэгээд ... сумаар дайрч зорчиж явсан хүмүүс дэлгүүр орж ус, ундаа, лаазтай жижиг пиво авч байсан. Тэгээд цаашаа хөдлөөд ... гэх газарт шороон замаар явж байтал машин гэнэт жолоодлогогүй болоод гулжганаад явсан. Тэгтэл машин хамраараа газарт цохиж хажуу талаараа унасан. Машин дотор сууж явсан хүмүүс хаалга цонхоор гарсан ба салхины шилээрээ гарсан. Зорчиж явсан хүмүүс өвдсөн ёолсон, нэг эмэгтэй хүн газарт ухаангүй хэвтэж байсан. Тэгтэл нэг залуу утсаараа түргэн цагдаа дуудсан. Нэг цагийн дараа ... сумаас түргэн тусламж ирж гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Уг хэрэг гарснаас хойш хохирогч нарт ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа гэхдээ учирсан хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй байна. Хохирогч нарт хүндэвтэр болон хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /2-р хх-ийн 208-209/  

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 5 сарын 21-нд Б гэж хүн гуйгаад явсан. Өглөө 5 цагт ... компани дээр нь очиж хүмүүсийг нь авсан. Олон хүн байсан. Олон хүн суух боломжгүй, заримыг нь буу гэтэл буухгүй багтаад явна гээд бүгд суусан. Тэгээд явж байгаад гэнэт машин эвгүй болоод осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

Хохирогч П.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 сарын 21-ний өгөөний 06 цагт ... суманд үйл ажиллагаа явуулдаг ...-ийн ажилчдын кемпээс Дорноговь аймгийн ... 14 хоног амрахаар явсан. Тухайн үед манай компанийн ... автомашин эвдрээд явах боломжгүй өөр машинаар явахаар болоод ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явахаар боллоо гэхээр нь машиндаа суусан. Суух үед тухайн машин нь маш бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй машин байсан. Тэгэхээр нь “яасан заваан машин бэ” гэсэн чинь хамт явж байсан ажилчид маань “одоо яахав дээ, компани ийм л машин өгсөн байна шүү дээ” гэхээр нь суугаад явсан. Уул нь суудал суудлаараа суух байсан чинь хүн нь багтахгүй “шахаад суу” гэхээр нь суусан. Замдаа гараад явж байхдаа машин дотор маш их тоос босоод хажуу дахь хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь машины жижиг цонхыг гараараа ээлжилж барьж явсан. ... суманд ирээд замд уух ус, ундаа аваад цаашаа хөдлөөд явсан. Хэсэг зуур нойр хүрээд зүүрмэглэсэн байсан. Тэгтэл хүмүүс хашхираад юу болоод байна гээд ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь миний толгой дээр Гантөмөр гэх залуу миний гарыг барьчихсан байсан. Гадаа их халуун байсан тэгээд сэрсэн. Тэгээд би хөдлөх гэсэн чинь хамаг бие хөдлөхгүй ойр орчноо харсан чинь машин аймар болсон байсан. Миний хажууд ХАБ-ын ажилтан М цусандаа хутгалдсан байхаар нь тэрийг хараад бид нар осолд орсон байна гэж ойлгосон. Зүүнбаян сумын эмнэлэг дээр ирээд тэндээсээ Сайншандын эмнэлэг рүү явсан. Тэндээсээ Улаанбаатар хотод ирж MBG гэмтлийн эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо миний биеийн байдал байнга хөл даарна, маш их тамирдана, цээжээр өвдөнө, нуруугаар хатгуулна, чих бага зэрэг дүлийрэлтэй хүний яриа тод сонсогдохгүй, дотор муухайрна, толгой байнга өвдөж шилэн хүзүү хөшнө. Орондоо хэвтэхдээ хөлдөө бүлээн жин тавьж байгаа, нойрондоо муу байгаа. Маш их гомдолтой байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад компаниас харж хандсан зүйлгүй. Би өөрийн биед үүссэн нөхцөл байдлаа хүний нөөцийн дарга Б.Э гэх захиралд хэлсэн чинь “чиний энэ байдлыг өвчтөний листээр болон даатгалаар шийднэ” гэж хэлсэн. Маш их гомдолтой байна цаашид надад ямар өвчний онош гарахыг мэдэхгүй, ямар хугацаа шаардахыг мэдэхгүй, би бие эрхтнээрээ хохирогч байна, сэтгэл зүйн айдастай байна гэжээ. /1-р хх-ийн 63-65/

Хохирогч П.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ ослоос болж маш их хохирч байна. Группт орсон. Ажил хийх боломжгүй болсон. Эгмийн хагалгаанд орох ёстой, мөн нуруундаа хагалгаа хийлгэж магадгүй гэсэн. Би компанитай гэрээ хийсэн, компани найдваргүй машин тэргээр явуулснаас болж осолд орсон учир өөрт учирсан хохирлоо компаниас нэхэмжилж байна. Би энэ жолоочтой ямар нэгэн гэрээ хийгээгүй тул энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүй. Ослын үед миний монетон гинж алга болсон, монетон ээмэгний нэг нь алга болсон мөн гар утаснууд эвдэрсэн. Эд хөрөнгөд учирсан хохирлоо гаргуулж авна. Компанийг би иргэний журмаар Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн байгаа. Энэ шүүх хурал дээр би 1,704,000 төгрөгийн баримт авч ирсэн байгаа үүнийгээ гаргуулж авна, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулмаар байна гэв.   

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны .. сарын ...-ний өглөөний 06 цагт ... суманд үйл ажиллагаа явуулдаг ...-ийн ажилчдын кемпээс Дорноговь аймгийн Сайншанд сум руу 14 хоног амрахаар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замдаа гараад явж байхдаа машин дотор маш их тоос босоод явахад хүндрэлтэй байсан. ... суманд ирээд замдаа уух ус, ундаа аваад цаашаа хөдлөөд явсан. Тэгээд ... сумын нутаг дэвсгэрт явж байхад машин дайвалзаад гэнэт бөгсөө хаяад унах нь дээ гэтэл машин хөрвөөсөн тэгээд ухаан алдсан, шокт орсон байсан. Би машинд хөлөө даруулаад маш их өвдөж байсан. Улаанбаатар хотод ирж MBG гэмтлийн эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал байнга толгой өвдөж, шилэн хүзүү хөшнө, нойрондоо муу, хөл аарцаг хэсгээрээ өвдөнө, гуяа дагаж өвдөнө, нуруу байнга өвдөнө, амьсгалахад хүндрэлтэй, хажуу тийшээ харж хэвтэж чадахгүй, одоо хоёр суга таягтай явахад хүндрэлтэй. Би маш их гомдолтой байна. Би эрүүл саруул байж байгаад компанийн буруутай үйлдлээс болж муу машинд сууж явснаас болж эрүүл мэндээрээ хохироод байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг энэ ...-аас гаргуулах авах хүсэлтэй байна гэжээ. /1-р хх-ийн 69-70/

Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд 6 сарын хугацаанд өвчин намдаах эм ууж байна. Байнгын эм тариа хэрэглэж байсан. Ажил төрөл хийх боломжгүй байгаа, бие байнга өвдөөд байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна гэв. 

Хохирогч М.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны ... сарын ...-ний өглөөний 06 цагт ... суманд үйл ажиллагаа явуулдаг ...-ийн ажилчдын кемпээс Дорноговь аймгийн Сайншанд сум руу ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замдаа гараад ... сумын 4-р багийн нутаг дэвсгэрт осолд ороод тэр газраасаа ... сумын эмнэлэгт ирж тусламж аваад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тэндээсээ Улаанбаатар хотод ирж MBG гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал толгой өвдөж хүзүүний сэртэн яс болох С-5, С-6, С-7 дугаар үе зөрүүтэй хугарлаас болж хөшнө, мөн 12-р хавирга хугарсан бас өвчүү хугарсан өвдөнө. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг энэ ...-аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. /1-р хх-ийн 74-75 /

Хохирогч М.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Толгой байнга өвддөг, мөр байнга мултардаг болсон. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед миний толгойгоор өвдөж байсан боловч одоо зүгээр болсон учраас надад гомдол санал байхгүй, мөн хохирол, нэхэмжлэлтэй холбоотой хэргийн материалд хавсаргуулах баримт байхгүй. Миний хувьд 2022 оны ... сарын ...-ний өдрөөс хойш одоог хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 12/

Иргэний нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ажилгүй байсан хугацааны цалин 8 сая төгрөг нэхэмжилж байна. 5 сараас 10 сар хүртэл ажилгүй байсан. Листийн мөнгө авсан гэхдээ хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Уг ослоос болж миний биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тухайн үедээ ...-ийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн төлсөн учраас одоо миний зүгээс эмчилгээтэй холбоотой хэргийн материалд хавсаргуулах хохирлын баримт байхгүй. Харин тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 22/

Иргэний нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ажилгүй байсан хугацааны цалин 6,500,000 төгрөг нэхэмжилж байна. 10 сарын 05-наас ажлаа хийж байгаа гэв.

Иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... сумын 3-р багийн нутаг дэвсгэр болох мянган гэх газарт ... маркийн тээврийн хэрэгсэлтэй Сайншанд сумын зүг явж байгаад тус машины зөв талын дугуй салсны улмаас онхолдсон. Тухайн үед машин нь 2 удаа газар өнхөрсөн. Эхний өнхрөлтөөр би толгойгоо цонхонд цохиод ухаан алдсан.  Тэгээд сэрэхэд би ... хойд талын хаалганы арын цонхоор хавчуулагдсан байсан. ...тухайн үед толгойнд гэмтэл авсан. Гавлын яасны гадуур хавагнаж цус хурсан, баруун чих 70 хувьтай урагдсан. Баруун далны тогоо цуурсан, баруун мөрний шөрмөсний гэмтлүүд, нуруунд гэмтэл авсан. Миний барьдаг Самсунг эс-8 маркийн хар өнгийн гар утасны дэлгэц хагарсан. Надад эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн, замын зардал, эм, эмчилгээний хэрэгсэл авсан болон бусад баримтууд байгаа. Би тэдгээр баримтуудыг өөрийн өмгөөлөгч Г.У-т өгсөн байгаа. Миний хохирлыг компани нөхөн төлөөгүй. Анх эмнэлэгт хэвтсэн 12 хоногийн зардал болон эмийн 360,000 төрөг төлж байсан. Эмчилгээний зардал, утасны хагарсан дэлгэцийг төлүүлж авна, мөн ажиллаж байх байсан хугацааны цалингийн нөхөн төлбөрийг авмаар байна гэжээ. /2-р хх-ийн 33-35/

Иргэний нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өвчтэй байх хугацааны цалин, 4 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Нийт 19 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...одоо миний зүүн чих дүлийрэлтэй, хэл яриа доголдолтой, цээж хавирга өвдөнө, дотор муухайран, толгой байнга өвдөж байгаа, зүүн мөр өвдөнө, нүдний хараа муу болсон гэжээ. Би гомдолтой байна энэ компанид анх эрүүл саруул ажилд орсон, одоо харин энэ арааваас болж би өвчтэй болсон, манай компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж байсан бол зүгээр ажлаа хийгээд эрүүл саруул явж байх байсан. Гомдолтой гэжээ. /2-р хх-ийн 43-44/

Хохирогч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...миний баруун бугуйнд цус хурсан, тархи хөдөлсөн байсан. Гомдол санал алга гэжээ. /2-р хх-ийн 49-50/

Хохирогч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...одоо биеийн байдал толгой байнга өвдөж шилэн хүзүү хөшнө, баруун талын мөр зөөлөн эдийн гэмтэлтэй, миний хувьд эмэгтэйчүүд талаасаа доогоо сар гаруй хугацаанд цус гарч байгаа, нуруу хоёр хөл өвдөн. Маш их гомдолтой байна. Эрүүл саруул байж байгаад компанийн буруутай үйлдлээс болж муу машинд сууж явснаас эрүүл мэндээрэй хохироод байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг энэ ...-аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. /2-р хх-ийн 55-56/

Иргэний нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Компаниас ажилгүй байсан хугацааны цалин 6 сая төгрөг нэхэмжилж байна. Толгой байнга өвддөг, баруун мөр байнга өвддөг. 6 сарын дараа дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл гарсан төлбөрийг нэхэмжилнэ гэв.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо биеийн байдал толгой өвдөж, шилэн хүзүү хөшнө, хамар хугарч хагалгаанд орсон, аарцаг нуруу хөл гар өвдөнө. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг энэ ...-аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. /2-р хх-ийн 61-62/

Иргэний нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 5-10 сар хүртэл ажил хийгээгүй ажилгүй байсан хугацааны цалин 6 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

Хохирогч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо миний биеийн байдал толгой байнга өвдөж, шилэн хүзүү хөшнө, нойрондоо муу байгаа. Маш их гомдолтой байна гэжээ. /2-р хх-ийн 66-67/

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо миний биеийн байдал толгой байнга өвдөж, шилэн хүзүү хөшнө, баруун талын мөр, түнх, баруун хөл дагаж өвдөнө, нуруу өвдөнө. Маш их гомдолтой байна. Эрүүл саруул байж байгаад компанийн буруутай үйлдлээс болж муу машинд сууж явснаас эрүүл мэндээрэй хохироод байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг энэ ...-ийн толгой компани болох ... гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. /2-р хх-ийн 71-72/

Иргэний нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эрүүл мэндийн хувьд зүгээр. Харин энэ ослын улмаас миний нотебүүк 2 хуваагдаж салсан байгаа. Одоо хэрэглэх боломжгүй болсон. 2021 оны 11 сард 2,350,000 төгрөгөөр авч байсан юм үүнийг нэхэмжилж байна гэв.

Гэрч ... мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би осол болсноос хойш 5-10 минутын дараа мэдсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан болохоор нүдээр хараагүй. Осол гарсан үед манай компанийн зүгээс хамгийн түрүүнд хүний эрүүл мэндээ бодож ажилласан. Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2 тээврийн хэрэгслээр гэмтсэн хүмүүсээ Улаанбаатар хотод Эм Би Жи гэмтлийн хувийн эмнэлэгт дээр 12 үнээ 2022 оны 05 сарын 22-ны өдөр хэвтүүлэн эмчлүүлж байгаад эхнээсээ эмнэлгээс гарсан байгаа одоо хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Осолд орж гэмтсэн хүмүүсээ бүх төрлийн эмчилгээ оношилгоонд хамруулж эмчлүүлж байгаа, гэмтсэн хүмүүс маань манай компанийн ажилчид мөн гэмтсэн ажилчид маань цахилгаанчин, үйлчилгээний туслах ажилтан, туслах тогооч, ээлжийн ахлах, засварын бичиг хэргийн ажилчин засварчин, хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд байсан. Манай компанийн зүгээс ажилчдаа ажилд гарах буух ирэх үед ХАБ талаар заавар зөвлөгөө өгч гаргадаг тухайн осол болдог өдөр ХАБ-ын ажилтан маань гарын үсэг зуруулсан үгүйг би сайн мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 46-47/

Гэрч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 сарын 21-ний өдөр манай компанийн 7 ажилтан ээлжээс буугаад хот руу явах ёстой байсан. Тэгээд 7 ажилтнаа ... компанийн ажилчдтай хамт явуулахаар болсон. Тэгээд тус өдөр 10 цагийн орчим манай компанийн гаалийн хяналтын бүсийн талбайн зохион байгуулагч О миний утас руу холбогдож ээлжээс бууж явсан машин онхолдож зам тээврийн осол болсон гэж хэлсэн. Би тэр даруй тухайн машинд явсан манай компанийн ажилтан П руу ярихад “зам тээврийн осол болж машин онхолдсон зарим хүмүүс хүнд байна тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна эргээд залгая” гэж хэлсэн. Тэгээд би олон хүн рүү залгаж тухайн осол болсон гэх ... манай компанийн Г гэх ажилтан байсан талаар мэдсэн. Манай компани ажилчдаа хүргэхдээ хот хооронд явдаг Б гэх хүнд захиалгаа өгдөг. Тухайн үед 2 компанийн ажилчид нийлж суух 2 машин шаардлагатай болоод Б өөр нэг машин олж манай компанийн ажилчдыг тээвэрлэсэн гэжээ. /1-р хх-ийн 52-53/

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол юунаас болж гарсныг бол мэдэхгүй байна. ... Ц.Б-ын жолоодож байсан саарал өнгийн фургон болон миний жолоодож явсан саарал өнгийн ... Сайншанд сум руу гарах болсон. ... түлш аваад гарахдаа Ц.Б бид хоёр ... бүрэн бүтэн байдлыг өөрсдийн хэмжээнд шалгаад хөдөлсөн. Ц.Б-ын жолоодож явсан машинтай би ... суманд нэг таарсан, ер нь би сүүлдэж явсан. Сайншанд сумаас ойролцоогоор ... км зайд би Ц.Б-ын жолоодож явсан машиныг гүйцэж түрүүлээд 3 км байхаа яваад зогсоод хүлээхэд араас ирэхгүй байсан. Тэгээд би Б-ыг зорчигч нараа бие засуулж байна гэж бодоод хүлээгээд зогсож байхад миний утас дугарсан. Тэгсэн Б залгаад “ахаа би уначихлаа” гэсэн. Тэгээд би хажуугаар нь гарсан байршлыг нь мэдэж байгаа болохоор буцаад шууд давхиад очсон чинь машин нь буруу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгээд нөгөө дотор нь сууж байсан улсууд нь гадаа гарчихсан байсан. Тэгээд би Сайншанд сумын эмнэлэг рүү яриад өөрийнхөө зорчигч нарыг буулгаад Б-ын машинд сууж явсан зорчигч нарыг өөрийн машинд суулгаад эмнэлгийг миний өөдөөс амдаарай би осолд орсон хүмүүсийг авч явж байна гэсэн. Тэгээд замд түргэн тусламжийн машинд хүмүүсийг суулгаад буцаж очиж өөрийн зорчигч нараа авсан. Тэгээд араас нь ... багийн эмнэлэгт ирсэн. Хүмүүсийн ачаа барааг аваад Сайншанд сумын ... зочид буудалд авч ирж өгсөн. Дараа нь Б-тай ярихад надад хэлэхдээ “гэнэт явж байхад машины дугуй салаад уначихсан” гэж хэлсэн. Би ... боомт Сайншанд сумын хооронд шуудангаар хүн зөөвөрлөдөг бөгөөд ... нь надтай ажлын ээлж солигдлоо хүмүүс Сайншанд сум руу зөөвөрлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэсэн. Тэгээд байж байтал Б нь надтай уулзаад “ахаа би Сайншанд сум орох хэрэгтэй байна, хотоос захиалсан зүйлүүд маань ирсэн гэнээ, би өөрийн машинтай явна, ажил юу байна” гэхээр нь би ... ээлж солигдох гэж байгаа хоёр машины хүн гарвал би хэлье чи өөрөө хүний нөөцтэй нь холбогд” гэж хэлсэн. Тэгээд над руу ... хүн залгаад ахиад машин олчих” гэж хэлсэн. Тэгээд би Б-ыг дагуулж очсон, тэгээд тэндээс хөдөлсөн гэжээ. /2-р хх-ийн 211/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд нь Эрүүл мэндийн сангаас 2,924,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,924,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /2-р хх-ийн 217-219/

Шинжээчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.П.Э-ийн биед гэмтэл учирсан байна. 2.П.Э-ийн биед баруун эгэмний бяцарсан хугарал, баруун талын 1-р хавирга зөрүүгүй, 2-р хавирга зөрүүтэй, зүүн талын 2-р хавирга зөрүүгүй хугарал, бүсэлхийн L1-ийн шахагдсан хугарал, тархины доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэжээ. /1-р хх-ийн 91-93/

Шинжээчийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Б.М-ийн биед гэмтэл учирсан байна. 2.Б.М-ийн биед баруун умдаг ясны хугарал, бүсэлхийн L1/L5 нугалмуудын зүүн хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний зүүн талд 2,3-р хавирга, 5-9-р хавирганы хугарал, цээжний баруун талд 9-р хавирганы хугарал, зүүн тавхайн дотор хэсгээр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу орчим шарх, зүүн мөр суга, ташаа гуя орчим зулгаралт, тархины доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэжээ. /1-р хх-ийн 104-105/

            Шинжээчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.М.З-ийн биед гэмтэл учирсан байна. 2.М.З-ийн биед хүзүүний С5-С7 нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талд 12-р хавирганы хугарал, тархины доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэжээ. /1-р хх-ийн 116-117/

Техникийн шинжээчийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.... маркийн автомашины Smartcar.mn сайтад бүртгэгдсэн мэдээллээс харахад Арлын дугаар ..., загвар ..., үйлдвэрлэсэн он ..., өнгө цагаан саарал, импортлогдсон огноо ..., ангилал ..., хөдөлгүүрийн багтаамж .., суудлын тоо ... хүн байна. ... маркийн автомашины жолооч Ц.Б нь МУ-ын ЗХД-ийн 23.9 а заалт “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон олон зорчигч ... тээвэрлэхийг хориглоно” МУ-ын ЗХД-ийн 4 дүгээр хавсралтын 3.4-р заалт “дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна. 2.Зам тээврийн осол гарахад дараах шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд: 1.ЗХД-ийн 3.4-р заалтыг зөрчин дугуйг бултай бэхлэх бэхэлгээ сул үед замын хөдөлгөөнд оролцсон. 2.Дугуйг бултай бэхлэх бэхэлгээ сул үед ЗХД-ийн 23.9-р заалтыг зөрчин техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэн даац хэтрүүлсэн. 3.Дугуйг бултай бэхлэх бэхэлгээ сул байгаа үед даац хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох үеийн замын нөхцөл шороон, дэржгэнүүртэй байсан зэрэг болно. Мөн ... маркийн автомашины жолооч Ц.Б нь МУ-ын ЗХД-ийн 23.9-р заалтыг зөрчин техникийн тодорхойлолтод тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэхэд хүргэсэн тухайн компанийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн байна. /2-рхх-ийн 76-77/    

Техникийн шинжээчийн 2022 оны 06 сарын 05-ны өдрийн ш/23 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 84-85/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 06/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 07-17/      

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /1-р хх-ийн 26/

...-ийн ажилд авах тухай гүйцэтгэх захирлын тушаалууд /2-р хх-ийн 109-120/

...-ийн даатгалын гэрээ /2-р хх-ийн 121-133/

...-ийн нөхөн төлбөр олгосон 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 22/091 дугаартай албан тоот, хавсралт /2-р хх-ийн 135-178/

Хариуцагч байгууллагын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 22/090 дугаартай Г.Х-д итгэмжлэл олгосон албан тоот /2-р хх-ийн 179/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн ... дугаартай албан тоот, хохирлын баримт /2-рхх-ийн 187-191/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /2-р хх-ийн 192-195/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 197-201/

Хохирлын тооцоо /2-р хх-ийн 220-222/

            Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 224-225/

Шүүгдэгчийн 2021 оны малын тооллого /2-р хх-ийн 229-231/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны ... сарын ...-ний өдрийн 11 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.а- д “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч...тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтаар 3.4-т “дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шурга дутуу, найдваргүй бэхлэгдсэн үед замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч П.Э, Б.М, М.З нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Э-ийн  “Тэгтэл хүмүүс хашхираад юу болоод байна гээд ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь миний толгой дээр Г гэх залуу миний гарыг барьчихсан байсан. Гадаа их халуун байсан тэгээд сэрсэн. Тэгээд би хөдлөх гэсэн чинь хамаг бие хөдлөхгүй ойр орчноо харсан чинь машин аймар болсон байсан. Миний хажууд ХАБ-ын ажилтайн М цусандаа хутгалдсан байхаар нь тэрийг хараад бид нар осолд орсон байна гэж ойлгосон. ... Одоо миний биеийн байдал байнга хөл даарна, маш их тамирдана, цээжээр өвдөнө, нуруугаар хатгуулна, чих бага зэрэг дүлийрэлтэй хүний яриа тод сонсогдохгүй, дотор муухайрна, толгой байнга өвдөж шилэн хүзүү хөшнө. Орондоо хэвтэхдээ хөлдөө бүлээн жин тавьж байгаа, нойрондоо суу байгаа. Маш их гомдолтой байна. намайг эмнэлэгт хэвтэж байхад компаниас харж хандсан зүйлгүй.” /1-р хх-ийн 63-65/, хохирогч Б.М-ийн “...Тэгээд ... сумын нутаг дэвсгэрт явж байхад машин дайвалзаад гэнэт бөгсөө хаяад унах нь дээ гэтэл машин хөрвөөсөн тэгээд ухаан алдсан, шокт орсон байсан. Би машинд хөлөө даруулаад маш их өвдөж байсан. Улаанбаатар хотод ирж MBG гэмтлийн эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал байнга толгой өвдөж, шилэн хүзүү хөшнө, нойрондоо муу, хөл аарцаг хэсгээрээ өвдөнө, гуяа дагаж өвдөнө, нуруу байнга өвдөнө, амьсгалахад хүндрэлтэй, хажуу тийшээ харж хэвтэж чадахгүй, одоо хоёр суга таягтай явахад хүндрэлтэй. Би маш их гомдолтой байна.” /1-р хх-ийн 69-70/, хохирогч М.З-ийн “...... сумын 4-р багийн нутаг дэвсгэрт осолд ороод тэр газраасаа ... сумын эмнэлэгт ирж тусламж аваад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тэндээсээ Улаанбаатар хотод ирж MBG гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал толгой өвдөж хүзүүний сэртэн яс болох С-5, С-6, С-7 дугаар үе зөрүүтэй хугарлаас болж хөшнө, мөн 12-р хавирга хугарсан бас өвчүү хугарсан өвдөнө. Маш их гомдолтой байна.” /1-р хх-ийн 74-75/, иргэний нэхэмжлэгч Б.С /2-р хх-ийн 12/, иргэний нэхэмжлэгч Т.Б /2-р хх-ийн 22/, иргэний нэхэмжлэгч М.М /2-р хх-ийн 33-35/, хохирогч Б.А /2-р хх-ийн 43-44/, хохирогч Н.Н /2-р хх-ийн 49-50/, хохирогч Д.Х /2-р хх-ийн 55-56/, хохирогч Д.Б /2-р хх-ийн 61-62/, хохирогч С.М /2-р хх-ийн 66-67/, хохирогч Г.Г /2-р хх-ийн 71-72/, гэрч М.Б /2-р хх-ийн 211/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 91-93/, шинжээчийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 104-105/, шинжээчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 116-117/, техникийн шинжээчийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 76-77/, техникийн шинжээчийн 2022 оны 06 сарын 05-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 84-85/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 06/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 07-17/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 а заалт “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон олон зорчигч ... тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.4-р заалт “дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, түүнчлэн уг ослын улмаас хохирогч П.Э, Б.М, М.Золзаяа нарын биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Иргэний хариуцагч ... ХХК, ... ХХК нь хохирогч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь иргэний хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна. Хохирогч П.Э нь шүүх хуралдаанд 1,704,000 төгрөгийг баримт гаргаж өгсөн нэхэмжилж байна гэх боловч шүүх хуралдаанд өгсөн баримтаар 177,696 төгрөгийн баримт нь нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгч Ц.Б-аас гаргуулж, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Б.М, М.З, иргэний нэхэмжлэгч Б.С, Т.Б, М.М, Д.Х, Д.Б, Г.Г, Б.А, С.М нар нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, эд хөрөнгөд учирсан хохирол зэргийг шүүх хуралдаанд нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй болно. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Б болон иргэний хариуцагч ... ХХК, ... ХХК нараас нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч ... ХХК, ... ХХК нар нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг түүнд төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.         

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,924,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,924,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...хохирсон иргэд нь Эрүүл мэндийн сангаас 2,924,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,924,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Б-аас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн ... дугаартай албан тоот, хохирлын баримт /2-р хх-ийн 187-191/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Б нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,924,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулав. Оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 2,924,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, 177,696 төгрөгийг гаргуулж хохирогч П.Э-т тус тус олгож, хохирогч П.Э Б.М, М.З, иргэний нэхэмжлэгч Б.С, Т.Б, М.М, Д.Х, Д.Б, Г.Г. А.Ч, Б.А, С.М нар нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч байгууллага нь иргэний нэхэмжлэгч Н.Н-д төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б