| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2018/03345/И |
| Дугаар | 181/ШШ2019/00663 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2019/00663
| 2019 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2019/00663 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж-1, Ү ХХК -д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Х миний бие Үинд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуульчаар ажилд орсон ба 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тус байгууллагад ажилласан.
2017 оны 10 дугаар сараас хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн удирдлагын зүгээс шахаж шаардсаны дагуу нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээг цуцлах болсныг мэдэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилаа хүлээлгэж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн би ажлаа хүлээлгэж өгөөд 5,6-ны өдрүүдэд тойрох хуудас зуруулсан.
Н.Х миний бие байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ нь Хөлсөөр ажиллах гэрээ нэртэй боловч үнэн хэрэг дээрээ Хөдөлмөрийн гэрээний агуулгыг бүрэн агуулж байсан. Ү нь бүтэц орон тоо өөрчлөгдөж Тусгай активын хэлтэс татан буугдсан гэж байгаа боловч зөвхөн нэр нь л өөрчлөгдөж Зээлийн хяналтын хэлтэс нэртэй болсон. Тусгай активын хэлтсийн чиг үүрэг, Зээлийн хяналтын хэлтсийн чиг үүрэг 2 яг ижилхэн байгаа. Тусгай активын хэлтэст дарга 1, ажилтан-2 байсан бол Зээлийн хяналт үйлчилгээний хэлтэст дарга-1, мэргэжилтэн -2 гэж байгаа бөгөөд ажилтан, мэргэжилтэн хоёрын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго бүгд ижилхэн байгаа юмаа.
Ү нь хөдөлмөрийн хуулийг дараах байдлаар зөрчиж намайг үндэслэлгүй халсан. Үүнд:
1. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байтал хугацаатай гэрээ байгуулсан.
2. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байтал үүнийг зөрчиж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.
3. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц цуцлах санал тавиагүй бол анх гэрээнд заасан хугацаагаар хөдөлмөрийн гэрээ сунгагдах байтал үүнийг зөрчсөн.
4. Ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдээгүй.
5. Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажлаас халагдсан тушаалыг өгөөгүй.
Хөлсөөр ажиллах гэрээний 3.2.-т ажлын цагийг 8 цаг гээд байнгын ажлын байртай ижилхэн заасан байгаа юм. Ү 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүх ажилчидаа чөлөөлөөд дахин томилсон байгаа. Н.Х-той байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж бодож байна.
Иймд Үны тусгай активын хэлтсийн ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Н.Х-ын нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй байна. Н.Х-той 2016 оны 2 дугаар 22-ны өдөр харилцан тохиролцож ХГ-57/16 тоот дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатайгаар хуульчийн албан тушаалд ажиллуулахаар гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын В/54 дугаартай тушаалыг гаргасан байдаг.
Гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн В/119 дүгээр тушаалаар Н.Х--ыг тус банкны хуульчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Тусгай активын хэлтсийн ажилтанаар 2 хүртэлх сарын хугацаагаар авч ажиллуулсан.
2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн В/175 дугаартай тушаалаар Тусгай активын хэлтсийн үндсэн ажилтанаар томилсон.
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Үны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 18/14 дугаартай тогтоолыг гаргасан.
Ү нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/302 дугаартай тушаалаар ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн.
Банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Банкны орон тоо цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталж, ажилтнуудыг томилон ажиллуулах тухай Б/303 дугаартай тушаалыг гаргасан. Энэ тушаал гарахад Н.Х-ын ажиллаж байсан Тусгай активын хэлтэс татан буугдсан тул тухайн өдөртөө буюу 10 дугаар сарын 15-ны өдөр түүнтэй ХөАГ-17/18 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан.
Тусгай активын хэлтэс нь зөвхөн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг хариуцаж байсан бол Зээлийн хяналтын хэлтэс нь зээлийн материал бүрдүүлж өгөхөөс төлөгдөж дуусах хүртэлх бүхий л зүйлийг хариуцахаар болсон байгаа юм.
Үны бүтэц орон тоо өөрчилөгдөж Тусгай активын хэлтэс татан буугдсан тул 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н.Ход мэдэгдээд тухайн өдөрт нь Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.
Тухайн үед Н.Х гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Байгууллагын зүгээс ч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа тухайн өдөр Н.Ход мэдэгдсэн гэж үзэж байна. Н.Х нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан тул гомдол гаргах хугацаа хэтрүүлэн гаргасан гэж үзэж байна.
Н.Хтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Байгууллагын бүтэц орон тоо өөрчилөгдсөнтэй холбоотойгоор дуусгавар болсон.
Дараа нь байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үүргийг хангалтгүй хийж байсан тухай нь Зээлийн хяналт үнэлгээний газрын захирлаас 2 удаа мэдэгдэх хуудсыг Хүний нөөцийн хэлтэст ирүүлсэн байдаг юм.
Иймээс Н.Хтой байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. Н.Х 2018 оны 11 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд тойрох хуудсаа зуруулсан. Н.Хын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөлсөөр ажиллах гэрээг цуцлахад заавал тушаал шийдвэр гаргах шаардлагагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч /ажилтан/ Н.Х нь хариуцагч /ажил олгогч/ Ү ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Тусгай активын хэлтэс татан буугдсан, Хөлсөөр ажиллах гэрээг ажил олгогч хэдийд ч цуцалж болох тул 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.
Ү ХХК-ний Тусгай активын хэлтсийн ажилтнаар ажиллаж байсан Н.Х-ыг банкны бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Тусгай активын хэлтэс татан буугдсан үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь зохигчдын тайлбар, тус банкны Б/302 дугаартай тушаал, тус банкны ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТУЗ-18/14 дугаартай банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаартай Банкны орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталж, ажилтнуудыг томилон ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус банкны дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 14-18,23-40,43-47,65-70,95,96-р хуудас/
Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Н.Хыг банкны бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Тусгай активын хэлтэс татан буугдсан гэсэн үндэслэлээр тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/302 дугаартай тушаал ажлаас чөлөөлж, мөн өдөртөө ажилтан Н.Хтой ХөАГ-17/18 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг байгуулжээ./хх-ийн 41, 42, 49-51-р хуудас/
Тэдний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтан Н.Х нь гэрээнд заасан ажил үйлчилгээг 7 хоног бүрийн ажлын 5 өдрүүдэд 9.00-18.000 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ, ажиллуулагч нь 1.400.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирчээ.
Хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үйлчилгээ нь Н.Хын Тусгай активын хэлтстийн ажилтнаар ажиллаж байхдаа хийж гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй ижилхэн буюу Хөлсөөр ажиллах гэрээний
4.Гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Тусгай активын ажилтны ажлын байрны тодорхойлолт дахь
2.3.Ажлын байранд хийгдэх ажил,үүргүүд,
3.2.Зохион байгуулалт удирдлагын хариуцлага гэсэн заалтуудтай ижилхэн байна. /4.1.1.=2.3.1., 4.1.3.=2.3.3., 4.1.5.,=2.3.2., 4.1.6.=2.3.4., 4.1.7.=2.3.5., 4.1.8. =2.3.6., 4.1.9.=2.3.7., 4.1.10.=2.3.8., 4.1.11. =2.3.9., 4.1.12. - 4.1.16. =3.2./
/хх-ийн 41-43,109,110-р хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлсон бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан.
Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний талууд, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх зэрэг шинжээр хөдөлмөрийн гэрээтэй адил боловч ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд заасан журмаар зохицуулдаг, үүгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай. Мөн хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу гэрээг цуцалдаг.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /ХөАГ-17/18 дугаартай/ Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж маргаж буй боловч гэрээ байгуулах болсон шалтгаан, гэрээний нөхцөлийг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулж дүгнэхэд Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.
Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжлэн үүссэн гэж үзнэ.
Н.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудас зуруулсан талаар талууд маргаагүй бөгөөд ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байна. /хх-ийн 1-р хуудас/
Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/302 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нэгж / хэлтэс/ татан буугдсан тухайд:
НЭГ. банкны бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдахаас өмнө:
1.1.Ү ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТУЗ/17-26 тоот тогтоолоор батлагдсан бүтэц зохион байгуулалтын хүрээнд газар, нэгжийн орон тоог тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар баталж Дотоод аудитын газар, Зээлийн газар, Санхүү, удирдлагын газар, Бизнес, хамтын ажиллагааны газар, Ерөнхий зохицуулалтын газар, Сувгийн удирдлагын газар гэсэн газруудтай үүний Ерөнхий зохицуулалтын газарт нь Хуулийн хэлтэс, Тусгай активийн хэлтэс, хамрагдаж, Тусгай активын хэлтэс нь хэлтсийн захирал-1, ажилтан-3 гэсэн орон тоотой байхаар тогтжээ./хх-ийн 79-81-р хуудас/
1.2. Мөн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар тус банкны газар, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн баталсан байх бөгөөд Тусгай активын хэлтсийн чиг үүргийг:
-Банкны зээлийн хорооны хурлын шийдвэрээр шилжүүлсэн, ангилагдсан зээл, чанаргүй зээл, эрсдэлд орж болзошгүй зээл, бусдаас авах авлагыг төлүүлэх,
- Чанаргүй зээлийг шүүхийн бус журмаар төлүүлөх, хууль шүүхийн байгууллага болон холбогдох төрийн байгууллага, зээлдэгч нартай хамтран ажиллах, тусгай активийг төлүүлэх ажиллагааг бүхэлд нь хэрэгжүүлэх,
-Шүүх, хууль, хяналтын байгууллагад чанаргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр банкийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох, зээлдэгчийн болон барьцаа хөрөнгөтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах,гаргаж өгөх,
-Зээлийн барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэрлүүлэх,
-Шилжин ирсэн зээл бусад авлагыг сангаас хаах санал гаргах,
-Банкны бусад үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгийн чанар байдал, ашиглалт, хадгалалт хамгаалалт, түрээс, орлого зардалд хяналт тавих, холбогдох төлбөр тооцоог барагдуулах, бусдад худалдан борлуулах, бусад хэлбэрээр захиран зарцуулах саналаа шууд удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх,
-Тусгай активын хэлтсийн хурлыг зохион байгуулах, хурлын тэмдэглэлийг хөтөлж хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийн ажлын хэсгийн ахлагчид танилцуулах,
-Банкны чанаргүй зээлийг төлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор банкны нийт ажилтнуудад сургалт явуулах гэжээ./хх-ийн 76-78-р хуудас/
1.3.Энэ үед нэхэмжлэгч Н.Х Ерөнхий зохицуулалтын газрын Тусгай активын хэлтсийн ажилтан орон тоо дээр үндсэн ажилтнаар ажиллаж, түүний ажлын байрны тодорхойлолтод:
Ажлын байрны зорилго нь: Банкнаас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх ажиллагаа явуулах зэрэгт оршино.
Хяналтын чиг үүрэг нь:
-Банк түүний нэгжийн олгосон зээлийг төлүүлэхтэй холбоотой мэдэгдэл, шаардлага болон шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтыг боловсруулж, Тусгай активын хэлтсийн захирлаар хянуулах, шаардлагатай тохиолдолд хуулийн хэлтсийн захирлаар хянуулах,
-Банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар даалгасан ажлын явцын талаар Тусгай активын хэлтсийн захирал болон Ерөнхий зохицуулалтын газрын захиралд тогтмол танилцуулан чиг үүрэг авч ажиллах,
-Ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг гаргаж 7 хоног бүрийн гүйцэтгэлийг Тусгай активын хэлтсийн захиралд тайлагнаж хянуулах гэж,
Ажлын байранд хийгдэх ажил үүргүүд:
-Банкнаас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төвлөрүүлэх,
-Орон нутгийн нэгжээс шилжүүлсэн зээлийн талаар хамтран ажиллаж заавар зөвлөгөө өгөх,
-Шүүх, хууль хяналтын байгууллагад чанаргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, зээлдэгчийн болон барьцаа хөрөнгөтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах,
-Зээлийн барьцаа хөрөнгийг хураах, төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлэх,
-Шилжин ирсэн зээл, бусад авлагыг сангаас хаах санал дүгнэлт гаргах,
-Гүйцэтгэх удирдлага болон холбогдох газар хэлтсүүдийг шаардлагатай мэдээллээр хангах,
-Хяналтын газрын хяналт шалгалт, тавьсан акт, дүгнэлт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах,
-удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх,
-банкнаас байгуулж буй цаг үеийн болон олон нийтийн аливаа үйл ажиллагаанд нэгдэн идэвхи санаачлагатай оролцох,
-хэлтсийн бусад ажилтны ажлыг хавсран гүйцэтгэх гэжээ./хх-ийн 101-р хуудас/
ХОЁР. банкны бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдсаны дараа:
2.1.Ү ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТУЗ-18/14 тоот тогтоолоор батлагдсан Банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/302 дугаартай тушаалаар тус банкны нийт ажилчдыг ажлаас чөлөөлжээ./хх-ийн 65, 66, 49-51-р хуудас/
2.2.Тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 дугаартай тушаалаар банкны орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталж, ажилтнуудыг буцаан томилжээ. /хх-ийн 67-70-р хуудас/
Дээрх Б/303 дугаартай тушаалаар Захиргаа хүний нөөцийн газар, Бизнес хөгжлийн газар, Санхүү тайлан бүртгэлийн газар, Зээлийн эрсдлийн удирдлагын газар,Үйл ажиллагаа, санхүүгийн эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн хяналт үнэлгээний газар, Байгууллагын банкны газар, Актив, пассивын газар, Иргэдийн банкны газар гэсэн газруудтай үүний Зээлийн хяналт үнэлгээний газарт нь Зээлийн хяналтын хэлтэс хамрагдаж Зээлийн хяналтын хэлтэс нь хэлтсийн захирал-1, зээлийн хяналтын ажилтан /мэргэжилтэн/-3 гэсэн орон тоотой байхаар тогтож, Зээлийн хяналтийн хэлтсийн мэргэжилтэнгийн 2 орон тоон дээр шинээр ажилтан авахаар тогтсон байна./хх-ийн 69, 70-р хуудсын ар тал/
2.3.Мөн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/84 дугаартай тушаалаар газар, хэлтэс, алба, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн баталсан байх бөгөөд Зээлийн хяналтын хэлтсийн чиг үүргийг:
-Зээлийн материал хүлээж авснаас эхлэн төлөгдөх хүртэлх бүх хугацаанд хяналт тавьж ажиллах,
-Зээлийн хороодын хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-холбогдох нэгжийн багц дахь эрсдэлд орж болзошгүй зээл, авлага бусад активын хэвийн эргэн төлөлтийг хангах үүднээс тухайн нэгжтэй хамтран ажиллах, зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зээлийн бичиг баримтаар хангах,
-салбар нэгжийн онцлог, зээлийн хорооны дарга болон харилцааны менежерийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг харгалзан холбогдох судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг тогтоох болон өөрчлөх санал боловсруулж холбогдох газар, хэлтэст хүргүүлэх,
- зээлийн ажилтнуудыг банкны зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллахад чиглүүлэх,
-Салбар нэгжийн харилцааны менежерүүдийг сургаж дадлагажуулах, мэргэжлийн сургалтууд зохион байгуулах, түүний дагуу мэдлэгийг нь шалгах, удирдлагаар ханган заавар зөвлөгөө өгөх, ажилтнуудыг идэвхижүүлэх, шаардлагатай тохиолдолд зээлийн ажилтны санал, хүсэлтийг удирдлагад хүргүүлж танилцуулах, үзэсгэлэн худалдаа болон лизингийн зээлийн арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх,
-хугацаа хэтэрсэн зээлийн тайланг өдөр бүр гаргаж салбар, нэгжүүдэд хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх үүрэг даалгавар, заавар, зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд бусад нэгжүүдээс тусламж авах талаар санал хүргүүлэн хамтарч ажиллах гэжээ./хх-ийн 74-р хуудас/
Эндээс үзэхэд Тусгай активын хэлтсийн чиг үүрэг, Зээлийн хяналтын хэлтсийн чиг үүрэг агуулгын хувьд ялгаагүй байна.
2.4. Мөн нэхэмжлэгч Н.Хын Тусгай активын хэлтсийн ажилтан Ажлын байрны тодорхойлолт дахь ажлын байрны зорилго, хяналтын чиг үүрэг, ажлын байранд хийгдэх ажил үүргүүд нь Зээлийн хяналтын хэлтсийн мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолт дахь ажлын байрны зорилго, хяналтын чиг үүрэг, ажлын байранд хийгдэх ажил үүргүүдтэй ижилхэн байна. /хх-ийн 101, 109-р хуудас/
Иймд ажилтан Н.Хын ажиллаж байсан Тусгай активын хэлтэс /тусгай активын хэлтсийн ажилтан ажлын байр/ татан буугдаагүй, зөвхөн нэршлийн хувьд өөр болсон байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан Тусгай активын хэлтсийн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Зээлийн хяналтын хэлтсийн /ажилтан/ мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд ижилхэн буюу нэхэмжлэгч Н.Хын хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болсон, түүний ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-т заасан ... нэгж /хэлтэс/ татан буугдсан үндэслэлээр Н.Хыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогч нь Н.Хтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө ажилтан Н.Ход гардуулан өгөөгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу тэтгэмжийг олгоогүй байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Хын нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Н.Хыг Ү ХХК-ийн Тусгай активын ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 сар 3 хоногийн цалинд 6.443.506/1.005.336+1.375.867+1.379.951=3.761.154,3.761.154:3=1.253.714,1.253.714:21,5=58.312, 1.253.714х5сар=6.268.570, 58.312х5хоног=174.936, 6.268.570+174.936=6.443.506/ төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Нэхэмжлэгч Н.Х нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй байх тул өөрийнхөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Н.Х-ыг Ү ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 6.443.506 / зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга таван зуун зургаа/ төгрөг гаргуулж Н.Ход олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118046 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО