Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр                     Дугаар 2022/ШЦТ/127                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Ш,

Хохирогч: Б.А,

Гэрч: Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Б-ийн Ш-т холбогдох 2228000000157 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутаг дэвсгэрт буюу Хүрмэн сум явах засмал замын орчим Б.Атай нөхрөө хардсаны улмаас маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой хэсэгт цохиж, бие хэсэгт өшиглөж биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн мөр, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Шийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.А гэх эмэгтэйгээс болж 2 хүүхэд минь өнчирч гэр бүлээ цуцлуулсан байгаа.  Б.А манай нөхрийг 2 хүүхэдтэйг нь мэдсээр байж салаад ир гэж хэлсээр байгаад бид хоёрын гэр бүлийн харилцаанд асуудал үүсэж гэрлэлтээ цуцлуулсан. Б.Агийн аав нь манай гэрт ирж хутга барьж манай нөхрийг ална гэж 2 хүүхдийг минь айлгаж ичээсэн. Б.А намайг хэл амаар доромжилсны улмаас би биеэ барьж чадахгүй ийм үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг нөхөртэйгөө хардсан. Би нөхөртэй нь ямар нэгэн байдлаар харьцаагүй байхад намайг харьцсан гэж ирж авч явсан. Бүх зүйл Б.Ш гэх хүнээс болсон. Түүнээс хойш намайг олон нийтийн газар таарах бүртээ хэл амаар доромжилж чанга дуугаар ярьдаг. Саяхнаас зүүн мөр хөдөлж чадахаа байж эмнэлэгт хэвтсэн, онош нь тодорхойгүй. Улаанбаатар хот руу явж оношоо тодруулах шаардлагатай байгаа. Манай гэрийн гадаа ирээд Б.Ш над руу залгасан. Би гарч очиход машинд суучих гэж хэлсэн. Би суухгүй гэж хэлэхэд нөхөртэйгөө нүүрэлдүүлье гэж хэлээд байсан. Тэгээд би машинд нь суугаад явж байхад “Ивээл” төвийн урд талын засмалаар явж байхад гэнэт толгойноос үсдэж дарж цохьсон. Хүрмэн сумын засмалаар явж байгаад зогсож үсдэж зулгааж зодсон.

 

Гэрч Н.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ асуудал гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон. Маргалдсан зүйл хэлсэн. Тодорхой зүйл яриагүй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирээд байж байхад  манай ээж рүү Шүрээ гэх эмэгтэй залгаад танай охин чинь манай нөхөртэй харьцаад байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээжтэй ярилцаад байж байсан чинь миний утас руу тэр Шүрээ гэдэг эмэгтэй залгаад гараад ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад ирсэн чинь Шүрээ гэдэг эмэгтэй манай гэрийн гадаа машинтай хүрээд ирсэн. Тэр эмэгтэй намайг нөхөртэйгөө уулзаад байна гэхээр нь би уулзахгүй байгаа харилцаа байхгүй гэж хэлсэн чинь машинд суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй би машинд суухгүй гэсэн чинь нөхөртэйгөө нүүрэлдүүлье гээд байхаар нь машинд нь ороод суусан чинь “Ивээл" худалдааны төвийн урдуур явж байгаад намайг гэнэт үсдээд авсан. Тэгээд толгой руу олон удаа гараараа цохиж авсан. Тэгж байхдаа чамайг тал дээр аваачиж ална гэж заналхийлээд байсан. Тэр чигээрээ яваад Хүрмэн явдаг засмал замаар тал руу гараад хэсэг явж байгаад зогсоод намайг үснээс чирж буулгаад газар хэвтүүлж байгаад өшиглөөд, цохиод байсан. Би тэр үед нь нүүрээ хамгаалаад хэвтээд байсан. Тэр хүн миний толгой руу гараараа маш олон удаа цохиж авсан. Мөн гуяны дотор талыг чимхээд хүзүүг гараараа чимхээд базлаад байсан. Тэгж байгаад намайг хувцсаа тайл гэсэн. Тэгэхээр нь би дээгүүрх цамцаа тайлсан чинь бүх хувцсаа тайл гэсэн. Би тайлахгүй гэсэн чинь чамайг хувцсаа тайлахгүй бол машинаар дайрч ална гээд машиндаа орж машинаа асаагаад над руу давхиж ирээд тулж зогсоод байсан. Тэгж байгаад халааснаасаа нэг давс шиг зүйл гаргаж ирээд над руу шившиж байгаад цацаад байсан. Хэсэг тэгж байгаад миний гар утсыг аваад машинаа унаад намайг хаяад яваад өгсөн. Тухайн үед харанхуй болчихсон байсан учраас би аймгийн гэрэл хараад засмал дагаад алхаж байсан чинь Шүрээ гэх хүн эргээд хүрээд ирсэн. Ирэхдээ хажуудаа нөхрөө суулгачихсан байсан. Нөхөр нь миний гар утсыг өгсөн. Би утсаа аваад алхаж байсан чинь хажууд ирж зогсоод цагдаад хэлбэл яахыг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд чи шүүхэдмээр байвал шүүхдээрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би аймгийн төв рүү алхаж ирээд “Далан булаг” хүнсний үйлдвэрийн хажууд байдаг хамт ажилладаг байсан эгчийн гэрт очоод ээжийг дуудаад ээжтэй хамт гэртээ харьсан юм. Бусдад зодуулсны улмаас толгой маш их өвдөж байна. Хүзүүний зүүн талаар хөхөрч хавдсан хоёр гуяны дотор талаар чимхүүлээд хөхөрч хавдсан зэрэг гэмтлүүд авсан. Одоо толгой маш их өвдөж байна. Өс хонзонгийн асуудал байхгүй. Би Шүрээ гэдэг эмэгтэйн нөхөртэй хамт ажилладаг байсан бөгөөд Шүрээгийн нөхөр Л нь эхнэр, хүүхдээсээ салсан гээд байхаар нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Түүнийг эхнэр нь мэдсэн юм шиг байна лээ. Би зуны амралтаараа “Даланбулаг” хүнсний үйлдвэрт ажиллаж байхад Л гэдэг залуу хамт ажилладаг байсан бөгөөд над руу хайртай дуртай гээд чат бичээд байдаг байсан бөгөөд сүүлдээ уулзъя гэдэг болсон. Бид хоёр уулзаж байгаад би Лг эхнэр хүүхэдтэй гэдийг мэдсэн юм. Тэгээд өөрт нь хэлсэн чинь эхнэр хүүхдээсээ салж байгаа гэж хэлсэн. Тэгсэн ч би дахиж уулзахгүй гэж хэлсэн чинь Л намайг аав, ээжид чинь хэлнэ. Чамаас болж эхнэр хүүхдээсээ салсан гэж хэлнэ гээд сүрдүүлээд байсан. Бид хоёр хэсэг хугацаанд уулзсан юм. Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ. /хх-ийн 11-12 дахь тал/

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Ш миний гуяны дотор талд чимхээд байсан. Түүнээс болж миний гуяны дотор талд хөхөрсөн. Энэ гэмтлийг өөр газраас авах боломж байхгүй. /хх-ийн 14 дэх тал/

 

Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр Ш бид хоёр 2022 оны 08 дугаар сараас эхлэн муудалцаад салах талаар ярилцаж байсан. Ингэж байх хугацаандаа хамт ажиллаж байсан Анужин гэх охинтой утсаар харилцдаг байсан юм. Анужин бид хоёрыг харилцаж байгааг эхнэр мэдчихсэн юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой манай эхнэр Ш, Анужинтай уулзъя хамт явъя гээд байхаар нь би хамт яваагүй. Тэгсэн эхнэр ганцаараа уулзана гээд явсан. Хэсэг хугацааны дараа эхнэр гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэр үед би гадаа тамхи татаад зогсож байсан юм. Эхнэр гэрийн гадаа ирчихээд Анужингийн чинь утас машинд үлдсэн байна хамт хүргэж өгье гэсэн. Тэгэхээр нь би машинд суугаад явсан чинь Хүрмэн явдаг засмалын тийшээ явсан. Тэгсэн тэнд Анужин алхаж байсан. Гар утсыг нь өгчихөөд буцаад гэртээ ирсэн. Ийм л зүйл болсон юм. Анужин бид хоёр чаталсан байсан. Түүнийг хараад уурлаад хардаад байсан. Бид хоёрын чатанд уулзъя гэсэн утгатай чат байсан юм. /хх-ийн 16 дахь тал/

 

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой би ажлаасаа тарж ирээд гэртээ хоолоо хийгээд сууж байхад утас дуугарсан. Тэгсэн чинь Ш гэдэг эмэгтэй танай охин чинь банзал, гичий гэх мэтээр аймаар хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь юу болсон бэ миний дүү гээд сууж байсан чинь миний охин Анужин гаднаас ороод ирэхээр нь охиноо загнаад чи юу болоод байгаа юм бэ, би амьдралдаа ингэж хүнээр загнуулж, доромжлуулж үзээгүй гэж хэлсэн чинь манай охин би сүүлийн үед уулзахгүй, холбоогүй байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгчихээд манай охин би ер нь очиж уулзаж учраа олно гээд гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй алга болсон. Утас руу нь залгасан чинь утас нь болохгүй байгаад байсан. Орой 22 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас дуудлага ирсэн. Тэгсэн чинь манай охин байсан бөгөөд ээж намайг тал руу гаргаж ирээд зодсон гэж хэлсэн. Одоо хаана байна гэсэн чинь хуучин ажиллаж байсан айлд байна гэсэн. Тэгээд би охиноо 1-р сургуулийн хашааны орчмоос амдаж аваад яасан бэ гэсэн чинь хувцас хунар нь дан шороо болчихсон уйлаад ярьж чадахгүй байсан. Гэртээ авч ирээд яасан бэ гэсэн чинь нүүр, дух нь хавдчихсан байсан. Яасан бэ гэсэн чинь Ш тал дээр аваачаад зодсон. Мөн хувцсаа тайл гэхээр нь тайлахгүй гэсэн чинь машинаар дайрч ална гэсэн гээд машинаараа тулж ирээд байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш гэх хүн рүү залгаад манай хүүхдийг зодсон байна гэж хэлсэн чинь би танай хүүхдийг зодоогүй би тал руу авч яваагүй гэж хэлээд байсан. Тэгээд сүүлдээ хохь чинь гэх мэтээр доромжлоод байсан. Маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 18-19 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Агийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн мөр, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-27 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Эрдмийн гэгээ сургуульд 1990-1998 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1998-2003 он хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажилласан. 2003 оноос хойш өнөөг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж наймаа арилжаа хийж амьдарч байгаа юм. 2007 онд том хүү Ш.Азжаргал төрсөн. 2015 онд Н.Лтэй гэр бүл болж 2016 онд охин Л.Отгонжав, 2020 онд бага хүү Л.Тэмүүлэн төрсөн юм. Би одоо нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа юм. Тэр эмэгтэй хүүхдийн хөл гуянд хүрээгүй. Миний хувьд энэ хүнээс болж сэтгэлзүйн хүнд байдалд орж эмнэлэгт хэвтсэн дээрээс нь эхнэр хүүхэдтэйг мэдсээр байж салаад ир гэж манай нөхрийг өдөж хоргоож манай амьдралыг салгасанд гомдолтой байна. 2 хүүхдийг нь өнчрүүлсэнд гомдолтой байна. /хх-ийн 34 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 40-43 дахь тал/

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн тодорхойлолт /хх-ийн 44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.А, шүүгдэгч Б.Ш нар нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутаг дэвсгэрт буюу Хүрмэн сум явах засмал замын орчимд Б.Атай нөхрөө хардсаны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б.Ш нь хохирогч Б.Агийн үснээс зулгааж, толгой хэсэгт цохиж, бие хэсэгт өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Агийн мэдүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирээд байж байхад  манай ээж рүү Шүрээ гэх эмэгтэй залгаад танай охин чинь манай нөхөртэй харьцаад байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээжтэй ярилцаад байж байсан чинь миний утас руу тэр Шүрээ гэдэг эмэгтэй залгаад гараад ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад ирсэн чинь Шүрээ гэдэг эмэгтэй манай гэрийн гадаа машинтай хүрээд ирсэн. Тэгэхээр нь үгүй би машинд суухгүй гэсэн чинь нөхөртэйгөө нүүрэлдүүлье гээд байхаар нь машинд нь ороод суусан чинь “Ивээл" худалдааны төвийн урдуур явж байгаад намайг гэнэт үсдээд авсан. Тэгээд толгой руу олон удаа гараараа цохиж авсан. ...Ш миний гуяны дотор талд чимхээд байсан. Түүнээс болж миний гуяны дотор талд хөхөрсөн. Энэ гэмтлийг өөр газраас авах боломж байхгүй. /хх-ийн 11-12, 14 дэх тал/

 

Гэрч Н.Лгийн мэдүүлэгт: ...Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой манай эхнэр Ш, Анужинтай уулзъя хамт явъя гээд байхаар нь би хамт яваагүй. Тэгсэн эхнэр ганцаараа уулзана гээд явсан. Хэсэг хугацааны дараа эхнэр гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэр үед би гадаа тамхи татаад зогсож байсан юм. Эхнэр гэрийн гадаа ирчихээд Анужингийн чинь утас машинд үлдсэн байна хамт хүргэж өгье гэсэн. Тэгэхээр нь би машинд суугаад явсан чинь Хүрмэн явдаг засмалын тийшээ явсан. Тэгсэн тэнд Анужин алхаж байсан. Гар утсыг нь өгчихөөд буцаад гэртээ ирсэн. /хх-ийн 16 дахь тал/

 

Гэрч Б.Өы мэдүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой би ажлаасаа тарж ирээд гэртээ хоолоо хийгээд сууж байхад утас дуугарсан. Тэгсэн чинь Ш гэдэг эмэгтэй танай охин чинь банзал, гичий гэх мэтээр аймаар хэл амаар доромжилсон. ...Орой 22 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас дуудлага ирсэн. Тэгсэн чинь манай охин байсан бөгөөд ээж намайг тал руу гаргаж ирээд зодсон гэж хэлсэн. Одоо хаана байна гэсэн чинь хуучин ажиллаж байсан айлд байна гэсэн. Тэгээд би охиноо 1-р сургуулийн хашааны орчмоос амдаж аваад яасан бэ гэсэн чинь хувцас хунар нь дан шороо болчихсон уйлаад ярьж чадахгүй байсан. Гэртээ авч ирээд яасан бэ гэсэн чинь нүүр, дух нь хавдчихсан байсан. Яасан бэ гэсэн чинь Ш тал дээр аваачаад зодсон. Мөн хувцсаа тайл гэхээр нь тайлахгүй гэсэн чинь машинаар дайрч ална гэсэн гээд машинаараа тулж ирээд байсан гэж хэлсэн. /хх-ийн 18-19 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Шийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн мөр, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутаг дэвсгэрт буюу Хүрмэн сум явах засмал замын орчим Б.Атай нөхрөө хардсаны улмаас маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой хэсэгт цохиж, бие хэсэгт өшиглөж биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн мөр, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч Б.Шийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Шийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Б.Шийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Шийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 47 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /40-43 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Ш нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Ш өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Ж овгийн Б-ийн Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА