Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2019/00318

 

 

 

2019 оны 02 сарын 21 өдөр

   Дугаар 182/ШШ2019/00318

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  АБ УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ИЭЧГ ХХК-д холбогдох

37,973,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн өмгөөлөгч М.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.З хөтлөв.

 

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АБ УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АБ нь /2002 оны чөлөөт бүсийн тухай хуулиар худалдааны гэж байсан/ 2009 оны 07 дугаар сард “ВИ” /2010.08.23-ны өдөр хуулийн этгээлийн нэрийг ИЭЧГ болгон өөрчилсөн/ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаартай “Эрх олгох тухай”, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 64 дугаартай захирамжаар 5 га газрыг “худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламж”-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан.

Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай “АБ-ийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.

Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/19 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас тавьж буй шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

АБ нь /2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар худалдааны гэдгийг хассан/ аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг.

Захирагчийн ажлын албаны зүгээс газрын төлбөр төлүүлэх, мөн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх талаар удаа дараа шаардсан албан бичиг мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан.

Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд ИЭЧГ ХХК-иас “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.3-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй” гэж тус тус заасны газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 3,640,000 төгрөг, 2011 онд 8,400,000 төгрөг, 2012 онд 8,400,000 төгрөг, 2013 онд 8,400,000 төгрөг, 2014 онд 4,200,000 төгрөг, 2015 онд 4,933,600 төгрөгийг тус тус төлөөгүй бөгөөд нийт 37,973,600 төгрөгийн төлбөрийг гаргуулж манай байгууллагыг газрын төлбөрийн хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ИЭЧГ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2009 онд хуучнаар “ВИ” нэртэй байхдаа АБ-ийн захирагчийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар “Эрх олгох тухай”, мөн тус өдрийн 64 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжид тус тус үндэслэн АБ-тэй 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулж, 33 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Дээрх Газар эзэмшүүлэх гэрээний дагуу АБ-д 5 га газрыг “Худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламж”-ийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан. 2014 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ажлын албатай гэрээ дүгнэснээс хойш, тус чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/93 дугаар “Эрх олгох тухай” захирамж, мөн тус өдрийн А/94 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжуудыг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх гэрээгээ өөрчлөн шинэчилж, АБ-ийн нутаг дэвсгэрт эзэмших газрын хэмжээг 13000.6 м.кв буюу 1,3 га болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаас хойш 5 га бус 1,3 га газар эзэмшсэн болгон өөрчилж, гэрээ дүгнэхээс өмнө эзэмшиж байсан газрын хэмжээ багассан. Газрын хэмжээ багассан учир төлбөрийн хэмжээ буурч, талууд төлбөр тооцоогоо нийлж акт үйлдсэн байдаг. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт манай компанийн 2014 оны газрын шинэчилсэн гэрээний дагуу 2013 оны төлөгдөөгүй үлдэгдэл газрын төлбөр 3,466,400 төгрөг байгааг мэдэгдсэнийх нь дагуу хариуцагч энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж газрын төлбөрийн өргүй болсон. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 37,973,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүнээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч АБ нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно буюу шаардлага гаргах эрхээ алдсаны дараагаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ийнхүү гэрээний үүрэг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Ас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн үеэс хойш манай компанид холбогдуулан шүүхэд ямар нэг байдлаар нэхэмжлэл, шаардлага гаргаж байсан удаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АБ УТҮГ нь хариуцагч ИЭЧГ ХХК-д холбогдуулан 37,973,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ИЭЧГ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дараах байдлаар  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч АБ УТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч АБ УТҮГ болон ИЭЧГ ХХК-ийн хооронд 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, ИЭЧГ ХХК нь АБ-ийн нутаг дэвсгэрт 5 га газрыг эзэмших, газрын төлбөрийг 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн байх ба улмаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/93 тоот Эрх олгох тухай, А/94 тоот Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж захирамж гаргажээ.

 

Улмаар АБ Захирагчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай Чөлөөт бүсэд газар эзэмших эрхийг

хүчингүй болгох тухай захирамжаар чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ИЭЧГ ХХК-ийн газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг тус тус цуцалж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

 

Ингэснээр нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээний 2.8-д Газрын төлбөрийг гэрээ хийсэн өдрөөс тооцон 14 хоногт багтаан АБ Захирагчийн ажлын албаны 900034010 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан байх ба 2010 оны газрын төлбөрт 3,640,000 төгрөг, 2011 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2012 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2013 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2014 оны газрын төлбөрт 4,200,000 төгрөг, 2015 оны газрын төлбөрт 4,933,600 төгрөг, нийт 37,973,600 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгчийг АБ Захирагчийн ажлын алба нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар газрын төлбөрийн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул газрын төлбөрийг шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

Учир нь тухайн гэрээнд газрын төлбөрийг тусгасан байгаа нь Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ, 7 дугаар зүйлийн 7.4.11-д газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарна гэсэн заалттай нийцэж байна.

 

Уг төлбөр нь талуудын тохиролцоо биш бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн тухай” тогтоолоор батлагдсан тухайн газрын хэмжээнд тогтоосон төлбөр юм. Энэ  үндэслэлээр газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарах Монгол Улсын татварын нэг төрөл болно.

 

Нэхэмжлэгч газрын төлбөрийг хариуцагч ИЭЧГ ХХК-иас  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэсэн ба талуудын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 2.7-д зааснаар нэг жилд ноогдох төлбөр 8,400,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эзэмшиж байсан газрын хэмжээ багассан гэж маргасан.

 

Гэрээгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх нь талуудын хүсэл зориг  гэж үзэх боломжтой боловч нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн мэдэгдэл, түүнд  хавсаргасан хавсралт баримтуудаар газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж  1,3 га газар болгон баталгаажуулсан гэж үзэх боломжгүй юм. 

 

Харин талууд гэрээгээр газрын хэмжээгээ тохирч болох боловч уг газарт төлөх газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй юм. Энэ талаар хариуцагчийн  тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчээс АБ-д газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гарах хүртэл хугацаанд  хариуцагчийг тухайн газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөргүй байна гэж дүгнэв.

 

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд хуулийн 11.1-д ...Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, мөн зүйлийн 11.2-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулсан байх тул хариуцагчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар үндэслэл бүхий биш байна.

 

Иймд ИЭЧГ ХХК-иас 2010 оны газрын төлбөрт 3,640,000 төгрөг, 2011 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2012 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2013 оны газрын төлбөрт 8,400,000 төгрөг, 2014 оны газрын төлбөрт 4,200,000 төгрөг, 2015 оны газрын төлбөрт 4,933,600 төгрөг, нийт 37,973,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АБ УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт тус тус  гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/498 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч АБ УТҮГ нь төлөөлөх эрхийг Ч.Уламбаярт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/01 тоот итгэмжлэлээр хариуцагч ИЭЧГ ХХК-ийг  төлөөлөх эрхийг  Э.З тус тус олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч АБ УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ИЭЧГ ХХК-иас 347,818 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Газрын төлбөрийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ИЭЧГ ХХК-иас 37,973,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АБ УТҮГ-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИЭЧГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 347,818 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Б.САЙХАНЦЭЦЭГ