Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1516

 

 

 

 

                                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Н.Улсболд,

хохирогч А.Б,

шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын М /РД:00000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ын өдөр ***** хотод төрсөн, **настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хархорин зах дээр худалдаа эрхэлдэг ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” үйлчилгээний төвд байрлах бэлэн хувцасны дэлгүүрийн гадна А.Б-той “Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан мөнгөө төл” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зууралдан газарт унаж, түүний чихнээс нь хазаж, хоолойноос нь боосны улмаас эрүүл мэндэд нь “биед зүүн чихний дэлбээнд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” үйлчилгээний төвд байрлах бэлэн хувцасны дэлгүүрийн гадна А.Б-той “Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан мөнгөө төл” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зууралдан газарт унаж, түүний чихнээс нь хазаж, хоолойноос нь боосны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь “биед зүүн чихний дэлбээнд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -“...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

               -Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 хуудас/,

               - Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 86-88-р хуудас/,

               -Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд дэлгүүрт байж байтал өмнө нь 3,000,000 төгрөг зээлээд гэрээ байгуулаад тухайн асуудал иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж М д 4,000,000 төгрөг өгөх шийдвэр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан байна. Би шүүхийн тогтоолоо авчихсан байна. Тэгтэл М  орж ирээд шүүхийн шийдвэр гарчихсан. Би мөнгөө бөөнөөр нь авмаар байна гэж хэлэхэд би шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн ямар хувиар төлөх талаар би мэдэхгүй байна. Би мөнгийг нь цувуулаад группийн мөнгөнөөс өгнө гэж хэлэхэд чи миний мөнгийг 10 жил төлөх гэж байгаа юм уу гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би та гар гэж хэлээд дэлгүүрээс гаргасан. Тэгтэл над руу дайраад элдэв бусаар хэлээд утсаараа бичлэг хийх гээд байхаар нь би гарт нь байсан утсыг нь булааж авсан. Тэгтэл өөдөөс дайраад зүүн талын чихнээс хазаад намайг дэлгүүрийн хаалга руу түлхэж унагаасан. Тэгээд чихнээс хазсан хэвээрээ манай эхнэрийн хувцас зардаг дэлгүүр лүү ороод хоолойноос мөн боосон. Тэгээд гар утсыг нь өгсөн чинь миний чихнээс хазахаа больсон. ...Би М аас өмнө нь мөнгө зээлсэн бөгөөд намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэх шалтгаанаар маргалдсан. ...миний бие одоогийн байдлаар шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, эм тариа авч холбогдох шинжилгээ өгсөн нийт 45,000 төгрөг, мөн гэмтлийн болон бусад газар луу биеэ үзүүлэхээр такси барьж явсан мөнгө 40,000 төгрөг нийт 93,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 14 хуудас/,

               -Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр цагдаа жолооч Давааренчингийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл “нэг хүүхэн хүний чих тас хазаал тэр хавиар орилж хашхираад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад тухайн газар нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П-д үйлчилгээний төвийн баруун талд байрлах бэлэн хувцасны дэлгүүрийн гадна очиж залгахад ахимаг насны эрэгтэй болон эмэгтэй хүн гарч ирсэн. Тухайн үед урьд зээлсэн мөнгөний асуудлаас болоод хоорондоо маргалдсан асуудал байсан. Тэгээд хохирогч холбогдогчийн тухайн өдрийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарт хүлээлгэн өгсөн. ...Тухайн үед дуудлага өгсөн гэх эрэгтэй хүний аль чих байсныг нь санахгүй байна. Чихнээс нь цус гараад шүдний ором орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

                 -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:  

               “...1. А.Б-жийн биед зүүн чихний дэлбээнд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хазах үйлдлээр үүснэ.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

               5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторхи хугацаанд үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.М ын яллагдагчаар өгсөн: “...тэгэхээр нь би шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд өгөхгүй юм уу? гэхэд би сард 10,000 төгрөг л өгнө. Би өвчтэй байна. Чи өвчтэй хүнээс мөнгө нэхлээ би чамайг шар махтай чинь хатаана гэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний утсыг булааж аваад нүүр лүү гараараа түлхсэн /мангасдсан/ тэр үед миний баруун талын нүд рүү хуруу нь орсон. Тэгэхээр нь би утсаа авах гэтэл өгөхгүй толгойгоороо түлхээд байсан. Тэгээд бид хоёр газарт хамт унасан. Тэр үед би чихнээс нь хазсан. Тэгээд би хазахаа болиод тавихад чихнээс нь цус гарсан байна. Тухайн үед цагдаа дуудна гэхээр нь би цагдаа дуудсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж /хх-ийн 61-р хуудас/ мэдүүлж байсан.

-Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 79-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 80-р хуудас/, төрийн мэдээллийн сангаас гарах, лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-ийн 81-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 83-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-74-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг үүсэх үндэс нь 2021 онд миний ажиллуулж байсан цайны газрыг надтай хамт ажиллаж байсан тогооч А.Б-ийг танилцуулаад чи тогоочгүй юм чинь наад цайны газраа манай ахад зээлээр зарчих гээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулаад авсан. 2021 онд цайны газрыг ажиллуулж ажиллуулчихаад би авч чадахаа болилоо гээд манай эд зүйлийг орхиод явсан. Зөндөө дутуу юм өгсөн. Дутуу зүйлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ногоон бүс төсөл хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлаар нь тавигдсан ах нь чамд туслаад Төв аймагт чамайг газартай болгоод өгнө гэх зэрэг сайхан сайхан юм хэлээд өнгөрсөн. Чиний эд зээлийг дутуу өгсөн ч гэсэн бүгдийг нь төлчихнө гэхээр нь би  итгээд 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Эхнэр нь зээлийнхээ үлдэгдлийг хаах хэрэгтэй болчихлоо гэж хэлээд надаас 5,250,000 төгрөг дахиад авсан. Зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдээд би Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гээд явж байгаа. Цайны газрын эд зүйлээс ширээ сандал буцааж өгөөгүй, миний монгол гэрийг хүртэл амралтын газар нээж байгаа тэндээ манаачийн гэр болгоод барьчихья мөнгөөр нь авна гэж хэлээд авч явсан боловч манаачийн гэрийг нь машин дайрсан гээд эвдэрсэн юмнуудыг нь өгсөн. 2022.09.26-ны өдөр уулзаад мөнгөө төл би хохироод байж байна гэхэд шийдвэр чинь гарсан шүүхийн шийдвэрт очихоор нь би группийн мөнгөө авахаараа цувуулаад сард 10,000 төгрөг өгсөн ч хуульд болдог юм гэсэн. Би мөнгөө бөөнд авна гэж маргалдаад утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд гар утсыг булааж авсан. Гар утсаа авах гээд бид 2 барьцалдаж байгаад чихнээс нь хазаад уначихсан. Б эхнэртэйгээ яриад цагдаад дуудсан...” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхийн шийдвэр дээр нэг зарчим байдаг юм шиг байгаа юм. Тэр хүн чинь төлөхгүй гээд байна уу яаж барагдуулах вэ гээд асуухаар надаас хэрүүл өдөж ямар нэг байдал үүсгэх гээд байсан байгаа юм. Манай эхнэрээс мөнгөө нэхэмжилсэн хурал нь 16 цагт байсан. Тэр шүүх хуралдааныг хойшлуулаад над дээр ирсэн байгаа юм. Дэлгүүр дээр эхнэрийг хүлээгээд сууж байтал орж ирээд хөөе луйварчин минь мөнгөө бүтнээр нь авна гэсэн. Шүүхийн шийдвэр гарсан төлөх нь үнэн гэхэд одоо бэлнээр нь авна гэхээр нь орлого гэх юм байхгүй, сая группт орсон тэр мөнгөнөөсөө өгөөд явна гэж хэлсэн. Чи тэгээд хэдийг надад өгөх юм гэхээр нь шүүхийн шийдвэр 10, 20 мянга гэж тогтоохнуу тогтоосон хэмжээгээр нь өгөөд явна тэртээ тэргүй өгөхөөс хойш над дээр ирж хэрүүл хийгээд байх юм байхгүй гар гээд дэлгүүрээс хөөгөөд гаргасан. Луйварчин минь чи надад 10,000 төгрөгөөр төлвөл чиний нас хүрэхгүй үхэх гэж байгаа биз дээ гээд хэрүүл өдөөд бичлэг хийгээд байхаар нь утсыг нь булаагаад авсан. Намайг утас аваад эргэхэд чихэн дээрээс хазаад би дэлгүүрийн босгонд бүдэрч унаад чирээд явсан. Би астомтай, хүчил төрөгчийн дутагдалтай, би 3,000,000 төгрөг мөнгө зээлж аваад 3 сарын хугацаанд хүүг нь төлсөн би ковид тусаад сэхээнд ороод амьсгалын аппратгүй бол эмнэлгээс гаргахгүй гээд эхнэр энэ хүнээс мөнгө зээлээд аппарат авсан. Тэгээд би 80%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтай гэртээ байдаг. Эмнэлэгт үзүүлээд явсан 44,170 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Б-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.М нь хохирогч А.Б-ийн зүүн чихнээс хазаж, хоолойноос нь боож хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Б нь эмчилгээний зардал 44,170 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Б.М ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч А.Б-ид учирсан гэмтлийн шинж чанар, хохирол учирсан байгаа илэрхий нөхцөл байдал эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд түүний нэхэмжилсэн 44,170 төгрөгийг шүүгдэгч Б.М аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Шүүгдэгч Б.М нь хохирогчид 44,170 төгрөгийн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг, эрүүл мэндийн хувьд 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай нөхцөл байдлуудыг нь харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь тохиромжтой гэж үзэв.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

         

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА