Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/864

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шинжээч эмч *** /онлайнаар/,

Шүүгдэгч ***, шүүгдэгч /хохирогч/ ***, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1979/,

Шүүгдэгч /хохирогч/ ***, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0340/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002049 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол *** дүгээр байр *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** үйлчилгээний төв *** тоотод түр оршин суух, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Нийслэлийн *** дугаар сургуульд түүх нийгмийн ухааны багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** төв гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** төв гудамж *** тоотод түр оршин суух /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

3. Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ***-ний цахилгааны албанд өндөр хүчдэлийн монтёр ажилтай, амь бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, Барилгын коллежийн хажууд байх “***” төвийн дэргэд хохирогч ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Барилгын коллежийн хажууд байх “***” төвийн дэргэд хохирогч ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг төмрөөр цохиж биед нь цээжний баруун талын 3 дугаар хавирганы цууралт, баруун зүүн далд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулжээ.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цонхоор хартал миний ах руу орилж хашхирч, заналхийлсэн байдалтай байсан. “Миний ах ажил үүргийнхээ дагуу гараашинд орсон усыг өөрсдийн гэрийнхээ үүдэнд асгаж байна. Мөр мөрөө хөөгөөд явбал зүгээр юм биш үү” гэх шаардлагыг тавихад шаардлагыг хүлээж авах нь битгий хэл миний ахын салтаа руу өшиглөж, хэд хэдэн удаа газарт унагаасан. Маш хэрцгийгээр миний ах руу халдаж довтолсон. Би гэрээсээ гарахдаа гадуур хувцсаа ч өмсөж амжилгүй очсон. Гэтэл *** гартаа арматур төмөр бариад “та хэн юм, одоо алалцъя” гэж бид хоёр руу түрэмгийлж эхэлсэн. Зэвсэглээд бид хоёр руу хэд хэдэн удаа халдсан. Камерын бичлэгээс харахад бид хоёр энэ хүний түрэмгийлэл доромжлолыг тэвчээд 4-5 удаа өөрсдийнхөө байр руу ороход дахин дуудсан. *** миний ахын нуруу руу 2 удаа цохисон. 3 дахь цохилт ахын толгой руу онилсон. Толгой руу нь цохих гэж байхад гэрч Саран дундуур нь орж амь насыг нь аварсан. Хэрэв Саран дундуур нь оролгүй толгой руу нь цохисон бол өнөөдөр амьд байхгүй байсан. Бид нар энэ хүнийг бүлэглэж зодоогүй. Бидний өөрсдийн амь нас эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл бүлэглэсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Манай хажууд 5 объект байдаг. Тэр объектууд өндөрлөг газар байдаг. Манайх нам доор газар байдаг. Бид нарыг бохирын ус асгасан гэж маргаан эхэлсэн. Тэр нь бохирын ус биш. 5 байгууллагын ус асгараад эхэлсэн. Тухайн 5 байгууллагын ус зайлуулах хоолойг нь харвал манайх руу чиглэсэн. Байгууллагын давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон усыг өөрийнхөө байгууллагын үүдэнд асгасан боловч эдний байгууллагын үүдэнд асгаагүй. Гэтэл миний аавыг эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөр нь “Ламын шээс” гэж доромжилсон. Өөрөө эх хүнээс төрчхөөд миний ээжийг “шаалтуур, янхан, би ээжийг чинь шаасан” гэж намайг үнэхээр их гутаан доромжилсон. Энэ байдлаар намайг машин руу шахаж цохисон. Манай дүү ахыгаа зодуулж байхыг хараад өмөөрч энэ асуудал болсон. Би дээд боловсролтой хүн. Хэр баргийн хүнд юм яриад ойлгуулдаг. Энэ хүн миний үгийг огт ойлгоогүй. Ард хүмүүс хашхиралдсан. Эргээд хартал намайг трубагаар цохиж миний нүд харанхуйлсан. Гурав дахь хавирганы цууралтыг эмчлэх гэж эмчилгээ хийлгэж байгаа. Нуруу бол тулгуур эрхтэн. Удаан зогсоход маш их хөндүүрлэдэг. Би дээшээ харж хэвтэж чадахгүй хажуугаараа хэвтдэг. Сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлж байгаа, гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүүхдүүд худлаа яриад байна. Би ажлаа хийж байгаад гараад иртэл хашаан дотор их ус болсон байсан. Болиорой гэж хэлэхэд “за уучлаарай” гэж ах нь хэлсэн. Дэлгүүр ороод эргээд иртэл нөгөө ажлаа үргэлжлүүлж л байсан. Болиоч хүн хэлээд байхад ойлгодоггүй юм уу, хаашаа юм гэж хэлэхэд хоёр давхраас “муу төмөр барьсан гуйлгачин минь” гэж дүү нь хэлсэн. Эхлээд бид хоёр түлхэлцээд байж байсан. Над руу орилоод байсан. Тэгээд салаад би хашаа руугаа орсон. Гэтэл энэ хоёр хашааны гадна талд “ална аа” гээд хашхираад байсан. Ээжийг нь доромжилсноос болоод ийм юм ярьж байгаа. Би тийм муухай юм ярьдаггүй. Хашаа руу хүчээр дайрч орж ирээд толгой руу юмаар цохиод гараад зугтсан. Миний толгойноос нарийхан цус гарч байсан. Арматурын төмөр гэж яриад байна. Арматурын төмөр биш хашааны хаалга дэгээдэж байсан 15-ын труба байгаа юм. Би эхний удаа зангаад буулгасан. Дараа нь цохисон. Миний ар дагз руу 2-3 удаа цохисон. Тэр үед 10-15 секунд ухаан алдсан байсан. Энэ хоёр өөрсдөө түрэмгий хэрцгий хандсан. Шүүх дээр хүртэл “Ядуу гуйлгачны хажууд суух ямар хэцүү юм бэ? Өмхий үнэртээд байна. Босъё хоёулаа” гэж ярьж байсан. Тэнд сууж байсан бүх хүмүүс эргэж харсан. Надтай маш түрэмгий дээрэлхүү харьцаж байсан...” гэв.

*** шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...8 дугаар сарын 10-нд түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэхэд нэн даруй эмнэлэгт хэвт гэсэн. Түүний дагуу 8 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн. Гэрээрээ 14 хоног хэвтрийн дэглэм сахих зөвлөгөөг авсан. Миний тулгуур эрхтэнд зовуурь байгаа учир эмчилгээ хийлгэсэн. Цаашид курсээр эмчлэхгүй бол болохгүй гэсэн. Би эрүүл мэнд биеэрээ хохироод байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

*** шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Надад олон янзын нэхэмжлэх юм байхгүй. Би толгойдоо 4 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт очоод үзүүлээрэй гэж байсан. Эмнэлэгт 3 удаа боолт хийлгэсэн. Үрэвсэл дарах эм авч уусан...” гэв.

Шинжээч эмч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Баруун талын гуравдугаар хавирганы цууралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтэд дурдсан. Сарниулж байгаа хугацаагаар нь гэмтлийн зэргийг тогтоодог. Хугаралт биш гадна ялтасны цууралт. Хугаралт гэмтэл бол өөр байдаг. Цууралт нь хөнгөн гэмтэлд хамаардаг. 4 долоо хоногоос доош эрүүл мэнд сарнина...” гэв.

Эрүүгийн 2205000002049 дугаартай хэргээс:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие нь 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчид компанид цахилгаанчин албан тушаалыг эрхэлж байна. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 30 минутын үед ажил үүргийнхээ хүрээнд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын станцаас ирсэн халуун усыг өргөх 8 дугаар станцад ажиллаж байсан. Улмаар цайндаа орох гээд гарах үеэр хашааны хаалганы зүүн хэсэгт “хажуу талын үйлчилгээний байгууллагын” хүмүүс хальсан бохир усаа асгаад байсан бөгөөд хашааны үүдний хэсэгт бохир даваад орж ирээд маш их бохир ус тогтсон байсан. Бохир асгаж байсан *** гэх үл таних эрэгтэй хүн (сүүлд нэрийг нь мэдсэн), мөн нэг эрэгтэй хүнтэй хамт бохир усаа асгаж байхаар нь би түүнд хандаж “яасан бүдүүлэг хүмүүс вэ, байгууллагын хашаа руу яагаад бохироо асгаад байгаа юм, больцгоо” гэсэн шаардлагыг тавихад “за уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд намайг дэлгүүр ороод буцаад хашааны хаалгаар орж байхад хажуу талын үйлчилгээний байгууллагын 2 давхрын цонхноос *** гэх үл таних эрэгтэй хүн (тухайн ***ын төрсөн дүү нь гэдэг талаар болон нэрийг нь сүүлд мэдсэн) надад хандаж “чи муу төмөр мэрсэн гуйлгачин минь, бид нарын ажлыг чи мэддэг юм уу” гэж хэлэхээр нь би “байгууллагын хашаа руу бохир асгадаг чинь зөв юм уу” гэж хэлээд маргалдсан. Би хашаа руу орохдоо “арчаагүй хар ламын шээс” гэж үг хаячхаад орчихсон. Тухайн байгууллагаас лам хүн орж гардаг гэдгийг нь мэддэг байсан. Тэгэхэд тухайн ***, *** гэх хоёр эрэгтэй нь хашааны үүдэнд ирчихсэн “чи миний аавыг доромжилдог хэн юм бэ, чамайг алнаа” гэж хэлээд харааж танхайрч эхэлсэн. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоход тэр хоёр хоёулаа над руу ална гээд дайрахаар нь би ажлын газрын ***ыг гараад ир гэж дуудсан. Хэсэг маргалдаж байгаад *** тэр хоёр хүнийг хашаанаас гаргахад хашаан дээгүүр цээжээ гаргаж байгаад “жорлонгоос гарсан зулбасага” гэх мэтчилэн маш олон үгээр ээжээр минь хараахаар нь би “танай ээж чинь мөн янхан, шаалтуур байгаадаа” гэж хэлээд маргалдсан. Үүний дараа *** гэх дүү нь хашааны хаалгаар хүчээр уурлаж орж ирээд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт гартаа барьсан чулуу мэт хатуу зүйлээрээ (би юу байсан гэдгийг нь сайн харж амжаагүй) баруун гараараа нэг удаа цохиод зууралдаж зодоон болсон. Би тухайн биеэ хамгаалж өөдөөс нь сарвайж байсан. Энэ үед *** гэх ах нь мөн хажуугаас орж ирж зуураад миний толгойноос дараа зүүн хацарны хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Ажлын газрын *** биднийг салгаад эргээд явж байсан. Би уурандаа газар байсан 15-ын турбаг бариад ***ынх нь нуруу хэсэгт нэг удаа цохиход намайг эргүүлээд газар унагаасан. Энэ үед мөн дүү нь ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Ингээд хүмүүс салгаад дахиж зодоон болоогүй бөгөөд миний зүүн хөмсөгний дээд хэсгээс болон буйлны хэсгээс цус гарчихсан, толгой их өвдөж байсан. Улмаар *** цагдаагийн байгууллагад хандсан байсан бөгөөд цагдаагийн албан хаагч нар ирэхэд *** гэх дүү нь зугтчихсан. *** гэх ах нь байгууллагынхаа гадна сууж байсан. Улмаар бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн бөгөөд тухайн үед тэр ах дүү хоёрын нэрийг нь мэдсэн. Миний биед учирсан тархи доргилт, духанд шарх гэмтлүүдийг *** гэх дүү нь цохиж учруулсан, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлийг түүний ах *** нь цохиж учруулсан. Эмчилгээний төлбөрт 140,000 төгрөг томограф авхуулсан төлбөр, толгой бариулсан төлбөр 40,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг зэрэг байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага Баянгол дүүргийн 16 дугаар хороо *** оффис, орон сууцны зориулалттай объект байдаг. 2022 оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагааг нь чиглүүлж авч явж байгаа. Манай объектын хажууд байрлалтай 5 объект байдаг бөгөөд тус объектуудын ус зайлуулах хоолой манайх руу чиглэсэн байдаг. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед маш их хэмжээний бороо ороод гарааш руу орсон. Тухайн усыг нь саваар аваад гараашныхаа үүдний хэсэгт асгаж байсан. Тухайн үед дулааны цахилгаан станцын ажилтан *** гэх эрэгтэй /сүүлд нэрийг нь мэдсэн/ хүн нь “наад усаа гарга, бохирын ус биш биз, манай байгууллагын хашаа руу ороод байна гэж хэлэхээр нь би “бохирын ус биш, энэ 5 байгууллагын л ус шүү дээ, манай ус биш” гэж хэлсэн. Тэр үед *** гэх залуу нь гэнэт уурлаад намайг заамдаж, өдөж эхэлсэн бөгөөд салтаа руу өшиглөөд, машин руу шахаж, толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон. Ус руу түлхэж унагааж зүй бус авир гаргаад байхаар нь би болиоч гэдгийг хэлж байсан. Тэгэхэд “чи ламын шээс, танай ээж чинь янхан, ээжийг чинь би шаасан” гэх мэтчилэн ёс суртахуунгүй үг хэлсэн. Үүний дараа бид нар за яахав дээ гэж хэлээд буцаад явахаар удаа дараа өдөж, заналхийлээд байсан бөгөөд сүүлдээ маргаан улам бүүр даамжирч намайг хараагүй байхад миний хойноос нуруу руу *** гэх залуу нь арматур төмөр бариад 2-3 удаа цохисон. Тэр үед миний нүд харанхуйлсан. Намайг цохиулахыг хараад миний төрсөн дүү *** нь ирээд ахыгаа хамгаалж тухайн *** гэх залуутай ноцолдсон. *** гэх залууг цохих шиг болсон хаашаа нь цохисон гэдгийг нь би хараагүй. Ингээд байдал бишдэхээр нь би яаралтай цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн албан хаагч нар хэлтэс рүү авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

3. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 10 цагт ажил үүргийнхээ хүрээнд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын станцаас ирсэн халуун усыг өргөх 8 дугаар станцад цахилгаанчин ***ын хамт “хуваарилах байгууламжид тохижилтын ажлыг хийж байсан. *** цайны цагаар дэлгүүрээс уух юм авахаар 13 цаг 30 минутын үед гараад явсан бөгөөд гарч явснаасаа хойш 20 орчим минут өнгөрч байхад гаднаас ***аа гараад ир гэж дуудсан. Яасан юм бол гээд гараад очиход *** нь үл таних 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан бөгөөд юу болсныг нь асуухад манай хашааны гадна бохироо асгаад, бохир нь хашаа руу урсаж орж ирээд байсан, боль гэж хэлэхэд эд нар өөдөөс дайраад байна” гэсэн байдалтай зогсож байсан. Тухайн хоёр залууд хандаж “залуу хүүхдүүд байж яасан омогтой юм бэ, боль” гэж хэлээд ***ыг байр луу оруулаад салгасан. Тэр үед ч дээгүүрх хувцсаа тайлсан залуу *** руу ална гэж хэлэхэд нь *** өөдөөс нь бас үг хэлээд маргалдаад байсан бөгөөд би юу гэж хэрэлдээд байсныг нь ойлгоогүй. Тэгтэл өнөөх хоёр залуу шууд хашааны хаалгыг онгойлгоод орж ирсэн бөгөөд дүү нь гэх дээгүүрээ нүцгэн залуу нь шууд *** дээр очоод баруун гараараа /гартаа чулуу барьсан харагдсан/ зүүн хөмсөгний дээд талын хэсэгт нь цохиод *** биеэ гараараа хамгаалж зууралдсан. Энэ үед ах нь гэх нөгөө залуу мөн намайг тойрч очоод ***ыг тонгойсон байхад нь нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Би очиж ахынх нь гарыг салгаж болиулаад салгасан. *** гэнэт ах нь гэх залуугийн хойноос очоод гартаа турба бариад нуруу хэсэг рүү нь нэг удаа цохиод дахин зууралдаж эхэлсэн. Энэ үед дүү нь гэх залуу дахин цаанаас ирээд ***ыг унасан байдалтай байхад нь толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тухайн үед больцгоо гэж хэлээд байхад миний үгийг тоохгүй дайрцгаагаад байсан. Миний бие нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан учраас цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. Тэр хоёр залууг ах дүү хоёр гэдгийг нь сүүлд цагдаагийн байгууллагад ирсний дараа нь мэдсэн бөгөөд уулзаад ярилцахад “дээгүүрээ нүцгэн залууг нь манай дүү байгаа юм гэж ярьж байсан. Тухайн хоёр эрэгтэй нь ***тай “байгууллагын хашаа руу бохирын ус орж ирсэнтэй холбоотой маргалдаж, муудалцсан байсан. Тухайн хоёр эрэгтэйн дүү нь гэх залуу ***ын тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн элдвээр хэлээд маргаан эхэлсэн байсан. Би тухайн үед хамт байгаагүй бөгөөд ***аас асуухад тэгж хэлж байсан. Дээрх маргаан нь даамжирч улмаар тэр хоёр залуугийн дүү нь гэх залуу нь ***ыг цохиж зодож эхэлсэн. Энэ үед ах нь гэх эрэгтэй хажуугаас нь орж ирж ***ын нүүр лүү нь цохисон. Тухайн дээгүүрээ нүцгэн залуу нь гартаа чулуу атгасан байсан харагдсан. Би харсан. *** нь тухайн хоёр хүний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй бөгөөд нэг удаа турба барьж уурандаа ахынх нь нуруу хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),  

4. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн: “...Цэнхэр өнгийн поло цамцтай халзан толгойтой эрэгтэй хүн бичлэгт харагдах гүйдэг хаалгыг онгойлгоход цаад талаас нь саарал футболктой болон цэнхэр өнгийн хүрэмтэй, “А” гэсэн бичиглэлтэй саравчтай малгайтай 2 эрэгтэй хүн гарч ирж байв. Саарал футболктой эрэгтэй нь гадуурх футболкоо тайлж газар шидэн, тус иргэд хоорондоо маргалдаж буй дүр зураг харагдаж байна. Бичлэгийн 10 дахь секундэд мөн цэнхэр өнгийн цамцтай, цагаан өнгийн канттай эрэгтэй хүн ирж маргааны салгаж байгаа нь харагдаж байна. Тус маргаан 01:13 секунд хүртэл үргэлжлэн салж гүйдэг хаалгыг хаав. Дээгүүрээ нүцгэн эрэгтэй хашааны дээгүүр толгойгоо гарган цэнхэр өнгийн поло цамцтай эрэгтэйтэй маргалдсан хэвээр байв. Бичлэгийн 02:35 минут хүртэлх хугацаанд тус хоёр иргэн нь маргалдаж, нэг нэгэндээ үг хэлж байгаа дүр зураг харагдах ба дээгүүрээ нүцгэн эрэгтэй хашааны гүйдэг хаалгыг онгойлгон дайрч орж ирэв. 02:46 секундэд дээгүүрээ нүцгэн эрэгтэй, тухайн цэнхэр өнгийн поло цамцтай эрэгтэй хүн дээр гүйж ирэн тухайн хоёр хүн зодолдож эхлэх ба дээгүүрээ нүцгэн эрэгтэй хоёр гараараа ээлжлэн 7 удаа тус иргэнийг цохиж байв. Цэнхэр цамцтай эрэгтэй мөн гараа сарвайсан байдалтай цохиж байна. Саравчтай малгайтай эрэгтэй болон цэнхэр канттай цамцтай эрэгтэй хоёр тус зодооны салгах байдалтай дунд оролцож байх ба цэнхэр өнгийн поло цамцтай эрэгтэй саравчтай малгайтай эрэгтэй хүний нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиж тус хоёр иргэн зууралдаж зодолдож байна. Улмаар саравчтай малгайтай эрэгтэй болон дээгүүрээ нүцгэн байдалтай эрэгтэй нар нь цэнхэр поло цамцтай эрэгтэйг зуурсан байдалтай ноцолдох ба цайвар өнгийн цамцтай эмэгтэй бичлэгийн зүүн дээд булангаас гарч ирэн маргааныг салгав. Энэ үед дээгүүрээ нүцгэн эрэгтэй, саравчтай малгайтай эрэгтэй нар нь хашаанаас гарч алхаж байх ба 03:07 секундэд цэнхэр өнгийн поло цамцтай эрэгтэй гартаа хар өнгийн урт зүйл барьсан байдалтай саравчтай малгайтай эрэгтэй хүний араас 2 удаа цохив. Саравчтай малгайтай эрэгтэй газар суун, цэнхэр поло цамцтай эрэгтэйн хөлөөс тэврэн газар унагаж байгаа нь харагдаж байна. Газар унах үед нь буюу бичлэгийн 03:15 секундэд дээгүүрээ нүцгэн эрэгтэй гүйн ирж цэнхэр поло цамцтай эрэгтэйгийн толгой хэсэгт нь баруун гараараа 3 удаа цохиод бичлэгийн зүүн дээд хэсэг рүү гүйж байна. Тус иргэд нь өөр ямар нэгэн байдлаар бие биеийнхээ биед халдсан асуудалгүй салав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 82-87 дахь тал),

5. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн: “...Цэнхэр өнгийн поло футболктой, халзан толгойтой эрэгтэй хүн, улаан өнгийн саравчтай, хар өнгийн малгайтай, цэнхэр өнгийн хүрэмтэй эрэгтэй хүнтэй маргалдаж байх ба бие биенийгээ түлхсэн байдалтай байв. Уг хоёр хүн дээр ногоон өнгийн цувтай эрэгтэй хүн нэмэгдэж маргааныг салгаж байна. Бичлэгийн 02:00 секундэд цэнхэр поло футболктой эрэгтэй, саравчтай малгайтай эрэгтэй хүний эрүү хэсэг рүү гараараа түлхэх ба 02:53 секундэд саравчтай малгайтай эрэгтэй, цэнхэр поло футболктой эрэгтэй, саравчтай малгайтай эрэгтэй хүний өөдөөс зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөж харилцан маргалдав. 03:17 секундэд цэнхэр поло футболктой эрэгтэй газраас ямар нэгэн зүйл аван саравчтай малгайтай эрэгтэй хүн рүү шидэхээр далайв. 04:40 секундэд бичлэгийн баруун дээд талын булангийн хэсгээс цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй ирээд дээгүүрх хувцсаа тайлан цэнхэр өнгийн поло футболктой эрэгтэйтэй маргаан үүсгэж хэрэлдэж тус файлын бичлэг дуусав. Цэнхэр өнгийн поло футболктой, халзан толгойтой эрэгтэй хүн, улаан өнгийн саравчтай, хар өнгийн малгайтай, цэнхэр өнгийн хүрэмтэй эрэгтэйн нуруун хэсэгт гартаа урт зүйл барин 2 удаа цохиж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 91-96 дахь тал),

6. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвд үйлчлэгчийн ажлыг хийж байна. Миний бие нь он сар өдрийг нь сайн санахгүй байна өдөр 13 цагийн үед ажил дээрээ цэвэрлэгээ хийгээд явж байхад харуулын өрөөнөөс хяналтын камерыг харсан. Тухайн үед зохион байгуулагч ***, түүний дүү *** нар нь манай төвийн хажууд байрлах Дулааны цахилгаан станцын эрэгтэй хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Би ямархуу байдлаар хэн, хэн яаж зодолдсон талаар нь хараагүй. Тэгээд би гараад очиход Дулааны цахилгаан станцын халзан эрэгтэй хүн нь гартаа турба бариад ***ын нурууны хэсэгт 2 удаа цохисон. Би дундуур нь орж салгачхаад ажил руугаа орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11089 дугаартай: “...***ын биед тархи доргилт, духанд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11112 дугаартай: “...***ын биед цээжний баруун талын 3-р хавирганы цууралт, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

9. Хохирогч ***ын хохирлын баримтууд (хавтаст хэргийн 107 дахь тал),

10. Хохирогч ***ын хохирлын баримтууд (хавтаст хэргийн 161-164 дэх тал)

11. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай ах ***ыг *** гэх хүн нь ёс бус үг хэллэгээр доромжилж, зодож маргаан үүсгэсэн. *** нь намайг зодож цохисон асуудалгүй. Манай ах ***ыг л зодсон. Миний ах *** нь иргэн ***ыг ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал огт байхгүй бөгөөд би биеэ хамгаалж иргэн ***ын нүүр хэсэгт нэг удаа л цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

12. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь тухайн *** гэх хүнийг ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй бөгөөд дүү *** нь биеэ хамгаалж иргэн ***ыг цохих шиг болсон. Гэхдээ энэ талаар нь би сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

13. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргийнхээ хүрээнд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын станцаас ирсэн халуун усыг өргөх 8 дугаар станцад ажиллаж байх үед иргэн *** болон *** гэх хүмүүстэй маргалдан, улмаар тухайн хоёр хүнд зодуулсан. Тэгээд цааш явах үед нь би уурандаа *** гэх хүний араас нь газар байсан турбагаар цохисон. Миний хувьд тухайн хоёр хүнд зодуулж гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ ***, шүүгдэгч *** нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас шүүгдэгч /хохирогч/ ***ын хохирол төлбөрийн талаарх баримтууд, шүүгдэгч /хохирогч/ ***ын өмгөөлөгч Б.Мөнхтөрөөс гаргаж өгсөн байгууллагын хашааны 1 хуудас зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтайгаар холбоотойгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 151 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 152 дахь тал), гэрэл зураг (хавтаст хэргийн 153 дахь тал),

шүүгдэгч ***ын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 112 дахь тал),

шүүгдэгч ***ийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 115, 125 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 118-119 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***, ***, *** нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 34, 36-37, 39, 41, 43, 45-46, 48-49,  дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Барилгын коллежийн хажууд байх “***” төвийн дэргэд шүүгдэгч *** нь шүүгдэгч ***ыг “байгууллагын хашаа руу муу усаа асгалаа боль” гэснээс үүдэж шүүгдэгч ***, ***, *** нар хоорондоо маргалдаж, үл ойлголцсон байх ба улмаар харилцан зодолдож ***, ***  нар нь ***ыг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *** нь ***ын ар нуруу хэсэгт төмөр турбагаар цохиж, түүний эрүүл мэндэд нь цээжний баруун талын 3-р хавирганы цууралт, баруун зүүн далд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.  

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...цайндаа орох гээд гарах үеэр хашааны хаалганы зүүн хэсэгт хажуу талын үйлчилгээний байгууллагын хүмүүс хальсан бохир усаа асгаад байсан бөгөөд хашааны үүдний хэсэгт бохир даваад орж ирээд маш их бохир ус тогтсон байсан. Бохир асгаж байсан *** гэх үл таних эрэгтэй хүнд би хандаж “яасан бүдүүлэг хүмүүс вэ, байгууллагын хашаа руу яагаад бохироо асгаад байгаа юм, больцгоо” гэсэн шаардлагыг тавихад “за уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд намайг дэлгүүр ороод буцаад хашааны хаалгаар орж байхад хажуу талын үйлчилгээний байгууллагын 2 давхрын цонхноос *** гэх үл таних эрэгтэй хүн надад хандаж “чи муу төмөр мэрсэн гуйлгачин минь, бид нарын ажлыг чи мэддэг юм уу” гэж хэлэхээр нь би “байгууллагын хашаа руу бохир асгадаг чинь зөв юм уу” гэж хэлээд маргалдсан. Би хашаа руу орохдоо “арчаагүй хар ламын шээс” гэж үг хаячхаад орчихсон. Тэгэхэд тухайн ***, *** гэх хоёр эрэгтэй нь хашааны үүдэнд ирчихсэн “чи миний аавыг доромжилдог хэн юм бэ, чамайг алнаа” гэж хэлээд харааж танхайрч эхэлсэн. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоход тэр хоёр хоёулаа над руу ална гээд дайрахаар нь би ажлын газрын ***ыг гараад ир гэж дуудсан. ...*** гэх дүү нь хашааны хаалгаар хүчээр уурлаж орж ирээд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт гартаа барьсан чулуу мэт хатуу зүйлээрээ баруун гараараа нэг удаа цохиод зууралдаж зодоон болсон. Би тухайн биеэ хамгаалж өөдөөс нь сарвайж байсан. Энэ үед *** гэх ах нь мөн хажуугаас орж ирж зуураад миний толгойноос дараад зүүн хацарны хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Ажлын газрын *** биднийг салгаад эргээд явж байсан. Би уурандаа газар байсан 15-ын турбаг бариад ***ынх нь нуруу хэсэгт нэг удаа цохиход намайг эргүүлээд газар унагаасан. Энэ үед мөн дүү нь ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Ингээд хүмүүс салгаад дахиж зодоон болоогүй бөгөөд миний зүүн хөмсөгний дээд хэсгээс болон буйлны хэсгээс цус гарчихсан, толгой их өвдөж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед маш их хэмжээний бороо ороод гарааш руу орсон бөгөөд тухайн усыг нь саваар аваад гараашныхаа үүдний хэсэгт асгаж байсан. Тухайн үед дулааны цахилгаан станцын ажилтан *** гэх хүн нь “наад усаа гарга, бохирын ус биш биз, манай байгууллагын хашаа руу ороод байна” гэж хэлэхээр нь би “бохирын ус биш, энэ 5 байгууллагын л ус шүү дээ, манай ус биш” гэж хэлсэн. Тэр үед *** гэх залуу нь гэнэт уурлаад намайг заамдаж, өдөж эхэлсэн бөгөөд салтаа руу өшиглөөд, машин руу шахаж, толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон. Намайг цохиулахыг хараад миний төрсөн дүү *** ирээд ахыгаа хамгаалж тухайн *** гэх залуутай ноцолдсон. Надад учруулсан гэмтлийг *** гэх хүн армотур төмрөөр цохиж учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** цайны цагаар дэлгүүрээс уух юм авахаар 13 цаг 30 минутын үед гараад явсан бөгөөд гарч явснаасаа хойш 20 орчим минут өнгөрч байхад гаднаас ***аа гараад ир гэж дуудсан. Яасан юм бол гээд гараад очиход *** нь үл таних 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан бөгөөд юу болсныг нь асуухад манай хашааны гадна бохироо асгаад, бохир нь хашаа руу урсаж орж ирээд байсан, боль гэж хэлэхэд эд нар өөдөөс дайраад байна” гэсэн байдалтай зогсож байсан. Тухайн хоёр залууд хандаж “залуу хүүхдүүд байж яасан омогтой юм бэ, боль” гэж хэлээд ***ыг байр луу оруулаад салгасан. Тэр үед ч дээгүүрх хувцсаа тайлсан нь залуу *** руу ална гэж хэлэхэд нь *** өөдөөс нь бас үг хэлээд маргалдаад байсан. Тэгтэл өнөөх хоёр залуу шууд хашааны хаалгыг онгойлгоод орж ирсэн бөгөөд дүү нь гэх дээгүүрээ нүцгэн залуу нь шууд *** дээр очоод баруун гараараа /гартаа чулуу барьсан харагдсан/ зүүн хөмсөгний дээд талын хэсэгт нь цохиод *** биеэ гараараа хамгаалж зууралдсан. Энэ үед ах нь гэх нөгөө залуу мөн намайг тойрч очоод ***ыг тонгойсон байхад нь нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Би очиж ахынх нь гарыг салгаж болиулаад салгасан. *** гэнэт ах нь гэх залуугийн хойноос очоод гартаа труба бариад нуруу хэсэг рүү нь нэг удаа цохиод дахин зууралдаж эхэлсэн. Энэ үед дүү нь гэх залуу дахин цаанаас ирээд ***ыг унасан байдалтай байхад нь толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 цагийн үед ажил дээрээ цэвэрлэгээ хийгээд явж байхад харуулын өрөөнөөс хяналтын камерыг харсан. Тухайн үед зохион байгуулагч ***, түүний дүү *** нар нь манай төвийн хажууд байрлах Дулааны цахилгаан станцын эрэгтэй хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Би ямархуу байдлаар хэн, хэн яаж зодолдсон талаар нь хараагүй. Тэгээд би гараад очиход Дулааны цахилгаан станцын халзан эрэгтэй хүн нь гартаа турба бариад ***ын нурууны хэсэгт 2 удаа цохисон. Би дундуур нь орж салгачхаад ажил руугаа орсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11089 дугаартай: “...***ын биед тархи доргилт, духанд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11112 дугаартай: “...***ын биед цээжний баруун талын 3-р хавирганы цууралт, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди, уг сиди бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 11089, 11112 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч *** хохирогчийг трубагаар цохисон гэмт үйлдэлтэй, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч ***, *** нар хохирогчийг зодож цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*** гэх дүү нь хашааны хаалгаар хүчээр уурлаж орж ирээд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт гартаа барьсан чулуу мэт хатуу зүйлээрээ (би юу байсан гэдгийг нь сайн харж амжаагүй) баруун гараараа нэг удаа цохиод зууралдаж зодоон болсон. Би тухайн биеэ хамгаалж өөдөөс нь сарвайж байсан. Энэ үед *** гэх ах нь мөн хажуугаас орж ирж зуураад миний толгойноос дараа зүүн хацарны хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх, гэрч ***ын “...өнөөх хоёр залуу шууд хашааны хаалгыг онгойлгоод орж ирсэн бөгөөд дүү нь гэх дээгүүрээ нүцгэн залуу нь шууд *** дээр очоод баруун гараараа /гартаа чулуу барьсан харагдсан/ зүүн хөмсөгний дээд талын хэсэгт нь цохиод *** биеэ гараараа хамгаалж зууралдсан. Энэ үед ах нь гэх нөгөө залуу мөн намайг тойрч очоод ***ыг тонгойсон байхад нь нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлгээр шүүгдэгч ***, *** нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулахаар халдаж зодсон байх тул прокуророос шүүгдэгч О.***, *** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэв.

Иймээс шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Миний бие нь тухайн *** гэх хүнийг ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй...” гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч Б.Зулбаярын “...бүлэглэж гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ***ад холбогдох хэргийг цагаатгуулах, ***ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх...” дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд, шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***, ***, *** нарын хэн хэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 

Мөн шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Мөнхтөр нар “...гэм буруугийн талаар маргахгүй...” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт хуульд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

Шүүгдэгч нар хэрэг хариуцах чадвартай насанд хүрсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дуусаагүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”,

Шүүгдэгч /хохирогч/ ***ын өмгөөлөгч Б.Мөнхтөр “Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах”,

Шүүгдэгч ***, шүүгдэгч /хохирогч/ ***, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр “...Шүүхээс гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ, талуудын ялын дүгнэлтийг тус тус харгалзаж, шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 11089, 11112 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хохирогч *** нь хавтас хэргийн 107 дахь талд 140,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийн баримт гарган өгсөн, хохирогч *** нь шүүхийн шатанд хавтаст хэргийн 164 дэх талд 54,900 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт 453,300 төгрөгийн 3 ширхэг баримт, 161 дэх талд Баяр эмнэлгийн эмнэлгийн магадлагааны ард “эмчилгээний зардалд 600,000 төгрөг зарцуулсан болно” гэж гараар бичсэн баримтыг тус тус гарган өгч нэхэмжилсэн.

Хохирогч ***ын гаргаж өгсөн хохирлын баримтуудаас хавтас хэргийн 161 дэх талд Баяр эмнэлгийн магадлагааны ард гараар бичсэн “эмчилгээний зардалд 600,000 төгрөг зарцуулсан болно” гэх баримт нь ямар эмчилгээнд зарцуулсан болох нь тодорхойгүй, санхүүгийн баримтгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***, *** нараас 140.000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч ***т олгож, шүүгдэгч ***аас 508.200 /таван зуун найман мянга хоёр зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч ***ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэрэгт хадгалахаар тогтсон, мөн шүүгдэгч ***аас гаргаж өгсөн ногоон өнгийн лазер мед эмнэлгийн хавтас, түүнд хавсарган ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, улаан өнгийн 1 ширхэг төмөр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***, ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт тус бүр 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***, ***, *** нарт сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нараас 140,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***т олгож, шүүгдэгч ***аас 508,200 /таван зуун найман мянга хоёр зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч ***ад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэрэгт хадгалахаар тогтсон, мөн шүүгдэгч ***аас гаргаж өгсөн ногоон өнгийн лазер мед эмнэлгийн хавтас, түүнд хавсарган ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, улаан өнгийн 1 ширхэг төмөр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА