Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******,

Улсын яллагч Н.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2223000000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Завхан аймаг сум******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн сумын******* баг *******тын энгэр гэх газарт О.тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд “дээд баруун 1-р шүдний уналт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн сумын******* баг *******тын энгэр гэх газарт О.тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд “дээд баруун 1-р шүдний уналт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

- Хохирогч О.ийн “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сумын******* багийн нутаг *******тын эх гэх газарт байдаг ******* гэдэг айлын хашаанд хонио хашиж ялгачхаад дуусаад явж байтал ******* гэдэг айлын /бүтэн нэрийн сайн мэдэхгүй/ гэдэг залуу ******* гэдэг ахтайгаа хамт морьтой ирээд нь манай хашаанд яагаад хонио хашаад байгаа юм бэ гэж уурлаад морин дээрээсээ намайг ташуураар 1 удаа цохиж аваад тэгээд мориноосоо бууж ирээд намайг заамдаж аваад миний нүүр рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгээд миний шүд уначихлаа гэж хэлээд бид 2 тийшээ салсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Миний дээд талын үүдэн хэсгийн баруун талын нэг шүд хугарч унасан. Дээд уруул язарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

- Гэрч Д.*******ын “...Манайх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сумын******* багийн нутаг Даазар гэх газраас нүүдэл хийгээд Доргот гэх газар буухаар явж байсан. Би тэр үед  манай хүргэн *******ийн ******* гэдэг залуутай хамт хонь үхрээ туугаад явж байсан. Тэгээд явж байтал манай багийн гэдэг залуу манайхны өвөлжөөнөөс мотоциклтой уруудаад ороод ирсэн. Тэгэхээр нь би манай өвөлжөөний хашаанд яагаад хонио хашаад байна гэж хэлсэн чинь миний өмнөөс дугараагүй. Тэгсэн чинь ******* манай дүү хүрч ирээд хашаанд хонио хашаад байхын хашааны шон уначих вий дээ гэсэн чинь юун сүртэй юм гээд уурласан. Тэгээд манай дүү ******* уурлаад морин дээрээсээ  нэг удаа нуруун дундуур нь ташуурдаад авсан. Тэгээд ******* мориноосоо буугаад мотоциклоосоо буугаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би мориноосоо буугаад салгах санаатай морио тушчихаад очтол *******ийн зүүн хөмсөгнөөс цус гарчихсан. нь шүд уначихлаа гээд салсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

- Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000000522 дугаартай “...1. Хохирогч О.ийн биед дээд баруун 1-р шүдний уналт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулын гадна талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

3. О.ийн биед үүссэн гэмтлүүд шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх үүссэн гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой.

5. О.ийн дээд баруун 1-р шүдний уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/

- Шүүгдэгч Б.*******ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манайх Завхан аймгийн сумын******* баг *******ы энгэр газар байрлах өөрийн өвөлжөөний ойролцоо буухаар нүүдэл хийж би нагац Д.*******ын хамт малаа туугаад явж байтал О. гэх хүн манай өвөлжөөнд хонио хашиж ялгачхаад ирж байхтай таарсан юм. Тэгээд би өд хандаж өвөлжөөн дээр хонио хашаад байх юм пизда чинь шонг нь унагааж байгаадаа гэж хэлтэл урдаас чамд ямар хамаатай юм чамд өмчлөөд өгсөн юмуу гээд уурлахаар би ташуураараа далан дундуур нь нэг удаа ороолгосон юм. Тэгсэн чинь газраас чулуу авч шидсэн боловч оноогүй. Тэгээд би мориноосоо буугаад бид хоёр заамдалцаж аваад би ийг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл шүд уначихлаа гээд бид хоёр салсан. надаас өндөр учир намайг мөргөх үед шүд хавьцаа таарсан байх миний хөмсөгнөөс цус гараад байсан учир би цусаа тогтоох гээд доошоо харсан. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахад бэлэн байгаа энэ тал дээр надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Би хохирогчид 1,000,000 төгрөгөөр хоорондоо тохиролцсон байгаа. Одоохондоо өгөөгүй байгаа” /хх-ийн 41-42-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч О.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт мөргөж буй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болно гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хүнтэй харьцах зөв боловсон харьцаа, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын тухайд:

Шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “...Б.******* намайг мөргөж миний үүдэн шүдний дээд талын нэг шүд унасан. Би шүдээ хийлгэчихвэл надад өөр санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул насанд хохирогч О. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч О. нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул шүүх хохирлын нэхэмжлэлийг тогтоох боломжгүй байна. Иймд хохирогч О. нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 45-р хуудас/

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч О. нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ