Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Буянт богд худалдааны төвийн 1 давхарт байрлах “” үнэт эдлэлийн дэлгүүрээс бусдын эд хөрөнгө болох 3.64 грамм жинтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 982,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдүүлэг өгөхгүй гэх... мэдүүлэг /хх-ийн 73-74/,

  Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би хувиараа Баянхонгор сумын 1 дүгээр баг Буянт богд худалдааны төвийн 1 дүгээр давхар тоот лангууг худалдан авч 2020 оноос хойш үнэт эдлэл зарж борлуулж байгаа. 2022 оны 07 дугаар сарын -ны өдөр үнэт эдлэлийн лангууны эд зүйлдээ тооллого хийж тоолж үзэхэд 522 кодтой 3.64 граммтай алтан кольцо, монетон ээмэг зэрэг эд зүйл дутсан. Хяналтын камераа эдийн засагч Цэрэнхүүгээр шүүлгэхэд алтан кольцо буюу алтан бөгжийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хөх өнгийн цамцтай, богино хар өмдтэй, хар өнгийн сандалтай 30 гаран насны эмэгтэй хүн хуруундаа зүүгээд явж байгаа бичлэгийг олсон байсан учир би худалдагч *******гаар өргөдөл гаргуулж, бичлэгийг өргөдлийн хамт цагдаагийн байгууллагад өгсөн. Монетын бөгж авч байгаа бичлэг олдоогүй учир цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Би Улаанбаатар хотын мөнгөн завьяа дэлгүүрээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үнэт эдлэлүүдийн хамт худалдаж авсан ба тухайн эдлэлийг 1 грамм нь 210 төгрөгөөр худалдан авч нийт 764,400 төгрөгөөр худалдаж авсан юм. Би одоо 1 грамм 270000 төгрөгөөр үнэлнэ. Нийт үнэлгээ нь 982,800 төгрөг болж байна. Бичлэг дээр байгаа эмэгтэй зүүгээд гарч байгаа... гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 Миний бие 2020 оноос хойш  Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Дунд зах худалдааны төвийн 1 давхарт 1- тоот лангууг худалдаж аваад үнэт эдлэлийн дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Манай дэлгүүр ontimes гэх нягтлан бодох бүртгэлийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Тухайн үед наадам болох гэж байсан учраас баяр наадмын бараагаа 2022 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс татсан. Татсан бараагаа бид нэг бүрчлэн граммлаад, кодлоод ontimes системдээ бүртгэдэг. Бид 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шинэ бараагаа лангуу дээрээ гаргаж тавьсан. Үнэт эдлэл зардаг учраас би доороо 5 ажилтан ажиллуулдаг. Бид 14 хоногт 1 удаа заавал үнэт эдлэлээ тоолоод ontimes системдээ бүртгээд явдаг. Тухайн үед тооллого хийхэд 1 ширхэг алтан кольцо, 1 ширхэг монет дутсан. Тэгээд бид камер шүүж үзье гээд эдийн засагч шүүсэн. Шүүх явцад 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр цэнхэр цамцтай хүн орж ирээд дунд хуруундаа зүүгээд аваад гарч байгаа дүрс бичлэг камерт үлдсэн байсан. Энэ эмэгтэй дэлгүүр орж ирээд худалдагчаас тавиур дээрх бөгжнүүдийг авахуулж байгаад 5 дахь эгнээний бөгжийг авч үзсэн. Дараа нь 2 дахь баганын 1 дэх бөгжийг авч зүүж үзсэн. Тэгээд буцааж хийгээд 1 дэх баганын 1 дэх бөгжийг дахин авч зүүж үзсэн. Нэг дэх баганын 2 дахь бөгжийг зүүсэн хэвээрээ 1 дэх баганын 3 дахь эгнээнд байсан бөгжийг авч 2 дахь эгнээ рүү шахаж тавиад тэгшилж хийгээд 3 дахь эгнээний хэсгийг хоосон болгоод гарт зүүсэн бөгжөө авч явсан нь бичлэгт үлдсэн байсан. Энэ үйл явдал нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед болсон байсан. Хуруундаа хийсэн бөгжтэй гараа цүнхнийхээ араар нуугаад гарч явсан байсан. Мөн тэр хавиар олон удаа явж бараа үзэж, сонирхсон бичлэг камерт үлдсэн байсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай дэлгүүрт 4 удаа орж ирсэн байсан. Тэр өдрөө манай худалдагч гийн утсаар хэн нэгэн рүү залгаж ярьсан байсан. Бөгжний үнийн тухайд 3,64 граммтай 1 граммыг нь 270.000 төгрөгөөр зарагддаг. Тэгээд бодоод үзэхээр 982.800 төгрөг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Буянт богд худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагч ажилтай. Манай дэлгүүрт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шинэ үнэт эдлэлийн бараа ирсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зарж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бараа тоолж үзэхэд алтан бөгж 1 ширхэг, монетын ээмэг/хос/ зэрэг бараа дутсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хяналтын камераа шүүж үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 8-ны өдөр алтан бөгжийг нэг эмэгтэй хүн зүүгээд гарч байгаа бичлэг байсан... Манай дэлгүүрт 5 хүн ажилладаг. Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм. Би одоо харвал танина. Өмнө нь манай дэлгүүрээр орж ирж байсан. Монетон ээмэг цилконын шигтгээтэй нарийн ээмэг байгаа. Алтан бөгж нь хээтэй, ямар хээтэй байсныг нь сайн мэдэхгүй байна. Алтан бөгж 3.64 граммтай 1 грамм нь 270,000 мянган төгрөг байгаа юм. Би бичлэг дээр байгаа эмэгтэйг сэжиглэж байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай байгууллагын нягтлан, худалдагч хоёр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тооллого хийхэд алтан кольцо дутсан. Хяналтын камер шүүж үзэхэд нэг эмэгтэй авч байгаа бичлэг байсан гэсэн. Тэгэхээр нь би бичлэгийг нь үзэхэд нэг эмэгтэй бөгж үзэж байгаад зүүн гарын ядам хуруундаа зүүгээд гараа атгаад яваад өгч байгаа бичлэг байсан. Би тухайн эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Хяналтын камер шүүж байхад манай дэлгүүрээр, их орж гарч байгаа бичлэг байсан. Бөгж авсныхаа дараагийн өдөр бас орж ирж байгаа бичлэг байсан. Манай байгууллагаас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дараа нэг эмэгтэй бичлэг үзье гэж ирсэн. Тэгэхээр нь бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн байгаа гэж хэлсэн. Манай дэлгүүрт бичлэг үзье гэж ирсэн хүн, манайхаас бөгж авч байгаа хүн мөн байсан. Бичлэг дээр гарч байсан цүнхээ барьсан байсан. Тухайн эмэгтэй хулгай хийснийхээ дараа манай дэлгүүрт орж ирээд манай худалдагчийн утсаар хүн рүү ярьсан байсан. Тэгээд тухайн үед орж ирээд “би танай дэлгүүрт орж ирж чиний утсаар ярьж байсан” гээд манай худалдагчид хэлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн гээд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн гээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн талаараа юм ярихгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 шинжээчийн

... Тухайн хулгайд алдсан гэх алтан кольцо /шинэ чанар сайн, 961 сорьцтой монгол алтан колцо 3.64 грамм. Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 982,800 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 64-66/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  16/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-04/,  эд зүйд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/, камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33 /,шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 76/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, депозит дансны хуулганууд /хх-ийн 81-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Буянт богд худалдааны төвийн 1 давхарт байрлах “” үнэт эдлэлийн дэлгүүрээс бусдын эд хөрөнгө болох 3.64 грамм жинтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 982,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч *******гийн...үнэт эдлэлийн лангууны эд зүйлдээ тооллого хийж тоолж үзэхэд 522 кодтой 3.64 граммтай алтан кольцо, монетон ээмэг зэрэг эд зүйл дутсан. Тэгээд хяналтын камераа эдийн засагч Цэрэнхүүгээр шүүлгэхэд алтан кольцо буюу алтан бөгжийг 2022 оны 07 дугаар сарын08-ны өдөр хөх өнгийн цамцтай, богино хар өмдтэй, хар өнгийн сандалтай 30 гаран насны эмэгтэй хүн хуруундаа зүүгээд явж байгаа бичлэг байсан. Бичлэг дээр байгаа эмэгтэй зүүгээд гарч байгаа... гэх мэдүүлэг

Гэрч *******гийн ..бараа тоолж үзэхэд алтан бөгж 1 ширхэг, монетын ээмэг/хос/ зэрэг бараа дутсан байсан,... хяналтын камераа шүүж үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 8-ны өдөр алтан бөгжийг нэг эмэгтэй хүн зүүгээд гарч байгаа бичлэг байсан...гэх мэдүүлэг

Гэрч *******ийн... Хяналтын камер шүүж үзэхэд нэг эмэгтэй авч байгаа бичлэг байсан гэсэн... гэх мэдүүлэг

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1 шинжээчийн ... Тухайн хулгайд алдсан гэх алтан кольцо /шинэ чанар сайн, 961 сорьцтой монгол алтан кольцо 3.64 грамм. Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 982,800 төгрөг гэх дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Буянт богд худалдааны төвийн 1 давхарт байрлах “” үнэт эдлэлийн дэлгүүрээс бусдын эд хөрөнгө болох 3.64 грамм жинтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 982,800 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч *******гийн алтан кольцо /шинэ чанар сайн, 961 сорьцтой монгол алтан кольцо 3.64 грамм зах зээлийн үнэ 982,800  төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт алтан кольцоны үнэ 982,800 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн болно.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 Шүүгдэгч *******гаас алтан кольцо /шинэ чанар сайн, 961 сорьцтой монгол алтан кольцо 3.64 грамм/  нийт үнэ цэнэ 982,800 төгрөгийн гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч  ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, бага насны 2 хүүхэдтэй,  мал маллаж амьдардаг /,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх,  албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 982,800 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА