Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2021/0008

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн   гомдолтой ;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.А    холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0299111 дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Х.Е, түүний өмгөөлөгч А,  хариуцагч аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ер, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийг төлөөлж захирал Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Өлгий сумын 11 дүгээр багт ээж, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт оршин сууж амьдардаг ба үүсгэн байгуулсан “Н” ХХК-ийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай “Ч”  худалдааны дэлгүүр ажиллуулдаг. Би өнгөрсөн сард гэхэд 30-40 сая төгрөгийн НӨАТ-ын баримт өгч  үйлчилсэн бөгөөд энэ талаар зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би  хувийн болон компанийнхаа бизнесийн ажлаар   2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод явсан,  “Ч” дэлгүүр дэх хүнсний бараа материалыг худалдаж,НӨАТ-ын баримт олгохыг  ээж  С.Кд тайлбарлаж хэлж өгөөд явсан. Ээж С.К 2020 оны  10 дугаар сарын 23-ны өдөр  үдээс хойш  нас барсан аавын хойд насны буяны ном уншуулж, бусад ажил хийхээр түр явсан ба  үдээс хойш өр төлбөртэй, зээлээ өгөхөөр ирсэн хүмүүсийн зээлийг цуглуулахыг даалгаж, миний төрсөн дүү Х.Сыг 2 цагийн хугацаанд “Ч” дэлгүүрт түр суулгасан байна. Урьд өмнө нь манай дүү дэлгүүрт худалдаа хийж байгаагүй, барааны үнийг мэдэхгүй юм.Тэр өдөр дүү Х.С нь дэлгүүр дотор зээл өгөх хүмүүсийг ирэхийг хүлээж, түр сууж байхад үл таних нэг эмэгтэй 17 цагийн орчимд ирж, дэлгүүрийн лангуунаас  3500 төгрөгийн  боорцог авахад дүү Х.С “Би худалдаа хийхгүй,учир нь НӨАТ-ын баримт өгч чадахгүй. Хэрэв НӨАТ-ын баримт авна гэвэл түр хүлээнэ үү,ээж НӨАТ-ын баримтыг гаргаж өгдөг,эсвэл ойролцоо дэлгүүрээс боовыг аваарай“ гэж учраа хэлсэнд нөгөө хүн “Ийм боовыг өөр дэлгүүрээс авахгүй,чи худалдаа хийхгүй, НӨАТ-ын баримт олгохгүй бол юундаа суугаад байгаа юм” гэх мэтээр дайрч давшиж  дүү Х.Сыг загнаад 3500 төгрөгийг өгчхөөд явчихжээ. Х.С тэр эмэгтэйд  “Та гар утасныхаа дугаарыг үлдээнэ үү? Таны дугаараар НӨАТ-ын кодыг явуулчихъя” гэхэд утасны дугаарыг өгөлгүй явжээ. Миний бие Улаанбаатар хотод ажил хэргээр явж байхад аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.А над руу холбогдоод танай дэлгүүрт НӨАТ-ийн баримт өгөөгүй гэж гомдол гаргасан, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл та өөрөө ирэх ёстой, эсвэл хариуцах хүнийг  томилж өгөхгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоно гэснээр миний бие өөрийн дүү болох Х.Сыг томилж, мэдүүлэг  өгөхийг зөвшөөрсөн албан бичиг илгээсэн. Х.Сд “Татварын хэлтэст очоод учир байдлаа хэлээрэй” гэснээр Х.С очоод болсон явдлыг тайлбарласан. Тэгээд маргааш өдөр  нь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.А над руу залгаад торгосон гээд хэлсэн, 11 дүгээр сарын 03-ны өдөр  Баян-Өлгий аймгийн шуудангаар манай гэрт торгуулийн хуудас хүргүүлсэн. Дээрх болсон байдлыг улсын байцаагч А.А нь цаг үед нь шалгаж нягтлалгүй, учир байдлыг нарийн шалгалгүйгээр шууд торгуулийн тасалбар бичээд улмаар хотод ажлаар очоод байсан надад Х.Сыг итгэмжлэлээр томилохыг мэдэгдэж асуудалд хэт нэг талыг барьж хандсан гэж үзэж байна.   Улсын байцаагчид дүү Х.С маань учрыг хэлж  тайлбарлан торгуулийг зөвшөөрөөгүй байсан байхад ээжийг минь асууж, тухайн өдрийн хүндэтгэн үзэх хэдхэн цагийн нөхцөл байдлыг судлалгүй 3500 төгрөгийн асуудалд 953000 төгрөгөөр торгож шийтгэн, зөрчил гэж үзэж  хялбаршуулсан журмаар арга хэмжээ авсанд гомдолтой байна. Гомдлын үндэслэл:

1.Аймгийн Татварын газрын улсын байцаагч А.А нь уг зөрчлийг шалгахдаа нөхцөл байдлыг тал бүрээс авч үзээгүй, зөвхөн гомдол гаргагчийн тал буюу нэг талыг барьж  шалгасан байна. 2.Манай “Н” ХХК нь сар болгон татварын газарт тайлан гаргаж өгдөг ба  сарын хугацаанд 30-40 сая төгрөгийн НӨАТ-ийн буцаан олголт хийдэг. /Манай компаний  хувийн байдлыг тогтоогоогүй 3.Тухайн үед байсан гэрч болох Өлгий сумын 3 дугаар багийн иргэн А.Муратбек, Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Меруеш нараас мэдүүлэг аваагүй, мөн миний ээж  С.Кыг асуугаагүй. 4.Эрх бүхий албан тушаалтан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0299111 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг үндэслэж хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой бөгөөд  1.2-д зааснаар зөрчил үйлдэгдсэн,учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч Х.Е би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн талаар гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар зөрчил гэж   үзэж шалган шийдвэрлэх боломжгүй юм. Холбогдогч Х.Е надад холбогдох гомдлыг хянан шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нотлох баримт бүрдээгүй, зөрчил нотлогдоогүй байхад шийтгэл ногдуулсан нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцээгүй гэж гомдол гаргаж байна. 5.Татварын байцаагч А.А нь зөрчилд холбогдогчид эрх, үүргийг, материалыг нь танилцуулаагүй, дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхийг нь хангаагүй юм. Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргаж байгаа тул миний энэхүү гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Татварын хэлтэс  зөрчил шалгах хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, зөрчлийг дутуу шалгаж, зөрчлийг хангалттай нотлохгүйгээр шууд 1 сая төгрөгөөр торгууль ногдуулсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн өдөр болсон явдлыг дараа нь ойлгуулж тайлбарласан боловч Татварын хэлтсийн улсын байцаагч нөхцөл байдлыг тодруулахгүйгээр 3500 төгрөгийн бараанд НӨАТ-ийн баримт өгөөгүй гээд 1 сая төгрөгөөр торгож нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлийн 2, 7 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэг тогтоогдоогүй, нөхцөл байдлын шалтгааныг илрүүлж шалгаагүй байхад, гомдол гаргагч тодорхой бус хүний нэхэмжлэлийн хүрээнд арга хэмжээ авсан нь  хуулийг ноцтой зөрчиж,  мөн хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Тухайн өдөр С.К гэдэг хүн дэлгүүрт худалдаа хийж байсан ба  нас барсан өвгөнийхөө 1 жилийн ойн ажилд яваад хүү Х.Сыг хүмүүс өр зээлээ өгнө гэж дэлгүүрт суулгаж явсан. Дэлгүүрт Х.С сууж байхад Аххайн гэдэг эмэгтэй  ирээд шууд бараа авахад Х.С тухайн барааны үнийн дүнг ч мэдэхгүй байсан.  Худалдан авагч НӨАТ-ын баримт шаардахад худалдагч НӨАТ гаргаж чадахгүй, ээжийн утсаар шилжүүлдэг гэсэн. Тэгээд маргаан гараад шууд Татварын хэлтэст гомдлоо гаргасан байна. Мөн хуульд зааснаар  НӨАТ-ын баримтыг утсаар шилжүүлж болдгийг мэдэх үүрэгтэй. Үүргийнхээ дагуу утасны дугаараа үлдээж, хэрвээ та нар НӨАТ-ын баримт явуулахгүй бол хандах газартаа хандана гэдгээ хэлэх хэрэгтэй байсан. Тухайн өдрийн камерын бичлэгийг шалгаж, нөхцөл байдлыг бодитой тогтоохгүйгээр зөрчлийг шууд тогтоогдсон мэтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Мөн Татварын хэлтсийн даргын албан бичгээр “Н” компанийн захирал Х.Ед яаралтай хүн томилохгүй бол гурван сая төгрөгөөр торгоно гэснээр Х.Сыг томилсон. Гэтэл Х.Сыг шууд хариуцагчаар тогтоогоод торгууль ногдуулчихсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг хянан шалгаж, хариуцагчийн ногдуулсан торгуулийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Аы шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ескендир шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Аххайн нь “Н” компаний хүнсний дэлгүүрээс бараа худалдаж авахад НӨАТ-ийн баримт олгоогүй гэдэг гомдлоо цахимаар гаргасан. Тухайн гомдлын дагуу зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж, энэ гомдлын дагуу холбогдох хүмүүсийг байцааж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн.

 Нэхэмжлэгч  “хэт нэг талыг барьж шалгасан, нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлаагүй, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн,  гэрч А.Муратбек, А.Меруеш, С.К нараас мэдүүлэг аваагүй” гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

Татвар төлөгч “Н” ХХК-ийн “Ч” хүнсний дэлгүүрийн эзэн болох Х.Е болон дэлгүүрийн худалдагч болох түүний дүү Х.С нь НӨАТ-ын төлбөрийн баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь татварын удирдлагын системийн мэдээлэл, гомдол гаргагчийн мэдүүлэг, холбогдогч “Ч” хүнсний дэлгүүрийн худалдагч болох Х.Сын мэдүүлэг, мөн тухайн 10 дугаар сарын 23-ны өдөр дэлгүүрийн стандарт кассын машинаас худалдан авагчид гаргаж өгсөн төлбөрийн баримт байхгүй зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул гаргасан зөрчилд нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 6.6 дугаар зүйлийн 1.1-т “зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. “Н” ХХК-ийн хүнсний дэлгүүр нь стандартын шаардлага хангасан кассын машин байсаар байхад худалдан авагчид төлбөрийн баримт гаргаж өгөөгүй нь бүрэн  тогтоогдож байна.

 Энэ зөрчлийг шалгах явцад татварын байцаагч А.А нь Х.Етой холбогдоход би Улаанбаатар хотод явж байгаа, очиж мэдүүлэг өгөх боломжгүй гэснээр манай зүгээс таныг төлөөлж мэдүүлэг өгөх ямар нэгэн албан тушаалтан томилж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн, уг албан бичигтэй холбогдуулан тухайн дэлгүүрийн худалдагч Х.Сыг миний өмнөөс зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгч болно гэсэн зөвшөөрөл олгож байна гэсэн бичиг явуулсан. Уг бичгийн дагуу Х.Соос мэдүүлэг авахад Х.С уг дэлгүүрт худалдагч хийдэг гэж мэдүүлэг өгсөн байгаа.

Мөн “Н” ХХК-ийн захирал Х.Еын хууль ёсны төлөөлөгч бөгөөд “Ч” хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Сд татварын улсын байцаагчаас  0299111 дугаар шийтгэлийн хуудсыг танилцуулан гардуулж, гомдол гаргах эрх, үүргийг нь танилцуулсан боловч Х.С нь шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзаж, хэл амаар доромжлон өрөөнөөс гараад явсан болно. Дараа нь шийтгэлийн хуудсыг “Н” ХХК-ийн захирал Х.Ед баталгаат шуудангаар хүргүүлсэн болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0299111 дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсаар[1] “нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт олгоогүй” гэдэг үндэслэлээр “Н” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар  953000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл /Татварын хууль зөрчих/-ийн 8 дахь хэсгийн 8.1-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  заажээ.

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Н” ХХК-ийн “Ч”  нэртэй дэлгүүрээс худалдан авалт хийсэн иргэн А.Аххайнаас “төлбөрийн баримт олгоогүй” гэж  тухайн өдөр харилцаа холбооны хэрэгслээр буюу  цахимаар гомдол гаргасныг аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагч А.А нь  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  тэмдэглэл үйлдэн хүлээн авсан байна. Улмаар татварын улсын  байцаагч 2020 оны  10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч А.Аххайнаас мэдүүлэг авсан байх ба аймгийн Татварын хэлтсээс 10 дугаар сарын 28-ны өдөр уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох, эсхүл компанийг төлөөлөн  мэдүүлэг өгөх хууль ёсны төлөөлөгчийг томилж өгөх талаар холбогдогч “Н” ХХК-ийн  захирал Х.Ед албан бичиг хүргүүлж, 10 дугаар сарын 29-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Х.Еоос ““Н” ХХК-ийг  төлөөлж,  тус компанийн дэлгүүрийн худалдагч дүү Х.С  очиж мэдүүлэг өгөх болно” гэсэн албан бичиг ирүүлснээр  тухайн өдөр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Соос мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаар[2] тогтоогдож байна.

Гомдол гаргагч “Н” ХХК-ийн захирал Х.Еоос “иргэн А.Аххайнд төлбөрийн баримт олгоогүй”  үйл баримтыг үгүйсгээгүй боловч төлбөрийн баримт олгоогүй шалтгааныг  “Ээж С.К 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш ажлаар гарсан ба зээлээ өгөхөөр ирсэн хүмүүсээс зээл  цуглуулахыг даалгаж, миний дүү Х.Сыг “Ч” дэлгүүрт  түр суулгасан, тухайн өдөр дэлгүүрээс 3500 төгрөгийн боорцог авсан  эмэгтэйд  дүү Х.С нь  “НӨАТ-ын баримт  өгч чадахгүй, төлбөрийн баримтыг ээж гаргаж өгдөг, та утасны дугаараа үлдээнэ үү, таны дугаарт төлбөрийн баримтын кодыг явуулчихъя” гэж хэлсэн боловч  утасны дугаараа өгөхгүй явсан байна” гэж тайлбарлан,  энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр, зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч Х.Е  би зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчил гэж үзэж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн  нь хууль бус гэж маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “"төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; 4.1.17-д "бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон постерминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг; 4.1.21-т "хэрэглэгчийн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг” тус тус ойлгоно,  17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ; 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.4-т “Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, 17.6-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”  гэж  тус тус заасан.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ”,  28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж тус тус  заажээ.

Мөн Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба  хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”-ын 2.1-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бараа борлуулсан, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд (цаашид “худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэх), хэрэглэгчийн систем нийлүүлэгч энэхүү журмыг мөрдлөг болгож ажиллана”, 4.2-т “нэгдсэн систем хариуцагч нь  хэрэглэгчийн системээс нэгдсэн системд  төлбөрийн баримтын мэдээлэл дамжуулах  программыг боловсруулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 5.3-т “Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн системдээ программ суурилуулан ашиглах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх заалтуудаас үзэхэд албан татвар төлөгч нь  албан татвар суутган төлөгч   төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Харин албан  татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгч нь бараа, ажил,  үйлчилгээг борлуулсан тухай бүрд татвар төлөгчид хэрэглэгчийн системээс төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх хэлбэрээр олгох үүрэгтэй бөгөөд уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд  цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгсэлтэй, мөн хэрэглэгчийн системтэй  байж, тэдгээрийг зориулалтын дагуу бүрэн ашиглах зэргээр төлбөрийн баримт олгох  үйл ажиллагааг  хэвийн хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоо  бүрэн хангаж  ажиллахаар хуульчилсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус  заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] нэхэмжлэгч “Н” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан  тушааж байсан нь нотлогдсон болно.

Хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд байгаа холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хохирогчийн мэдүүлэг, мөн  шүүхээс цуглуулсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, татварын удирдлагын нэгдсэн систем  дэх “Н” ХХК-ийн төлбөрийн баримтын талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар[4]  “Н” ХХК-ийн “Ч” дэлгүүрт төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх программ, төхөөрөмж байгаа, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдагчаар тус компанийн захирал Х.Еын дүү Х.С  ажиллаж байсан, тухайн өдөр үдээс хойш уг  дэлгүүрээс  хүнсний зүйл /боорцог/ худалдан авсан иргэн А.Аххайнд  төлбөрийн  баримт олгоогүй,  мөн өдөр иргэн А.Аххайнаас  төлбөрийн баримт олгоогүй асуудлын талаар  аймгийн Татварын хэлтэст  харилцаа, холбооны хэрэгслээр  гомдол гаргасан, татварын удирдлагын нэгдсэн системд байгаа мэдээллээр тус компани нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  12:10 минутаас хойш төлбөрийн баримт хэвлэж олгоогүй  зэрэг үйл баримтууд  тогтоогдож байна.

Дээр дурдсанаар албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй бөгөөд  уг үйл ажиллагааг  хэвийн хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоо бүрэн хангаж ажиллах ёстой тул   гомдол гаргагчийн “Ээж С.К 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш ажлаар гарсан ба зээлээ өгөхөөр ирсэн хүмүүсээс зээл  цуглуулахыг даалгаж, миний дүү Х.Сыг “Ч” дэлгүүрт  түр суулгасан, тухайн өдөр дэлгүүрээс 3500 төгрөгийн боорцог авсан  эмэгтэйд  дүү Х.С нь  “НӨАТ-ын баримт  өгч чадахгүй, төлбөрийн баримтыг ээж гаргаж өгдөг, та утасны дугаараа үлдээнэ үү, таны дугаарт төлбөрийн баримтын кодыг явуулчихъя” гэж хэлсэн боловч  утасны дугаараа өгөхгүй явсан байна” гэх  тайлбар нь үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл  хэрэглэгчийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эсхүл эрчим хүч тасарсан гэх мэтээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчээс  үл хамаарах  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  биш  дээрх байдлаар    тухайн өдөр  дэлгүүрт ажилласан худалдагчийг төлбөрийн баримт гаргаж өгөх нөхцөл, боломжоор хангаагүй  худалдаа эрхлэгч этгээдийн өөрөөс нь хамаарах шалтгааны улмаас төлбөрийн баримтыг олгоогүй нь тогтоогдож байх тул “Н” ХХК нь   Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь  заалтуудыг  тус тус зөрчсөн   байна  гэж дүгнэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: 1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх; 2.2.гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах; 2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх; 2.4.зөрчлийн хэрэг нээх”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн  аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус заажээ.

Хуульд заасан дээрх 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол зөрчлийг  хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  “Н” ХХК-ийн  “Ч” дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдан авалт хийсэн иргэн А.Аххайнд төлбөрийн баримт олгоогүй  зөрчил  үйлдэгдсэн, төлбөрийн баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  олгоогүй болох нь  тогтоогдож байгаа. Иймээс иргэн А.Аххайнаас  төлбөрийн баримт олгоогүй асуудлын талаар  аймгийн Татварын хэлтэст  гаргасан гомдлын дагуу тус хэлтсийн татварын улсын байцаагч  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон хохирогчийн мэдүүлгээр  “Н” ХХК–ийн “Ч” дэлгүүрээс  худалдан авалт хийсэн иргэн  А.Аххайнд төлбөрийн баримт олгоогүй зөрчил  гаргасан нь  тогтоогдсон  гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй  гэсэн үндэслэлээр уг зөрчлийг хялбаршуулсан журмаар  шалган шийдвэрлэсэн нь   үндэслэлтэй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалттай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Гомдол гаргагчийн аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.А нь уг зөрчлийг шалгахдаа нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзээгүй зөвхөн гомдол гаргагчийн тал буюу нэг талыг барьж шалгасан, тухайн үед байсан гэрч болох Өлгий сумын 3 дугаар багийн иргэн А.Муратбек, Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Меруеш нараас мэдүүлэг аваагүй, манай ээж С.Кыг асуугаагүй,  холбогдогчийн эрх, үүргийг нь танилцуулаагүй, дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхийг хангаагүй, “Н” ХХК нь сар болгон татварын тайлан гаргаж өгдөг ба сарын хугацаанд 30-40 сая төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийдэг байхад манай компанийн хувийн байдлыг тогтоогоогүй, 3500 төгрөгийн асуудалд 953000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна  гэсэн тайлбар  нь доорх байдлаар  үндэслэлгүй байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 11-д “Хууль ёсны төлөөлөгч  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч А.А нь уг зөрчилд холбогдогч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Сд  холбогдогчийн, А.Аххайнд хохирогчийн эрх, үүргийг тус тус  тайлбарлан  мэдүүлэг авсан[5]  бөгөөд уг  нотлох баримтуудаар  төлбөрийн баримт олгоогүй зөрчил  гаргасан нь  тогтоогдсон  гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг үүсгэн нэмэлт нотлох баримт цуглуулах  шаардлагагүй  гэсэн үндэслэлээр уг зөрчлийг хялбаршуулсан журмаар  шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн  болох нь тогтоогдсон.

Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т тус тус зааснаар   татварын улсын байцаагчийн  шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл  шууд захиргааны хэргийн шүүхэд  хандахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл дээд шатны  захиргааны байгууллагад гомдол гаргах буюу урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульчлаагүй ба маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шуудангаар “Н” ХХК-ийн захирал Х.Ед хүргүүлснээр 11 дүгээр сарын 17-ны өдөр анх тус шүүхэд гомдол гаргасан   болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д  эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа заавал тогтоосон байх нөхцөл байдлуудыг заасан ба үүнд холбогдогчийн хувийн байдлыг тогтоох гэсэн нөхцөл  байдал байхгүй,  мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  зааснаар  “Н” ХХК-ийн  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр   гаргасан уг зөрчилд  тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын тайланд[7] тусгасан борлуулалтын орлого 47.650.673 төгрөгийн 2 хувь болох 953000 төгрөгөөр  торгосон нь   хуульд нийцсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан  зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэх нь  “шударга ёсны зарчим”-д нийцэх бөгөөд гомдол гаргагч  “Н” ХХК-ийн хувьд  нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул  шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр  гомдол гаргагчийн “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0299111 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1,  Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0299111 дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 5-р хуудас

[2] Хэргийн 17-32-р хуудас

[3] Хэргийн 43-46,49-51-р хуудас

[4] Хэргийн 55-56,61,65,69-70, 71-72,75,85-86, 87-р хуудас

[5] Хэргийн 26-27,28-29-р хуудас

[6] Хэргийн 34-36,47-48-р хуудас

[7] Хэргийн 30-31-р хуудас