| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0149/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/154 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Г.Л, Н.Б нарын өмгөөлөгч Х.Энхбат
Шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л, Н.Б нарт холбогдох 2216000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Л, Н.Б нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрүүл ирээдүй” эмнэлгийн гадна хашааны үүдэнд иргэн Д.Эын гээсэн түрийвч, бичиг баримт, 715.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Д.Эд 785.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Бын эмнэлэг орох гэж явахад түрийвч унасан байсан. Тэгээд түрийвчийг манай эхнэр авсан. Тухайн түрийвчинд байсан 715000 төгрөгөөр зах руу яваад нэг гутал, дотуур өмд авсан. Үлдсэн мөнгийг өөрийнхөө данс руу хийсэн. Бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: Бын эмнэлэг дээр үзүүлэх гээд очсон. Очоод эмч рүү орох гэхэд эмч байхгүй байсан. Тэгээд эмчийн дугаарыг хүнээс аваад гадаа гараад эмчтэй ярьчхаад эргээд харахад хажууд түрийвч унасан байсан. Тэр түрийвчийг аваад жоохон явж байгаад харахад мөнгө байхаар нь мөнгийг нь аваад түрийвчийг байсан газар нь тавьсан. Тэгээд зах орж куртик, гутал, дотуур хувцас аваад бусад мөнгийг нь данс руугаа хийсэн. Бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдлээ зөвшөөрч байна. Хохиролд бэлнээр 800.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би нөхрийнхөө жолооны мэргэшсэн ангилал даруулахад шаардлагатай материалыг бүрдүүлээд Б эмчийн эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн хуудас бөглүүлэх гэж тухайн эмнэлэг очоод тооцоогоо хийх гээд түрийвчээ авах гэтэл түрийвч маань байхгүй болохоор эмнэлэг дотор жаахан хайж байгаад байхгүй болохоор нь гадагшаа машин руугаа гарч үзэхэд бас байхгүй байсан. Тэгээд хайгаад олохгүй байж байтал эмч би камер шүүгээд өгье гээд шүүж үзтэл би эмнэлгийн хаалгаар орж явахдаа түрийвчээ унагасан байсан. Тухайн үед намайг орж байхад надтай зөрөөд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн гарч байсан. Намайг эмнэлэг рүү орсны дараа тухайн эмэгтэй нь газраас тонгоогоод авч байгаа нь камерын бичлэгт буусан байсан. Түрийвчинд бэлэн 715.000 төгрөг, 2 ширхэг иргэний үнэмлэх, ХААН банкны карт 1 ширхэг байсан. ...Би тухайн 2 хүнээс 800.000 төгрөг авсан. Одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ17, 19/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.Э гэх эмэгтэй нь 3 сарын өмнөөс эхлэн манайд анх кимбаб авч ирж зарж эхэлсэн. Өдөрт дунджаар 15 ширхэг кимбаб авч ирдэг. Нэг ширхэгийг 1.800 төгрөгөөр бодож мөнгийг нь тэр даруйд нь өгдөг юм. Хамгийн сүүлд 3 хоногийн өмнө манайд 5 ширхэг кимбабыг 10.000 төгрөгөөр өгөөд мөнгөө бэлнээр аваад явсан” гэх мэдүүлэг /ХХ27/
Гэрч О.Ш-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Д.Э гэдэг хүнийг танина. Би “Баясал” хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд 1 жил болж байна. Д.Э гэх эмэгтэй 2022 оны 03 дугаар сараас хойш манай дэлгүүрт кимбаб тавиулж заруулж байгаа юм. ...Өглөөд дунджаар 30 ширхэг кимбаб хийж ирээд ширхэгийг 1800 төгрөгөөр тооцож мөнгийг нь бэлнээр нь өгч явуулдаг. Хамгийн сүүлд өчигдөр 24 ширхэг кимбаб авч ирээд 43.200 төгрөг авч явсан” гэх мэдүүлэг /ХХ30/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ10/, эд мөрийн баримтаар хураан авсан CD, шинжээчийн дүгнэлт /36-38/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Л, Н.Б нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрүүл ирээдүй” эмнэлгийн гадна хашааны үүдэнд иргэн Д.Эын гээсэн түрийвч түүний дотор байсан бичиг баримт, 715.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Д.Эд 785.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Д.Эд учруулсан хохиролд 800,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, шүүгдэгч нарын нэг гэр бүл болон сарын орлогыг харгалзан шүүгдэгч тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Бусдын гээгдэл эд зүйл болох түрийвчийг шүүгдэгч Н.Б газраас олж авсан боловч Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Лийг Н.Бтай хамтран оролцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Л, Н.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Г.Л, С овгийн Н.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Н.Б нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Л, Н.Б нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Л, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА