Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0166/Э |
Дугаар | 2022/ШЦТ/184 |
Огноо | 2022-11-29 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхзаяа даргалж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Б.Гансүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М, улсын яллагч Завхан аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Н., иргэдийн төлөөлөгч Д.*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, түүний өмгөөлөгч Ж.*******, шүүгдэгч Б*******, түүний өмгөөлөгч Э.*******, Б.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2002002270239 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ургийн овогт , 1970 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, хүү, охины хамт Завхан аймгийн сум, ******* багийн ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б. “шүүгдэгч Б*******ийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн ******* дугаар байрны орцны ******* тоот гэртээ гэрч Р., П., амь хохирогч Ц. нартай архидан согтуурах явцдаа иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж архи авах гэснийг гэрч П. хориглоход нүүр рүү нь мөргөж, хиймэл үүдэн гурван ширхэг шүдийг хугалсан. Улмаар энэ асуудлаас болж амь хохирогч Ц.той марган, ноцолдож улмаар түүнийг унтлагын өрөөний цонхоор түлхэж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэрч П.н “...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 09 цаг 55 минутад Б******* ахын дугаар руу залгаж “автомашинаа оношилгоонд оруулах юм уу?” гэсэн чинь “оношилгоонд оруулна, тэрнээс гадна DDSH-ийн антеныг янзлуулах хэрэгтэй байна, би одоо ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. 11 цаг 23 минутад ах над руу залгаад “одоо ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн би 12 цаг өнгөрч байхад ажил дээр нь очоод Б******* ахтай уулзаж, Завхан буудлын ресторан орж сунадаг шат авна гэж хамт яваад тэндээ хоол идчихээд захирал нь ирэхээр нь уулзаад сунадаг шатыг нь аваад ахын гэрт очих үед дөрвөн хүн байрыг нь үзэх гээд ирсэн байсан. ...Би байшингийнх нь дээвэр дээр гарч антеныг нь янзалж өгчхөөд шатаа аваад гарах гээд шатаар явж байтал гуравдугаар давхарт байр үзсэн хүүхэн залуу хоёр, 60 орчим насны эрэгтэй хүн шатан дээр таараад буцаж ороод сайн ярилцъя гэсэн. Бид нар буцаад байрандаа ороход “манай дүү сумын ХХК-нд ажилладаг өнөөдөр ажилдаа явах гэж байгаа 20 хоноод ирэхээр зээлээ хөөцөлдөж байгаад таны байрыг авна” гэж тохиролцсон. 60 орчим настай ах “дүүдээ баярлалаа байраа хямдхан зарж байгаад” гээд 0.75 литрийн нэг шил Экс гэх архи өгөөд тэр архийг нь бид гурав хувааж уунгаа нэлээн ярьж суусан. Архиа ууж дуусаад дахиад нэг шил архи аваад ир гэж ах өөрөөсөө мөнгө өгөөд 0.75 литрийн Экс гэх архи авчраад гурвуулаа ярьж сууж, ууж дуусгаад тэр гурав нар жаргасан гадаа бүрэнхий болчихсон, ойролцоогоор 20 цаг л өнгөрч байхад явсан. Бид хоёр дахиж архи уулгүйгээр унтсан юм. ...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд 08:24 цагт ШШГГ-ийн дэд дарга ахын дугаар луу залгасан чинь утсаа аваагүй. 09 цаг 59 минутад ах над руу залгахад ах утсаар ярьсан. Би тухайн үед гар нүүрээ угаах гээд угаалгын өрөөнд орсон байсан болохоор юу ярьсан талаар сонсоогүй. ...надад 22’500 төгрөг өгөхөөр нь би 10 цагийн үед авч гараад Спорт цогцолборын зүүн талын дэлгүүрээс 0.5 литрийн Кулъя гэх архи, нэг ундаатай авч ирээд бид хоёр задлаад нэг нэг татчихаад байж байтал ...Р. ах гаднаас орж ирсэн. Бид гурав сууж байтал удаагүй ...талийгаач Д. гаднаас 0.75 литрийн Eden гэх архи, 1 ундаатай орж ирсэн. Бид гурвын архи 4 хуруу орчим хэмжээтэй үлдсэн байсныг дуусгаад талийгаач авчирсан архиа задлаад хуваагаад ууж дуусаад 13 цаг болж байх үед Р. ахад ах мөнгө өгч архи, хэрчсэн гурил авхуулаад Р. ах цуйван хийгээд сууж байтал миний утас руу ах 13:22 цагт залгахад авч утсаар ярьж байсан. Удаагүй 20 орчим минутын дараа буюу 13 цаг 50 минутын орчим ах гаднаас нэг шил 0.5 литрийн Аригу гэх архи, хоёр бэлэн хоолтой авчирч өгсөн. Тухайн үед ах ажилтай гээд архинаас уугаагүй ба хоол идчихээд жижиг өрөөнд жаахан хэвтэж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 127-130 дугаар хуудас);
- Мөн түүний 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин гэрчээр өгсөн “Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих нэг зүйл байна. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цагийг нь сайн санахгүй би гарч явах хугацаанд уух архигүй болчхоод дахиж архи авах гээд Б******* иргэний үнэмлэх барьцаанд тавиад архи авна гээд Р.г гаргах гээд байхаар нь би хажуугаас нь “та хүн байж бичиг баримтаа тавьж архи авч яахын бэ?” гэж хэлсэн чинь “чи надад заах болоогүй шүү, би юугаа яах нь чамд ямар хамаатай юм бэ?” гээд Р.г “яваад ир” гээд байхаар нь би “та одоо болио” гэсэн чинь босож ирээд хоёр гараас бариад намайг мөргөсөн. Энэ үед миний үүдэн гурван ширхэг хиймэл шүд болон тогтоогч хугараад уначихсан юм. Тэгтэл талийгаач Д. уурлаад Б*******ийг “энэ залуу чиний төлөө юм хэлж байна, чамд дандаа тусалдаг сайн залуу л байна ш дээ, тэгж болохгүй” гэж хэлсэн чинь Б******* “энэ ямар хамаатай юм бэ? би өөрийнхөө бичиг баримтыг тавих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хоорондоо үл ойлголцож маргаж байгаад Б******* “за за найзыгаа уучлаарай” гээд талийгаачаас уучлалт гуйсан. Мөн надаас “миний дүү ахыгаа уучлаарай” гээд уучлалт гуйсан юм. Миний шүд тогтохгүй унаад байхаар нь би шүдээ наалгах гээд гараад явсан юм. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Би Б*******ийн автомашины түлхүүрийг өгөх гээд орцны үүдэн дээр зогсож байтал Р. ах орцноос гарч ирээд “ лам цонхоор уначихлаа” гэхээр нь би “битгий худлаа яриад бай” гэж хэлээд түлхүүрийг нь өгчхөөд такси бариад харьсан. Харих замдаа очоод шууд унтчихъя гэж бодоод 200 граммтай Ерөөл архи, Улаан шонхор тамхи аваад гэрийнхээ гадаа таксинд сууж байгаад уучхаад гэртээ ороод унтсан юм. ...Тухайн үед Р., талийгаач Д. нар хамт байсан. Намайг мөргөж байхыг энэ хоёр хоёулаа харж байсан. ...Намайг өмөөрөөд чи тэгж болохгүй гэж л уурлаад юм ярьсан. ...Р. зүгээр суугаад үлдсэн ба намайг гарах үед гаднаас 19-20 орчим насны залуу талийгаачид нэг шил архи авчирч өгсөн. Талийгаач тэрнээс нэг татчихаад яв гээд нэг хийж өгөхөөр нь би уучхаад гараад явсан юм. ...Талийгаач өглөө эрт 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байх үед орж ирсэн” гэх мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас);
- Гэрч П.н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 125 дугаартай “П.н хиймэл үүдэн шүд хугарсан, эрүүний хиймэл үүдэн баруун р, зүүн 1, 2-р шүд хиймэл тагнай хэсгээс хугарч салсныг наасан байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- Гэрч Р.гийн “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад миний дугаарын утас руу Б******* өөрийнхөө дугаарын утаснаас залгаад “чи манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь “хөгшин чинь гэртээ усаа авчхаад очъё” гэж хэлсэн. Би гэртээ ус авчхаад 10 цаг өнгөрч байхад Б*******ийн сум, ******* багийн ******* дугаар байрны 1 дүгээр орц, 5 дугаар давхрын ******* тоотод байх гэрт нь ганцаараа очиход хаалга нь онгорхой байсан. Гэрт нь ороход Б*******, П. гэх хүнтэй том өрөөнийхөө буйдан дээр суучихсан буйдангийн урд талын жижиг ширээн дээр Аригу гэх нэртэй 0.5 литрийн архи тавьчихсан, архи нь талдаа орчихсон уугаад сууж байсан. Тухайн үед Б******* нь цэнхэр өнгийн цамцтай, бэлтгэлийн өмдтэй байсан, өнгийг нь санахгүй байна. ...Намайг орох үед Б*******, П. хоёр дунд зэргийн согтолттой, хамт хоносон байдалтай байсан. ...талийгаач аймгийн хийдийн хамба лам энгийн хувцастай Д. гаднаас тортой юм барьчихсан орж ирсэн ба өмссөн хувцсыг нь би хэлж мэдэхгүй байна. Талийгаач Д. 0.75 литрийн Eden гэх 1 шил архи, ундаа авчирсан байсан ба тэрнээс бид 4 дөрөв хамт уугаад сууж байтал ...13 цагийн үед гаднаас аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаар ажилладаг 0.5 литрийн архитай ...хоёр ширхэг улаан савтай бэлэн гоймон авчихсан орж ирсэн. сууж хоол идчихээд архи өгсөн чинь би ажилтай, ажлын цагаар архи уухгүй гэж хэлээд жижиг өрөөний орон дээр хэвтэж байгаад нэг мэдсэн чинь гараад явчихсан байсан. Би цагаа сайн санахгүй байна, санаж байгаагаар 15 цагийн үед Б*******ийн гэрээс харих гээд гарсан гэрт Б*******, П., талийгаач Д. нар үлдсэн. Замаараа үсээ засуулах гээд төв халуун усны үсчнээр орсон чинь үсчин нь байхгүй байхаар нь буцаад тэр хавиар явж байгаад эргээд Б*******ийн гэрт ******* цаг өнгөрч байх үед орсон. Намайг орох үед талийгаач том өрөөний зурагтын урд талд сандал дээр суучихсан, Б******* буйдан дээр голлоод суучихсан голдоо нэг шил архи тавьчихсан нэлээн согтолттой юм яриад сууж байсан. Намайг гэрт нь орох үед Б******* намайг шөлтэй хоол хий гэж хэлсэн. Би хоол хийгээд гал тогоонд зогсож байсан. Намайг гал тогоонд байх үед талийгаач , Б******* хоёр том өрөөнд архиа уугаад сууж байсан, би босон суун архинаас ууж байсан. ...унтлагын өрөөнд ямар нэгэн шил хагарах чимээ гарсан. Яасан бол гээд гал тогооны хэсгээс жижиг өрөө рүү шагайхад Б******* жижиг өрөөнөөс гарч ирээд “чи гэрч шүү” гэж хэлээд намайг буйдан дээр суу гээд миний утсаар өөрөө цагдаагийн газар руу утсаар ярьсан ба би юу гэж ярьсныг ч мэдэхгүй байна, сандраад айгаад их хүнд байдалтай байсан. Би гэрээс нь гараад талийгаачийг харах гээд гартал орцны үүдэн дээр П. зогсож байсан. Би “ цонхоор уначихлаа” гэсэн чинь “май энэ түлхүүрийг нь өг” гээд надад өгчхөөд өөрөө би явлаа гээд явчихсан. Би байрны урд талаар тойроод хартал талийгаач уначихсан байсан ямар байдалтай байсныг нь хараагүй буцаад би Б*******ийн гэрт нь орсон чинь Б******* буйдан дээрээ доошоо харчихсан “одоо цагдаа ирнэ, та сууж бай, явж болохгүй” гэж хэлсэн. ...Хэргийн газрын гэрэл зурган дээр гарсан жижиг өрөөний цонхны дотор талын шил нь хагарчихсан байсан. Б******* цонх хаглаад уначихлаа гэж хэлсэн. Би тэр цонхыг хэн яаж хагалсан талаар мэдэхгүй байна. Доод талын жижиг цонх намайг сүүлд орж ирэхэд онгорхой байсан талаар мэдэхгүй байна, би өдөр цонхыг нь хааж байсан. Цонхны тавцан болон цонхны шил, шал, пааран дээр байгаа цус хэний цус гэдгийг нь мэдэхгүй байна. ...Харин эрэгтэй хүний хоёр пүүзэн гутал, цагаан цайвар өнгийн саравчтай малгай хоёр намайг гаднаас хамгийн сүүлд орж ирэхэд эмх замбараагүй байдалтай байсан. Яагаад тийм байдалтай байсныг мэдэхгүй би дотроо хоорондоо маргасан юм болов уу л гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-153 дугаар хуудас);
- Гэрч Р.гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 108-112 дугаар хуудас);
- Гэрч З.ын “...Талийгаач нас бардаг өдөр би уулзсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, тав дахь өдрийн өглөө 08 цаг 40 минутын үед багш лам /талийгаач/ над руу залгаад “хийд дээр очоод ном унших хэрэгтэй байна, хүмүүс очно” гэсэн. 10 цагийн үед хийд дээр очоод талийгаачийн хэлсэн гэх эхнэр нөхөр хоёр, настай эмээ, хүүхдийнхээ хамт нийт дөрвөн хүнд ажил үйлс бүтээх болон хэл амны номыг уншсан. Номоо уншиж дуусаад гэртээ харьсан. Гэртээ хариад байж байх үед 14 цаг 35 минутаас 14 цаг 44 минут хүртэл хугацаанд 4 удаа талийгаач залгасан байсныг нь сонсоогүй юм. Дахин 14 цаг 46 минутад залгахаар нь утсыг нь авахад намайг “хаана байна” гэхээр нь “би эмнэлэгт хэвтсэн эгч дээрээ эргэлтээр очсон байна” гэж хариулахад “за за” гэж хэлээд тасалсан. Дахин над руу 15 цаг 06 минутаас ******* цаг 34 минут хүртэл 3 удаа залгасан байхаар нь эргүүлж ******* цаг 35 минутад залгаж ярихад “хаана байна, намайг архи аваад ир, шүүхийн 16 дээр хүрээд ир” гэсэн. Би гэртээ байсан болохоор багшийг архи аваад ир гэхээр нь гайхаад “за” гэж хэлээд гэрээсээ гараад Отгонтэнгэр гэх дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол гэх архи 1 шилийг аваад шүүхийн 16 руу явж байхад над руу дахин хоёр удаа залгасан байсан. Миний утас хааяадаа дуудлага ирж байгаа дуу нь хаагдчихдаг юм, дуудлагыг нь сонсоогүй. 18 цагт талийгаачийн хэлсэн газарт ирчихлээ гэж залгахад намайг хойд талын шинэ баригдсан ногоон өнгийн 5 давхар байрны ийшээ хүрээд ир гэсэн. Хэлснийх нь дагуу 5 дугаар давхар луу гарч явахдаа гар утаснаасаа талийгаач руу яриад “би ирчихлээ” гэхэд зүүн талын бор өнгийн төмөр хаалганаас гараад ирсэн. Талийгаачид надад захисан нэг шил архийг нь өгөхөд “намайг хүрээд ирэв үү, баярлалаа, за одоо гэр лүүгээ яв” гэсэн. ...Намайг түүний хэлсний дагуу дээрх хаягт архи аваачиж өгөхөд дунд зэргийн согтолттой, хэл яриа нь гайгүй байсан. Мөн түүний биеийн байдал хэвийн, ямар нэгэн содон зүйлгүй байдгаараа байж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас) зэрэг баримтууд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “...1 дүгээр хавтаст хэргийн 146-153 дугаар хуудсанд байгаа гэрч Р.гийн мэдүүлэг байна. Энэ мэдүүлэг яллах дүгнэлтэд нотлох баримт болж дурдагдсан байгаа юм. Р. хэргийг шалгаж байх үед 2 удаагийн мэдүүлгийг өгсөн байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 05, 06-нд мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөгч Р.д хөтөлсөн асуулт 2 удаа, тулгасан асуулт 1 удаа тавьсан. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Д. Б******* нар нь муудалцсан зүйл байгаагүй ш дээ гэж мэдүүлж байсан хүн. Тулгаж, хөтөлж асуусан мэдүүлгийн үр дүнд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр малгай болон гутал эмх замбараагүй байдалтай байсан гэдгийг би дотроо бодохдоо маргалдсан юм болов уу гэж бодсон гэдэг байдлаар хөтлөгдөж мэдүүлэг нь өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэснийг зөрчсөн байх тул тухайн мэдүүлгийн нотлох чадвар алдагдаж байна гэж үзэж нотлох баримтаас хасуулах саналтай байна” гэж маргажээ.
Гэрч Р.гээс 2020 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлгүүдийг мөрдөгч тулгасан, хөтөлсөн асуулт тавьж авсан гэж үндэслэлгүй болно. Тухайлбал 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан мэдүүлгийн тэмдэглэлд мөрдөгч нь өмнөх мэдүүлгийг тодруулах, магадлах зорилгоор иш татаж асуулт тавьжээ. Хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор өмнөх болон бусад мэдүүлгээс иш татаж асууж байгаа мөрдөгчийн асуултыг тулгасан, хөтөлсөн асуулт гэж үзэхгүй болно. Иймд гэрч Р.гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоотод буюу шүүгдэгч Б*******ийн гэрт шүүгдэгч болон амь хохирогч Д., гэрч П., Р. нар ахуйн хүрээнд архидан согтуурсан. Улмаар шүүгдэгч Б******* нь өөрийн иргэний үнэмлэхээ барьцаалан архи авхуулахаар гэрч Р.г явуулах гэхэд нь гэрч П. хоригложээ. Энэ асуудлаас үүдэн шүүгдэгч Б******* нь гэрч П.г мөргөж хиймэл шүдийг нь хугалсан байх ба амь хохирогч Д. шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг шүүмжилж, гэрч П.г өмөөрсний улмаас шүүгдэгч болон амь хохирогч нарын хувьд маргаан болсон гэх үйл баримт тогтоогдож байна.
Гэрч П.н “...намайг гарах үед гаднаас 19-20 орчим насны залуу талийгаачид нэг шил архи авчирч өгсөн. Талийгаач тэрнээс нэг татчихаад яв гээд нэг хийж өгөхөөр нь би уучхаад гараад явсан юм” гэх мэдүүлэг, гэрч З.ын “...18 цагт талийгаачийн хэлсэн газарт ирчихлээ гэж залгахад намайг хойд талын шинэ баригдсан ногоон өнгийн 5 давхар байрны ийшээ хүрээд ир гэсэн. Хэлснийх нь дагуу 5 дугаар давхар луу гарч явахдаа гар утаснаасаа талийгаач руу яриад “би ирчихлээ” гэхэд зүүн талын бор өнгийн төмөр хаалганаас гараад ирсэн. Талийгаачид надад захисан нэг шил архийг нь өгөхөд “намайг хүрээд ирэв үү, баярлалаа, за одоо гэр лүүгээ яв” гэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл уг маргаан дууссаны дараа амь хохирогчид гэрч З. архи авч ирж өгсөн ба уг архинаас гэрч Д. уугаад гарсан байна. Хэрэг болсон гэх орон сууцанд шүүгдэгч Б*******, амь хохирогч Д., гэрч Р. нар үлджээ.
Тодруулбал цаг хугацааны хувьд амь хохирогч Д., шүүгдэгч Б*******, гэрч П. нарын хооронд болсон маргаан дууссаны дараа гэрч З. амь хохирогчид архи авч ирж өгөхөд амь хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэсэн болон маргаан үргэлжилж байсан гэх нөхцөл байдал байхгүй байсан нь түүний “...Намайг түүний хэлсний дагуу дээрх хаягт архи аваачиж өгөхөд дунд зэргийн согтолттой, хэл яриа нь гайгүй байсан. Мөн түүний биеийн байдал хэвийн, ямар нэгэн содон зүйлгүй байдгаараа байж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас)-ээр нотлогдож байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлээс (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) харвал шүүгдэгч Б******* “манай гэрийн цонхоор согтуу хүн унаж нас барлаа” гэх дуудлагыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 21 минутад өгсөн байх ба гэрч З.ын амь хохирогчид архи хүргэж өгсөн цаг хугацаа болон гэрч П.г гэрээс гарч явсан гэх цаг хугацаатай харьцуулан дүгнэвэл амь хохирогч 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагаас 19 цаг 21 минутын хооронд шүүгдэгч Б*******ийн цонхоор унаж амь насаа алдсан гэж үзэх үндэслэлтэй.
2. Хэргийн газар үзлэг хийсэн “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 27 минутад дугаарын утсаар иргэн Б*******оос “Завхан аймгийн сумын ******* баг ******* дугаар байрны орцны 5 давхрын цонхноос Д. гэгч уначихлаа” гэх мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийхэд ******* дугаар байрны зүүн талын зүүн хойд талд хэвлийн хэсгээрээ газарт наалдан хэвтсэн улаан хүрэн өнгийн ноосон цамцтай, саарал өнгийн өмдтэй толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэн нүүр хэсэг нь урд зүг рүү чиглэн зүүн хацар, хэвлийн хэсгээрээ газарт наалдан, баруун гараа тохойгоороо нугалж, гарын сарвууг хагас атган биеийн баруун бөөрний харалдаа байрласан, зүүн гараа тохой хэсгээр хагас нугалсан гарын шуу зүүн хэсэгт чиглэсэн, зүүн болон баруун хөлөө бага зэргийн зайтай баруун тийш жийсэн, зүүн хөл нь ******* дугаар байрны хананаас 51 см зайтай, баруун хөл нь 58 см зайтай байрласан хамар, амнаас нь бага зэрэг улаан хүрэн өнгийн цус мэт шингэн гарсан эрэгтэй хүний цогцос байв. ...амь хохирогч цонхоор унасан гэх унтлагын өрөөний ...шалан дээр цэгчилсэн байдлаар гурван хэсэгт үүссэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг 1, 2, 3 дугаараар тус тус дугаарлан тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ...Шалан дээр үүссэн 1 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.5мм*0.5мм, 2 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.2мм*0.2мм, гурав дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.3мм*0.3мм, тухайн хэсгээс зориулалтын хөвөн бамбар ашиглан бэхжүүлэн авсан. ...цонхны хэсэгт нарийвчлан үзлэг хийхэд цонхны ерөнхий хэмжээ 1.78м*1.48м харьцаатай, цонх нь 1.15м*1.36м харьцаатай нэг том шилэн хэсэг, 40см*77см, 48см*40см тус тус харьцаатай хоёр салхивчид хуваагдах бөгөөд том шилэн хэсгийн цонхны дотор талын дан шил хагарсан, гадна шилний дотор хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож, ямар нэг зүйл цонхны шилэн дээр гулссан мэт нарийн эмх замбараагүй шулуун мөрнүүд үүссэн, мөн дотор талын хагарсан шил цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, доод талын том салхивч дотогшоо онгойсон, салхивчны хүрээ болон салхивчны давхар шилний гадна болон дотор хэсэгтээ ямар нэг зүйлээр арчигдсан мэт шилэн дээр тууш зураас үүссэн. ...цонхны шилний хагархай цацагдсан, цонхны тавцан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. ...Цонхны тавцан дээр үүссэн 6 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн гулссан мэт үүссэн толбо 5см*1см, 8 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн гулссан мэт үүссэн толбо 12см*11.5см, 9 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн гулссан мэт үүссэн толбо 5см*3.5см, пааран дээр үүссэн 10 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн толбо 4см*1см харьцаатай ...цонхны шилэн дээр үүссэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг болгоноос зориулалтын хөвөн бамбараар арчдас авч бэхжүүлсэн. ...цонхны дотор талын хагарсан шилний дотор хэсэгт хүний гарын мөр дөрвөн ширхэг, хагархай шилийг цонхны рамаас салган авч дөрвөн ширхэг гарын мөр ...цонхны доод талын том салхивчны дотор талын хүрээ хэсгээр дөрвөн ширхэг гарын мөр, бариулаас нэг ширхэг гарын мөр, цонхны доод талын паар хэсгээс нэг ширхэг гарын мөр бэхжүүлж авсан...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 10-26 дугаар хуудас);
- Цогцост үзлэг хийсэн “...цогцсын гадна үзлэг болон задлан шинжилгээ явуулахад баруун, зүүн гарын хуруунуудын 2, 3 дугаар үенүүдэд хурц үзүүртэй ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн шархтай, хацрын нуруу, самсаа, ам орчмоор олон тооны жижиг цайвар өнгийн чулуулгууд наалдсан, цус гарч наалдсан. Хамрын нурууны зүүн хэсэгт зөв биш хэлбэртэй 2*2 см хүрэн улаан өнгийн, мөн зүүн хацрын шонтонг хамарсан 0.2 см голчтой 9-11 тооны цэгчилсэн зулгаралтуудтай, хацрын зүүн шонтонд зөв биш хэлбэртэй 3.5*2.5 см улаан ягаан өнгийн цус хурсан, хоёр чихний дэлбэн шороогоор бохирлогдсон, зүүн гарын долоовор хурууны хумсны дор 0.5 см голчтой дугараг хэлбэртэй, дунд, ядам хурууны 2 дугаар жим нүүрийн 1 түвшинд байрласан, долоовор хуруунд-1, дунд хуруунд-2, ядам хуруунд 0.5 см урттай, 01 см өргөн зулгаралтуудтай. Баруун шууны дор хажууд шархаар шууны хоёр яс бугуйн үеэр хугарч сөрдийж гарсан, баруун зүүн гарын сарвууны хуруунуудын үенүүдийн хэсэгт олон тооны зүсэгдсэн зулгаралтуудтай, баруун бугалгын гадна хэсэгт зууван хэлбэрийн шархтай, сүвээ, хэвлийн баруун хэсэгт олон тооны бүдгэвтэр ягаан өнгийн зулгаралтуудтай байсан. Задлан шинжилгээгээр дотор эрхтэн гэмтэл ихтэй, баруун түвэнх мултарсан, баруун бөөр, элэг няцарсан, бөөр, элэг, өрц хэсэгт цус хуралт ихтэй, баруун талын хавирганууд ташуу хугаралттай, урьдчилсан байдлаар өндрөөс унаж хоёр уушгины хавчилтын улмаас нас барсан байж болзошгүй” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 445 дугаар хуудас);
- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 890 дугаартай “Талийгаачид баруун талын олон хавирганы хугарал, хоёр уушгины авчилт, баруун уушгины доод дэлбэнгийн шарх, голч, уушгины уг, элэгний саран холбоос, сэмжний угийн цус хуралт, элэг, дэлүү, бөөрний язралтууд. Умдгийн баруун салааны хугарал, баруун шууны ил, бүсэлхийн р нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь өндрөөс унах доргих, үрэх, шүргэх үед үүснэ. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүсжээ. 2020.04.03-ны өдөр үүссэн байна. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломж багатай. Талийгаач өндрөөс унаад удалгүй 3-5 минутын хугацаанд нас барна. Талийгаач нь өндрөөс унаж дотор эрхтэн доргин хоёр уушги авчин амьсгалын дутагдлаар нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. ...Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой, мөн нас барахын өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан байна. ...Эмнэлгийн тусламж үзүүлэх хугацаа, боломж байхгүй. Талийгаач нь өндрөөс биеийн баруун талаараа унажээ. Өндрөөс унасан нь үхэлд шууд хүргэсэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 79-86 дугаар хуудас) зэргээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн сум, ******* багийн ******* дугаар байрны ******* тоот буюу шүүгдэгч Б*******ийн 5 дугаар давхарт байрлах орон сууцны унтлагын өрөөний цонхоор амь хохирогч Д. нь унаж нас барсан үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Б*******ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр П.г мөргөж шүдийг нь хугалж гэмтээсэн зүйл болоогүй. ...Тэр өдөр 16 цагийн үед П. охиныхоо шүдийг үзүүлнэ эмчтэй нь ярьчихсан та автомашиныхаа түлхүүр өгчих гэж хэлээд миний автомашины түлхүүрийг аваад явсан ба тухайн үед П. архи уучихсан байсан. Талийгаач ******* цагийн үед манайхаас гараад явсан ба Р. ах бид хоёр гэртээ үлдсэн. Тэгээд Р. ахыг шөлтэй хоол хийж идье гэж хэлээд байж байтал орой нар жаргах гээд л 19 цаг болох гэж байсан чинь гаднаас ороод ирсэн ба гаднаас орж ирээд том өрөөний хоймор телевизийн өмнө модон сандал дээр суусан. Би уйдан дээр сууж байсан. Р. гал тогоонд хоол хийж байсан. Би талийгаачийг “чи хаагуур яваад ирэв” гэсэн чинь юм ярихгүй дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би “бид хоёр хоол хийж байна, сайхан шөлтэй хоол идчих манайд жаахан унтаж байгаад явсан ч болно” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д. сандал дээрээс гэнэтхэн босоод ирэхээр нь хаачих гэж байгаа юм гэсэн чинь юм дуугараагүй, тэгэхээр нь би 00 орох гэж байгаа юм байх гэж бодож байсан чинь гэнэтхэн тас няс, пид пад гэх чимээ гарахаар нь юу болчхов гээд буйдангаас өндийтөл Р. ах цонхоор уначих шиг боллоо гээд жижиг өрөө рүү орох гэхээр нь та хэрэггүй гэж хэлээд гараас нь бариад өөрийнхөө дээр суулгаад өндийгөөд хартал жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь би цонхоор уначихлаа гэж бодоод миний утасны цэнэг байхгүй болчихоор нь Р. ахын утсаар аймгийн цагдаагийн газар руу манай гэрийн цонхоор манай найз уначихлаа гэсэн дуудлага өгсөн. ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талийгаач бид хоёр хэрэлдэж маргасан зүйл ерөөсөө болоогүй. ...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16-******* цагийн орчимд байх Р. ахад өөрийн үнэмлэхээ өгөөд байрны дэлгүүрээс 1 шил архи аваад ир өгөхгүй бол холбооны 27-ийн дэлгүүрээс архи аваад ир гэж явуулсан ба энэ П. иргэний үнэмлэхээ тавьж болохгүй гэж хэлж хориглосон зүйл болоогүй, бид П.г мөргөж шүдийг нь гэмтээсэн зүйл байхгүй, талийгаач бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан зүйл байхгүй. П.гийн мэдүүлсэн шиг үйл явдал болоогүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 127-133 дугаар хуудас);
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаач гарч явж байгаад орж ирсэн. Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Гараад явсан орой нар жаргах гэж байхад орж ирсэн. Манайх хоёр өрөө байртай. Би том өрөөнөөсөө хөдлөөгүй. Том өрөөнд ширээ байдаг миний хажууд Р. ах сууж байсан. Зэрэгцээ сандал дээр суусан байсан. Өдөр Чингис хаан гэдэг кино үзээд, бөх, морь яриад өнгөрсөн. Машинтай явж байгаа юм уу гэхэд дугараагүй. Р. ах хоол хийгээд байж байтал тас хийгээд явсан. Юу билээ гээд харсан. Унтлагын өрөөний цонх хагарсан байсан. Тэгээд уначихлаа гэж айгаад Р. ах харах гэхээр нь “та яах гээд байгаа юм. Та ийшээ сууж бай” гэсэн. Миний утас цэнэггүй болсон байсан учир Р. ахын утсаар цагдаад дуудлага өгсөн. Манай найз цонхоор уналаа гэж дуудлага өгсөн. Тэд нар удалгүй ирсэн. Би жижиг өрөө рүү ороогүй. Хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд П.г байгаа үед нь маргалдаад ноцолдож, унтлагын өрөөний цонхоор унагасан гэж прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан байна. Ийм нөхцөл байхгүй. Хэрэв ээ маргалдсан ноцолдсон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдох байх. Нотлогдоогүй. Найзынхаа амь насыг хохироох ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг үндэслэлгүйгээр хэрэг үүрүүлж, яллагдагчаар татаж байгаад харамсалтай байна” гэх мэдүүлгүүд нь гэрч П., Р. нарын мэдүүлгээс агуулгын хувьд зөрөөтэй, бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Тухайлбал шүүгдэгч нь гэрч П.г 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөргөж, хиймэл шүдийг нь гэмтээсэн, улмаар амь хохирогчтой маргасан талаар хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтаар дээрх мэдүүлгүүд нь няцаагдаж байх тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн гэрч Ц.ийн “...Б******* нь талийгаач сандал дээр сууж байгаад ухасхийгээд босоод явахаар нь хүүе андаа наад орон дээрээ унт гэж хэлэхийн завдалгүй л чигээрээ цонхоор гараад явчихсан” гэсэн тайлбар өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн *******9-180 дугаар хуудас)-ээс агуулгын хувьд зөрөөтэй байна.
4. Хэргийн газрын үзлэгээр “...амь хохирогч цонхоор унасан гэх унтлагын өрөөний ...шалан дээр цэгчилсэн байдлаар гурван хэсэгт үүссэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг 1, 2, 3 дугаараар тус тус дугаарлан тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ...Шалан дээр үүссэн 1 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.5мм*0.5мм, 2 дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.2мм*0.2мм, гурав дугаараар дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн цэгчлэн үүссэн толбо 0.3мм*0.3мм, тухайн хэсгээс зориулалтын хөвөн бамбар ашиглан бэхжүүлэн авсан” байх ба эдгээр биологийн гаралтай ул мөрнүүдийг шинжлүүлэхэд шинжээчийн 2193 дугаартай дүгнэлтээр (2 дахь хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас), дахин шинжилгээний 4986 дугаартай дүгнэлтээр (4 дэх хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас) цус илрээгүй гэх хариу гарчээ.
Харин шүүгдэгчийн гэрээсээ гаргаж хаясан гэх амь хохирогчийн ар гэрээс эд мөрийн баримтаар өгсөн эд зүйлийг шинжлүүлэхэд 29 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн жижиг цаасан уутан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Ногоон өнгийн жижиг цаасан уутан дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 22222 дугаар хуудас) гарчээ.
Дээрхээс харьцуулан дүгнэвэл амь хохирогчийн ар гэрээс гаргаж өгсөн эд зүйлээс илэрсэн цус мэт хүрэн улаан зүйлийг шинжлүүлэхэд цус болохыг тогтоосон атал хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн хураан авсан 10 ширхэг арчдасаас цус илрээгүй буюу цус болохыг тогтоож чадаагүй нь мөрдөгч тухайн биологийн гаралтай ул мөрийг зохих стандарт, нормативын дагуу бэхжүүлж, хадгалж, шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
5. Шүүгдэгч Б*******ийн биед үзлэг хийсэн “...баруун сарвууны ар хэсэгт 0.1см*0.1см зулгаралттай, түүний тойроод 0.5*0.6см хөхрөлттэй, зүүний онгины сорвитой, түүний хажуу талд долоовор хурууны ард харалдаа 0.1*0.2 см улаан өнгийн зулгаралттай байна. Зүүн гарын сарвууны дунд хурууны ард үенд 0.3*0.1 см хэмжээтэй улаан зулгаралттай байх ба өөр ач холбогдолтой зүйл ирээгүй” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Иргэн Б*******ийн биед: баруун гарын сарвууны ар хэсэгт долоовор хурууны харалдаа ард, мөн зүүн гарын дунд хурууны ард зулгаралт, баруун гарын ядам хурууны харалдаа ард зүүний сорви, мөн цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 12 дугаар хуудас) зэрэг нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүгдэгч Б*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүдийг хэзээ, хэн учруулсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүйгээр тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчтой ноцолдож, зодолдсон гэх үйл баримт хэрэгт тогтоогдохгүй байх тул энэхүү гэмтлүүдийг үндэслэн шүүгдэгчийг яллах үндэслэлгүй байна.
6. Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруугүй” гэх дүгнэлт гаргасан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад ердийн ухамсрын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр иргэдийг төлөөлж гаргасан дээрх дүгнэлт нь шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоотод буюу шүүгдэгч Б*******ийн гэрт шүүгдэгч болон амь хохирогч Д., гэрч П., Р. нар ахуйн хүрээнд архидан согтуурсан. Улмаар шүүгдэгч Б******* нь өөрийн иргэний үнэмлэхээ барьцаалан архи авхуулахаар гэрч Р.г явуулах гэхэд нь гэрч П. хоригложээ. Энэ асуудлаас үүдэн шүүгдэгч Б******* нь гэрч П.г мөргөж хиймэл шүдийг нь хугалсан байх ба амь хохирогч Д. шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг шүүмжилж, гэрч П.г өмөөрсний улмаас шүүгдэгч болон амь хохирогч нарын хувьд маргаан болсон байна.
Хэрэг болсон гэх орон сууцанд шүүгдэгч Б*******, амь хохирогч Д., гэрч Р. нар үлдсэн ба 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагаас 19 цаг 21 минутын хооронд шүүгдэгч Б*******ийн унтлагын өрөөний цонхоор амь хохирогч унаж нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Тодруулбал шүүгдэгч Б******* болон амь хохирогч Б. нар нь маргалдсан, уг маргаанаас тодорхой хугацааны дараа амь хохирогч цонхоор унаж нас барсан үйл баримт тогтоогдож байх боловч амь хохирогч, шүүгдэгч нар харилцан зодолдож, нэгнийхээ биед халдсан гэх буюу шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч цонхоор унасан гэх үйл баримтыг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй байна.
2. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн идэвхтэй үйлдэл (тогтоогдсон байх)-ийн улмаас бусдын амь нас хохирсон байхыг шаарддаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдлыг буюу гэмт хэргийг яаж үйлдсэнийг заавал нотлох хууль зүйн шаардлагатай. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний явцад болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б******* амь хохирогч Д.ийн биед халдсан эсэх, шүүгдэгч ямар үйлдэл хийсний улмаас амь хохирогч цонхоор унасан болох нь эргэлзээгүй бүрэн гүйцэт нотлогдохгүй байна.
3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны явцад уг хэрэгт хамааралтай, бүхий л нотлох баримтыг шалгасан байх ба уг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн зарим нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байна. Тухайлбал амь хохирогчийн ар гэрээс гаргаж өгсөн эд зүйлээс илэрсэн цус мэт хүрэн улаан зүйлийг шинжлүүлэхэд цус болохыг тогтоосон атал хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн хураан авсан 10 ширхэг арчдасыг цус илрээгүй буюу цус болохыг тогтоож чадаагүй нь мөрдөгч тухайн биологийн гаралтай ул мөрийг зохих стандарт, нормативын дагуу бэхжүүлж, хадгалж, шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн нөгөөтэйгөөр шүүгдэгч нь хэрэгт тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй мэдүүлэг удаа дараа өгч байгаа нь шүүгдэгчийг гэм буруутай, эсхүл гэм буруугүй гэж шууд дүгнэхэд эргэлзээ төрүүлж байна.
4. Шүүхийн хэлэлцүүлгээр амь хохирогч Д.ийг амиа хорлосон болон золгүй байдлаар амь насаа алдсан, эсхүл санаатай алсан, эсхүл амь насыг нь болгоомжгүй хохироосон аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгчийг эргэлзээ бүхий үйл баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул дээр дурдсан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгчийг гэм буруутай нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг нарийвчлан илжээ. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.т “гэмт хэргийн шинжгүй”, 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан”, 1.3-т “шүүгдэгч нас барсан”, 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа”, 1.5-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, 1.6-д “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй”, 1.7-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон”, 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж тус тус заажээ.
Тодруулбал шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах нь агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлд хамаарч байх тул уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2002002270239 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах үндэслэлтэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн уландаа Fadfine гэсэн бичигтэй, нэг хос хар өнгийн гутал, саарал өнгийн саравчтай малгай, улаан хүрэн өнгийн ноосон цамц, ягаан өнгийн судалтай дөрвөлжин хээтэй цамц, цагаан өнгийн майк, хар өнгийн өмд, саарал өнгийн өмд, хөх хээтэй цагаан өмд, цагаан эрээн өнгийн нэг хос оймс зэргийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, цэнхэр өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн футболк, хар өнгийн үдээстэй нэг хос гутал зэргийг шүүгдэгч Б*******ид тус тус буцаан олгохоор, Collumbia PFG гэсэн бичигтэй цагаан цайвар өнгийн саравчтай малгай, Porshche design гэсэн бичигтэй зүүн талын шилгүй, хар өнгийн нүдний шил, дотроо тунгалаг өнгийн шингэн зүйлтэй, 0.75 литрийн Соёрхол архины шил нэг ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий 6 ширхэг си ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.т зааснаар эрүүгийн 2002002270239 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ургийн овогт ийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2002002270239 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, ийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арван) жилийн дотор Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн уландаа Fadfine гэсэн бичигтэй, нэг хос хар өнгийн гутал, саарал өнгийн саравчтай малгай, улаан хүрэн өнгийн ноосон цамц, ягаан өнгийн судалтай дөрвөлжин хээтэй цамц, цагаан өнгийн майк, хар өнгийн өмд, саарал өнгийн өмд, хөх хээтэй цагаан өмд, цагаан эрээн өнгийн нэг хос оймс зэргийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид,
- цэнхэр өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн футболк, хар өнгийн үдээстэй нэг хос гутал зэргийг шүүгдэгч Б*******ид тус тус буцаан олгож,
- Collumbia PFG гэсэн бичигтэй цагаан цайвар өнгийн саравчтай малгай, Porshche design гэсэн бичигтэй зүүн талын шилгүй, хар өнгийн нүдний шил, дотроо тунгалаг өнгийн шингэн зүйлтэй, 0.75 литрийн Соёрхол гэх архины шил нэг ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
- 6 ширхэг си ди дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧИД Б.ГАНСҮХ
Х.ТАЛГАТ