Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 006

 

 

Х.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 721 дүгээр шийдвэртэй, Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 5095937 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай.

           

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Х.Е намайг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн  110/ШШ2017/0008 тоот шийдвэрээр тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож мөн өдөр хүртэлх цалин хөлс нөхөн олговрыг гаргуулан олгосон. Энэ шийдвэр нь давж заалдах болон хяналтын журмаар эцэслэн хэлэлцэгдэж шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний сарын цалинг анхан шатны шүүх 648039 төгрөгөөр тогтоосон бөгөөд үндсэн цалин 540033 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 20% буюу 108006 төгрөг байсан нь хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан. Шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл 2017 оны 9 сарын 27-ны өдөр хүртэлх 7 сар 19 хоногийн нөхөн олговор болох/7 х 648039/+/19 х 29456/=5095937 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын данснаас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагч Б.Сьезханд даалгаж шийдвэрлэж өгнө үү. Цалингийн тодорхойлолтыг хувийн журмаар гаргуулах боломжгүй байгаа ба миний авч байсан цалин хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан тул дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.

           

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Х.Е нөхөн олговор гэх 5095937 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С би дараах үндэслэлээр тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн хэлтэст нийт 65 хүн ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийт 45 хүн ажиллах төсөв орон тоотойгоор одоо ажиллаж байна. Яам болон Ерөнхий газраас дээрх батлагдсан орон тооны хэмжээнээс илүү ажилтан авч ажиллуулахыг хориглосон тухай болон цалин төсвийн мөнгийг үр ашигтай ашиглан, зарцуулах тухай албан бичиг удаа дараа ирсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон Х.Е-д нэхэмжилсэн нөхөн төлбөр ажилгүй байсан хугацааны цалинг манай газраас олгох ямар ч боломжгүй байгааг нотлон харуулж байна. Өмнө нь ажиллаж байсан гэх 65 хүнд одоогийн 45 хүний орон тоо бүтцэд ажиллаж байгаа хүний цалинг хувааж эсвэл танаж өгөх боломжгүй байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

2.Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх бөгөөд босоо удирдлагатай бидний үйл ажиллагааны хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх бололцоо хүндрэлтэй байна. Төсөв, орон тоо, цалин хөлс шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удирдлагадаа хүсэлт тайлбар бичсэн. Хариу ирээгүй байна. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлаар Х.Е-ын хэргийг сэргээж өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Эдгээр хүсэлтийн хариу иртэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

3. Мөн Х.Е-ыг би /тухайлбал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/-аас ямар нэгэн тушаал гаргаж ажлаас гаргаагүй, түүний маргаж байгаа орон тоонд шинээр гаднаас хүн аваагүй. Х.Е-аас олон жил тухайн албан тушаалд ажиллаж байсан хүнийг авсан. Иймд нэхэмжилсэн цалингийн тухай байгууллага болон би хариуцахгүй. Шүүх шударгаар шийдвэрлэх нь зүйтэй. Аль нэг талыг баримталж яаран шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна.”  гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 721 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4093388 /дөрвөн сая ерэн гурван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Х.Е-ын ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1002549 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х.Е-ын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат би тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 721 тоот шийдвэрийн илүү нэхэмжилсэн гэх 1002549 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдлыг гаргаж байна.Үүнд:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ”Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн байх тул Х.Е-ын сарын цалингийн дунджийг 648039 төгрөгөөр тогтоосон хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 08 тоот шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 16 дахь талд тодорхой дүгнэж ”Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2 сар 20 хоногийн нөхөн олговор буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх 2 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг арифметикийн аргаар бодож /6480397 х 2 сар/+/(6480397:21,5-301417) 301417x20 хоног/= 1898900 төгрөгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчдэд олгожээ. Үүнийг бодож олгохдоо мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Монгол Улсын НХХ-ийн сайдын 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хэрэглэн дундаж цалин хөлсийг тодорхойлж гаргуулсан болно” гэж цагаан дээр хараар бичиж дүгнэж байсан байна. Тийм учраас шүүгч К.Бүлдирген нь энэ журмыг дахин буруу хазгай хэрэглэн нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан байна.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 08 тоот шийдвэрийн ”Үндэслэх” хэсгийн 13 дахь талд ”Нэхэмжлэгч Х.Е нь 2015 оны 8 дугаар сараас Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ТЗ-5 зэрэглэлээр цалинжиж байсан байна” гэж дүгнэсэн байна. Энэ сүлжээ ёсоор анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан 8 дугаар сард 207561 төгрөгийн цалинтай төрийн захиргааны албан хаагч байхгүй гэдгийг шүүх анхаараагүй, анхаарахыг хүсээгүй ба зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахыг урьтал болгожээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тусгасан Х.Е 7 дугаар сард ээлжийн амралт авсан нь харагдсаар байхад 8 дугаар сард зөвхөн ажилласан хоногт нь ногдох цалин хөлсийг бодож гаргасан байхыг зөв дүгнээгүй байна.

3. Анхан шатны шүүх ХХН-ын сайдын 55 тоот тушаалаар баталсан журмын 5,6 дахь заалтуудыг хэрэглээгүй ба 7-а заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 721 тоот шийдвэрийн '‘Нэхэмжлэгч Х.Е-ын илүү нэхэмжилсэн 1002549 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцож олгохдоо алдаа гаргасан байх тул зөвтгөж, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

           

Нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5095937 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “...Х.Е-ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг манай газраас олгох ямар ч боломжгүй, батлагдсан орон тооноос илүү ажилтан авч ажиллуулахыг хориглосон, цалин төсвийг үр ашигтай ашиглан, зарцуулах талаар албан бичиг удаа дараа ирсэн нь нотлон харуулж байна...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Х.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын программ, хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад  даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2017/00267 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг хариуцагч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Е-ын  ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг тооцохдоо 000155058 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 8, 9, 10 дугаар саруудын нийлбэрээр тооцож дундаж цалинг 520547 төгрөгөөр тооцон 4093388 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь 8 дугаар сард бусад саруудаас илт бага буюу 207561 төгрөг, 7 дугаар сард  бусад саруудаас их буюу 1181942 төгрөгийн цалин хөлс авсан талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байх тул уг бичилтээс бусад саруудад ижил хэмжээнд авч байсан 6 дугаар сарын бичилтийг авч 6, 9, 10 дугаар саруудын /679040+677040+677040/ дундаж цалинг тооцоход 677706 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 31521 төгрөг байх бөгөөд  ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /677706х7сар+31521х19хоног/=5342848 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100435 төгрөг гаргуулан түүний 3935 төгрөгийг улсын орлогод, 96500 төгрөгийг нэхэмжлэгч Х.Е-ад олгохоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

            Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсан тул хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 721 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын ажилгүй байсан бүх хугацаанд нь түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5342848 /таван сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Х.Е-ын ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

 

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 3935 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, 96500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Е-ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

          

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                               

Д.КӨБЕШ