Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/886

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205026002131 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, хувиараа бариа засал хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух /РД:***/, урьд

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч ***д холбогдох эрүүгийн 1809040161195 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд ***ийн хөхийг базах, нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний төрсөн өдөр 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрсөн. Тухайн үед би төрсөн өдрөөрөө хотод байгаагүй хөдөө байсан бөгөөд ***, *** нартай тэмдэглэж чадаагүй. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ***, *** нартай 18 цагийн орчим уулзсан. Тухайн үед ***, *** 2 надад бэлэг авч өгөх зорилготой байсан бөгөөд тухайн дэлгүүр нь хаачихсан байсан. Бид гурав Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын орчим байдаг нэг ресторанд орж суугаад хоол идсэн. Тэгээд 21 цагийн орчим тухайн газраасаа гараад Модны 2-т байдаг *** нэртэй бааранд орж сууцгаасан. Бид гурав бааранд ороод 2, 2 шил пиво авч уусан. Анх бид гурвыг бааранд ороход хүнгүй байсан бөгөөд бид нарын хойноос гурван залуу орж ирж бид нарын хажуу талын зэргэлдээх ширээнд сууцгаасан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад бид нарын хажуугийн ширээнд суусан гурван залуугийн нэг нь бүжгийн талбай дээр ирж надтай бүжиглэх гээд ойртоод байхаар нь би дургүйцээд өөрөөсөө холдуулсан. Тэгээд байж байгаад дахиад гарч бүжиглэтэл тэр залуу дахиад над дээр ирсэн. Тэр залуу бүжгийн талбай дээр намайг татаж өөр лүүгээ наагаад миний хацар дээр үнсэхээр нь би шууд тэр залууг чи яаж байгаа юм бэ гээд түлхээд 1 удаа хацар луу нь алгадсан. Тэгээд би ширээн дээрээ очоод суусан. Тэгтэл тэр залуу манай ширээн дээр ирж сууж байгаад босоод явсан. Тэгээд ***, *** бид гурав 23 цаг болж байхад баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд ширээнийхээ сандлыг түшээд зогсож байтал нөгөө бүжгийн талбай дээр намайг өдөөд байсан залуу миний араас хүрч ирээд шууд миний хойноос тэврээд миний зүүн талын хөхнөөс гараараа аймар чанга базсан. Тэгэхээр нь би “чи ямар мэдрэл муутай гар бэ” гээд шууд түлхсэн. Тэгтэл тэр залуу хойшлохдоо бүжгийн талбай дээр байсан ***г тэвэрч аваад хацар дээр нь үнссэн. Тэгэхээр нь би явж очоод шууд тэр залууг дахиад мэдрэл муутай гар бэ, гээд түлхэж холдуулсан. Тэгтэл шууд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод би шууд газар унасан. Тухайн үед *** хажууд байхгүй байж байгаад намайг цохиулаад газар унасны дараа хүрч ирсэн. Тэгээд миний амнаас цус гараад би цаас авч арчсан. Тэр залуу шууд намайг цохиж унагаагаад зугтаасан бөгөөд үүдэнд хамгаалагч нар барьж авсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. Тэр хамт явж байсан залуу нь бол бид нарыг яагаач үгүй. ...Тухайн үед миний уруул хавдаж сэтэрсэн, зүүн талын хөх атгасных нь хэмжээгээр хөхөрсөн. Биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний 350,000 төгрөгийн зардал гарсан. Мөн тэр асуудлаас болж ажлаа хийж чадахгүй 14 хоног ажлаа алдсан. Тухайн үед би *** нэртэй сувиллын газарт тогооч хийдэг байсан. Миний 1 өдрийн цалин 120,000 төгрөг байсан. Би гэхдээ одоо тэр ажилдаа ажиллахгүй өөр ажил хийж байгаа. ...Эмчилгээний зардалтай холбоотой 45,000 төгрөгөөр эм авсан баримт, 300,000 төгрөгөөр толгойгоо бариулсан баримт байгаа. Нийтдээ 345,000 төгрөгийн зардал гарсан. Би эмчилгээнд гарсан 345,000 төгрөг, мөн 14 хоног ажил хийж чадаагүй тул цалингаа нөхөж барагдуулж авмаар байна. 1 өдрийн цалин 120,000 төгрөг гэж бодохоор нийтдээ 1,680,000 төгрөгийн цалин болж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33, 86-87 дахь дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бүжгийн талбайд бүжиглэж байхад энэ хүн хажуунаас татахаар нь “цаашаа бай, яагаад намайг ингээд байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэгээд дахин хажууд ирээд түлхээд байхаар нь дургүйцлээ илэрхийлээд “яаж байгаа юм бэ” гээд түлхэхэд миний хацар дээр үнссэн. Би эргэж хараад “яаж байгаа юм бэ” гэхэд миний нүүр хэсэгт шууд цохисон. Тухайн баарны хамгаалагч байгаагүй бол намайг цохих байсан. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулж, 45,000 төгрөгөөр эм авсан. Миний нүүрний хавдар буухгүй байсан учраас ажилдаа 14 хоног явж чадаагүй. Энэ хугацаанд ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж авна. 1 өдрийн цалин 120,000 төгрөг. Миний толгой өвдөөд зүгээр болохгүй байсан учраас бариач дээр очиж 10 удаа бариулсан. 1 удаагийн бариа 30,000 төгрөг гэсэн учраас 10 удаагийн барианы мөнгө 300,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг,

2. Гэрч Л.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ***, *** нартай уулзсан бөгөөд бид гурав ***д бэлэг авч өгөх гэж их дэлгүүрийн ойролцоо байдаг дэлгүүрт очиход тухайн дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд бид гурав ...бааранд ороод хүний 2, 2 шил пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал бид нарын хажуу талын ширээн дээр сууж байсан залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад над руу ирээд надтай бүжиглэх гээд намайг тэвэрч аваад шууд миний хацар дээр нэг удаа үнссэн. Тэр залуу архи уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд би тэр залууг түлхчхээд ширээн дээрээ очиж суусан. Тэгээд би буцаад талбай дээр гараад байж байтал ***ийг нөгөө согтуу залуу барьж аваад хацар дээр нь үнссэн бөгөөд *** тэр залууг шууд түлхээд алгадсан. Тэгтэл тэр залуу ***ийг шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон бөгөөд *** хойшоогоо савж унасан. ...Уруул нь сэтэрч цус гарсан байсан. Би хамт гэмтлийн эмнэлэг орж оёо тавиулсан. Намайг тухайн үед цохиж зодсон хүн байхгүй. Тэр ***ийг цохисон залуу намайг цохих гээд далайхаар нь би бултаад цохиулаагүй. Хүзүүг гар нь шүргээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

3. Гэрч М.***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** бол манай хамаатны залуугийн эхнэр нь байгаа юм. ***ийн төрсөн өдөр нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болоод өнгөрчихсөн байсан. Харин манай бэр эгч *** бид хоёр ***д бэлэг авч өгөх гэж 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уулзаад *** рүү ярьж түүнтэй уулзсан. Бид гурав бэлэг авах гэж гадуур явж байгаад гинж зардаг газар нь хаачихсан байхаар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын орчим байдаг нэг ресторанд орж хоол идэцгээсэн. Тэгээд хол идэж гарч ирчхээд тухайн Модны 2-т байрлах *** нэртэй бааранд 21 цаг өнгөрч байхад бид гурав явж орсон. Тэгээд бид гурав хүн хүний 2, 2 пиво уугаад бүжиглэсэн. Тэгээд 23 цаг болж байхад бид гурав баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд би цүнхээ аваад эргээд хартал *** газар унаж байсан. Тэгээд би шууд гүйж очоод юу болов гэтэл ***ийн нүүр нь цус болчихсон байсан. Хажууд нь зогсож байсан нэг залуу зугтаагаад гүйхээр нь би шууд хойноос нь гүйхэд үүдэнд зогсож байсан хамгаалагч нар тэр залууг барьж авсан. Тэр залуу хоёулаа явж байсан бөгөөд нэг залуу нь бол яагаачгүй, ширээн дээр сууж байсан. Тэгээд би ***эс юу болсон юм бэ гэж асуутал тэр ***ийг цохисон гэх залуу ***ийн бөгснөөс нь бариад үнссэн гэж хэлсэн. Тэгтэл *** тэр залуу руу уурласан чинь тэр залуу ***ийг нүүр лүү нь гараараа цохиод газар унагаасан гэж надад хэлж байсан. Мөн ***г бас тэр залуу хацар дээр шууд үнсчихсэн гэж хэлсэн бөгөөд мөн ***г цохих гэж байхад нь *** бултаад цохиулаагүй шүргээд өнгөрсөн гэж хэлж байсан. Цагдаа нар ирээд тэр залууг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

4. Гэрч М.***өөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа : “...түүнд үзүүлсэн 1-3 дугаартай гэрэл зургуудаас 2 дугаартай *** овогтой ***ийг зааж энэ 2 дугаартай зурган дээр байгаа залуу бол ***ийг зодсон хүн мөн байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 59-60, 61-62 дахь тал),

5. Хохирогч ***эр гэрэл зургаар тань олуулах ажиллагаа явуулсан: “...түүнд үзүүлсэн 1-3 дугаартай гэрэл зургуудаас 2 дугаартай *** овогтой ***ийг зааж намайг цохисон хүн энэ байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 63-64, 65-69 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11259 дугаартай “...***ийн биед уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

7. Хохирогч ***эс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 90-92 дахь тал),

8. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал),

9. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт *** арктай байранд байрлах бариа заслын ажлаасаа тараад 20 цаг өнгөрч байхад гараад явж байтал өмнө нь нэг 10 жилийн сургуульд сурч байсан найз болох *** над руу залгаад уулзъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн 3-р буудал дээр явж очсон. Намайг очиход ***, *** нар машинд нь сууж байсан. Тэгээд бид гурав ***ын машинд хэсэг юм ярьж сууж байгаад бааранд орох уу гэхээр нь зөвшөөрөөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд 23 цагийн орчим явж орсон. Бид гурав тухайн бааранд ороод Соёрхол нэртэй 1 шил 75 граммын архи, мөн 1 шил пиво авч ууцгаасан. Би архи, пиво уугаад нэлээн муудаад нэг мэдсэн чинь тасарчихсан байсан. Даараад нэг сэргээд хартал шөнийн 03 цаг болж байсан бөгөөд би цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд байж байсан. Харин манай хоёр найз болох ***, *** нар байхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 14-ний өглөө намайг эрүүлжүүлэхээс гаргаад, би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд сууж байтал нэг охин над дээр ирээд чи намайг өчигдөр орой цохисон гэж хэлж байсан. Тэгээд би цагдаагийн газраас явсан бөгөөд маргааш нь намайг Баянголын цагдаагийн хэлтсээс цагдаа дуудаж надаас хүн зодсон байна гэж мэдүүлэг авсан. Би ***тай утсаар ярьж *** бааранд юу болсон талаар тодруулахад *** надад хандаж чи бааранд байхдаа эмэгтэй хүн цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 152 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, магадлалын хуулбар, прокурорын тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 95, 98-104, 105-109 дэх тал), Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 110-119 дэх тал), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал), “***” ХХК-ийн бариа заслын ахисан шатны сургалтад хамрагдсан тухай сертификатын хуулбар (хавтаст хэргийн 135-138 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 153-154 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 46-49 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд хохирогч ***ийн биед хууль бусаар халдаж тэврэх, үнсэх, хөхийг базах зэрэг үйлдэл хийсэн ба уг үйлдлийг хохирогчийг эсэргүүцэж шаардлага тавихад нүүрэн тус газар нь цохиж, хохирогчийн эрүүл мэндэд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ийн “...Тэр залуу бүжгийн талбай дээр намайг татаж өөр лүүгээ наагаад миний хацар дээр үнсэхээр нь би шууд тэр залууг чи яаж байгаа юм бэ гээд түлхээд 1 удаа хацар луу нь алгадсан. ...***, *** бид гурав 23 цаг болж байхад баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд ширээнийхээ сандлыг түшээд зогсож байтал нөгөө бүжгийн талбай дээр намайг өдөөд байсан залуу миний араас хүрч ирээд шууд миний хойноос тэврээд миний зүүн талын хөхнөөс гараараа аймар чанга базсан. Тэгэхээр нь би “чи ямар мэдрэл муутай гар бэ” гээд шууд түлхсэн. Тэгтэл тэр залуу хойшлохдоо бүжгийн талбай дээр байсан ***г тэвэрч аваад хацар дээр нь үнссэн. Тэгэхээр нь би явж очоод шууд тэр залууг дахиад мэдрэл муутай гар бэ, гээд түлхэж холдуулсан. Тэгтэл шууд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод би шууд газар унасан...” гэх, гэрч Л.***гийн “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ***, *** бид гурав уулзсан. ...Бид гурав ...бааранд ороод хүний 2, 2 шил пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал бид нарын хажуу талын ширээн дээр сууж байсан залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад над руу ирээд надтай бүжиглэх гээд намайг тэвэрч аваад шууд миний хацар дээр нэг удаа үнссэн. Тэр залуу архи уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд би тэр залууг түлхчхээд ширээн дээрээ очиж суусан. Тэгээд би буцаад талбай дээр гараад байж байтал ***ийг нөгөө согтуу залуу барьж аваад хацар дээр нь үнссэн бөгөөд *** тэр залууг шууд түлхээд алгадсан. Тэгтэл тэр залуу ***ийг шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон бөгөөд *** хойшоогоо савж унасан. ...Уруул нь сэтэрч цус гарсан байсан. Би хамт гэмтлийн эмнэлэг орж оёо тавиулсан...” гэх, гэрч М.***ий “...23 цаг болж байхад бид гурав баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд би цүнхээ аваад эргээд хартал *** газар унаж байсан. Тэгээд би шууд гүйж очоод юу болов гэтэл ***ийн нүүр нь цус болчихсон байсан. Хажууд нь зогсож байсан нэг залуу зугтаагаад гүйхээр нь би шууд хойноос нь гүйхэд үүдэнд зогсож байсан хамгаалагч нар тэр залууг барьж авсан...” гэх болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ийн биед учирсан дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11259 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ийн хохирогчийн хөхнөөс базсан, нүүр лүү нь цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал, хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзаж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11259 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 90-91 дэх талд 345,000 төгрөгийн баримт, мөн хавтаст хэргийн 92 дахь талд ““***” ХХК-д “Ахлах тогтооч”-ийн албан тушаалд нэг өдрийн 120,000 төгрөгийн цалинтай одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно. 2022 оны 8 дугаар сарын 15-наас 2022 оны 8 дугаар сарын 30-ны хооронд чөлөө авсан нь үнэн болон” гэх тодорхойлолтыг гарган өгсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***ээс эм, эмчилгээний нийт 345,000 /гурван зуун дөчин таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин хохирогч *** нь өөрийн ажилгүй байсан үеийн цалин хөлсний орлого болох 1,680.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогч нь хэд хоногийн лист /эмнэлгийн хуудас/ бодуулсан, цалин болон листийн зөрүү хэд төгрөг болох нь тодорхойгүй, мөн хохирогчийн гаргаж өгсөн байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд нь түүний цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлсэн баримт биш байх тул хохирогч ***ийн 14 хоногийн цалингаа гаргуулна гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 345,000 /гурван зуун дөчин таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч *** овогт ***ийн *** /РД:***/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА