Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/880

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0556/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ад холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002163 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ийн байранд байхдаа хохирогч ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд язрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг 40 минутын үед үйлдвэр дээрээ ажилчдынхаа өнгөрсөн 5 дахь өдөр хийсэн ажлыг нь шалгаад ганц хоёр зүйл солиулах шаардлагатай болоод ***ыг “энэ хийсэн юмны чинь зарим хэсэг нь захаараа илүү гарсан байна. Энийгээ зас” гэж хэлсэн. Тэгсэн чинь *** намайг чи яахаараа дандаа миний хийсэн юм дээр олон юм ярьж байдаг юм гэснээ чи өнгөрсөн 5 дахь өдөр өөрөө ажлаа таслаад юмаа тайлбарлаж өгөөгүй биз дээ гэхээр нь би ажлаас чөлөө аваад явсан, тасалсан зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд зогсож байтал *** нь миний ам хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн хажууд зогсож байсан манай ажлын залуу *** салгасан. Тэгсэн миний дээд үүдэн 1 ширхэг шүд үзүүр хэсгээрээ хугарсан, уруул язарсан. Тэгээд би ***ад шүд хугалаад хаячихлаа яаж байгаа юм чи гэж хэлсэн. Тэгсэн *** ***ыг цааш дагуулаад явсан, би 00-н өрөө рүү орж шүднээс гарсан цусаа арилгасан. Тэгээд эмнэлэг явж үзүүлэхэд хөдөлгөөн бол байхгүй байна, шүд нь цуурсан байна гэсэн. Би бол эрүүл байсан. ***аас архи үнэртэж байсан. Бага зэргийн согтуу байсан. Үйлдвэрийн даргын хувьд шаардлага тавихад миний нүүр тус газар 2 удаа цохисон. Үүдэн дээд 1 шүд хугарсан, уруул язарсан. Шүдээ янзлуулах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Одоогоор хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

2. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 08 цаг 10 минутын орчимд ажил дээрээ очсон бөгөөд ажлаа хийгээд эхэлж байхад хамт ажилладаг *** дээр үйлдвэрийн дарга *** очоод чи наах ёсгүй юмыг наасан байна гээд маргалдаж байсан. Би тэр хавьд ажлаа хийгээд явж байтал *** ах ***ыг цохиж байгаа харагдсан би шууд очоод тэр хоёрыг салгасан. *** ах ***ыг нэг цохиж байгаа харагдсан. Намайг яваад очих хооронд тэр хоёр цохилцоогүй *** ах ***ыг боосон байсан би очиж салгасан. ***ын амнаас нь цус гарсан байсан. *** ахад ямар нэг учирсан гэмтэл харагдаагүй. *** ах байнга л архи үнэртүүлчихсэн явдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13287 дугаартай “...***ын биед үүдэнд баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд язрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дахь тал),

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь бид хоёр барьцалдаж авсан. Тэгсэн *** ирээд салгасан. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны *** дугаар гудамж *** тоотод ам бүл 2, эхийн хамт амьдардаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 9-10 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн байранд байхдаа хохирогч ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд язрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...*** нь миний ам хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Миний дээд үүдэн 1 ширхэг шүд үзүүр хэсгээрээ хугарсан, уруул язарсан...” гэх, гэрч ***гийн “...*** дээр үйлдвэрийн дарга *** очоод чи наах ёсгүй юмыг наасан байна гээд маргалдсан. Би тэр хавьд ажлаа хийгээд явж байтал *** ах ***ыг цохиж байгаа харагдсан, би шууд очоод тэр хоёрыг салгасан...” гэх, шүүгдэгчийн “...хэргийн үйл баримтын талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх харилцан агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 13287 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар, мөн шүдний цөгц эмтрэх, шүдний цөгц тал хугарсныг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй талаар заасан.

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд үүдэнд баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд язрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13287 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13287 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй, хохирлын баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч ***аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *** 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “тархины эдийн цус харвалт” оноштойгоор нас барсан шалтгаанаар прокуророос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Ц.Ариунсайханыг томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад нийцсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ад сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунсайхан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА