| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0101/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/105 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Н
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ч-ын П-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., ... хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг 2022 оны 10 сарын 11-ний өдөр бүрэн төлж дуусгасан, ... овогт Ч-ын П /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-тэй “гэрээс явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, цээж рүү нь өшиглөж, гараараа нүүр хэсэгт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цээжний урд дунд талд цус хуралт, хоёр хөхөн дээр цус хуралт, баруун мөрний урд дээд талд, баруун бугалганы дотор талд цус хуралт, зүүн бугалганы хажуу талаар цус хуралт, хүзүүний урд, зүүн талд зулгаралт, цээжний урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны ... сарын ...-ний өдөр эхнэр бид гэртээ 11 цаг хүртэл унтаж байгаад босоод ойр зуурын гэрийн ажлаа хийгээд, би гэрийнхээ гадаа машин тэргээ янзлаад байж байгаад Б нь 16 цагийн үед ажил руугаа их цэвэрлэгээтэй гээд яваад 17 цагийн үед над руу мессеж бичсэн байсан “өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж болох уу” гэсэн. Тэгэхээр нь би “өнөөдөр тэмдэглэвэл маргааш тэмдэглэхгүй биз дээ” гэсэн хариу бичсэн чинь эргэж хариу бичээгүй. Тэгээд Б 19 цагийн үед гэртээ ирээд нүүрээ буудаад гарах гэж байснаа гэнэт гарахаа болиод хоол цайгаа хийж идээд амрах гэж байтал 23 цагийн орчимд гаднаас найз Ц, Х гээд эхнэр нөхөр 2 хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Тэд 1 шил винотой орж ирж байсан. Тэр гурав виногоо хувааж уугаад би виноноос нь уугаагүй. Шилтэй вино нь дууссан, тэгтэл 00 цаг болж 10-ны өдөр болох үед Х Б-т төрсөн өдрийн мэнд хүргээд би ч мөн адил эхнэртээ мэнд хүргээд гэрт байсан 1 литрийн савлагаатай виски задлаад сууцгаасан. Би вискинээс нь 2 татаад тэд хувааж уугаад дуусах гэж байсан чинь Ц, Х нар нь манайд ирэхээсээ өмнө маргалдсан юм шиг байна лээ, маргалдсан тухайгаа ярихлаар нь би “Б-ийн эгч нь бас яг ингэсэн” гээд ярьсан чинь Б нь “чи миний эгчийг доромжиллоо” гээд уурлаад агсраад эхлэх үед Х тайвшруулах гээд гэрээс аваад гарсан. Тэгээд Б, Х-тай гарчхаад буцаж орж ирсэн, би Ц-тай зөрж гараад гадаа тамхилчхаад эргээд ороод ирсэн чинь гэнэт Б нь над руу халуун сав, виноны шил, гар утсаа шидээд, түлээний саваа өшиглөөд агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би “чи чинь яагаад байгаа юм бэ” гээд тайвшруулах гээд ярилцах санаатай буйдан дээр зэрэгцээд суутал л өвдөлт мэдрэгдсэн. Б нь миний зүүн гуянаас хазаад тавихгүй зуугаад байхаар нь би Б-ийн баруун талын хацарлуу нь нэг удаа алгадсан, тэгтэл л босож ирээд гэрт хашхираад унтаж байсан хүүхдүүд сэрээгээд бүгдийг нь аваад гарцгаасан. Тэгээд тэдний араас Ц, Х нар араас нь дагаад гарсан. Ц намайг битгий араас гараарай гэж хэлсэн болохоор нь би араас нь гараагүй. Тэгээд шөнө 03 цагийн үед Б буцаж орж ирээд өөрийнхөө юмнуудаа бөөгнүүлээд байхаар нь би Б-ийг тайвшруулаад унтуулсан, тэгээд өглөө намайг сэрэхэд Б гэрээс гараад явчихсан байсан би түүнийг явахыг нь мэдээгүй гэжээ. /хх-ийн 69-70/
Шүүгдэгч Ч.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний буруу байсан гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны ... сарын ...-ний өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд өдөр нь гэртээ байж байгаад орой 18 цагийн үед ажил руугаа яваад ажил дээрээ байхдаа нөхөр П руу мессеж бичээд “маргааш миний төрсөн өдөр маргааш 1 дэх өдөр болохоор манай ажлынхан өнөөдөр миний төрсөн өдрийг тэмдэглэе гэнэ” гэсэн чинь над руу хариу бичихгүй болохоор нь болиод гэрлүүгээ 19 цагийн үед яваад очсон чинь П утсаар тоглоод хэвтэж байсан, намайг “хоол ундаа хийхгүй юм уу” гээд уурлаж байсан. Гэрт манай хүү болон эгчийн 2 хүүхэд тоглоод байж байсан. Би гэртээ хоолоо хийчхээд үсээ угаачхаад гарах гэж байсан чинь П уурлаад “өнөөдөр гарвал маргааш тэмдэглэхгүй ш дээ” гээд байхаар нь би уурлаад дургүй байгаа болохоор нь больсон. Тэгээд шөнө 23 цаг болж байхад хамт ажилладаг найз Х, түүний нөхөр Ц нар хүүхдээ дагуулаад манайд ороод ирсэн, тэр 2 нэг дарстай ирээд түүнийгээ задлаад хундагалсан чинь П “уухгүй” гээд уугаагүй, тухайн дарсыг нь Ц, Х бид гурав хувааж уугаад дуусгасан. Тэд явах гэж байсан чинь 00 цаг болоод 10-ны өдөр болсон. Тэгтэл П нь надад баяр хүргээд “төрсөн өдөр чинь болж байна” гээд виски гаргаж ирээд задлах гэхлээр нь бид гурав “яахын бэ, маргааш больё” гэсэн чинь П нь вискигээ задлаад дөрвүүлээ ууцгаасан. Ц, Х нар нь манайд ирэхээсээ өмнө муудсан юм шиг байна лээ. Тэр талаараа уугаад сууж байхдаа ярьсан чинь Пнь “яг Б-ийн эгчтэй адилхан үйлдэл гарсан байна” гээд байсан. Тэгэхээр нь би “манай эгч яасан юм бэ” гээд бид бага зэрэг үг сөрж маргасан юм. Тэгээд би гадаа гарч бие засчхаад гэрт буцаад ороод ирсэн чинь Х Ц-тай маргалдсан тухайгаа яриад гомдоллоод уйлчихсан сууж байсан, тэгэхлээр нь би баруун талын буйдан дээр суусан чинь эгчийн хүүхэд сэрчихсэн байхаар нь “нааш ир аниагийн дүү” гээд тэврээд сууж байсан чинь П, Ц нар тамхи татчихаад ороод ирэхлээр нь би “ханиа хоёулаа охиныгоо аваад дөрвүүлээ сайхан амьдаръя” гэсэн чинь П нь “би авахгүй гэж хэлээгүй, ээж, аав хоёр энэ жил гэртээ байлгая гээд байгаа, чи ад үздэг биз дээ пиздаа минь, чи л ад үздэг биз дээ” гээд янз бүрээр хэлээд П вискиний шил бариад над руу дайрсан чинь Ц салгаад холдуулсан. Тэгээд П намайг “зайл” гэж хөөгөөд байхаар нь IPone-7 маркийн гар утсыг П рүү шидсэн чинь оноогүй, тэгээд би “ер нь болъё ингэж байгаад байхдаа яадаг юм” гээд гарах гэсэн чинь П нь намайг зуураад байхаар нь цайны халуун сав аваад шидсэн чинь мөн оноогүй, тэгээд би унтаж байсан бага насны 3 хүүхдийг сэрээгээд “явъя” гэж хэлээд гэрээс авч гараад ... тоотод эгч Б-ийн гэрт хүргэж өгчхөөд гэртээ буцаад ирсэн, Ц, Х нар явчихсан, П буйдан дээр сууж байсан. Би гэрт ороод юм дугараагүй гэрийн авдраас өөрийнхөө гэсэн юмнуудыг авах гээд сөхөрч суугаад юм авч байсан чинь П намайг үсдээд, цээж рүү жийж өшиглөөд, миний үснээс зулгаасан, тэгэхлээр нь би тавиулах гээд зууралдаад байсан чинь тавихгүй болохоор нь зүүн бил үү, баруун гуяны дээрээс нь хазчихсан юм. Тэгсэн чинь “пизда минь чи тавиач” гээд толгой нүүрлүү цохиод намайг хазсаныг болиулсан. Түүнээс өөр зодоон болоогүй. Тэгээд л хэн хэн нь дугараагүй. П газар унтах гээд хэвтээд өгөхлөөр нь би буйдан дээр унтсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Н эгч гэрт ороод ирчихсэн миний хөлд хүрэх үед нь сэрсэн. Н эгч “ажилдаа явах уу” гэж хэлсэн тэгээд “хүүе нүүр ам чинь яачихсан юм бэ” гэхлээр нь “дүү нь өнөөдөр явахгүй ээ, яаж ийм царайтай явах вэ” гэж хэлсэн чинь Н эгч “за за эгч нь явлаа, яръя” гэж хэлээд гэрээс гараад явсан, би удалгүй өөрийн гэсэн юмнуудаа аваад гэрээс гараад явсан. Толгой байнга өвдөөд, цээж хэсэгт хөндүүр арилахгүй, урт амьсгаа авч болохгүй байгаа. П-той 2022 оны 10 сарын 10-ны өдрөөс хойш уулзаагүй, 13-нд шүүх эмнэлгийн төлбөр тушаах гээд явж байгаа харагдсан. Тухайн асуудлыг хуулийн дагуу шийднэ биз дээ. П-оос нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 38-39, 41/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 09-ний шөнө 3 хүүхэдтэйгээ гэртээ унтаж байсан чинь шөнө 3 хүүхэдтэйгээ унтаж байсан чинь шөнө 00-01 цагийн үед шиг санагдаж байна, гэрийн хаалга балбаад “хэн бэ” гэсэн чинь манай хүү Д “би байна аа” гээд дугарсан. Тэгээд хаалга тавьсан чинь Б гэрийнхээ халаад, тавчигчтайгаа манай 2 хүүхэд, өөрийнх нь нэг хүүхэд гурвыг дагуулчихсан ирсэн. Тэгэхээр нь би “юу болсон юм бэ” гэсэн чинь Б “юу ч болоогүй ээ” гэж хэлсэн. Тэгээд манайд огт удаагүй, хүүхдүүд оруулж орхичхоод буцаад гараад явчихсан. Тэгээд би хүү Д-аас “юу болсон юм бэ” гэсэн чинь “П ах Б эгч найзуудтайгаа уугаад муудаад тэгээд бид гурвыг явъя гээд дагуулаад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд “юунаас болж муудсан юм бэ” гэсэн чинь “мэдэхгүй, унтаж байсан” гэж хэлсэн тэгээд би унтаад өгсөн. Өглөө нь 9 цагийн үед Б нь буцаад манайд ирсэн, нүүр ам нь хөхөрчихсөн, үснээс нь зулгаасан гэсэн, шөнө манайд ирэхдээ бол зүгээр байсан, буцаад шөнө очоод П-д зодуулчихсан байсан гэжээ. /хх-ийн 52-53/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Б-ийн төрсөн өдөр болох гэж байгаа гээд Ц бид хоёр 1 шил дарс бариад 23 цагийн үед очсон. ...Б нь “охиноо авчраад хамт байя” гэсэн чинь П “би авчрахгүй гэсэн юм уу” гээд л тиймэрхүү юм яриад маргалдаад байсан, яг бол зодолдож бие биедээ гар хүрээгүй, тухайн үедээ хэн хэн нь халамцуухан байсан. Хэн хэн нь согтуурахсан байдалтай байснаа П нь эхлээд түлээний сав өшиглөөд босоод иртэл Ц нь түүний дэргэд сууж байсан тул муудалдах гэж байна гээд П-ийг өөрлүүгээ татаад “боль хөгшөөн” гээд татсан. Тэгтэл Б нь уурлаад эхлээд хоосон цайны халуун сав шидсэн, мөн “май энэ утсаа ав” гээд Б өөрийнхөө утсыг мөн шидсэн чинь тэр нь оноогүй, тэгтэл Б “явна, гэртээ харина, чамаас сална” гээд уурласан. Тэгээд бид гэрээс гарч ороод Б “явна” гээд орж гарч байснаа унтаж байсан хүүхдүүдийг сэрээгээд “явъя” гээд бүгдийг нь босгоод ирсэн. Тэгсэн чинь Ц бид хоёр “одоо болио, харанхуй шөнө хүүхдүүд дагуулаад” гэж хэлээд болиулах гэсэн боловч хүүхдүүдийг дагуулаад гэрээс гараад явах гэхлээр нь би “явж хэрэггүй ээ” гээд хэсэг зууралдаж байгаад Б нь үгэнд ороогүй гаднаасаа хүүхдүүдээ суулгаад хөдлөөд явчихсан. Тэр үед манай нөхөр Ц нь П-той хэсэг юм яриад тайвшруулаад “одоо тэгээд гайгүй байлгүй дээ хөгшөөн, Б хүрээд ирэх байлгүй дээ” дээ хэсэг юм ярьж зогсож байгаад бид хоёр гэрлүүгээ алхаад явсан. Б нь буцаад ирж байгаа бололтой гэрийнх нь гадаа машин нь ирж байгаа харагдсан. Тэгээд би “Б буцаад ирж байна даа” гэж бодоод явсан, тухайн үед гудамж талбай сартай байсан уу ямар ч байсан машин нь ирээд зогсож харагдаж байсан. Ц бид хоёрыг байхад бол ямар нэгэн бие биедээ гар хүрэх асуудал болоогүй, Б нь халуун сав, гар утас зэргийг П рүү шидсэн боловч оноогүй, тэгээд хэрэлдсэн өөр зүйл болоогүй. Ц бид хоёрыг тэдний гэрт очиход хэн хэнийх нь биед гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Тэднийхээс явах үед ч гэсэн зүгээр л байсан, маргааш нь буюу 2022 оны 10 сарын 10-ны өдөр 12 цагийн үед байхаа П над руу утсаар залгаад “Б намайг цагдаад өгсөн юм шиг байна гэр рүү дуудлага өгсөн байна ч гэсэн үү, миний гуянаас хазсан, би Б-ийг зүүн гараараа ганц алгадсан гэж хэлсэн”, тэгэхээр нь би “хүүе ээ хэзээдээ тийм юм болчихсон юм бэ” гэсэн чинь П нь “буцаж ирээд тэгсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүе ээ ямар сонин юм бэ” гээд л утсаа тасалсан. Тэгтэл удалгүй Б манай гэрт орж ирээд “П намайг зодсон” гэж хэлсэн. Тэгтэл түүний нүүр, хүзүү, цээж нь гэмтэл шархтай харагдаж байсан, тэгэхээр нь би “хэзээдээ ийм юм болчихдог юм бэ” гэсэн чинь “буцаж гэрт ирээд, хувцсаа авах гээд авдрын өмнө сууж байсан чинь П үдээд, доошоо дараад, өшиглөөд үснээс тавихгүй болохоор нь би гуянаас нь хазчихсан юм” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “хүүе ээ ямар солиотой юм бэ” гэсэн чинь Б нь “би цагдаад өгчихсөн” гэж хэлж байсан. Тэгээд л яваад өгсөн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү П над руу утсаар залгаад “би цагдаа дээр мэдүүлэг өгөх гэж байна аа, та хоёрын нүдэн дээр Б намайг алгадсан” гэхлээр нь би “чи чинь ярихдаа би Б-ийг ганц алгадсан гэж ярьсан биз дээ, юу яриад байгаа юм бэ, бид хоёрыг байхад та хоёр хэн хэнээ гар хүрээгүй шүү дээ” гэсэн чинь П нь “үгүй ээ Б намайг алгадсан шүү, хэнийх нь талд орохоо өөрсдөө мэднэ биз дээ” гэхлээр нь би “юу яриад байгаа юм, болсон юмаа л ярина шүү дээ” гэсэн чинь П “заа заа” гээд л утсаа тасалсан тэрнээс хойш уулзаагүй, холбоо бариагүй гэжээ. /хх-ийн 55-56/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны ... сарын ...-ны өглөө 07 цагийн үед орсон чинь Б орон дээрээ, нөхөр нь газар унтаж байсан. Б дээгүүрээ даавуу нөмөрчихсөн би түүнийг татаж сэрээгээд “ажилдаа явах уу” гэж хэлсэн чинь нүүр нь баруун талдаа байхаа хавдчихсан, цээж, хүзүү хэсэг нь улайсан, хөхөрсөн харагдаж байсан. Гэр нь эмх замбараагүй, хамаг эд зүйл нь хагархай харагдаж байсан. Тэгээд Б нь “би яаж ийм байдалтай ажилдаа явах билээ, гэхлээр нь би гараад явчихсан. Гэр дотрыг нь хараад л нөхөртэйгөө муудсан юм байна даа л гэж бодсон гэжээ. /хх-ийн 58-59/
Шинжээч эмч П.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Эдгээр гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Цээж рүү өшиглөх, цохих үед бол цээжний урд талд цус хуралт, хоёр хөхөн дээр цус хуралт, цээжний урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсэх боломжтой юм. Нүүрний хэсэгт бол намайг үзлэг хийх явцад бол ямар ч гэмтэл тогтоогдоогүй гэжээ. /хх-ийн 61/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн иргэн Б.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 224,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ч.П-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 49-50/
Шинжээчийн 2022 оны 10 сарын 17-ны ... дугаартай дүгнэлтэд 1.Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Б.Б-ийн биед цээжний урд дунд талд цус хуралт, хоёр хөхөн дээр цус хуралт, баруун мөрний урд дээд талд, баруун бугалганы дотор талд цус хуралт, зүүн бугалганы хажуу талаар цус хуралт, хүзүүний урд, зүүн талд зулгаралт, цээжний урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-21/
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 03-06/
Шинжээчийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 32/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 19/57 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 43-44/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 63-66/
Шүүгдэгчийн оршин суух хаягийн ... тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-77, 81-82/
Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 85-96/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115-116/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 119/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын ... дугаартай тогтоол /хх-ийн 135-136/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 138-138/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ч.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны ... сарын ...-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-тэй “гэрээс явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, цээж рүү нь өшиглөж, гараараа нүүр хэсэгт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цээжний урд дунд талд цус хуралт, хоёр хөхөн дээр цус хуралт, баруун мөрний урд дээд талд, баруун бугалганы дотор талд цус хуралт, зүүн бугалганы хажуу талаар цус хуралт, хүзүүний урд, зүүн талд зулгаралт, цээжний урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн “...би “ханиа хоёулаа охиныгоо аваад дөрвүүлээ сайхан амьдаръя” гэсэн чинь П нь “би авахгүй гэж хэлээгүй, ээж, аав хоёр энэ жил гэртээ байлгая гээд байгаа, чи ад үздэг биз дээ пиздаа минь, чи л ад үздэг биз дээ” гээд янз бүрээр хэлээд П вискиний шил бариад над руу дайрсан чинь Ц салгаад холдуулсан. Тэгээд П намайг “зайл” гэж хөөгөөд байхаар нь IPone-7 маркийн гар утсыг П рүү шидсэн чинь оноогүй, тэгээд би “ер нь болъё ингэж байгаад байхдаа яадаг юм” гээд гарах гэсэн чинь П нь намайг зуураад байхаар нь цайны халуун сав аваад шидсэн чинь мөн оноогүй, тэгээд би унтаж байсан бага насны 3 хүүхдийг сэрээгээд “явъя” гэж хэлээд гэрээс авч гараад ... тоотод эгч Б-ийн гэрт хүргэж өгчхөөд гэртээ буцаад ирсэн, Ц, Х нар явчихсан, Пбуйдан дээр сууж байсан. Би гэрт ороод юм дугараагүй гэрийн авдраас өөрийнхөө гэсэн юмнуудыг авах гээд сөхөрч суугаад юм авч байсан чинь П намайг үсдээд, цээж рүү жийж өшиглөөд, миний үснээс зулгаасан, тэгэхлээр нь би тавиулах гээд зууралдаад байсан чинь тавихгүй болохоор нь зүүн бил үү, баруун гуя дээрээс хазчихсан юм. Тэгсэн чинь “пизда минь чи тавиач” гээд толгой нүүрлүү цохиод намайг хазсаныг болиулсан.” /хх-ийн 38-39/, гэрч Б.Б-ийн “...Тэгээд хаалга тавьсан чинь Б гэрийнхээ халаад, тавчигтайгаа манай 2 хүүхэд, өөрийнх нь нэг хүүхэд гурвыг дагуулчихсан ирсэн. Тэгэхээр нь би “юу болсон юм бэ” гэсэн чинь Б “юу ч болоогүй ээ” гэж хэлсэн. Тэгээд манайд огт удаагүй, хүүхдүүд оруулж орхичхоод буцаад гараад явчихсан. ... Өглөө нь 9 цагийн үед Б нь буцаад манайд ирсэн, нүүр ам нь хөхөрчихсөн, үснээс нь зулгаасан гэсэн, шөнө манайд ирэхдээ бол зүгээр байсан, буцаад шөнө очоод П-д зодуулчихсан байсан” /хх-ийн 52-53/, гэрч Б.Х-ы “...Б нь “охиноо авчраад хамт байя” гэсэн чинь П “би авчрахгүй гэсэн юм уу” гээд л тиймэрхүү юм яриад маргалдаад байсан, яг бол зодолдож бие биедээ гар хүрээгүй, тухайн үедээ хэн хэн нь халамцуухан байсан. Хэн хэн нь согтуурахсан байдалтай байснаа П нь эхлээд түлээний сав өшиглөөд босоод иртэл Ц нь түүний дэргэд сууж байсан тул муудалдах гэж байна гээд П-ийг өөрлүүгээ татаад “боль хөгшөөн” гээд татсан. Тэгтэл Б нь уурлаад эхлээд хоосон цайны халуун сав шидсэн, мөн “май энэ утсаа ав” гээд Б өөрийнхөө утсыг мөн шидсэн чинь тэр нь оноогүй, тэгтэл Б “явна, гэртээ харина, чамаас сална” гээд уурласан. ... Тэр үед манай нөхөр Ц нь П-той хэсэг юм яриад тайвшруулаад “одоо тэгээд гайгүй байлгүй дээ хөгшөөн, Б хүрээд ирэх байлгүй дээ” дээ хэсэг юм ярьж зогсож байгаад бид хоёр гэрлүүгээ алхаад явсан. Б нь буцаад ирж байгаа бололтой гэрийнх нь гадаа машин нь ирж байгаа харагдсан. Тэгээд би “Б буцаад ирж байна даа” гэж бодоод цаагаа явсан, тухайн үед гудамж талбай сартай байсан уу ямар ч байсан машин нь ирээд зогсож харагдаж байсан. Ц бид хоёрыг байхад бол ямар нэгэн бие биедээ гар хүрэх асуудал болоогүй, Б нь халуун сав, гар утас зэргийг П рүү шидсэн боловч оноогүй, тэгээд хэрэлдсэн өөр зүйл болоогүй. Ц бид хоёрыг тэдний гэрт очиход хэн хэнийх нь биед гэмтэл шарх учраагүй зүгээр байсан.” /хх-ийн 55-56/, Шинжээч эмч П.Г-ийн “...Цээж рүү өшиглөх, цохих үед бол цээжний урд талд цус хуралт, хоёр хөхөн дээр цус хуралт, цээжний урд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсэх боломжтой юм.” /хх-ийн 61/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 10 сарын 17-ны ... дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Ч.П-ийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 224,000 төгрөгийг шүүгдэгч Ч.П-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 224,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 224,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ч.П-оос гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 43-44/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.П-оос иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 224,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Ч.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ч-ын П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-рын П-ийг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Ч.П нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.П-оос 224,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болох эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.П-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б