Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2016/0261/Э |
Дугаар | 229 |
Огноо | 2016-12-16 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 229
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Д.Эрдэнэтуяа,
шүүгдэгч С.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Сүхбатын Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 2016 2601 2520 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, “Хүрээ хаус” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл-7, эхнэр, хүүхдүүд, төрсөн эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо угсармалын 01-86 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д хамрагдаж эдлээгүй үлдсэн 2 жил 00 сар 21 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялаар шийтгэгдсэн,
-2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 680 дугаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 14 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Боржигон овогт Сүхбатын Мөнхжаргал РД:УУ76081331,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо угсармалын 1-76 тоотод суух гэртээ “худлаа хэлж гадагшаа гарах гэлээ” гэсэн шалтгааны улмаас хамтран амьдрагч Д.Эрдэнэтуяатай хувийн таарамжгүй харьцаа үссгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо угсармалын 1-76 тоотод суух гэртээ эхнэр болох Д.Эрдэнэтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Эрдэнэтуяагийн:...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12-13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо угсармалын 1-86 тоотод оршин суух гэртээ байж байтал нөхөр ажлаасаа ирсэн. Тэгээд би ажил руугаа очиж тодорхойлолт авчихаад ирье гэж хэлээд гарах гэтэл нөхөр Мөнхжаргал чи худлаа хэлж гарч явах гэлээ гээд уурлаж бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл Мөнхжаргал миний толгой руу цохиод авахаар би зөрүүлээд шургуулгаар цохисон. Мөн намайг үсдэж, түлхэж унагаагаад нүүр лүү цохиод байхаар нь би төмсөгнөөс нь базсан. Тэгтэл намайг түлхэж унагаагаад шанаа руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд миний нүд хавдаж хамраас цус гарсан. Тэгээд Мөнхжаргал хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэгээд би араас нь гарч шууд цагдаа дээр очсон...гэх мэдүүлэг /хх-10/,
- насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэжаргалын:...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11-12 цагийн орчим хичээлээ тараад гэртээ ороод дүү бид хоёрыг ээж, аав 2 унт гэж хэлсэн тул дүү бид 2 хувцсаа солиод жижиг өрөөндөө ороод унтахаар хэвтсэн боловч миний нойр хүрэхгүй сэрүүн хэвтэж байтал ээжийг уйлахыг сонсоод би босч хартал аав орон дээр суучихсан ээж зурагтны өмнө үйлаад зогсож байсан. Тэгээд аав, ээж рүү дайраад ээжийн үснээс зулгаагаад байхаар нь би аавыг, ээжийг зодохыг болиулах гэж ааваа гэж орилсон, тэгтэл манай дүү сэрчихсэн. Тэр үед ээж аавыг түлхэж унагаагаад ээж зурагтны доод талын шургуулгыг аваад аавыг цохиод байхаар нь дүү бид 2 тэр шургуулгыг нь орцонд гаргаад хаячихсан. Тэгээд аав гараад явчихсан. Тэгтэл ээж хувцсаа өмсөөд гараад явахаар нь би анай руугаа залгаж “та хурдан ирээч ээж, аав 2 хоорондоо зодолдоод дүү бид 2-ыг орхиод явчихлаа гэж хэлсэн”...гэх мэдүүлэг /хх-14/,
- шүүх эмнэлгийн шинжээчийн №14391 тоот:...Д.Эрдэнэтуяагийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананы хугарал, баруун дээд, доод зовхи, хацар шанаа, чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-19/,
- ял шалгах хуудас /хх-33/,
- шүүгдэгч С.Мөнхжаргалын:...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би ажлаасаа буугаад ажлынхаа хүмүүстэй хувааж уучихаад гэртээ ирээд орондоо хэвтэж байтал эхнэр худлаа хэлээд гадагшаа гарах гээд байхаар нь чи хаачих гээд байгаа юм бэ гэж хэлтэл урдаас уурлаж би яагаад гарч болдоггүй юм бэ гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тухайн үед би хэвтэж байсан. Тэгтэл Эрдэнэтуяа шургуулга аваад миний толгой руу цохиод авахаар нь би босч очоод нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд бид 2 хоорондоо ноцолдож маргалдаж байгаад би Эрдэнэтуяаг дахин нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Тэгтэл Эрдэнэтуяа гараараа миний төмсөгийг базаж хумсаа шигтгэсэн тул би үснээс нь зулгаагаад чи тавь, би тавь гэж байгаад зэрэг гараа тавьсан. Тэгээд би гэрээсээ гараад явсан...гэх мэдүүлэг /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Мөнхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч С.Мөнхжаргал нь урьд үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн ялтай байдал дуусаагүй байна.
Шүүгдэгч, хохирогч эвлэрсэн байх хэдий ч тухайн үндэслэлээр ялаас чөлөөлөх үндэслэлгүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны 4 хүүхэдтэй, хувийн компанид ажиллан ар гэрээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй гэж үзэн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Мөнхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч С.Мөнхжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Мөнхжаргалд сануулсугай.
4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мөнхжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР