Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/873

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ******* /онлайнаар/,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Туяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3314/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2103000460287 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо *** бодогчоор ажиллаж байгаа, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, ***гудамж *** байр, *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу *** ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. 6.3 дахь хэсэгт заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, Ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилтын” 1 дэх хэсэгт заасан /***-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах/, 1.6 дахь хэсэгт заасан /Бараа материал болон үнэт зүйлсийг худалдан авах, бэлтгэн нийлүүлэх ажил үйлчилгээг хянана/ гэснийг тус тус зөрчиж, 2019 онд үүсгэн байгуулагдсан өөрийн төрсөн дүү Ц.Б-гийн эзэмшлийн “***” ХХК-тай гэрээ байгуулалгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зах зээлийн ханш нь 156.6 төгрөгийн үнэлгээтэй 10,000 ширхэг амны хаалтыг 250 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зах зээлийн ханш нэг бүр нь 37,766.6 төгрөгийн үнэлгээтэй “цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл” 24 ширхгийг нэг бүр нь 63,400 төгрөгөөр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зах зээлийн ханш нь нэг бүр нь 48,425.9 төгрөгийн үнэлгээтэй Vingyawang /вингойванг/ үйлдвэрийн гурван өнгийн фонарь гэрэл 10 ширхэг нэг бүр нь 168,000 төгрөгөөр тус тус худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон улмаар *** Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 2,744,943 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч “***”-ын хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2,744,240 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс өөр *******той холбоотойгоор шалгуулах асуудал байхгүй. Мөрдөн ажиллагааны явцад 2,744,240 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул дээрх хохирлыг *******ос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 50 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч ***ын асуудлыг цагдаагийн байгууллагаас илрүүлээд манай байгууллагад мэдэгдсэн. ***-аас олж илрүүлсэн зүйл байхгүй. Манай байгууллагад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо шүүгдэгч *******ос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “*******” нь бараа материал худалдаж авахдаа *******ний харьяа нэгжээс шаардлагатай бараа материалын захиалгын хуудсаар болон хөдөлгөөний аюулгүй байдлын тасралтгүй байдлыг хангахын тулд 15 өртөө зөрлөгийг бараа материалаар хангах ажлыг зохион байгуулдаг, гэхдээ ***ын хангамжийн алба болон худалдааны төвөөс шаардлагатай бараа материалаа ханган нийлүүлдэг эдгээрт байдаггүй болон хангах боломжгүй бараа материалыг иргэн, аж ахуйн нэгжүүдээс нөөцөд байлгах бараа материалыг *******ний ерөнхий нягтлан бодогч ***ын зөвшөөрөл зааварчилгааны дагуу авч бараа материалыг иргэн аж ахуй нэгжүүдээс 1 сая төгрөг доторх үнийн дүнтэй бараа материалыг гэрээгүйгээр шууд худалдан авалт хийж ханган нийлүүлдэг, 5 сая төгрөг хүртэлх бараа материалыг *******ний эдийн засагч /******* гэж байсан/ ***ын судалгаа, Худалдах Худалдан авах гэрээ, Засвар үйлчилгээний гэрээг Ажил үйлчилгээний гэрээ хийж бараа материал ажил үйлчилгээг зохион байгуулдаг. ...Шууд болон Худалдах худалдан авалтын гэрээний дагуу нэхэмжлэх падаанаар төлбөр тооцоо шилжүүлгийн дагуу хийгдэж дууссаны дараа бараа материалаа татан авдаг, зарим тохиолдолд иргэн аж ахуй нэгжтэй тохиролцон дараа төлбөр төлөх тохиролцоогоор /зээлээр/ худалдан авалт хийгддэг. Намайг ажилд орсноос хойш “***” ХХК, ******* ХХК, ******* ХХК, “*******” IIc, “***” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд олон удаагийн давтамжтай бараа материал нийлүүлдэг байсан. Үүнээс “***” ХХК нь 2020 оны 4 дүгээр сард нэгжийн үнэ 168,000 төгрөгийн үнэтэй нийт 10 ширхэг, нийт үнэ 1,680,000 төгрөгийн өнгөт фонар нийлүүлсэн, ХХГ/20/784 дугаартай Худалдах худалдан авах гэрээ нь 2020 оны 5 дугаар сарын 06-нд баталгаажсан байгаа. Мөн 2020 оны 9 дүгээр сард нэг удаагийн амны хаалт маск нэгжийн үнийг нь 300 төгрөг буюу 1200 ширхэг нийт үнэ 360,000 төгрөгийн маск амны хаалтыг зах зээлийн ханшаас өндөр үнээр нийлүүлсэн, корона вирустэй холбоотойгоор *******ний захиргааны нийт ажилчдыг Улаанбаатар зочид буудалд хөл хорионы тусгаарлалтад байх хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сард “***” ХХК нь 10000 ширхэг нэг удаагийн амны хаалт маскийг нэгжийн үнийг нь 250 төгрөг буюу 2,500,000 төгрөгөөр нийлүүлсэн байсан нь мөн үеийн зах зээлийн дундаж ханшаас дээгүүр худалдан авсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал),

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“***” ХХК гэх компани нь манай захиргаа болон санхүүгийн ажилчдын дам яриагаар ерөнхий нягтлан бодогч ***ын ах дүү хамаатан садангийн компани гэх яриа байдаг. Энэ компани нь миний мэдэж байгаагаар 3 өнгөт гэрлээр асдаг гар чийдэн, принтерийн хор, амны нэг удаагийн хаалт маск зэргийг худалдан авсан байсан... 2020 оны 11 дүгээр сард *******ний захиргааны нийт ажилчид корона вирусийн ойрын хавьтлаар тогтоогдож Улаанбаатар зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны шөнөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн оройг хүртэл тусгаарлагдсан, энэ хугацаанд ерөнхий нягтлан бодогч ***ын зааварчилгаа чиглэлээр ***ыг орлон ажиллаж байсан материалын нягтлан бодогч *** нь “***” ХХК-иас 10000 ширхэг нэг удаагийн амны хаалт маскийг нэгжийн үнийг нь 250 төгрөг буюу нийт 2500000 төгрөгөөр нийлүүлсэн байсан нь мөн үеийн зах зээлийн дундаж ханшнаас хэд дахин дээгүүр худалдан авсан байсан. Энэ талаар *******ний дарга *** нь надад 2020 оны 12 дугаар сарын сүүлээр “***” ХХК-иас маск үнэтэй худалдан авсан байна, зах зээл дээр нэг удаагийн Хятад улсад үйлдвэрлэсэн амны хаалт маск нь ямар үнэ ханштай байгаа талаар зах зээлийн судалгаа хий гэж үүрэг болгосны дагуу судалж зах зээл дээр худалдаанд байгаа ижил төрлийн амны хаалт маск нь 70-100 төгрөгийн ханштай байсан ба энэ талаар *******ний даргад танилцуулахад шуурхай хурал хийж зөрүүг төлүүлэх арга хэмжээ авъя гэж хэлсэн боловч ковид вирустэй холбоотой хурал шуурхай хийгдээгүй өнгөрсөн. Манай *******ний бичиг хэрэг албан хэрэгцээний принтерийн хор /хуурай/ нь албан хэрэгцээнд шаардлага хангахгүй, цөөн хуудас хэвлээд дуусах, гоожих, принтерт таарахгүй марк загвар өөр, гэх санал гомдол ажилчдаас аман хэлбэрээр маш их ирж байсан. Үүний дагуу би аж ахуй эрхлэгчийг дуудаж тодруулахад ******* нь Төмөр замын худалдааны байгууллагаас худалдан авалт хийхгүйгээр зах зээлээс өндөр үнээр, чанар муу баталгаагүй марк төрөл зөрсөн аж ахуй эрхлэгчид хүчээр өгч орлого авхуулсны дараагаар зарлага гарга гэж тухай үед хэлж байсан байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оноос хойш *******нд ажиллаж байгаа ба 2020 оны 5 дугаар сараас *******ний даргын тушаалаар *******ний тооцооны нягтлан бодогчоор томилогдож ажиллаж эхэлсэн. Манай ******* нь бараа материал худалдаж авахдаа *******ний харьяа нэгжээс шаардлагатай бараа материалын захиалгын хуудас ирсний дагуу нэгтгэж бараа материалаар хангах ажлыг зохион байгуулдаг. 1 сая төгрөг дотор худалдан авалтыг манайх шууд хийж байгаа, нийлүүлэгч талыг аж ахуйн эрхлэгч буюу нярав өөрөө гадуур явж байгаад худалдагч талаар нэхэмжлэх бичүүлж аваад даргаар оруулж цохолт хийлгээд ерөнхий нягтлан хянаад шаардлагатай бол мөнгөн шилжүүлэг хийнэ. Мөн эдийн засагчаар давхар хянагдаад явдаг. Корона вирусийн халдварын тохиолдол *******ний ажилтнаас илэрсэнтэй холбоотойгоор *******ний Захиргаа аж ахуйн нийт ажилтнууд тус халдвартай ажилтны ойрын хавьтал гэж тодорхойлогдоод Улаанбаатар зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө хөл хорио тусгаарлагдсан тухайн үед би ээлжийн амралт эдэлж байсан учраас тусгаарлалтад ороогүй. 2020 оны 11 дүгээр сарын 19-нд ажилдаа дуудагдаж орсон ба намайг ажилдаа ороход сургалтын менежер *** бид хоёр л байсан. Удалгүй хоёр хоноод *** корона вирусийн хавьтагч гэж тодорхойлогдоод хөл хорионд орсон. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн хөл хорио хийгдсэн байхад байгууллагад яаралтай корона вирусийн халдвар хамгааллын хэрэгсэл авах нөөц бүрдүүлэх чиглэл удирдах газраас замын 1 дүгээр орлогч Милостных И.В-гээс ирсний дагуу яаралтайгаар амны хаалт маск хамгаалах хувцас хэрэгсэл авах шаардлагатай болсон ба энэ үед ерөнхий нягтлан бодогч ******* руу утсаар залгаж нөхцөл байдлыг танилцуулахад амны маск бол байгаа тээшин дээр ирсэн байгаа гээд утасны дугаар өгөөд тэр дугаарыг нь хэлээд авчих гэсний дагуу би 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******ний хөдөлгөөний техникч ***гийн /***/ утасны дугаартай хамт очиж авахад 2 хайрцагтай нэг хайрцагт нь 5000 ширхэг, нийт 10,000 ширхэг амны хаалт, савлагаатай нэг удаагийн маск хүлээн авсан ба маргааш өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* надтай фейсбүүк чатаар холбогдож 10.000 маскийн нэхэмжлэх зарлагын баримтыг жижүүр дээр үлдээсэн байгаа аваарай гэж захидал бичсэн байсан санагдаж байна тэрний дагуу жижүүр дээрээс 2020 оны 11 дүгээр сарын 20-нд авахад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичигдсэн 6476481 регистрийн дугаартай “***” ХХК-ний Маск нэг удаагийн 10,000 ширхэг нэг бүрийн үнэ нь 250 төгрөг нийт үнэ 2.500.000 төгрөгийн зарлагын баримт хүлээлгэн өгсөн эд хариуцагч Хүдэрмаа, мөн “***” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж огноолсон маск 10.000 ширхэг 250 төгрөг нийт үнийн дүн 2.500.000 төгрөг гэсэн нэхэмжлэх ирсэн байсныг өртөөний харуулаас авч нэхэмжлэх төлбөрийн даалгавар 807 дээр *******ний даргыг орлож байсан *** даргаар цохолт хийлгээд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны салбараас 2.500.000 төгрөгийг “***” ХХК-ний “Хаан банк” дахь *** тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),

5. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард *******нд манай компани 10.000 ширхгийг нэгжийн үнийг нь 250 төгрөгөөр бодож нийлүүлсэн байгаа. Энэ ажлын талаар манай төрсөн эгч ******* надад танай компанийн дансаар маск нийлүүлээд мөнгийг нь гаргаад авчихъя гээд манай компанийн нэрээр *******нд нэг удаагийн амны хаалт маск гэрээ байгуулалгүй нийлүүлэгдсэн, энэ ажлыг эгч сайн мэдэж байгаа. Энэ ажлын зарлага нэхэмжлэлийг би бичилт хийлгүйгээр эгч *******д “***” ХХК-ний тамга дарж өгч байсан. Энэ маскийн үнэ болох 2.500.000 төгрөгийг компанийн Хаан банк дахь *** тоот данснаас эгч ******* миний олгосон кодын дагуу шилжүүлж авсан. ...Би төрсөн эгч *******ор “Хаан банк”-нд манай “***” ХХК-ийг төлөөлж орлого хийх зарлага гаргах болон санхүүгийн бусад эрхийг олгосон итгэмжлэл хийж өгсөн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал),

6. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *******нд бичиг хэрэг, мөнгөний нярваар ажиллахаар *******ний даргын тушаал гарч анх ажилд орсон ба одоог хүртэл уг албан тушаалдаа ажиллаж байгаа. Миний хийж гүйцэтгэдэг ажил бол *******ний даргад ирж байгаа албан бичиг тоотуудыг хүлээн авч даргад танилцуулан холбогдох тасгийн хүмүүст нь дамжуулан өгдөг, мөн *******нөөс явсан албан тоотод дугаар өгч хүргүүлдэг. Санхүүгийн чиглэлээр бол дарга ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрөлтэй банкнаас чекээр бэлэн мөнгө авах, төлбөрийн даалгаврын гүйлгээг банкин дээр хийж цалингийн жагсаалтыг гэрээтэй банканд хүргэж өгөх, ерөнхий нягтлан болон даргын гаргасан бэлэн мөнгөний зарлага болон орлогын ордероор бэлэн мөнгө тараах, болон орлого авч кассын тайлан гаргах гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Ерөнхий нягтлан бодогч ***ын шууд удирдлагад ажилладаг. ...Хүний нөөцийн ажилтан *** ээлжийн амралтаа авсан байх хугацаанд тэмдэг над дээр байх үед би төлбөрийн даалгаврууд дээр тэмдэг дарж байсан. Дээрх төлбөрийн даалгавруудыг харахад ихэвчлэн сарын сүүлийн өдөр хийгдсэн өртөөний дарга ***ийн үсэгнүүд нь яг адилхан хэлбэр хэмжээтэй хэвлэх төхөөрөмж канон ашигласан байж болзошгүй гэмээр харагдаж байна. ...Сарын сүүлд санхүүгийн байгууллагын данс балансаараа дансны үлдэгдэлтэй байж болохгүй гэх шалтгаанаар сарын сүүлээр төлбөрийн даалгавар бичих үед дарга эзгүй байх юм бол даргын гарын үсгийг канондоод эх хувийг гүйлгээ хийсэн банканд үлдэх хувь болох хувилсныгаа санхүүгийн баримтад хадгалдаг байх гэж бодож байна. Хэрвээ тийм байвал энэ ажлыг ерөнхий нягтлан хийдэг байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-148 дахь тал),

7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******той хамаатан, саданы холбоо байхгүй. Ерөнхийдөө *******, Замын-Үүд өртөө нь нэг байгууллагын хоёр нэгж тул нэгнийгээ 2013 оны 1 дүгээр сараас хойш мэднэ. *******той айхтар дотны найз, нөхдийн холбоо байхгүй ба мэдэхгүй зүйлээ нэгнээсээ асууж, ажил мэргэжлийн тал дээр ярилцдаг асуудал байдаг. *******той холбоо бариагүй удаж байгаа байх... ...*** бид хоёр хоорондоо мөнгө зээлж өгч, авч байсан тохиолдлууд байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн төлбөр, тооцооны асуудал байхгүй... 2020 оны 10, 11 дүгээр сарын үед галт тэрэгний хөдөлгөөн зогссон байсан. Тэр үед манай 10-аад өртөөнийхөн амны хаалт буюу /макс/-ны эрэлд гарцгаасан юм. Тэгэхэд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явуулах гэж байсан 10,000 ширхэг маскийг Зорчигч үйлчилгээний төвийн тээшинд хадгалуулж байсан. Энэ ямар учиртай маск вэ гэхээр намайг Замын-Үүдэд ажлаа хийгээд байж байхад манай нутгийн /одоо хэн гэдгийг санахгүй байна/ нэг охин эгчээ та 10,000 ширхэг маскийг тээшинд хийгээд Улаанбаатар хот руу оруулаад өгөөч би Сүхбаатар аймаг руу явуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тээшинд хийгээд Улаанбаатар руу явуулсан. Манай өртөөнийхөн маскны эрэл сурал болж байхаар нь би Улаанбаатар руу тээшинд хийж явуулсан маскийг санаад *******д энэ талаар хэлтэл ******* тэгвэл би маскийг чинь авъя гэсэн. Улмаар тээшин дээр байсан болохоор очоод л авчихсан байх. ******* нь над руу маскны үнэ гэж 1,900,000 орчим төгрөгийг өөрийн Хаан банк дахь *** дугаартай дансаар дамжуулан авсан. Миний данс руу яг хаанаас мөнгө орж ирсэн гэдгийг би санахгүй байна. Би өөрийн интернэт банкны дансны хуулганаас харахад 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр *** ХХК-ийн Хаан банк дахь *** дугаартай данснаас миний Хаан банк дахь *** дугаартай данс руу /маск/ гэх утгаар 1,900,000 төгрөг орж ирсэн байна. Би уг мөнгө орж ирсэн даруйд өөрийн дансны үлдэгдэл дээр нэмээд 2,500,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь *** дугаартай данс руу шилжүүлсэн байна. ******* бид хоёрын хооронд мөнгөний өглөг, авлагын тооцоо байсан хэдий ч дээрх маск худалдсан цаг хугацаанаас өмнө дууссан байсан. Тэр үед би *******д нэг ширхэг максыг хэдэн төгрөгөөр зарахаар тохиролцсон гэдгээ санахгүй байна. ******* над руу 1,900,000 төгрөг максны үнэ гэж шилжүүлснийг бодохоор нэг бүрийн үнийг 190 төгрөгөөр тохиролцсон болж таарч байна. Би Худалдаа хөгжлийн банкны интернэт банкаар өөрийн *** дугаартай дансны хуулгыг харахад 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2,500,000 төгрөг орж ирээд 3,137,968 төгрөгийн үлдэгдэлтэй болсноос би тэр өдөртөө 454061650 дансны зээлийн төлөлтөд 1,005,205 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 680,000 төгрөгийн, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,634 төгрөгийн, 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 900,000 төгрөгийн орлогыг тус тус хүлээн авч 3,724,134 төгрөгийн дансны үлдэгдэлтэй болсноос хойш ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байна...” (5 дахь хавтас хэргийн 227-228 дахь тал),

8. “***” ХХК, *******, Ц.Б- нарын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (5 дахь хавтас хэргийн 233-234 дэх тал),

9. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн Голомт банк дахь *** дугаартай дансны 2020 оны 1 дүгээр сарын хуулгыг харахад ***ын Хаан банк дахь *** дугаартай данс руу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1,300,000 төгрөгийг “зээлэв ***” гэх утгаар шилжүүлж улмаар буцаагаад ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр миний Хаан банк дахь *** данс руу буцаагаад “Зээл төлөх” гэх утгаар шилжүүлсэн байна. ******* энэ үед 2-3 удаа мөнгө зээлье гээд надаас гуйж байсан юм...” гэх мэдүүлэг (5 дахь хавтас хэргийн 236 дахь тал),

10. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний тухайд *******нд болон өөр газруудад Фонарь гэрэл болон бусад ямар ч бүтээгдэхүүн нийлүүлж байсан удаа байхгүй... Би хаан банканд ***, *** дугаартай данснуудыг эзэмшдэг ба *** дугаартай данс нь нэлээд удаж байгаа санагдаж байна. Яг хэзээ нээж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (5 дахь хавтас хэргийн 238 дугаар тал),

11. ***гийн Хаан банк дахь *** тоот, ***ийн Голомт банк дахь *** тоот дугаартай дансны хуулга (5 дахь хавтас хэргийн 240, 243 дахь тал),

12. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 27-37 дахь тал),

13. Хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 186-196 дахь тал),

14. *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн *******ний Голомт, Төрийн, худалдаа хөгжлийн банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал),

15. Шүүгдэгч ******* болон “***” ХХК-ний дансны хуулга (3 дахь хавтас хэргийн 117-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 1-71 дэх тал),

16. Ц.Б-гийн Хаан банк дахь *** дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 142-144 дэх тал),

17. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2987 дугаартай шинжээчийн дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал),

18. *******ний Ерөнхий нягтлан бодогч ***ын ажил байдлын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал),

19. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 03/1227 дугаартай албан бичиг (5 дахь хавтас хэргийн 168 дахь тал),

20. Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг ***ын Улсын бүртгэлийн лавлагаа (5 дахь хавтас хэргийн 171 дэх тал),

21. Шүүгдэгч ***ын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нууцын гэрээний хуулбар (4 дэх хавтаст хэргийн 214-218, 219-221, 222-224 дэх тал),

22. Хуулийн этгээд “***”-ийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар (4 дэх хавтаст хэргийн 230-231 дэх тал),

23. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “***ийн *** (***)-ын мэдээллийг үзэхэд “***” ХНН-ийн ******* дахь Ерөнхий нягтлан бодогч албан тушаалаар 2014*, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг мэдүүлсэн бүртгэлтэй байх тул Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэхээр байна.” гэх албан тоот (4 дэх хавтаст хэргийн 233 дахь тал),

24. ***ын 2020, 2019, 2018 онуудын албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгүүдийн хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 236-238, 239-241, 242-244, 245-247 дахь тал),

25. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер: “...*** ХНН-ны *** дугаартай данс руу 2,744,943 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн талаарх” (5 дахь хавтаст хэргийн 249, 250 дахь тал),

26. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 207 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5 дахь хавтаст хэргийн 65 дахь дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу *** ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Ц.Б-гийн эзэмшлийн “***” ХХК-тай гэрээ байгуулалгүйгээр 3 удаагийн үйлдлээр буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зах зээлийн ханш нэг бүр нь 37,766.6 төгрөгийн үнэлгээтэй “цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл” 24 ширхгийг нэг бүрийг нь 63,400 төгрөгөөр тооцож, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зах зээлийн ханш нь нэг бүр нь 48,425.9 төгрөгийн үнэлгээтэй “Vingyawang /вингойванг/ үйлдвэрийн гурван өнгийн фонарь гэрэл” 10 ширхгийг нэг бүрийг нь 168,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зах зээлийн ханш нь нэг бүр нь 156.6 төгрөгийн үнэлгээтэй “амны хаалт”-ыг 10,000 ширхгийг 250 төгрөгөөр тооцож тус тус худалдан авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож *** Хувь нийлүүлсэн нийгэмлэгт нийт 2,744,943 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч ***ын дээрх үйлдлийг Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэсэн, Ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилтын” 1 дэх хэсэгт заасан /***-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах/, 1.6 дахь хэсэгт заасан /Бараа материал болон үнэт зүйлсийг худалдан авах, бэлтгэн нийлүүлэх ажил үйлчилгээг хянана/ гэснийг тус тус зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэж, гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд  нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдийг ойлгох бөгөөд ***ын *******ний ерөнхий нягтлан бодогч нь дээрх субъектэд хамаарах болох нь хэрэгт авагдсан ***ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нууцын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05/3055 дугаартай албан бичиг, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. 

Мөн “Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомж, дүрэм журам, албан тушаалын тодорхойлолт зэргээр олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө буюу тухайн нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг, “Урвуулан ашиглах” гэдэгт албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “Өөртөө давуу байдал бий болгосон” гэдэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох хохирогч “***”-ын хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг, гэрч ***, ***, ***, Ц.Б-, ***, ***, ***, *** нарын мэдүүлгүүд, “***” ХХК, *******, Ц.Б- нарын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, ***гийн Хаан банк дахь *** тоот, ***ийн Голомт банк дахь *** тоот дугаартай дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн *******ний Голомт, Төрийн, худалдаа хөгжлийн банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2987 дугаартай шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээд “***”-ийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, “***”-ын улсын бүртгэлийн лавлагаа баримтууд болон шүүгдэгч ***ын хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу *** ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон *** Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.744.943 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Туяа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн” болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас *** Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2.744.943 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд 2.744.943 төгрөгийг *** ХНН-ны *** дугаартай дансанд нөхөн төлсөн (5 дахь хавтаст хэргийн 250 дахь тал) болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анчин овогт ***ийн Солонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БОЛОРТУЯА