Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0707

 

      

  

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Э.У, Т.Б

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0692 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0329/З

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.Баас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжуудын 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0692 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2, 38.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг тус тус баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг гуравдагч этгээд Э.Ут шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. Иргэн Б.Б нь Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Зүүн аймаг постын зүүн талд 20,000 м.кв хэмжээтэй 1200100442 /18672297139284 хуучин/ нэгж талбарын дугаар бүхий газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. Иргэн Ц.А нь 2017 онд Б.Бд "...таны газрыг бусдад барьцаалж зээл аваад буцаагаад өгье..." гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр түүнд итгэмжлэл олгосон. Ц.А нь иргэн Э.Уоос зээл авахаар харилцан тохиролцсон бөгөөд Э.Уын шаардсанаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

Иргэн Э.У нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлт хуурамчаар үйлдэж Налайх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд Налайх дүүргийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг Э.Ут шилжүүлсэн. Иргэн Э.У нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээг Т.Бтэй байгуулж улмаар Налайх дүүргийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийг Т.Бд шилжүүлсэн.

3.2. Анхан шатны шүүх Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гээд уг захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсгийг дурдаад Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны А/117 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах болон Б.Бын газар эзэмших эрх сэргээлгэхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална" гээд 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах." гэж заасан. Уг заалтын хуульчилсан тайлбарт Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй." гэсэн байна.

3.4. Анхан шатны шүүх Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гээд уг захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаартай захирамжийг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг тогтоогдож байгаа тул иргэн Т.Бгийн үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.

3.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иргэн Ц.А нь Э.Уоос мөнгө зээлэх зорилготой байсан хэдий ч Э.Уын шаардлагаар газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан болохыг анхан шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Э.У тайлбарладаг. Тодруулбал Ц.А Э.У нарын хооронд байгуулсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогддог.

3.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иргэн Ц.А. Э. У нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, Э.У нь газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа хууль бус арга хэрэглэсэн байх тул Э.У Т.Б нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0692 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.

3.7. Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжуудын 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, Б.Бын газар эзэмших эрхийг сэргээлгэхийг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.8. ...Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4 дэх хэсэгт заасныг баримталж, Э.У нь баримт бичгийн бүрдлийг хууль бусаар шилжүүлсэн гэж шүүх үзсэн боловч Э.Уоос Т.Бд шилжүүлсэн нь хуульд нийцэж байна гэжээ. Шүүхийн уг шийдвэр нь хуульд заасны дагуу хэрэгжих боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэж байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл Э.У хууль бусаар бусдын газар эзэмших эрхийг олж аваад бусдад шилжүүлсэн үйлдлийн үр дагавраар Б.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаад байгааг анхаарч үзэх шаардлагатай. Анх газар эзэмших эрх олж авахдаа төрийн байгууллагыг хуурсан байхад дараагийн үр дагавар үүсгэж буй захирамжийг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Баас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжуудын 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

3.1. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Б.Баас маргаан бүхий газрыг шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдэл нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна” хэмээн үзэж маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжийн 1200100442 дугаар бүхий газрыг Э.Ут эзэмшүүлсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

3.2. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор, хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг ямар нэг байдлаар дуусгавар болгосон, эсхүл тодорхой нэг тохиолдол зохицуулагдаж эрх зүйн үр дагавар гарсан, нэг удаагийн үйлчлэл хэрэгжээд дууссан тохиолдолд түүний хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болох нь шүүхийн журмаар тогтоогдвол дээрх шийдвэрийг шүүх гаргах боломжтой.

3.3. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2018 оны А/37 дугаар захирамжаар Налайх дүүрэгт байрлах нэгж талбарын 1200100442 дугаар бүхий газрыг Э.Ут эзэмшүүлсэн, үүний дараа Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны А/117 дугаар захирамжаар 2018 оны А/37 дугаар захирамжийн Э.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Т.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар тодорхойлон маргаж буй 2018 оны А/37 дугаар захирамж нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч Б.Б нь Налайх дүүргийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1-р хороо, Зүүн аймаг постын зүүн талд нэгж талбарын 1200100442 /хуучнаар 18672297139284/ дугаар бүхий 20.000 м.кв хэмжээ талбайтай газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 0397469 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ”-г олгожээ.

Улмаар 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь Ц.Ат тус газрыг бусдад шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах, гэрээг холбогдох байгууллагуудад бүртгүүлэх, шилжүүлэх, лавлагаа авах бүрэн эрхийг олгож, Ц.А нь гуравдагч этгээд Э.Утой 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0397469 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг” байгуулсан бөгөөд Э.У нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Налайх дүүргийн газрын албанд дээрх газрыг өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр хүсэлт гаргаж, улмаар Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олгож, газар эзэмших эрхийн 000722161 дугаар гэрчилгээг олгосон байна.

Гуравдагч этгээд Э.У нь маргаан бүхий газрыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ”-ээр Т.Бд шилжүүлж, Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар иргэн Т.Бгийн эзэмшилд шилжсэн байна.

4.2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж тус тус заасан.

4.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээд Э.У нь Б.Бын эзэмшиж байсан газрыг 2017 онд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж өөрийн нэр дээр шилжүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Баярмаагийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1677 дугаар шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тогтоогдсон бөгөөд тухайн хүсэлтийн дагуу Налайх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2018 оны А/37 дугаар захирамжаар Налайх дүүрэгт байрлах нэгж талбарын 1200100442 дугаар бүхий газрыг Э.Ут эзэмшүүлсэн байна.

4.4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж тус тус зааснаас үзэхэд 2018 оны А/37 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдэл нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд тус актыг үндэслэн гарсан акт буюу маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Э.Уоос гуравдагч этгээд Т.Бд шилжүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны А/117 дугаар захирамж нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

4.5. Тодруулбал, анхан шатны шүүхээс ...хууран мэхлэх аргаар олж авсан эд хөрөнгө гэдгийг гуравдагч этгээд Т.Б мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байснаас үзэхэд гуравдагч этгээд Т.Б нь тухайн маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж үзэхээр байна. ...маргаан бүхий А/117 дугаар захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд мөнгөөр үнэлэгдэх хөрөнгөөр хохирохоор байна” хэмээн үзэж холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

4.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “... /захиргааны үйл ажиллагаанд/ хууль ёсны итгэлийг хамгаалах /зарчмыг баримтлах/”-аар заасан, ингэхдээ уг зарчмын агуулгыг “...Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй хэмээн тодорхойлжээ.

4.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын ерөнхий агуулга буюу хэрэглээ нь тухайн “итгэл” нь хууль ёсны дагуу үүссэн байх анхдагч шаардлагыг хангасан байх нь зайлшгүй төдийгүй мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан онцгой үндэслэлүүдээс бусад тохиолдолд, тухайн захиргааны актын хандсан этгээдийн итгэл хамгаалагдах ойлголт юм.

4.8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар эзэмших эрх нэхэмжлэгч Б.Баас гуравдагч этгээд Э.Ут шилжихдээ хууль ёсны дагуу шилжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд тус хууль бус актыг үндэслэн гарсан 2021 оны А/117 дугаар захирамжийн дагуу үүссэн газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх боломжгүй тул  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

4.9. Нөгөөтээгүүр, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар Прокурорын тогтоолд “...гэрч Т.Бгийн “Э.У нь манай нөхөр Ц.Д-ийн эцэг Л.Ц-ын сүүлд суусан эхнэрийнх нь хүүхэд” гэсэн мэдүүлэг, мөн ...Э.У нь дээрх газрыг эзэмших эрхийг Т.Бд худалдан шилжүүлж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б нь гаргуулан авсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжтэй байх боловч ...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна” гэснээс үзэхэд гуравдагч этгээд Т.Б нь тус газрыг хууран мэхлэх аргаар олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

4.10. Түүнчлэн, Захиргааны актын хүчингүй болгох хугацааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасанд мөн хуулийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, ... буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэх хуулийн зохицуулалт нь хамаарахгүй байх тул гуравдагч этгээд Т.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хууран мэхэлсэн гэж үзэх гэж байгаа бол захиргааны акт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан, түүнээс хойш 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны оны 3 дугаар сарын 12-ны өдөр дууссан” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0692 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2, 38.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/117 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай“ гэж, үүний дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/37 дугаар захирамжийн 1200100442 нэгж талбарын дугаартай газрыг гуравдагч этгээд Э.Ут шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

     ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

     ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН