Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Я овогт А-ын Г-д холбогдох 2235002080250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар баг ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я овогт А-ын Г /РД:............/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн ... тоотод байрлах өөрийн хашаандаа 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус газарт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Давст сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б-д хүч хэрэглэсэн, хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ

1. Шүүгдэгч А.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн 210 тоотод байрлах өөрийн хашаандаа 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус газарт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Давст сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б-д хүч хэрэглэсэн эсэргүүцсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

Хохирогч Ц.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Давст суманд хэсгийн цагдаагийн албан тушаал эрхэлдэг. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байран дээрээ байтал 09 цаг 40 минутын үед ..........  дугаарын утаснааас Б гэх айлд иргэн А.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хутгатай орж ирээд амгалан тайван байдал алдагдуулж танхайрч байна гэх дуудлага ирсэн. Тухайн дуудлага аваад Б гэх айлд албаны мотоцикльтой явж очиход тус айлд Б эхнэр У, Б, Н гэх хүмүүс байсан. Тухайн айлд танхайрч байсан А.Г байхгүй байсан тул юу болсон талаар асуухад гаднаас А.Г хутгатай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хутгатай орж ирээд амгалан тайван байдал алдагдуулсан гэж хариулсан. А.Г-ын гэр болох Давст сумын 2 дугаар баг 210 тоот хашаанд очиход миний урдаас ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирж байсан бөгөөд намайг ална гээд урдаас хүрээд ирсэн. Тухайн үед А.Г-ын эхнэр хутгатай байгаа шүү болгоомжтой байгаарай гэж хэлсэн тул би гадна хашаан дотор 2 гарын бариад автал эхнэр нь араас ирээд баруун цамцны ханцуйнд байсан цагаан өнгийн хутга, мөн ар нуруунд буюу өмдний захад цагаан өнгийн заазуур хавчуулчихсан байтал бүгдийг нь эхнэр нь салгаж автал толгойгоорой 2 удаа нүүрэн тус газар буюу уруул хэсэгт мөргөсөн. Тухайн үед би Г-д хутгаа өг, боль гэх шаардлага тавихад эсэргүүцэж, надтай удаа дараа зууралдаж, миний хувцаснаас татаж, чангааж байсан. Тэгээд би цагдаагийн хэсэгт авч ирээд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм. А.Г-ын баруун гар нь зүсэгдсэн шархтай байсан ба гараа боочихсон байсан. А.Г нь тухайн хэрэг явдал болохын урьд өдөр нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эмээгийнхээ гэрт аягатай цайгаа ширээн дээр цохихдоо гараа зүсчихсэн гэж түүний эхнэр тухайн өдөр надад хэлж байсан юм. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохиролд А.Г-с ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, би түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, одоо надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, би гомдолгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19, 21 дэх тал),

Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн орчим гэртээ байж байгаад хажуу айл болох Б-гийн гэрээс орж өнхөрүүш авахгээд ортол тэдний гэрт Б, түүний эхнэр У, Б, А.Г гэх хүмүүс байсан. Ингээд би өнхөрүүшээ авч байтал Б, А.Г нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн үед Б ах Г-ийг хутгатай байна гэх зүйл ярьж байсан бөгөөд би Г-ыг ханцуйндаа хутга хийчихсэн байгааг харсан. Тэгээд хутгатай байхаар нь янз бүрийн зүйл болчих байх гэж бодоод сумын цагдаа Ц.Б руу хутгатай хүн айлд хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлээд дуудлага өгөхөд удалгүй А.Г гараад явчихсан яваад удаагүй байтал гаднаас хэсгийн цагдаа Ц.Б ирээд юу болсон талаар асуусан. Тэгээд Б ах болсон явдлын талаар хэлэхэд цагдаа Ц.Б гэрт нь очиж уулзах гээд явсан. Өөрөөр юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө босоод гэртээ байж байтал манай гэрт манай сумын залуу А.Г ороод ирсэн. Тухайн үед манай нөхөр Б бид хоёр байсан бөгөөд нөхөрт хандаж Б ахаа босоорой гээд дуудахад нөхөр босоод яасан юу болсон бэ гэж байсан. Тухайн үед А.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан бөгөөд ханцуйндаа хутга хийчихсэн байна гэж нөхөр надад хэлсэн. Тэгээд нөхөр Б А.Г-д хандаж юу болж байгаа юм жирэмсэн эхнэртэй, нялх хүүхэдтэй байж гэртээ харь гэхэд за гэж хэлээд гараад явсан. Удалгүй гаднаас Б гэх манай хүргэн дүү орж ирсэн, ирээд сууж байтал удалгүй гаднаас дахин А.Г ороод ирсэн, орж ирээд Б-тэй маргалдаад байсан. Сумын баяраар тэр хоёр барилдах байсныг А.Г хасагдчихсан тэгээд Б-тэй тухайн явдлаас болж маргалдаж байсан. Ингээд нөхөр айлд битгий хэрүүл маргаан үүсгээд бай гарцгаа боль гэхэд нөхөртэй цамцнаас татаж, чангаагаад байхаар сумын цагдаа дэд ахлагч Ц.Б руу залгаад айлд танхайраад хэрүүл маргаан үүсгээд байна. Биедээ хутгатай явж байна гэж нөхөр дуудлага өгсөн. Удалгүй гаднаас хэсгийн цагдаа Ц.Б ирээд юу болсон талаар асуусан. Тэгээд Б ах болсон явдлын талаар хэлэхэд цагдаа Ц.Б гэрт нь очиж уулзах гээд явсан. Өөрөөр юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 25 дахь тал),

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сумын баяраар тэр хоёр барилдах байсныг А.Г хасагдчихсан. Тэгээд Б-тэй тухайн явдлаас болж маргалдаж байсан. Ингээд би за айлд битгий хэрүүл маргаан үүсгээд бай гарцгаа боль гэхэд надтай цамцнаас татаж, чангаагаад байхаар сумын цагдаа дэд ахлагч Ц.Б руу залгаад айлд танхайраад, хэрүүл магнаан үүсгээд байна мөн биедээ хутгатай явж байна гэх дуудлага өгсөн. Удалгүй А.Г гараад явчихсны дараа сумын цагдаа ирээд яасан юу болсон талаар асуусан. Тэгээд би болсон явдлын талаар хэлэхэд цагдаа Ц.Б гэрт нь очиж уулзана гээд гараад явсан. Ингээд л яасан юу болсон талаар мэдэхгүй орой түүний эхнэр хэсгийн цагдаа Ц.Б ирээд хууль ёсны шаарлага тавихад биелүүлээгүй, эсэргүүцэж нүүрэн тус газарт нь мөргөсөн, аймгаас цагдаа нар дуудлага аваад явлаа гэх зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 27 дахь тал), 

 

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим хадам ах Б-гийн гэрт очсон. Тухайн үед Б, түүний эхнэр У нар байсан бөгөөд цай уугаад сууж байтал гаднаас А.Г гэх манай сумын залуу ороод ирсэн. Тэгээд ирээд ямар нэгэн зүйл ярьж хэлэхгүй миний толгой тус газарт ард дагз руу гараараа чичих шиг болсон. Тэгээд би яаж байгаа юм залуу гээд гарын түлхэсэн бөгөөд тухайн үед Б ах ханцуйндаа хутгатай байна гэж хэлж байсан. Ингээд Г-ыг аваад дагуулаад гараад явчихсан. Гадна тухайн хүмүүс яасан юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй би араас нь гараад гэртээ харьсан. Өөрөөр юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 29 дэх тал),

 

Гэрч Г.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэсгийн цагдаа Ц.Б маннай хашаагаар ороод ирэхээр би цагдаад хандаж “А.Г хутгатай байгаа”гэж хэлсэн. Тэгэхэд сумын цагдаа Ц.Б Г-ын 2 гарыг нь барьж аваад “чи яагаад байгаа юм бэ залуу, боль” гэж хэлж байсан. Тэр үед А.Г сумын цагдаа руу дайраад байсан бөгөөд цагдаа Гантулгын гарыг бариад зогсож байх үед би нөхрийнхөө ханцуйнаас хутгыг нь авсан, мөн өмдний ар талаас заазуур хийсэн байсныг нь авсан. Тэр үед А.Г нь сумын цагдаа Ц.Б-ыг толгойгоороо 2 удаа мөргөсөн юм. Ц.Б анх орж ирэхдээ А.Г-д ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хутгатай байгаа гэж хэлэхэд гарыг нь шууд бариад авсан. Хэсгийн цагдаа Ц.Б нь манай нөхрийг гавалж аваад явсан бөгөөд гавалж баривчилж байхдаа зодож цохисон зүйл байхгүй. Манай нөхрийн зүүн гар нь тухайн өдрийн урд талын өдөр аяга хагалж байхад гэмтчихсэн байсан юм.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 33 дахь тал),

Шүүгдэгч А.Г-ыг нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба согтолтын зэрэг нь 2.26% согтолттой байсан болох нь мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дэх тал),

Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдрийн урьд өдөр нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гадуур явж байгаад шөнө гэртээ харьж унтсан яг хэдэн цагт, хэрхэн яаж харьсан талаараа мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 06-07 цагийн орчимд сэрэхэд миний архи бүрэн гүйцэт гараагүй байсан бөгөөд урьд өдрийн үлдэгдэл архи болох 0.5 литрийн хар экс гэх нэртэй задалсан үлдсэн 300мл орчим архийг гэртээ ганцаараа стаканд хийж уусан, тэгээд мөн гэрт байсан 2.5 литрийн үлдэгдэл пивоноос 2 хундагыг уугаад буцаж согтоод орондоо ороод хэвтэж байсан. Тухайн үед би архи уугаад нэлээд согтсон бөгөөд тэрнээс хойш тухатухайн өдөр яг юу болсон талаар огт мэдэхгүй байна нэг мэдэхэд миний нүүр юманд дарагдаад байх шиг мэдрэмж төрөөд би сэрэхэд сумын цагдаа Ц.Б намайг газар дарчихсан хоёр гарыг маань ар талд гавлаад намайг цагдаагийн хэсэг рүү авч явсан.Тухайн үед би архи уучихсан согтуу байсан учир юу ч санахгүй байгаа, тухайн үед би архи уучихсан байхдаа Ц.Б-ны нүүр, уруул хэсэг рүү мөргөсөн гэж манай эхнэр Г.Ч надад хэлсэн бөгөөд сумын цагдаа Ц.Б мөн адил надад тэгж хэлсэн. Миний хувьд бол тухайн өдөр яг юу болсон талаар санахгүй байгаа би архи уугаад согтсон бөгөөд тэр өдөр хаагуур явсан, ямар айлд очсон, хэнтэй маргалдсан эсэх, сумын цагдаа Ц.Б-ны шаардлагыг эсэргүүцэж түүнд хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан эсэх талаараа огт мэдэхгүй, санахгүй байгаа юм. Харин эхнэр Г.Ч хэлэхдээ намайг сумын цагдаа Ц.Б-ны нүүр уруул хэсэг рүү мөргөсөн гэж хэлсэн, сумын цагдаа Ц.Б мөн адил түүний тавьсан шаардлагыг ээсэргүүцэж өөийг нь мөргөсөн гэж хэлсэн. Тухайн өдөр хэсгийн цагдаа миний биед халдсан зүйл байхгүй. Би 2022 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө өөрийн хашаанд байдаг эмээ Ц-гийн гэрт орж согтуу цай ууж байгаад нагац ах Н-тай юм ярьж байгаад уур хүрсэн учраас би ууж басйан аягатай цайгаа ширээн дээр цохих үед аяга хагарч би өөрийнхөө баруун гарын ядам хуруугаа зүсчихсэн бөгөөд тэр өдөр манай эхнэр хуруунд боолт хийж янзалж өгсөн юм. Уг гэмтлийг би өөрөө өөртэй учруулсан бөгөөд хэн нэгэн хүн надад тухайн гэмтлийг учруулсан зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймаг дахь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Давст сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга хэрэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлагын дагуу  Увс аймаг дахь Цагдаагийн газрын Давст сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б очиж, уг үйлдлийг таслан таслан зогсоох шаардлага тавихад шаардлагыг үл биелүүлж, биед халдан эсэргүүцсэн байна.

 

Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаартай “...Үзүүлэгч Ц.Б-ны биед дээд уруул, уруулын салстад цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээд уруул, уруулын салстад цус хуралт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд алганы дүрмээр биеийн гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)-аар хууль сахиулагчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэхдээ “Чамайг ална” гэх мэт зүй бус үг хэллэг хэрэглэсэн нь энэ гэмт хэргийн хүч хэрэглэхээр заналхийлэх бие даасан шинжгүй байна. энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Ц.Б-ны  “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохиролд А.Гас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, би түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, одоо надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, би гомдолгүй.” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Г нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г-ын хувийн байдлын талаар: Гэрч Г.Ч-гийн өгсөн:...А.Г-тай анх 2019 онд танилцаж үерхээд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэр бүл болж хурим найраа хийсэн. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Манай нөхөр А.Г нь зан аашийн хувьд гоё ааштай, хүнтэй зөв боловсон харилцаатай, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи уучихсан үедээ ер нь бол агсам согтуу тавьдаггүй шууд л унтчихдаг, харин сүүлийн үед архи уухаараа ааш зан нь өөрчлөгдөөд асуудал гаргаад байгаа юм. Янз бүрийн хар буруу санаа байдаггүй, хүүхдээрээ гэмээр ааштай. Өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу зуршилгүй, янз бүрийн асуудал гаргаад байдаггүй залуу юм.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 35 дахь тал), Гэрч Б.Ц-гийн өгсөн:  “...Зан байдлын хувьд А.Г нь амархан уурлаж, гомддог, уян зөөлөн сэтгэлтэй гэр бүлдээ хайр халамж сайтай, архи согтууруулах ундаа хэрэглээд байна гэж сонссон. Хааяа нэг тамхи татаж харагддаг, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 37 дахь тал)-ууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, прокурортой хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/-н сарын хугацаагаар тэнсэх ял тохиролцсоныг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Г тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ