Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч П.Доржбал даргалж

Нарийн бичгийн дарга М.*******,

Улсын  яллагч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох 2223001210169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын , хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 11 шуудай 201.4 килограмм хонин арцыг /нойтон/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын Баянбулаг багийн нутаг “Цалинт” гэх газраас түүж бэлтгэн, байгаль экологид 20,321,260 төгрөгийн хохирол учруулсан буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 11 шуудай 201.4 килограмм хонин арцыг /нойтон/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын Баянбулаг багийн нутаг “Цалинт” гэх газраас түүж бэлтгэн, байгаль экологид 20,321,260 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын “...Дээрх хүмүүс нь хууль бусаар арц түүж бэлтгэн Завхан аймгийн сумын байгаль орчинд хохирол учруулсан байгаа. Энэ талаар шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр 20,321,260 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Тиймээс энэ учруулсан хохирлыг зохих хууль, журмын дагуу барагдуулж хохиролгүй болгуулмаар байна. Тухайн хохирлыг төлж барагдуулбал цаашид гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24-р хуудас/,

- Гэрч Ч.ын “...Тэр өдөр манай хүргэн Ж.******* нь “хөдөө ажлаар яваад өдөртөө ирнэ” гэхээр нь өөрийн эхнэрийн хамт гэрт байхаар салхинд гаръя гээд хамт явж байсан. Манай хүргэн Ж.******* л арц түүсэн. Манай хөгшин, охин бид гурав хоол унд гээд уулын бэлд байсан. Өөр хүн бол арц түүгээгүй. Ямар арц болох талаар нь мэдэхгүй байна. 11 ширхэг шуудайтай арц түүсэн харагдсан. Тэгсэн цагдаа бас нэг хүн ирээд арцыг нь хурааж авсан. Ямар нэртэй газар болохыг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч И.гийн “...Би сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд сууж байтал 15 цагийн үед хурлын дарга нь “Цалинт гэх газарт арц түүгээд байна гэнэ одоо очъё” гээд хэсгийн төлөөлөгч Л.ын хамт явсан. Тэгээд сумын Баянбулаг багийн нутаг Цалинт гэх газарт очтол 4 хүн байсан. Нэг эрэгтэй хүн арц түүсэн бололтой ууттай арцны тэнд мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, мөн наана нь нэг эмэгтэй байсан. Тэгээд бид нар очоод шалгахад зөвшөөрөлгүй 11 шуудай арц мөн 4 ширхэг хайч, 8 ширхэг гялгар шуудай байсныг хураан аваад сумын төвд ирж арц, хайч уут зэргийг тамгын газрын агуулахын гадаа буулгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.ын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаартай “...1. 11 шуудай арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хонин арц (Juniperus sabina L),

2. 11 шуудай арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын тухай хууль буюу Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт: Нэн ховор ургамлын жагсаалтад орсон.

3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Завхан аймгийн хувьд монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тагийн тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг газар зүйн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана.

4. Тухайн хураагдсан 11 шуудай 201.4 килограмм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг-100.900, 201.4 кг, нийт 20,321,260 төгрөг.

5. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

- Шүүгдэгч Ж.*******ын “...Би Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.*******ын гаргасан яллагдагчаар татах тухай тогтоолын агуулгыг олгож танилцсан. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгт тодорхой ярьсан. Тухайн арцыг би ганцаараа түүсэн. Манай эхнэр болон хадам аав, ээж нар арц түүсэн талаар мэдээгүй.  Тухайн үед манай хоёр хөгшин гэрт байж байхаар гээд салхинд гарсан юм. Би тухайн үед 200 гаран килограмм арцыг өөрөө хайчилж бэлтгэсэн. Миний түүж бэлтгэсэн арц нь хонин арц байсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,

мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.  

Шүүгдэгч Ж.******* нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 201.4 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ж.******* зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 20,321,260 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь  2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.*******ын ургамлын аймагт учруулсан 20,321,260 төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 101,606,300 /нэг зуун нэг сая зургаан зуун зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.******* урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 69-72-р хуудас/

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ж.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ж.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 11 шуудай 201.4 килограмм хонин арцыг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг хайч, 8 ширхэг гялгар шуудайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******оос ургамлын аймагт учруулсан 20,321,260 төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 101,606,300 /нэг зуун нэг сая зургаан зуун зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 11 шуудай 201.4 килограмм хонин арцыг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг хайч, 8 ширхэг гялгар шуудайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ