Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                   Дугаар 2022/ШЦТ/128                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Д.Г,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Гд холбогдох 2202003550166 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайханы 12-10 тоотод байдаг гэртээ өөрийн эзэмшлийн “Note 8” загварын гар утсаар мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар, цахим орчинд лайв хийж, бог малын шагай ашиглан, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, тоглогч нараас өөрийн эзэмшлийн ХААН банкны 5902080522 тоот дансаар мөнгө шилжүүлэн авч нийт 10,955,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Гг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 09 дүгээр сараас эхлэн “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар Г гэх хүн Live хэлбэрээр бог малын шагайг уралдуулан мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь тоглож эхэлсэн. Би тэр live-ийг нь өөрийнхөө “З.Э” гэх нэртэй фейсбүүк хаягаараа үзэж тоглоомд оролцдог. Уг шагайн уралдааны 1 удаагийн тоглолтод нийт 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явагддаг. 1-7 хүртэл дугаарласан шагайнуудаас нэгийг нь сонгоод оролцдог. Нэг удаагийн тоглолтод оролцохдоо 30.000 төгрөгийг Ггийн 5902080522 дугаартай Хаан банкны данс руу өөрийнхөө 5639051249 дугаартай Хаан банкны данснаас шилжүүлдэг байсан. Би энэ тоглоомыг тоглоод ойролцоогоор 6 сая орчим төгрөг алдсан. Харин хожсон нь 4 сая орчим төгрөг байгаа. Би Г гэх хүнийг урьд нь таньдаггүй байсан. 2021 оны 09 дүгээр сараас эхлэн шагайн уралдаан тоглож эхлээд таньдаг болсон. Уг шагайн уралдааныг Г өөрөө зохион явуулдаг. Би мөрийтэй тоглоом тоглосноо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь хуулиар хориотой байдаг гэдгийг мэдээгүй. Ггийн зохион байгуулдаг шагайн уралдаан нь орой 19 цагаас 00 цагийн хооронд зохион байгуулагддаг. Өдөрт ойролцоогоор 10 орчим хүн live үзэж тэрнээс 7 хүн нь оролцдог. Тэр тоглоомыг Г орой болгон л зохион байгуулдаг. Би 2021 оны 09 дүгээр сараас хойш орой болгон Ггийн зохион байгуулдаг шагайн уралдаанд оролцдог. Г нь шагайн уралдаан зохион байгуулахдаа 1 удаагийн тоглолтоос 20.000 төгрөгийг нь авдаг. Хүн тус бүр 30.000 төгрөг гарган нийт 7 хүн тоглож дуусахад 1 дүгээр байранд орсон хүнд 100.000 төгрөг, 2 дугаар байранд орсон хүнд 60.000 төгрөг, 3 дугаар байранд орсон хүнд 30.000 төгрөг буцаан шилжүүлдэг. Үлдэгдэл 20.000 төгрөгийг Г авдаг. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тэр хүний зохион байгуулсан тоглоомд сайн дураараа оролцсон. /хх-ийн 33-34 дэх тал/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар Г гэх хүн live хэлбэрээр бог малын шагайг уралдуулан мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь тоглож эхэлсэн. Би тэр live-ийг нь өөрийнхөө “Дамиран О” нэртэй фейсбүүк хаягаараа үзэж тоглоомд оролцдог. Би уг шагайн уралдааны 1 удаагийн тоглолтод оролцохдоо 30.000 төгрөгийг Д.Ггийн 5902080522 дугаартай Хаан банкны данс руу өөрийнхөө 5585240371 дугаартай Хаан банкны данснаас шилжүүлдэг байсан. Би Г гэх хүнийг урьд нь таньдаггүй байсан. 2021 оны 10 дугаар сараас эхлэн шагайн уралдаан тоглож эхлээд таньдаг болсон. Уг шагайн уралдааныг Д.Г өөрөө live хийж зохион явуулдаг. Би мөрийтэй тоглоом тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь хуулиар хориотой байдаг гэдгийг мэдээгүй. Д.Ггийн зохион явуулдаг шагайн уралдаан нь 7 хоногт 5 удаа оройн цагаар зохион байгуулагддаг. Тэр live -г нь 10 орчим хүн үзээд нэг удаагийн тоглолтод 5-7 хүн оролцдог. Г нь шагайн уралдаан зохион байгуулахдаа 1 удаагийн тоглолтоос 20.000 төгрөгийг нь авдаг. Хүн тус бүр 30.000 төгрөг гарган нийт 7 хүн тоглож дуусахад 1 дүгээр байранд орсон хүнд 100.000 төгрөг, 2 дугаар байранд орсон хүнд 60.000 төгрөг, 3 дугаар байранд орсон хүнд 30.000 төгрөг буцаан шилжүүлдэг. Үлдэгдэл 20.000 төгрөгийг Г авдаг. Би 1 жилийн хугацаанд 1 сая төгрөг алдаж, 500.000 төгрөг хожсон байх гэж бодож байна. Яг тооцоолж үзээгүй. /хх-ийн 37-38 дахь тал/

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх мэдүүлэгт энэ талаар үнэн зөв мэдүүлсэн. Би өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл бол 2021 оны 01 сараас эхлэн ганц нэг удаа 10.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдаан нэртэй мөрийтэй тоглоомыг зохион явуулж байсан. Тэгээд 10.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулахдаа нэг тоглолтоос 10.000 төгрөгийн ашиг авдаг байсан. 2021 оны 05 дугаар сараас эхлэн 20.000 төгрөгөөр уг шагайн уралдаан зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ мөн адил нэг тоглолтоос 10.000 төгрөгийн ашиг авдаг байсан. 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 30.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулж эхэлсэн. 30.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулахдаа нэг тоглолтоос 20.000 төгрөгийн ашиг авдаг байсан. Энэ талаар бол өмнөх мэдүүлэгт хэлэлгүй мартсан байсан. Дансны хуулгаа хараад энэ талаар санасан юм. Заримдаа зохион байгуулсан тоглолтоос ашиг авч чадахгүй орж тоглож байгаа хүмүүс зээлээр ороод маргааш өгнө гэж хэлж тоглоод маргааш нь мөнгөө өгөхгүй алга болчих үе бас байдаг. Тэр үед би өөрөөсөө мөнгө гаргаад хүмүүсийн бооцооны мөнгийг нь тараадаг. Энэ үед би өөрөө ашиг олж чаддаггүй. Хэн нэгэнд хохирол учраагүй. Хүмүүс сайн дураараа орж тоглодог, зарим үед бол хүмүүс тоглоомоо эхлүүлээч гэж гуйгаад эхлүүлэх үе байдаг. Орж тоглосон хүмүүс бүх мөнгөө алдана гэж байхгүй. Зарим үед хожигдоод мөнгөө алдана зарим үед хожоод мөнгөө авчихдаг. Орж тоглож байгаа хүмүүст дүндээ дүн л болдог. Заримдаа орж тоглоод мөнгөө алдаад байгаа хүнийг бол боль дараа тогло гээд тоглоомоос шууд хасаад болиулчихдаг. Байнга бол зохион байгуулаад байдаг зүйл байхгүй. Ажил эрт тарсан завтай байх үедээ л уг шагайн уралдааныг 2-3 цагийн хугацаанд зохион байгуулдаг. 2021 онд корона вирүс гараад хөл хорио гээд хүмүүс бүгд гэртээ байх болсны улмаас ажил төрөл муу байсан. Ашиг орлого бага байсан болохоор хүмүүсийг гэрт нь цаг хугацааг зугаатай өнгөрүүлээд өөрөө бас хэрэглээний мөнгө олчихъё гэж бодож уг шагайн уралдааныг зохион байгуулсан юм. Өдөрт олсон ашгаараа хоол хүнсний зүйл авна. Гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Хурааж хуримтлуулж өөр үнэ бүхий эд зүйл авсан зүйл байхгүй. Тухайн үедээ хэрэглээний мөнгө болоод дуусчихдаг байсан. Би шагайн уралдааныг ганцаараа зохион байгуулдаг байсан. Уг шагайн уралдааныг зохион байгуулахад өөр хүний дэмжлэг туслалцаа хэрэг болдоггүй байсан. Би Samsung note 8 маркийн гар утас ашиглаж байсан. Уг гар утасны имэй код, үйлдвэрлэсэн оныг нь мэдэхгүй. Ягаан өнгийн гар утас байсан. Тэр гар утас одоо байхгүй. Манай хүүхэд эвдчихсэн. Угаасаа их муу хуучин утас байсан юм. Уг гар утсыг зарсан бол их дээ 100.000 төгрөг болох байсан байх. Бараг хүн авахгүй ч байсан байж магадгүй. Уг утсыг би хүнээс 150.000 төгрөгөөр авч барьж ашиглаж байсан. Анх авахдаа хуучин утас авсан юм. /хх-ийн 46-47 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/

Дансны хуулга /хх-ийн 48-2хх-ийн 106 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайханы 12-10 тоотод байдаг гэртээ өөрийн эзэмшлийн “Note 8” загварын гар утсаар мэдээллийн технологи ашиглан, “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар, цахим орчинд лайв хийж, бог малын шагай ашиглан, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Д.Г нь тоглогч нараас өөрийн эзэмшлийн ХААН банкны 5902080522 тоот дансаар мөнгө шилжүүлэн авч нийт 10,955,000 төгрөгийн ашиг олсон үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Гэрч З.Эгийн: Би 2021 оны 09 дүгээр сараас эхлэн “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар Г гэх хүн Live хэлбэрээр бог малын шагайг уралдуулан мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь тоглож эхэлсэн. Би тэр live-ийг нь өөрийнхөө “З.Э” гэх нэртэй фейсбүүк хаягаараа үзэж тоглоомд оролцдог. Уг шагайн уралдааны 1 удаагийн тоглолтод нийт 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явагддаг. 1-7 хүртэл дугаарласан шагайнуудаас нэгийг нь сонгоод оролцдог. Нэг удаагийн тоглолтод оролцохдоо 30.000 төгрөгийг Ггийн 5902080522 дугаартай Хаан банкны данс руу өөрийнхөө 5639051249 дугаартай Хаан банкны данснаас шилжүүлдэг байсан. /хх-ийн 33-34 дэх тал/

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар Г гэх хүн live хэлбэрээр бог малын шагайг уралдуулан мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь тоглож эхэлсэн. Би тэр live-ийг нь өөрийнхөө “Дамиран О” нэртэй фейсбүүк хаягаараа үзэж тоглоомд оролцдог. Би уг шагайн уралдааны 1 удаагийн тоглолтод оролцохдоо 30.000 төгрөгийг Д.Ггийн 5902080522 дугаартай Хаан банкны данс руу өөрийнхөө 5585240371 дугаартай Хаан банкны данснаас шилжүүлдэг байсан. /хх-ийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Д.Ггийн: 2021 оны 01 сараас эхлэн ганц нэг удаа 10.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдаан нэртэй мөрийтэй тоглоомыг зохион явуулж байсан. Тэгээд 10.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулахдаа нэг тоглолтоос 10.000 төгрөгийн ашиг авдаг байсан. 2021 оны 05 дугаар сараас эхлэн 20.000 төгрөгөөр уг шагайн уралдаан зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ мөн адил нэг тоглолтоос 10.000 төгрөгийн ашиг авдаг байсан. 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 30.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулж эхэлсэн. 30.000 төгрөгийн бооцоотой уг шагайн уралдааныг зохион байгуулахдаа нэг тоглолтоос 20.000 төгрөгийн ашиг авдаг байсан. /хх-ийн 46-47 дахь тал/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч З.Э, Д.О нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайханы 12-10 тоотод байдаг гэртээ өөрийн эзэмшлийн “Note 8” загварын гар утсаар мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, “Шагайн уралдаан” нэртэй фейсбүүк фэйж хуудсаар, цахим орчинд лайв хийж, бог малын шагай ашиглан, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, тоглогч нараас өөрийн эзэмшлийн ХААН банкны 5902080522 тоот дансаар мөнгө шилжүүлэн авч нийт 10,955,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Д.Г нь 10.995.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч З.Э, Д.О нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Ггийн дансны хуулга /1хх-ийн 68-2хх-ийн 106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх орлогыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний дагуу шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Ггаас 10.995.000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 48 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/, Дансны хуулга /хх-ийн 49 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргав.

 

 Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ггаас 10.995.000 /арван сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА