| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/01533/и |
| Дугаар | 182/ШШ2019/00213 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2019/00213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Двутавр төмрийн төлбөрт 4,522,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УББ хийц” ХХК болон “БХ” ХХК-ийн захирал Д.У нь “Альфа моторс” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сард 7,57 метрийн урттай 1 метр нь 84,000 төгрөгийн үнэтэй 40 см-ийн двутавр төмөр 6 ширхэг, 5,5 метрийн урттай 1 метр нь 63,000 төгрөгийн үнэтэй 30 см-ийн двутавр төмөр 1 ширхэг, 5,3 метрийн урттай 1 метр нь 45,500 төгрөгийн үнэтэй 25 см-ийн двутавр төмөр 1 ширхэг, бүгд 4,402,930 төгрөгийн үнэтэй двутавр төмрийг хүлээн авсан. Д.У нь одоог хүртэл двутавр төмрийн төлбөрийг төлөхгүй тус компанийг хохироож байгаа тул дээрх төлбөрийг тухайн төмрийн үнэлгээг тогтоосон шинжээчийг хөлс 120,000 төгрөг, нийт 4,522,930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн захиалгаар 2014 онд “УХ” ХХК, “БХ” ХХК нь 27,025,000 төгрөгийг ажил үүрэг гүйцэтгэсэн.
“АМ” ХХК нь “УХ” ХХК, “БХ” ХХК-иудын ажил үүрэг гүйцэтгэсэн хөлсийг төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00656 дугаар тогтоолоор “УХ” ХХК, “БХ” ХХК-д 26,025,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан двутавр төмрийн үнэлгээг нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн хүсэлтээр шинжээч томилж төмрийн үнэлгээг гаргасан, шинжээчийн үнэлгээгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан “Альфа моторс” ХХК-ийн зүгээс “УХ”, “БХ” ХХК-иас двутавр төмрийн 4,731,472 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, хариуцагч “АМ” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны явцад татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АМ” ХХК нь двутавр төмрийн төлбөр, шинжээчийн зардал 4,522,930 төгрөгийг хариуцагч Д.У-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өмнө нь уг асуудлыг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр байгаа төмрийн үнэ өндөр гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “АМ” ХХК нь хариуцагч Д.У-тай харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7,57 метрийн урттай 1 метр нь 84,000 төгрөгийн үнэтэй 40 см-ийн двутавр төмөр 6 ширхэг, 5,5 метрийн урттай 1 метр нь 63,000 төгрөгийн үнэтэй 30 см-ийн двутавр төмөр 1 ширхэг, 5,3 метрийн урттай 1 метр нь 45,500 төгрөгийн үнэтэй 25 см-ийн двутавр төмөр 1 ширхэг, нийт 4,402,930 төгрөгийн двутавр төмрийг худалдсан байна.
Нэхэмжлэгч “АМ” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8 ширхэг двутавр төмрийг хариуцагч Д.У хүлээн авсан төмрийн үнэ төлөгдөөгүй байгаа нь зохигчийн тайлбар, компанийн рапортын дэвтэр, гэрч Ц.А-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Хариуцагч Д.У нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан хүсэлтээр “Итгэлт Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж, тус компаниас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтгээр двутавр төмрийн зах зээлийн үнийг 4,515,787 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд үүнд зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч “АМ” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж двутавр төмрийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээчийн зардалд 120,000 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал гэж үзэж хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч шинжээчийн зардлыг төлсөн баримтгүй байна.
Иймд двутавр төмрийн төлбөрт 4,402,930 төгрөгийг хариуцагч Д.У-аас гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангав.
Хариуцагч Д.У нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч үүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй, өмгөөлөгч авах боломжийг шүүх хязгаарлаагүй болно. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч “АМ” ХХК төлөөлүүлэх эрхээ Д.М-д олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 87,317 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-аас 85,397 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227,3т зааснаар Д.У-аас 4,402,930 төгрөгийг гаргуулж “АМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 87,317 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-аас 85,397 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ