Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/874

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0583/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***-өд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001940 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-ийн харьяа универсал политехникийн коллежийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 5, эх, ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал дээр иргэн ***ын толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, эрүүнд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 22-ийн товчоон дээр байрлах “***” ХХК-д ажилдаа яваад 20 цаг 15 минутад ажлаасаа тарсан. Тэр үед манай найз болох *** /***/ дугаартай нь холбогдоход хорооллын парадокс дээр биллиард тоглоё гэсэн би байгаа газар явж очоод 2 цаг биллиард тоглоод 22 цаг 36 минутад тэндээсээ гараад дуу дуулахаар болж хоёулаа Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал дээр байдаг үсчин караоке гэсэн газар явж орсон. Тэгээд ороод 2 цагийн хугацаа авч дуу дуулаад байж байсан чинь *** гэх найз намайг ***той хамт караокед байгаа гэдгийг хамт нэг сургуульд сурч байсан ***өд хэлсэн байсан. Тэгээд *** бид хоёр 6 ширхэг 500 граммын хэмжээтэй Сэнгүр аваад дөнгөж 1-ийг уугаад байж байсан чинь ***, ***ы хамт орж ирсэн. Тэгээд үргэлжлүүлж пиво авахаар болж миний мөнгөн дээр *** 10,000 төгрөг нэмээд дахин 12 ширхэг 500 граммын хэмжээтэй Сэнгүр авсан. Тэгээд дөрвүүлээ ууж эхэлсэн миний санаж байгаагаар хүн тус бүр 4 ширхгийг ууж дуу дуулж суусан юм. Тэгсэн ***, ***, *** нарт пиво уумааргүй байна архи ууя гэдгийг санаачилсан. Надаас *** мөнгө байхгүй байгаад байна чи гар утсаа тооцоонд нь тавьчих гэхээр нь би зөвшөөрөөд тухайн караокед барьцаанд тавиад дахин 8 ширхэг Сэнгүр аваад бүгдээрээ хувааж уусан. Тэр үед би гар утсаараа фейсбүүк чат руу гаа ороход сурч байсан 113 дугаар сургуулийн 10 жилийн ангийн групп чат дээр ***ийн дүүг ял аваад явсан гэсэн зүйлийг *** 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бичсэн байсан. Иймд би энэ талаар ***өд хандаж чи дүүгээ харж хандаж чадаагүй нь улмаас дүүд чинь ийм зүйл тохиолдож байгаа шүү дээ гэж хэлэхэд чамд хамаагүй шүү зодоод ойлгох юм биш гэхээр нь би тэгвэл хохино гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. *** миний хоолой хэсгийн хувцаснаас заамдаж авахаар нь би гадаа гарья энэ дотор бөөн төлбөр болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн караокеноос гараад ***ийг би үүрэх мэх ашиглаж газар унагасан. Тухайн үед ***ийн найз *** манай найз *** нар бид хоёрыг салгаад ил зам дээр байна гудамж руу орж та хоёр учраа ол гэхээр нь за гээд ертөнцийн зүгээр баруун талын гудамжны яг үзүүр хэсэгт алхаж очоод дээгүүрээ өмссөн цамцаа тайлаад ***ийн урд алхаж байсан чинь миний араас *** гэнэдүүлж гартаа чулуу атгасан байдалтайгаар миний толгойн зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохисон юм. Тэгээд миний толгойноос цус гарсан тул хашааны наана суусан. *** ***өд чи яаж байгаа юм бээ яагаад толгойг нь хагалж байгаа юм гэж орилсон. Тэгсэн *** толгой чинь эвгүй болсон байна чи явж эмнэлэгт үзүүл гэсэн би эмнэлэг ороогүй ганцаараа 04 цагийн үед гэр болох Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамж *** тоот руу очсон юм. Гэрт ороход эгч ах хоёр толгойг минь хагарсан байсныг мэдээд Гэмтэл согог судлалын үндэсний төв руу очиж анхан шатны тусламж авч 9 оёдол тавиулж эмчилгээ хийлгээд өглөөний 9 цаг хүртэл томограф зураг авуулах оочир дээр оочирлож хүлээсэн. Тэгсэн цаг байхгүй 7 дугаар сарын 12-ны өдөр 12 цагт үзүүлэх цаг байна гэхээр нь за гээд тухайн цагт үзүүлэхээр болж захиалга өгөөд тэндээс гараад Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиж шинжээч томилох тогтоол гардан авч шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний толгойн зүүн хэсэг хагарч 9 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Толгой өвдөж дагз хэсгээр бага зэрэг хатгуулаад байгаа *** намайг өөр байдлаар цохиж зодоогүй. Надад учирсан гэмтлийг *** миний ар талаас гартаа чулуу атгаж тухайн чулуугаараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод гэртээ байж байхад миний төрсөн дүү *** нь орой 19 цагийн үед өөрийн *** дугаарын утаснаас миний *** дугаарын утас руу залгаад “би найз ***той цуг ажлаа тарчхаад, биллиард тоглож дуусчхаад найзтайгаа нэг газар сууж байгаад очно шүү, жаахан оройтох байх шүү, та битгий санаа зовоорой” гэж хэлсэн. *** над руу залгаж оройтно гэдгээ хэлсэн болохоор нь би тайвширчихсан байж байгаад орой 23 цагийн үед унтахаасаа өмнө *** луу хаана явж байгаа талаар нь асуух гээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд удалгүй 7 минутын дараа буюу 23 цаг 07 минутад миний дүү *** нь *** гэх найзынхаа *** дугаарын утаснаас над руу “Би ***ийнд хонохоор болчихлоо, надад санаа зоволтгүй унтаарай, би өглөө очно” гэж мессеж бичсэн байсан. Тэгээд унтаж байтал 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 цагийн үед дүү маань гэнэт гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ толгой хэсэгтээ гэмтэл авсан, цус нөж болсон байдалтай байсан. Би дүүгээсээ юу болсон талаар тодруулахад *** надад ***той Ганданд байдаг караокед сууж байтал 10 жилийн ангийнхаа *** гэдэг хүүхэдтэй таараад түүнтэй маргалдаж зодуулсан талаараа надад хэлсэн. Би тэгээд найз *** руу залгаж юу болсон талаар тодруулахад “*** эхлээд тэр хүүхэдтэй эвтэй байж байгаад, сүүлдээ яриа нь таарахгүй маргалдаад эхэлсэн, тэгсэн чинь тэр хүүхэд түрүүлээд шилэн аяга аваад ***ын нүүр лүү нь цохисон, тэгэхээр нь *** зөрүүлээд түүнийг микрофоноор цохичихсон. Тэгэхээр нь би та хоёр эр хүн шиг гараад учраа ол гэж хэлтэл тэр хоёр гараад явсан. Тэгтэл нөгөө нэг арван жилийнх нь найз гэх хүүхэд нь хоёр ахаа дагуулчихсан ирээд тоосгоор ***гийн толгой руу нь цохисон” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “За одоо эгч нь дүүгээ аваад цагдаа руу явлаа, чи ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй бол өгөөрэй” гэж хэлсэн. Үүний дараа би дүүгээсээ юу болсон талаар дэлгэрүүлж асуухад надад ***ийн ярьсан зүйл үнэн гэж надад хэлсэн. Тэгээд би 04 цагийн үед дүү ***оо дагуулаад Гэмтэл Согог судлалын үндэсний төв рүү явсан. Тэгээд толгой хэсэгт нь оёдол тавиулаад ГССҮТ-н цагдаад бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9405 дугаартай “...***-н биед зулайн хуйханд шарх, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтэл нь амь насанд аюулгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

4. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***той Ерөнхий боловсролын ***-р сургуульд 6-9 анги хүртэл хамт сурч байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед *** фейсбүүк чатаар над руу залгаад “Гандан дээр караокед 2 найзтайгаа байна, хүрээд ирээч” гэхээр нь би явж очсон. Очиход Соёрхол архи ууж байсан бөгөөд тэр нь дуусах дөхсөн байсан ба надад тэрнээс хэдэн удаа хийж өгсөн. Удалгүй караокены цаг дууссан бөгөөд гадаа ***той юм яриад зогсож байхад *** “чи ямар том болчихсон юм, өмнө нь ийм байгаагүй биз дээ” гээд намайг хавираад унагаахад хажууд нь байсан найз боль гээд салгасан. Тэгэхэд *** найз руу гаа “энийг өмөөрөөд байгаа юм уу” гээд дайраад байсан бөгөөд найз нь нүүр лүү нь ганц, хоёр цохиж байгаа харагдсан. Тэгээд *** над дээр ирж бид хоёр маргалдаад хоорондоо 1-ын эсрэг 1 зодолдъё гээд гудамжинд ороод зодолдож байхдаа би газраас чулуу аваад толгой руу нь цохисон. Тэгээд больцгоогоод салаад харьцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү дээрээ 1 ахтай, доороо 2 дүүтэй. Манай хүү 2010 онд 113 дугаар сургуульд орж суралцаад 2019 онд 9 дүгээр анги төгсөөд барилгын политехник коллежид цахилгаанчны мэргэжлээр суралцаж байгаа юм. Манай хүү зан чанарын хувьд төлөв даруу хүүхдүүдтэй эвтэй найртай байдаг хүүхэд юм. Муу зан чанар гээд байх зүйл байхгүй. Суралцаж байх хугацаандаа бусдыгаа манлайлан сайн суралцдаг сурлага хичээлдээ сайн хүүхэд...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), *** коллежийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал дээр иргэн ***ын толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, эрүүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...***ийн урд алхаж байсан чинь миний араас *** гэнэдүүлж гартаа чулуу атгасан байдалтайгаар миний толгойн зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохисон юм. Тэгээд миний толгойноос цус гарсан тул хашааны наана суусан. Миний толгойн зүүн хэсэг хагарч 9 оёдол тавиулсан...” гэх, гэрч ***ийн “...2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 цагийн үед дүү маань гэнэт гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ толгой хэсэгтээ гэмтэл авсан, цус нөж болсон байдалтай байсан. Би дүүгээсээ юу болсон талаар тодруулахад *** надад ***той Ганданд байдаг караокед сууж байтал 10 жилийн ангийнхаа *** гэдэг хүүхэдтэй таараад түүнтэй маргалдаж зодуулсан талаараа надад хэлсэн...” гэх, шүүгдэгч ***ийн “...*** над дээр ирж бид хоёр маргалдаад хоорондоо 1-ын эсрэг 1 зодолдъё гээд гудамжинд ороод зодолдож байхдаа би газраас чулуу аваад толгой руу нь цохисон...” гэх өөр хоорондоо агуулгын зөрүүгийн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9405 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээчийн “...***ын биед зулайн хуйханд шарх, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 9405 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн хохирогчийн толгойн тус газар нь чулуугаар цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт,

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ө.Болормаа “Шүүгдэгч *** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлье гэж хэлэхэд хохирогч баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Баянгол дүүрэгт амьдардаг. Ээж нь Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул захад лангуу ажиллуулдаг. Өрх толгойлсон таван хүүхэдтэй ээж. Айлын том хүүхэд учраас амралтын өдөр ээждээ тусалдаг. Улсын яллагчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналын хувьд ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй, хохирогч хүүхдийн эмзэг сэдэв дээр маргаан үүсгэж тохиолдлын шинжтэй үйлдэл хийсэн үзэж байна. Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Учир нь шүүхээс шүүгдэгч ***өд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа болон хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдэлд тохирно гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал болох ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт ээждээ тус дэм болж амьдардаг, одоо Универсал политехникийн коллежийн 2 дугаар курсийн оюутан, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас, 8 сар, 4 хоногтой, шүүх хуралдаан болсон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18 нас 25 хоногтой байсан зэргийг шүүх харгалзаж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***өд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9405 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтыг хохирогч шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул шүүгдэгч ***өөс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал гарсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***өд сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА