Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2021/0031

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг (1),  аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийг (2),  аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг (3), Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л”ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг (4) тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах (5)” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал А.Е, түүний өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээд “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“К” ХХК нь Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтад оролцсон ба төсөвт өртөгт багтаасан үнийн санал болон тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг бүрэн хангасан тендерийг хүргүүлсэн.

Уг тендер шалгаруулалтын дагуу үнэлгээний хороо нь тендерийн  хүчинтэй хугацаанд аль болох богино хугацаанд үнэлгээний дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд энэ нь ямар ч шалтгаангүйгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж,  улмаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамжийн дагуу үнэлгээ хийхээр болсон.

Тендерийн үнэлгээний хорооны тендерт үнэлгээ хийж, дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна. 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь шүүгчийн захирамжаар бүрэн тогтоогдсон.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас 2020 оны 07-р сарын 01-ний өдөр зарлагдсан БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо ( цаашид “үнэлгээний хороо” гэх) нь хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй, хэзээ үнэлгээ хийх болсон талаараа манай компанид огт мэдэгдээгүй ба үнэлгээний дүгнэлт, шийдвэрийг ч гаргаж өгөөгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийн дагуу манай компанийг тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэний дагуу “Л” ХХК нь шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байхад шалгаруулсан нь буруу гэж үзэж гомдол гаргасан боловч Сангийн яамны 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 6-1/352 дугаартай албан бичгээр тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул гомдлыг буцаасан талаар хариу ирүүлээд байна.

Анх тендер өгөхдөө тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангаж материал бүрдүүлж өгсөн ба үүний дотор тендерийн баталгааг ч гаргаж өгсөн бөгөөд манай компаниас үл хамаарах шалтгаанаар буюу тендерийн үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн үнэлгээ хийгдэхгүй,  тендерийн баталгааны хугацаа дуусгавар болсон. Тендерийн баталгааны хугацааг сунгаж өгөх эсвэл шинээр олгох талаар үнэлгээний хорооноос мэдэгдээгүй ба шалгарсан гэх “Л” ХХК-иас ч тендерийн баталгааг шинээр гаргаж өгөөгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  5 дугаар зүйлийн  5.1.7-т ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн  үнэт цаасыг ойлгохоор зохицуулсан ба гэрээ байгуулах хүртэл, тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал хүчин төгөлдөр байх шаардлага хангасан тендерийн баталгааг гаргаж өгсөн.

Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа үнэлгээ хийвэл хэрхэх талаар хуулиар зохицуулаагүй байхаас гадна захиалагч, үнэлгээний хорооноос тендерийн баталгааг шинээр шаардаагүй тул Сангийн яамны шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон захиалагчийн мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, “Л” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн, манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн талаар:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийн дагуу манай компанийг тендерт шалгараагүй, “Л” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн ба манай компанийг ямар үндэслэлээр шалгаруулаагүй, “Л” ХХК-ийг шалгаруулсан үндэслэлээ огт тайлбарлаагүй, мэдэгдээгүй байна.

Цахим тендерийн системд оруулсан “Л” ХХК-ийн гаргаж өгсөн тендер нь шаардлага хангахгүй буюу шалгарах үндэслэлгүй болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:

1. ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2-ийн 11-д заасны дагуу төсөв ирүүлээгүй байна. Төсөвтөө ажиллах хүчний зардал  тооцохдоо зөвхөн ажилчдын цалинг тооцсоноор нэмэгдэл цалин, ИТА-ын цалин, НДшимтгэл, Хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн зардал гэх мэт чухал зардлуудыг орхигдуулсан нь барилгын үйл ажиллагааг чанартай явуулахад сөргөөр нөлөөлөх юм.

2. ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 в-д заасан ачааны автомашиныг  санал болгоогүй байна. Техникийн гэрчилгээний хуулбар байхгүй байна. Өөрөө буулгагч, ачааны автомашин нь өөр өөр зориулалттай  тус тусдаа тээврийн хэрэгслүүд болно.

3. ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 г-д болон ТОӨЗ-ны 5.3 г-д зааснаар ерөнхий инженер санал болгоогүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны 01/2019 тоот захирлын тушаалаар ерөнхий инженерээр Х.Хизатбекийг томилсон байх боловч энэ нь үндсэн ажилтан бус гэрээгээр ажиллахаар гэрээг хавсаргасан байна.

4. ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.2 д болон ТОӨЗ 5.3 б-г хангах ижил төстэй ажил гүйцэтгээгүй юм байна. Ижил төстэй ажилд 2015, 2016, 2017, 2018, 2019 оны аль нэг жилд гүйцэтгэж дууссан ажлыг Улсын комиссын актаар  баталгаажуулах ёстой. Гэтэл “Л” ХХК нь 2020 оны 6-р сард дуусгасан Дэлүүн сумын ЗДТГ-ын конторын барилгаа ижил төстэй ажил гүйцэтгэсэнд тооцуулахаар санал ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж тус тус  заасныг зөрчиж, тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тендер ирүүлсэн “Л” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус юм.

Манай компанийн хувьд тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан тендерийг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн ба үнэлгээний хороо болон захиалагчаас шаардлага хангахгүй талаар ямар ч үндэслэлийг тайлбарлаагүй, мэдэгдээгүй. Тиймээс манай компанийн тендер шаардлага хангасан байхад үндэслэлгүйгээр шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

Захиалагчийн манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзсан мэдэгдэл, манай компанийн тендерийг үндэслэлгүйгээр буруу үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер” гэж үзнэ. 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Л” ХХК-д  эрх олгох тухай шийдвэр, “Л” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль тогтоомж зөрчиж гарснаар манай компанийн барилга ажлыг гүйцэтгэх, ашиг, орлого олох, төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

  Захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрүүд нь хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ. 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус заасны дагуу “Л” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож, манай компанитай гэрээ байгуулахыг Захиалагчид даалгах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхээс дараахь шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье.

1. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас 2020 оны 07-р сарын 01-ний өдөр зарлагдсан БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох

2.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Л” ХХК-д  эрх олгох тухай 2021 оны 1 сарын 22-ны өдрийн 1-01/113 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгох, 

  3. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан Алтанцөгц сумын сургуулийн А байр, биеийн тамирын заалны их засварын ажлын гэрээг хүчингүй болгох, 

    4.  Манай компанитай гэрээ байгуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекээс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Нийт 5 шаардлага гаргасан байгаа. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах,

 Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг дарга болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл: Уг тендер шалгаруулалтын дагуу үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй хугацаанд аль болох богино хугацаанд үнэлгээний дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд  ямар ч шалтгаангүйгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул танай шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон бусад холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.

 Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд ярихад, Сангийн яамд зохих журмын дагуу хуулийн хугацаанд гомдол гаргасан. Сангийн яамнаас хууль зүйн үндэслэлгүйгээр тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гомдлыг хянахаас татгалзсан. Баталгааны хувьд тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийн баримт бичигт шаардсан баримтыг хүргүүлж гаргаж өгсөн учраас төрийн байгууллага буюу захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа алдсан. Үүнтэй холбоотой тендерийн баталгааны хүчинтэй хугацааг сунгуулах шаардлага гаргасан хууль бус талаар нэхэмжлэлд  тодорхой дурдаж өгсөн байгаа. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан.

Маргаан бүхий актууд болох дүгнэлт, зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, байгуулсан гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн талаар дараах үндэслэлүүд байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад, үнэлгээний хорооны  тэмдэглэл, дүгнэлт хүргүүлж байгаа огноонуудыг харах юм бол “2020” гэсэн огноотой гарсан. Тэр нь шууд “Л” ХХК-д анхнаасаа эрх олгох шийдвэр гарсан байна гэж хардахад хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд үнэлгээ хийхгүй байгаад дараа нь үнэлгээ хийсний дараа тодорхой хариу өгөөч гэж удаа дараа асуугаад байхад хариу өгөхгүй, нэлээн хэд хоног өнгөрсний дараа бичгээ гаргаж өгсөн байдаг. Үнэлгээний хорооны гишүүд хувийн ашиг сонирхлын зүгээс үнэлгээг хийсэн гэж үзэж байгаа. “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “Л” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа.

Нэгдүгээрт, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2.11-т зааснаар төсвөө ирүүлээгүй. Зөвхөн ажилчдын цалинг тооцсон. Нэмэгдэл цалин нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал багаж хэрэгслийн зардлуудыг огт оруулаагүй. Эдгээр зардлуудыг оруулахгүй хасах байдлаар үнийн дүнгээ бага харагдуулах зорилготой гэж үзэж байна. Гарах ёстой зардлуудыг бүрэн тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, цалингийн зардал өөрөө ажил гүйцэтгэхэд маш чухал зардлууд. Гэтэл эдгээр зардлуудыг бага тооцсон нь ажлын чанарт маш их нөлөө үзүүлнэ. Тухайн төсөвт заасан цалингийн зардлаар  энэ барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2.11-д төсвийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18 тоот, мөн 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан төсөв зохиох журмын дагуу тооцсон. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ гэж заасан.

Гэтэл энэ тендерийн бичиг баримтад заасан төсөв зохиох дүрмийн дагуу боловсруулаагүй гэдэг нь харагдаж байна. Өөрсдийн төсөв зохиосон С.Е нь энэ дүрмийн дагуу тооцох шаардлагагүй гэдэг худал мэдүүлэг өгсөн байна. Төсөв зохиох дүрэм маань өөрөө Монгол улсад гүйцэтгэгдэж байгаа бүх төрлийн барилгын ажилд заавал мөрдөгддөг дүрэм байгаа. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд ч уг дүрмийн дагуу тооцож ирүүлнэ гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, энэ журмын дагуу тооцоогүй  тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно гэдгийг зааж өгсөн. Барилгын төсөв зохиох дүрмийн 3.18-д “ Барилгын ажлын төсвийн баримт бичгийг бүрдүүлэхдээ дараах  дэс дарааллыг баримтална” гэж заасан. Үүний “Б”-д “Төсвийн тооцоог хийх зардал дотор ажилчдын хөдөлмөр зарцуулалт, цалингийн тооцоо, инженер техникийн ажилтнуудын цалингийн тооцоо, ажилчдын нэмэгдэл цалингийн тооцоо, цалингийн сангаас бодох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, ажлын багаж, тусгай хувцас хэрэгслийн зардлын тооцоо, материал, хийц, эдлэлийн хэрэгцээ, хүндийн жингийн тооцоо”  гэдэг байдлаар маш тодорхой бөгөөд нарийвчлан зохицуулсан байдаг.

Тухайн дүрмийн 4 дүгээр бүлгийн барилгын ажиллах хүчний зардлыг тодорхойлох гэдэг хэсэгт төсвийн нийт цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас хэрэгслийг зарцлуулах хөрөнгийн нийлбэрийг ажиллах хүчний зардал гэнэ гэдэг байдлаар тодорхойлсон.

 Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний зардал дотор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажлын багаж, хэрэгслийн зардлуудыг тооцож, оруулж ирэх ёстой,  хэдэн төгрөгийн цалин өгөх, ажил олгогчийн зүгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хэдийг төлөх, хувцас  хэрэгсэлд хэдийг зарцуулах вэ гэдэг тооцоонууд маань өөрөө маш тодорхой байх  ёстой. Жишээлбэл, нэхэмжлэгчийн зүгээс төсвөө тооцож өгөхдөө нийт цалингийн хэмжээг тооцож гаргаж өгсөн. Үүнд нэмэгдэл цалингаа тусдаа тооцоод нийт цалингаа гаргасан. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлийн дүн, ажлын багаж хувцас хэрэглээний зардлаа мөн оруулж өгсөн.

 Гэтэл “Л” ХХК-ийн цалингийн нэгтгэл гэсэн тооцооноос харахад, ердөө бүх цалин гэдэг тооцоо байгаа. Дүрэмд заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажлын багаж хувцасны зардлуудыг огт тооцоондоо оруулаагүй. Төсөв зохиох дүрмийг зөрчсөн төсвийг ирүүлсэн. Тендерийн бичиг баримтад уг дүрмийн дагуу тооцно гэж заасан байхад үнэлгээний хорооноос “Л” ХХК шаардлага хангаж байна гэж оруулсан нь өөрөө тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй.

Ерөнхий нөхцөлийг хангаагүй татгалзах үндэслэл байсаар байхад шаардлага хангасан гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон гэж үзсэн. Мөн дүрмийн 4.51-д Барилгын ажлын хувьд  нэг бүрчилсэн төсвийг зохиохдоо  үе шатны ажил бүрт барилга угсралтын ажлын төсөвт өртгийг тодорхойлно.  Үүнд, тухайн үе шатны ажлын ажилчдын төсөвт цалин, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцаст зарцуулах хөрөнгийн хэмжээг тооцож нэгтгээд  ажиллах хүчний зардлыг гаргана гэж тус тус заасан байдаг.

Гэтэл үүнийг дотоод журмаараа зохицуулдаг, ашгаасаа хувааж өгдөг гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Төсөв зохиосон мэргэжлийн байгууллага “К” ХХК-ийн төсвийг зохих журмын дагуу тооцож гаргаж өгсөн байхад,  “Л” ХХК өөрсдийн төсөв, журмаа зөрчиж, нийт мөнгийг бага харагдуулах зорилготой байсан гэдэг үндэслэл байгаа. Дээр нь аж ахуйн нэгж байгууллага, иргэн Монгол улсад төлөх ёстой татвар, шимтгэлээ  заавал төлөх ёстой. Гэтэл “Л” ХХК-ийн гаргаж өгсөн тендер төсвөөс харахад, эдгээр шимтгэл хураамжийг төлөхгүй гэдэг агуулгатай, хууль тогтоомж зөрчсөн төсөв гаргаж өгсөн байгаа. Энэ төсвийн дагуу барилгын ажил гүйцэтгээд явах юм бол төрд тодорхой хэмжээний хохирол учрахаар нөхцөл байдал үүсэж байгаа.

Хоёрдугаарт, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. “Л” ХХК 2020 оны 06 дугаар сард дуусгасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилгын ажлыг ижил төстэй ажил гэж тендерийн баримт бичигт ирүүлсэн. Гэтэл тендерийн Үнэлгээний хороо үүнтэй холбоотой тодорхой баримтуудыг хянаж үзэхгүйгээр туршлагатай байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан улсын комиссын актуудыг харах юм бол Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын ажлын улсын комиссын акт нь хүчин төгөлдөр бус.  Тухайн актад гишүүд бүрэн гарын үсэг зураагүй. Жишээлбэл, Архивын тасгийн дарга Б.Досжан, “Автор” ХХК-ийн захирал Ц. Цэмбэлдорж нар гарын үсэг зураагүй.

Тухайн актад гишүүд нь бүрэн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог зохицуулалттай. Тэгэхээр хүчин төгөлдөр бус улсын комиссын актыг тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан байна гэдэг байдлаар дүгнэсэн буруу. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж  зохицуулсан.

Тухайн акт нь хүчин төгөлдөр бус учраас 2019 онд “Л” ХХК ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Мөн 2020 онд гарсан улсын комиссын актыг яахаараа 2019 онд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. 2019 онд хэдэн төрлийн ажил гүйцэтгэсэн, 2020 онд хэдэн төрлийн ажил гүйцэтгэсэн. 2019 онд гүйцэтгэсэн ажлуудаа ямар байдлаар хүлээлгэж өгсөн талаар баримтуудаа “Л” ХХК тендерийн баримт бичигт тодорхой өгөх ёстой. Засаг даргын Тамгын газраас өгч байгаа тодорхойлолтоос үзэхэд, 2019 онд гүйцэтгэсэн ажил гэдэг нь харагдахгүй байгаа. 2020 онд ашиглалтад оруулсан актууд байгаа. Тэгэхээр 2019 онд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Гуравдугаарт, барилгын ажил гүйцэтгэхэд тухайн ажлыг гүйцэтгэх инженер техникийн ажилчид чухал нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, тендерт шаардлага хангасан гэж үнэлэхэд гол шалгуур. Барилгын ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан байх ба ажилласан туршлагатай хугацаа 5-аас дээш жил байх гэсэн шаардлагыг тендерт оролцогчдод зааварчилгааны 5.3.”г”-д заасан. Гэтэл ерөнхий инженер С.Е нь “Од Дизайн” ХХК-д инженер төсөвчнөөр ажилладаг тухай баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20/2019 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд С.Е нь “Од Дизайн” ХХК-ийн төсөвчин гэж гарын үсэг зурсан байдаг. Мөн зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт дугаар 1, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн огноотой “Од дизайн” ХХК-ийн мэргэшсэн төсөвчин гэж  С.Е гарын үсэг зурж, тухайн ажлыг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тендерт хүргүүлэх хугацаанд С.Е “Од дизайн” ХХК болон “Л” ХХК-тай зэрэг ажилладаг байдал харагдаж байгаа. С.Еыг ажилд томилсон тушаал уг тендерт өгөгдсөн. С.Е шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Л” ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг гэж мэдээлээгүй. Барилга захиалагчийн албанд инженер ажилтай гэж мэдээлсэн. Үүнээс харахад, үндсэн ажилтан байх гэдэг шаардлагыг огт хангаагүй. Зөвхөн бичиг баримт төдий тухайн баримтад бүртгэлтэй явдаг. 450000 төгрөг буюу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг гэж нийгмийн даатгалын тайлангаа гаргадаг. Тэгэхээр “Л” ХХК-д ерөнхий инженер байхгүй буюу ерөнхий инженер нь үндсэн ажилтан байх гэдэг шаардлагыг хангахгүй байгаа.

Дөрөвдүгээрт, их засварын ажлын зургийг гаргахад “Од дизайн” ХХК туслан гүйцэтгэгчээр оролцсон. Тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэг болох тухайн ажлын зураг төслөөс “Од дизайн” ХХК туслан гүйцэтгэгчээр орсон гэдэг нь харагдаж байгаа.  Бүх хуудсанд “Од дизайн” ХХК-ийн лого харагдана. Тухайн ажлын ерөнхий гүйцэтгэгч гүйцэтгээгүй. Үүнийг “Од дизайн” ХХК буюу С.Е хийсэн гэдэг мэдээллийг нэхэмжлэгчид өгсөн. Тухайн ажилд гүйцэтгэгчээр оролцож байсан учраас туслан гүйцэтгэгч гэдэг нэрээр тухайн зургийг гаргасан байна.  “Од дизайн” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Сабидолдагийн Бержан нь Ержаны төрсөн ах дүү нар. Өөрөөр хэлбэл, төрсөн ах, дүү нартай хамаарал бүхий тухайн байгууллагад төсөвчин гэдгээр ажилладаг болохоор 2019 оны 10 дугаар сар, 2020 онд төсөвчин гэдгээр ажилладаг гэдгээ баталж, гарын үсэг зурж,  тодорхой ажлуудыг хүлээж авч баталгаажуулсан байдаг.

 “Од дизайн” ХХК зураг төслийн хяналт тавьж ажиллаж байгаа тохиолдолд гүйцэтгэгч болон зураг төсөв зохиогч нэг этгээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуульд ажил гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн эрх гэж тус тусдаа зохицуулсан. Зураг төсөл зохиогч маань өөрөө барилгын ажил гүйцэтгэхэд хяналт тавих этгээд. Өөрөөр хэлбэл, зургийн дагуу хийгдэж байна уу,  норм стандартаа барьж байна уу гэдгийг хянах эрх бүхий этгээд. Тухайн зураг төсөв зохиоход оролцсон “Од дизайн” ХХК-ийн ажилтан, мөн “Од дизайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч  захирлын төрсөн ах нь ийм байдлаар оролцож байгаа нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй” гэж үзнэ. 14.1.5-д “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол гэж заасан. Өөрөөр хэлбэл, зураг төслийг гүйцэтгэсэн этгээд өөрөө тендерийн баримт бичгийн нэг хэсэг болж байгаа. Тендерт оролцогчид ажилладаг хүн нь зохиогч ч, тендерт оролцогчийн ажилтан ч  болж байна. Өөрөөр хэлбэл үүнийг нэгдмэл сонирхолтой гэж үзнэ. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдгийг Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно:”, 99.1.1-д “тодорхой гэрээний үндсэн дээр хамтран тухайн компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс” гэж заасан. “Од дизайн” ХХК-ийн төсөвчнөөр ажилладаг ах, дүү нар. Уг байгууллагын үйл ажиллагааг С.Е удирдаж явуулдаг.

Мөн хуулийн 99.1.6-д “нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн” гэж заасан. “Од дизайн” ХХК-тай гүйцэтгэгч компанийн инженер төрсөн ах дүүс,  нэгдмэл сонирхолтой. 99.1.9-д “уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан” гэж заасан. Тендерт оролцогчийн ажилтан С.Е, зураг төсөв зохиогч ажилтан  мөн С.Е. Тухайн барилгын ажилд хяналт тавих этгээд нэг этгээд болж байна. Ашиг сонирхлын зөрчил, хууль дүрмийн дагуу чанартай ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөхөд, илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл ашиг сонирхолтой гэдэг нь харагдаж байгаа. Энэ хоёр компани зэрэг ажилладаг, ах дүүс гэдэг нь харагдаж байна. Ийм байдлаар хуульд заасан ерөнхий байдлыг хангахгүй гэдэг нь бүрэн харагдаж байгаа. Ерөнхий нөхцөлийг хянаж үзсэний үндсэн дээр үнэлгээ хийдэг. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”,  27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж байгаа.   Өөрөөр хэлбэл энэ шаардлагыг “Л” ХХК хангахгүй. 27.1.2-д “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг тус тус хангаагүй бол тухайн тендерээс татгалзах ёстой. Гэтэл тендерийн баримт бичигт заасан 5 шаардлагыг хангахгүй байгаа “Л” ХХК-ийг шалгаруулсан нь 27.1-д заасныг зөрчсөн. Бүх шаардлагыг зэрэг хангаж байгаа тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Гэтэл бүх шаардлагыг нэгэн зэрэг хангахгүй байгаа “Л” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзээд, дараа нь үнийн харьцуулалт хийж “хамгийн сайн” гэж үнэлж байгаа нь хууль бус бөгөөд Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасныг зөрчсөн.

“К” ХХК нь “угсралтын агрегат” гэдэг тоног төхөөрөмж гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Энэ нь үндэслэлгүй гэдэг гомдлыг Сангийн яамд ч гаргасан. Нэхэмжлэлдээ ч дурдсан байгаа. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3.”в”-д ачааны автомашин, кран, зуурмаг, гагнуурын  аппарат, угсралтын агрегат гэж заасан. “Угсралтын агрегат” гэдэг нь ямар төхөөрөмж гэдгийг мэдэхгүй байна. Барилгын ажилд  ийм төхөөрөмж байдаггүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс харахад, угсралтын шат байх ёстой юм байна. Тендерийн баримт бичигт шаардсан тоног төхөөрөмж нь өөрөө ойлгомжтой, монгол хэлээр илэрхийлэгдсэн, тухайн ажилд чухал шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийг шаарддаг.  Уг ажилд шаардлагагүй, юу гэдэг нь  мэдэгдэхгүй зүйл шаардчихаад тэрийг гаргаж өгсөнгүй гэж тухайн тендерт оролцогчийн тендерээс татгалзах үндэслэл байхгүй. Тийм хууль ч байхгүй. “Угсралтын агрегат” гэдгийг юу гэж ойлгохыг, юунд ашиглахыг тендерийн үнэлгээний хороо  тайлбарлаагүй. Монгол хэл дээр юу гэж томьёолох юм вэ, барилгын ажилд ашигладаг гэдгийг нотолсон тайлбар байхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагчийн гэрчийн мэдүүлэгт “... ийм шат байдаг, түүнийг хэрэглэдэг” гэж мэдүүлсэн. Гэтэл “угсралтын шат” гэдгийг тендерийн бичиг баримтад огт заагаагүй.

 Огт байхгүй, ойлгомжгүй, гаргаж өгөх боломжгүй шаардлагыг тавьсан учраас энэ үндэслэлээр манай “К” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль бус гэж үзэж байна. “Агрегат” гэдэг нэр томьёог судалж үзэхэд, тодорхой хэсэг буюу бие даасан тоног төхөөрөмж биш гэдэг нь харагдана.  Өөрөөр хэлбэл, ийм тоног төхөөрөмжийг гаргаж өгөх боломж байхгүй. “Л” ХХК-ийн” угсралтын агрегат” гэж гаргаж өгсөн тоног төхөөрөмж нь угсралтын шат юм шиг байна. Тэрийг “угсралтын агрегат” гэж үнэлж авсан. Тэр нь үнэхээр “угсралтын шат” юм бол  “угсралтын шат” гэж оруулах ёстой. 

Гэрчийн мэдүүлгээр тухайн төхөөрөмжийг бие даан хэрэглэх боломжгүй, тийм төхөөрөмж байхгүй гэдэг нь маш тодорхой байна.

 Ийм үндэслэлээр маргаан бүхий актууд хууль тогтоомж зөрчиж гарсан. Мөн “К” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх, ашиг орлого олох, төрийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэх, шударгаар өрсөлдөх  эрхүүд зөрчигдсөн. Хамгийн сайн боловсон хүчинтэй, туршлагатай компаниар ажил гүйцэтгүүлэх төрийн үндсэн зорилго алдагдсан. “К” ХХК-ийн хувьд олон жил ажил гүйцэтгэж ирсэн, туршлагатай, хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлдөг. Ажилчдын цалин хөлсний асуудлыг маш тодорхой тусгана гэж төсөв өгсөн байхад тэрийг үнэлэхгүй. Хууль зөрчиж гаргасан төсвийг үнэлж болохгүй. Үүнд  шударга бус юм харагдаж байна.

“К” ХХК ажил гүйцэтгэх зардалд нийт 71 сая төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл “Л” ХХК 36 сая төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгэнэ гэсэн. Үндсэндээ “К” ХХК хоёр дахин илүү төсөв гаргаад ажиллах хүчний зардал, цалин хөлс болон бусад шимтгэл хураамжид зарцуулна гэж тооцож ирүүлсэн. “Л” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажил нь чанаргүй гүйцэтгэгдэнэ. Хангалттай ажлын хүч ажиллахгүй, хангалттай цалин өгөхгүй, төрд төлөх ёстой шимтгэл хураамжаа төлөхгүй гэдэг ойлголттой байгаа.

Энэ бүгдэд шүүх харьцуулалт хийж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдэд холбоотой нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Гуравдагч этгээд болон хариуцагчаас гаргаж өгсөн тайлбараас үзэхэд, дотоод журмаараа зохицуулна гэдэг үндэслэлийг хаанаас гаргаж ирээд тайлбарлаж байгааг мэдэхгүй байна. Тухайн тендерийн шалгаруулалт явагдаж байх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан барилгын төсөв зохиох дүрмийн дагуу явагдах ёстой. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, маргаан бүхий актуудаас болж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрүүд хууль тогтоомж зөрчиж гарсан буюу ерөнхий шаардлагуудыг хангаагүй байхад шаардлагыг хангаж байна гэдэг үндэслэлээр үнэлж шалгаруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг дарга болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой тухайн тендерийн шалгаруулалтыг зохион байгуулсан үнэлгээний хорооноос дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд хүргүүлжээ.

Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Алтанцөгц сумын сургуулийн хичээлийн А байр, биеийн тамирын заалны их засварын ажлыг гүйцэтгэх худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Үнэлгээний хорооны уг тендер шалгаруулах ажиллагаанд нийтдээ 8 компани оролцсон. Үнэлгээний хорооны шийдвэрээр “Л” ХХК шалгарсан дүгнэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Аймгийн Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тухайн шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулах үүрэгтэй.

Үүний дагуу аймгийн Засаг дарга “Л” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулсан. “Л” ХХК-ийг яагаад шалгаруулсан, “К” ХХК яагаад шалгараагүй асуудлын талаар Үнэлгээний хорооны бичгээр гаргасан тайлбар болон үнэлгээний хорооны өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ. Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын шийдвэр гардаг учраас үнэлгээний хорооны шийдвэр хэрхэн хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хариуцагчдын хариу тайлбарыг үндэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбарт:

Алтанцөгц сумын сургуулийн хичээлийн А байр, биеийн тамир заалны их засвар БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зарлан хуулийн хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нээсэн. Уг тендер шалгаруулалтад 8 компани тендерийн материал ирүүлсэн. Тендерийн хүчинтэй хугацаанд үнэлгээ хийх боломжгүй байсан, учир нь, БСШУЯ-аас энэ хугацаанд төсвийн тодотголд орж хасагдах талаар утсаар мэдэгдсэн.

Иймд УИХ-аас шийдвэр гарах хүртэл тендерт үнэлгээ хийгээгүй хүлээсэн ба тендерийн хүчинтэй байх хугацаа буюу 30 хоног нь дууссан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтын дагуу Сангийн яам руу Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/253 албан бичгээр хүчинтэй хугацааг сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийг үндэслэж Сангийн яамнаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/5883 тоот албан бичгээр хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан юм.

Тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Тус хугацаанд үнэлгээний хороо хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан.

Дараа нь “К” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 129/01 албан бичгээр, “Л” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 130/20 албан бичгээр тус тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “К” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2020/0068 дугаартай шүүгчийн захирамжаар  үнэлгээ хийх тухай шийдвэр гаргасан. Тус шийдвэр гарсны дараа “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шүүхийн шийдвэрийг хүлээсэн боловч тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл ирсэн байна.

Үүнд, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2020/0068 дугаартай шүүгчийн захирамжийг 10 хоногийн дотор сайн дураар биелүүлэх гэсэн байсан.

Иймд үнэлгээний хороо 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж хамгийн бага үнийн саналтай “Л” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу шалгаруулсан.

“К” ХХК нь ТШӨК-ийн ТОӨЗ-ны 5.2-ийн 11-д зааны дагуу төсөв ирүүлээгүй байна гэдэг нь үндэслэлгүй ба тендер зарлахад өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу мэргэшсэн төсөвчин С.Еаар батлуулж төсөв ирүүлсэн байна.

ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 в-д ачааны автомашин шаардсан .Үүнд, “Л” ХХК 2383 БӨТ улсын бүртгэлийн дугаартай ЗИЛ-4505 маркийн 1988 онд үйлдвэрлэгдсэн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл санал болгосон. Тус ачааны  машины техникийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлсэн. Техникийн гэрчилгээ дээр зориулалт нь ачаа гэж бичигдсэн байна.

ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 г-д заасан ерөнхий инженерийг “Л” ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/01 тушаалаар С.Е  томилсон ба нийгмийн даатгал төлдөг тухайн компанийн үндсэн  ажилтан байна.

ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.2 д-д сүүлийн 5 жил /2015, 2016, 2017, 2018, 2019 он / хийж гүйцэтгэсэн ажил төстэй ажлын гэрээ шаардсан. Харин “Л” ХХК нь 2018 онд хийгдсэн 785,8 сая төсөвт өртөгтэй Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилгын ажлын гэрээг ирүүлсэн. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж заасны дагуу засварын ажил хийгээгүй гэж хэлэх боломжгүй юм.

Иймд үнэлгээний хороо нь хууль бус шийдвэр гаргаагүй байгаа ба Ковид-19 цар тахлын үед улсын төсөвт 50 гаруй сая төгрөгийн хуулийн дагуу хэмнэлт хийж шийдвэрлэснийг бодолцон үзэж, мөн тус тендерийн ажил хангалттай хугацаа алдаж хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас “К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан аймгийн Засаг даргын орлогч А.Камелият ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Хариуцагч үнэлгээний хорооны өмгөөлөгч А.Серикжанаас  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/245 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар үнэлгээний хорооны гишүүдийг баталж өгсөн байгаа. Үүнд, үнэлгээний хорооны дарга А.К, гишүүд Б.М, М.Н, Б, нарийн бичгийн дарга Х.Ж нарын бүрэлдэхүүнтэй. Тендерийн үнэлгээний хороо Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт  хийж, Алтанцөгц сумын сургуулийн хичээлийн А корпус, биеийн тамирын заалтын засварын ажлын тендерийн баримт бичгийг боловсруулсан байгаа.

Тендер хүлээн авахыг тендерийн үнэлгээний хорооны гишүүд нарийн бичгийн дарга Х.Жанибект тус тендерийг 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зарлах үүрэг болгосны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг хүртэл тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу тухайн тендерийг цахим мэдээллийн сан болох “www.tender.mn” гэдэг сайтад тендерийн урилга байршуулсан. Тендерийн урилгыг ил байршуулснаар тендерийн үйл ажиллагаа ил тод явагдсан гэж үзэж байна. Тендерийн урилгын хамгийн доор тендерийн баримт бичгийг боловсруулаад хавсаргасан. Энэ нь нийт 71 хуудас бүхий тендерийн баримт бичиг байна. Тухайн тендерт оролцохын тулд ямар ямар шаардлага тавигдаж байгаа эсэхийг маш тодорхой заасан.

Уг тендерт нийт 8 компани өрсөлдөөд хуулийн хугацаанд материалуудаа ирүүлсэн. Дараа нь Алтанцөгц сумын  сургуулийн хичээлийн А байр, биеийн тамирын заалны их засварын ажлын тендерийн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурал 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад болсон. Уг хурлаас техникийн болон бусад шаардлагыг хангасан гэж Үнэлгээний хорооны олонхийн саналаар “Л” ХХК-ийг Алтанцөгц сумын сургуулийн хичээлийн А байр, биеийн тамирын заалны их засвар БСШУСЯ/202001129 дугаартай ажлыг нийт 252 сая төгрөгөөр гүйцэтгэх эрх олгох дүгнэлт хүргүүлэхээр тогтсон.

Улмаар 2021 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаар үнэлгээний хорооны дүгнэлтийг аймгийн Засаг дарга Д.Б уламжилсан. Нийт 8 компанийн тухай дүгнэлт гаргасан. Үүнд “Л” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалтад заасныг үндэслэн  Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлыг 252 сая төгрөгөөр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн тендерийг шалгарсан болохыг  мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дотор гэрээнд гарын үсэг зурж ирүүлэх тухай дурдсан байгаа. “К” ХХК-ийн хувьд  Алтанцөгц сумын хичээлийн А байр биеийн тамирын заалны их засварын  БСШУСЯ/202001129 дугаартай тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны  5.3.”в”-д заасан “угсралтын агрегат” гэдэг шаардлагыг хангаагүй байсан.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.4-д заасан шаардлагад нийцээгүй байсан. Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын дагуу “Л” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн. Ингэснээр аймгийн Засаг даргаас “Л” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсний дараа Алтанцөгц сумын сургуулийн хичээлийн А байр, биеийн тамирын заалны их засварын ажлын гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас 1, 2 дугаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэр тус тус хэрэгжсэн болох нь харагдаж байна.

Түүнчлэн “Л” ХХК болон аймгийн Засаг даргатай байгуулсан хоорондын гэрээг хүчингүй болгох асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгчээс гол төлөв юунд маргаж байгаа вэ гэхээр тендерийн үнэлгээний хороо анх тендерийн баримт бичгийг боловсруулахдаа шударга өрсөлдөх боломжийг хаасан гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл “... юу гэдэг нь мэдэгдэхгүй” угсралтын агрегат “гэдэг шаардлага байх ёсгүй байсан, хэн ч ойлгодоггүй зүйл оруулсан нь шударга бус байсан” гэж тайлбарлаж байна.

Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан байгаа.

Уг тендерийн урилга 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим сайтад байршсан байгаа. 71 хуудас бүхий тендерийн баримт бичиг доторх “угсралтын агрегат” гэдэг зүйл өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл хуульд заасны дагуу  5 өдрийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчээс уг эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороо хугацаандаа үнэлгээ хийхгүй байна гэж “Л” ХХК болон “К” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэл гаргах үед энэ шударга өрсөлдөөн хязгаарласан гэх маргааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй. Тийм зүйл яригдаж байгаагүй. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа.

 Үүнээс хойш 2021 оны 01 дүгээр сард тендерийн үнэлгээний хороо үнэлгээ гаргасны дараа  энэ асуудлыг ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын талаарх гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан, төсөв батлах хүн нь хамаарал бүхий этгээд байсан гэж тайлбарлаж байна. Урьд нь энэ асуудлын талаар хугацаандаа гомдол гаргаж байгаагүй. Тэгээд ч гол асуудал нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэр байгаа. Хамгийн гол нь “К” ХХК барилгын ажлын “угсралтын агрегат”  гэдэг шаардлагыг гол төлөв хангахгүй байсан. “К” ХХК-ийн бусад асуудлууд бас байсан. Энэ нь гуравдагч этгээдийн гаргаж өгсөн тайлбараас харагдана.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ гэж байгаа. 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан байгаа.

“К” ХХК-ийн үнийн санал нь 293 800 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. “Л” ХХК-ийн хувьд 252 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байгаа. Үүнээс үзэхэд,  хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг “Л” ХХК ирүүлсэн байсан. Энэ талаар үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн тайлбарт маш тодорхой тайлбарласан байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд “Л” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

“К” ХХК-ий нэхэмжлэлтэй БСШУСЯ/202001129 дугаартай Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах,Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 21-ний өдрийн 0-01/114 тоот мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л” ХХК-ий хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаж, манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж ирүүлсэн 4 үндэслэлд манай компани дараах тайлбарыг хүргэж байна.

1. “К” ХХК нэхэмжлэлдээ: ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2-ийн 11-д заасны дагуу төсөв ирүүлээгүй байна. Төсөвтөө ажиллах хүчний зардал тооцохдоо зөвхөн ажилчдын цалинг тооцсоноор нэмэгдэл цалин, ИТА-ын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, Хөдөлмөр хамгаалал, багаж хэрэглэлийн зардал гэх мэт чухал зардлуудыг орхигдуулсан нь барилгын үйл ажиллагааг чанартай явуулахад сөргөөр нөлөөлнө гэжээ.

Манай компани төсвөө мэргэшсэн төсөвчнөөр Монгол улсад мөрдөгдөх программ хангамжаар, зураг, ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгүүлж, тамга тэмдгээр баталгаажуулан тавьсан шаардлагыг хангуулан илгээсэн. Төсөвт нэмэгдэл цалин, ИТА-ын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, Хөдөлмөр хамгаалал, багаж хэрэглэлийн зардлууд тооцогдоогүй нь Барилгын тухай хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд барилгын чанарт нөлөөлнө гэж үзэх боломжгүй. Манай компани ажилчдын нэмэлт цалин хөлс, ИТА-ын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, Хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн зардлуудыг компанийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээгээр тус тус зохицуулдаг бөгөөд эдгээр зардлуудын ихэнх хэсгийг манай компани өөрөө хариуцдаг бөгөөд тухай бүр гүйцэтгэж байгаа ажилтай хамааралгүй байдаг.

 Манай компани нь ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан хугацаанд нэгтгэж төлдөг.  Харин нэмэгдэл цалин хөлсийг компанийн ашиг, орлогын тайлан тооцоо гарсныхаа дараа төлөгддөг юм. Хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн зардлыг мөн тухайн ажлаас үл хамаарч компанийн дотоод журмын дагуу компанийн хөрөнгөөр хангах юм. ТОӨЗ 5.2 /10/-д “ТОӨЗ-ийн 5.2-ын 1-10-д дурдсан нөхцөл байдал хангаагүй бол тендерээс татгалзах үндэслэл болно” гэж зааж, хараар тодруулан тухайлсан байна.

ТОӨЗ-ийн 5.2 /11/-т заасан төсвийг хууль журмын дагуу баталгаажуулах гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн ч тендерээс татгалзах үндэслэлд орохгүй болно.  Гэхдээ манай компанийн албан ёсоор баталгаажсан төсвийг ирүүлсэн болно.

2. ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 /в/-д заасан ачааны автомашиныг санал болгоогүй байна. Техникийн гэрчилгээний хуулбар байхгүй байна. Өөрөө буулгагч, ачааны автомашин нь өөр өөр зориулалттай тус тусдаа тээврийн хэрэгслүүд болно гэжээ.

Манай компанийн илгээсэн тендерийн “Машин механизм, тоног төхөөрөмж” нэртэй файл дотор ачааны машины гэрчилгээг хавсаргасан болно. ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 5.3 /в/-д “Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд Ачааны автомашин-1ш гэж заасан тул манай компанийн тендерийн баримт бичигт ачааны автомашинтай болохыг нотолсон баримтыг хийсэн тул тендерийн шаардлагыг хангаж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Ачааны машин”-д даац нь  500кг-аас дээш тэвштэй, ачаа тээвэрлэх зориулалттай бүх автомашиныг оруулан тооцсон тул өөрөө буулгагч ачааны тэвштэй машин нь ачааны машин мөн юм.

3. ТШӨХ-ийн  ТОӨЗ-ийн 5.3 /г/-д зааснаар ерөнхий инженер санал болгоогүй, 2019 оны 9-р сарын 15-ны 01/2019 тоот захирлын тушаалаар ерөнхий инженерээр Х.Хизатбекийг томилсон байх боловч энэ нь үндсэн ажилтан бус гэжээ.

“Л” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/01 тоот тушаалд С.Еыг ерөнхий инженерээр томилсон ба Х.Х тухайн тендерт ерөнхий инженерээр санал болгоогүй болно. Дээрх тушаал нь зөвхөн ажиллах хүчний нөөц бүрдүүлсэн тушаал юм.  Түүнийг нэхэмжлэгч буруу ойлгосноос гадна манай компанийн ерөнхий инженерээр Х.Хизатбекийг томилсон тушаалыг тендерийн материал дотроос олоогүйд нь харамсаж байна.

4. ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.2 /д/ болон ТОӨЗ 5.3 /б/-г хангах ижил төстэй ажил гүйцэтгээгүй, ижил төстэй ажилд 2015, 2016, 2017, 2018, 2019 оны аль нэг жилд гүйцэтгэж дууссан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэжээ.

 ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 5.2 /д/-д “Ижил төстэй ажилд 2015, 2016, 2017, 2018, 2019 оны аль нэг жилд гүйцэтгэж дууссан ажлыг Улсын комиссын актаар баталгаажуулах ёстой” гэж шууд заагаагүй болно.  Дэлүүн сумын ЗДТГазрын конторын барилгын ажлыг гүйцэтгэсэн  нь Захиалагч болох Дэлүүн сумын ЗДТГазар, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны тодорхойлолтоор баталгаажиж байна.  2018 онд Дэлүүн сумын ЗДТГазрын конторын барилга угсралтын ажлын 356.909.090 төгрөгийн, мөн 2019 онд 349,474.488 төгрөгийн гүйцэтгэлийг хийсэн ба эдгээр ажлууд нь ТОӨЗ-ийн 5.3 /б/-д заасан шаардлагыг тус тусдаа хангаж байна. “К” ХХК-ийн  алдаанууд:

Хийсэн ижил төстэй ажлуудын талаар:

            К ХХК-ий тендер шалгаруулалтад ирүүлсэн танилцуулгад:

2015 онд Цагаан арал багийн эмнэлгийн барилга угсралт, 2017 онд Кувейт хотхоны өвлийн сууц, Толбо сумын сургуулийн засвар, ЗДТГ-ын засвар зэрэг ажил,  2018 онд Ногооннуур сумын 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил,  2019 онд аймгийн төвийн 60 айлын гадна фасадны засвар, 7-р цэцэрлэгийн засвар зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн гэсэн байна.

                 www.tender.gov.mn сайтад “К” ХХК-ий шалгарсан ажлуудыг жагсаавал:

1. Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн засвар /ЭМСЯ/201804075/ 2018.06.05

2.Аймгийн ЗДТГазрын урсгал засварын ажил /БӨАОНӨГ/201700010/ 2017.04.25

3. Өлгий сумын 5-р багийн 3 орон сууцны гадна засвар /БӨАОНӨГ/201912025/01/01  2019.03.28

4.Сургуулийн барилга, сантехникийн засвар Толбо сум /БСШУСЯ/201704008/ 2017.06.20

5.Улаанхус сумын сургуулийн дотуур байрны засвар БӨАОНӨГ/202001017/01/01 2020.04.29

6.Улаанхус сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл ЭМЯ/202001027/03/01 2020.08.13

7.Ногооннуур сумын халуун усны байрын барилга БХБЯ/201902072 2019.09.13

8.Ногооннуур сумын Улаанчулуут баг 50 ортой цэцэрлэгийн барилга БСШУСЯ/201801107 2018.05.10

9.Улаанхус сумын БДСургуулийн хичээлийн байрны их засвар БӨА-055/2014 2014.04.01

10.Эрүүл мэндийн газарт тоног төхөөрөмж БӨАОНӨГ/201801083 2018.07.17 зэрэг ажлуудыг тус тус хийсэн байна.

“К” ХХК-ий хийсэн дээрхи ажлуудаас,

  1. Аймгийн ЗДТГазрын урсгал засварын ажил /БӨАОНӨГ/201700010/ 2017.04.25
  2. Ногооннуур сумын халуун усны байрын барилга БХБЯ/201902072 2019.09.13
  3. Өлгий сумын 7-р цэцэрлэгийн засварын ажил 2019.
  4. Улаанхус сумын сургуулийн дотуур байрны засвар БӨАОНӨГ/202001017/01/01 2020.04.29
  5. Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн засвар /ЭМСЯ/201804075/ 2018.06.05  зэрэг ажлуудын захиалагчтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, ашиглалтад авсан улсын комиссын акт, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх өмнөх захиалагчийн тодорхойлолт, дуусаагүй ажлын гүйцэтгэл 80%-иас багагүй байхыг нотолсон баримт, захиалагчийн тодорхойлолт байхгүй ба сүүлийн 5 жилд хийсэн ажлын жагсаалтад оруулаагүй нь ТОӨЗ-ийн 5.2 /г/, ТОӨЗ-ийн 5.2 /д/, ТОӨЗ 14.1 /ж/ 15-16 заалтуудыг хангахгүй байна.

Толбо сумын сургуулийн сантехникийн засварын ажилд ажлын гэрээг ирүүлсэн боловч ашиглалтад оруулсан акт, захиалагчийн тодорхойлолт байхгүй.

Ирүүлсэн машин механизм, техникийн саналын талаар:

  1. Тендерийн материалд угсралтын агрегат ирүүлээгүй нь ТОӨЗ 5.3/б/ заалтыг хангахгүй байна.

Барилгын төсвийн талаар:

1.Магадалшгүй ажлын зардлыг төсөв зохиох зааврын дагуу ирүүлээгүй нь ТОӨЗ 14.1 /ж/. 2-р заалтыг хангахгүй байна.

            Тэгээд ч “К” ХХК-ны тендерээс манай компанийн тендер нь бага харьцуулах үнэтэй байсан юм.

            Иймд “К” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

 “К” ХХК нь өөрөө хуульд заасан шаардлагыг хангахгүй тендерийг хүргүүлсэн талаар тайлбараа “Л” ХХК нь удаа дараа бичгээр гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад “Л” ХХК шалгарах ёсгүй, шалгарсан нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичгээр үгүйсгэгдэж байна, гэрч хуурамч мэдүүлэг өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал багажийн хэрэгслийн зардлыг төсвийг боловсруулахдаа тусгаагүй гэдгийг удаа дараа ярьж байна. Үүнтэй холбогдуулан” ажиллах хүчний зардлыг хянах санал болгосон явдал тухайн ажлын чанарт нөлөөлнө, төр хохирно. Манай “К” ХХК хоёр дахин өндөр үнээр тогтоосон учраас бид нар чанартай гүйцэтгэнэ” гэдэг зүйл ярьж болохгүй.

 Ингэж тооцоолол хийхийг хаанаас, яаж гаргасныг мэдэхгүй. Захиалагчийн хяналт, бусад мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналт гэж  барилга баригдах явцад баригдаж дууссаны дараа хяналт хийгдэнэ, хэрэгжинэ. Чанарын баталгааг мэдээж Барилгын тухай хуулийн дагуу гаргана. Тендер хийгдэж дууссаны дараа хийгдэх асуудлыг өнөөдөр тендер сонгон шалгаруулалттай холбоотой ярьж байгааг ойлгохгүй байна. Энэ компани бага зардлаар чанаргүй барилга барих гэж байна гэж  үндэслэлгүй тайлбар гаргаж болох уу. Төсөвтэй холбоотой асуудлаар тодорхой тайлбар нотлох баримт авагдсан.

 Төсвийг зориулалтын программаар мэргэжлийн компани зохиодог. Тийм мэргэжлийн компаниар зохиосон төсвийг  “Л” ХХК хүргүүлж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлстэй холбоотой асуудалтай холбоотой тайлбар хэлэхэд, “Л” ХХК-ийн ажилтан бага хөлсөөр чанартай ажил гүйцэтгэж болно. 100000 төгрөгөөр хийх ажлыг 500000 төгрөгөөр төсөвлөж гаргах ёсгүй.  Тэгээд ч компани нь өөрөө ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил гүйцэтгэсэн ч, гүйцэтгээгүй ч  жилийн 12 сард төлнө. Мөн цалин хөлс олгоно. Энэ нь Компанийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнүүдээр зохицуулагдсан харилцаа гэдгийг  хуульч хүн мэдэж байх ёстой.

Нэг ажлыг авсны дараа тухайн ажлын төсөв дотор бүх зүйлээ багтаах ёстой мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэл, татварыг  төлөхгүй татвараас зайлсхийх гэж байгаа мэтээр ярьж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, татвараа төлөөгүй бол татварын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч нар зохих Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээж ашиг олж байгаа бол татвар төлнө. Цалин өгөхгүй хүн ажиллуулна гэдэг зүйл байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагааг гаргаж өгсөн.  Ерөнхий инженер нь доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгал төлсөн байна гэдэг зүйл ярьж болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг сул зогсолтын үед цалингийн доод хэмжээгээр тооцож болно. Мөн урамшууллын асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар хийснээр нь тухайн ажилтантай тохиролцож олгоно гэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Тэр үүднээс компанийн ашиг орлого, зарлагын тооцоог хийсний үндсэн дээр төсвийг боловсруулсан байгаа. 181 дүгээр тогтоолыг зөрчсөн юм шиг ярьж болохгүй. Нэгэнт батлагдсан төсөв байгаа. Төсөв журмын дагуу боловсруулагдаагүй бол программд хүлээж авахгүй. Программ хүлээж аваад эрх бүхий холбогдох мэргэжлийн төсвийн компани нь баталгаажуулж ирүүлсэн төсөв байгаа учраас үүнийг үгүйсгэх боломжгүй.

Төсөв боловсруулсан инженер С.Еаас  авсан гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн гэж ярьж байна. Худал, хуурамч мэдүүлэг гэдгийг хэн яаж тогтоосон бэ. Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр багаж хэрэгслийн зардлын асуудлаар маш зөв үндэслэлтэй тодорхойлолт гаргасан нь төсвийг зөрчихгүй гэдэг нь С.Еы гэрчийн мэдүүлгээр давхар тогтоогдож байгаа. Ерөнхий инженер С.Е, зураг төсөв зохиогч С.Бержантай хувийн ашиг сонирхолтой гэдэг зүйл ярьж байна. С.Е ерөнхий инженер байсан ч “Л” ХХК-ийн хувьд удирдах эрх бүхий этгээд биш зөвхөн тус компанийн ажилтан байгаа. Зураг төсөв зохиогч нь өөрийнхөө зохиосон зураг төсөвтэй холбоотой асуудлаар хяналт тавих боловч,  энэ захиалагч биш. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхгүй.

 “Л” ХХК С.Е гэдэг хүнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж байгаа болохоос тухайн компанитай хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжгүй.  Компани нь өөрөө ашиг олох зорилготой этгээд мөн. Гэтэл түүнд гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтан компанитай хувийн ашиг сонирхолтой гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ зөвхөн компанийн удирдлагатай  холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж тайлбарлаж болохоос “Л” ХХК-ийн захирал Х.Айдос гэдэг хүнтэй С.Бержан Гэр  бүлийн тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар ямар ашиг сонирхолтой, яаж холбогдож байгаа вэ.

“Нэгдмэл сонирхолтой” гэдгийг буруу ойлгож байна. С.Е гэдэг хүн “Л” ХХК-ийн ажилтан болохоос “Л” ХХК ганц гишүүнтэй компани байгаа. Ашиг сонирхлын зөрчлийн үүднээс энэ тендерээс татгалзах ёстой гэж ярих үндэслэлгүй байна. “Л” ХХК-ийг шаардлага хангахгүй гэж байгаа талаар нотлох баримтаа ирүүлээгүй. Хэрэг дотор “Зил” маркийн ачааны машины техникийн паспортыг баталгаажуулж  ирүүлсэн. Ачааны машин гэдгийг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 500 кг-аас дээш тэвштэй  ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашиныг ойлгох ёстой. Гэтэл нэхэмжлэгч  талын гаргасан тайлбарт өөрөө буулгагч Зил машиныг ачааны машин биш гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй тайлбар байна.

2015, 2016, 2017, 2018, 2019 онд ижил төстэй ажил хийгээгүй гэж тайлбарласан. Үүнтэй холбоотой ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэдгийг А.Серикжан өмгөөлөгч тайлбарласан учраас давхар тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Ерөнхий инженер нь давхацсан, хэн нь ерөнхий инженер юм вэ гэдэгт эргэлзсэн зүйл яригдсан.  С.Е гэдэг хүн ерөнхий инженерийн хувьд энэ тендерт оролцож байгаа гэдгээ  бид нар тодорхой тайлбарласан. “К” ХХК нь өөрөө чанарын шаардлага хангахгүй тендерийг ирүүлсэн байгаа.

Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг “К” ХХК өөрөө хангаагүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн тендерийн шаардлага  хангаж байгаа гэж үзэхийн тулд 16 дугаар зүйлд заасан техникийн шаардлага болон  туршлагыг үнэлэх ёстой. 16.1.2-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”-ыг хавсаргана гэж заасан байгаа. “К” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн, маш олон тендерт гэрээ байгуулж, гүйцэтгэсэн байгаа. Гэтэл тэдгээр шалгарсан маш олон ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн талаар үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг гаргаж өгөөгүйгээр 16.1.2-д заасан шаардлагыг хангахгүй байгаа. Хамгийн багадаа 80 хувийг гүйцэтгэж байж дараагийн тендерт оролцох ёстой. “К” ХХК нь маш олон ажил үйлчилгээнд тендерээр шалгарч, гэрээ хийж байгаа боловч ажлуудыг 50-60 хувтай гүйцэтгээд, дараагийн тендерт оролцож явж байгаа нь өөрөө 16.1.2-д заасныг хангахгүй гэж үзэж байна. Мөн 16.1.3-д  “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт”-ыг гаргаж өгөөгүйн 16.1.2, 16.1.3-д заасныг ноцтой зөрчиж байгаа.

Мөн 16.1.4-д заасан тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг хангахгүй тендер ирүүлсэн. Энэ нь 5.3.”в” хэсэгт заасан “угсралтын агрегат” гэдэг техникийн нөхцөлийг хангаж ирүүлээгүй тул 16.1.4-д заасныг хангахгүй байна. Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1.”ж” хэсгийн 2-д зааснаар магадалшгүй ажлын зардлыг  тооцож ирүүлэх ёстой байсан. Өөрсдийн төсөв нь  алдаатай байгаа. Магадалшгүй ажлын зардлыг тооцоогүй байгаа нь зохих заавар дүрмийн дагуу төсөв зохиогдоогүй гэдгийг гаргаж ирсэн. “Дуусаагүй ажлын 8 хувиас багагүй байгааг нотолсон баримт захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэдэг хуулийн 16.1.2-д заасныг зөрчиж тендерт оролцсон явдал нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1.”ж” хэсгийн 15, 16-г тус тус хангахгүй байна гэж үзэж байна.

Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2.д хэсэгт нотлох баримтаар сүүлийн 5 жилд хийж  гүйцэтгэсэн ижил төстэй ажилтай холбоотой улсын комиссын актыг хавсаргаагүй нь 5.2.д хэсгийг хангахгүй байна гэж дурдах нь зүйтэй байна. Хянаад явах юм бол “К” ХХК маш их зөрчилтэй болох нь харагдаж байна. “Угсралтын агрегат” гэдэг нь ямар ч хамааралгүй, шаардлагагүй гэж байгаа боловч Б.Шындаулет гэдэг гэрчээс тодруулж асуусан. Аюулгүй ажиллагааны хувьд 2 давхар барилга барихад угсралтын шат агрегаттай холбоотой бичиг баримт нь тухайн тендерт зайлшгүй шаардлагатай учраас  ийм шаардлага тавьсан нь үндэслэлтэй гэж мэдүүлсэн.

“К” ХХК шаардлага хангахгүй тендер ирүүлсэн мөртлөө өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих юм бол нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шаардлагуудын зарим нь хэрэгжээд явсан шаардлагууд байгаа. Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдэл болон “Л” ХХК-д эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа.  Нэгэнт “Л” ХХК-д мэдэгдэл өгч, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хоёр хэрэгжиж,  гэрээ байгуулагдчихсан. Хэрэгжсэн шаардлагыг хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй. Эсвэл мэдэгдэл өгсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа юу, яаж хүчингүй болгох гэж байгаа вэ, хүчингүй болгосноор “К” ХХК-ийн ямар эрх ашиг  сонирхол сэргээгдэх юм вэ. Нэгэнт хэрэгжээд дууссан, гэрээ хийсэн байна. Шийдвэр, мэдэгдлийг хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгохын тулд эхлээд “К” ХХК-ийн өөрсдийн тендер нь шаардлага хангасан байх ёстой.  “К” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх ёстой.

 “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж өг гэсэн  шаардлага гаргасан. Үнэлгээний хорооноос дүгнэлт гарч, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “К” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Эхлээд үнэлгээний хороонд даалгуулах, дараа нь үнэлгээний хорооны шийдвэрийг Засаг дарга биелүүлэхгүй байвал Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж болно.

 Иймээс “К” ХХК маш дутагдал алдаа гаргасан. Харин “Л” ХХК бүх шаардлагыг хангасан. Хамгийн сайн тендер ирүүлсэн тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭЛ нь:

Шүүх нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “К” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга,  Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг[1](1),  аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийг (2)[2],  аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг[3] (3), Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л”ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг[4](4) тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах (5)”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын төсвийн 300.000.000 төгрөгөөр санхүүжих  Алтанцөгц сумын сургуулийн А байр, биеийн тамирын заалны их засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/245 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар[5]  байгуулсан, уг үнэлгээний хороо нь  тендерийн бичиг баримтыг боловсруулж, тендерийг 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зарлахыг, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цаг, нээлтийн хугацааг 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:30 цаг гэж тус тус тогтоосон болох нь хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр[6] тогтоогдож байна.

Мөн үнэлгээний хороо нь  2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж[7],  Алтанцөгц сумын сургуулийн А байр, биеийн тамирын заалны их засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн 8 компанийн тендерийг нээсэн байх ба  БСШУЯамнаас төсвийн тодотголоор санхүүжилт хасагдсан гэх мэдээллийг үндэслэж  тендерт ирүүлсэн бичиг баримтуудад тендерийн хүчинтэй хугацаанд үнэлгээ хийгээгүй байна.

Улмаар “К” ХХК болон “Л” ХХК-аас тус тус захиргааны хэргийн шүүхэд  тендерийн хороонд холбогдуулан үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл[8] гаргасан, хариуцагч үнэлгээний хороо нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2020/0068 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2021/0005 дугаартай  захирамжуудаар[9] хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгчийн  захирамжийг үндэслэж үнэлгээний хороо нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерт үнэлгээ хийж, “Л” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх эрх олгох дүгнэлтийг захиалагч буюу аймгийн Засаг даргад хүргүүлсэн[10],  аймгийн Засаг даргаас уг дүгнэлтийг үндэслэж “Л” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдлийг, “К”-д шалгараагүй үндэслэлийг заасан мэдэгдлийг тус тус хүргүүлж, улмаар  шалгарсан “Л” ХХК-тай  ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид нь энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчээс “Л” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэж марган үндэслэлээ “... “Л” ХХК нь ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 дах заалтын 11 дэх шаардлагыг хангаагүй, ажлын төсвийг ирүүлэхдээ ажиллах хүчний зардлыг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын холбогдох хэсэгт зааснаар ирүүлээгүй, нэмэгдэл цалин, инженер техникийн ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн зардал гэсэн зардлуудыг орхигдуулан тооцсон нь барилгын үйл ажиллагааны чанарт сөргөөр нөлөөлнө, мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн шаардлагад ирүүлсэн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн улсын комиссын актад 2  гишүүний гарын үсэг дутуу  тул акт нь хүчин төгөлдөр бус, 2020 онд гүйцэтгэсэн ажлыг 2019 он болгож ирүүлсэн, ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 5.3 в-д заасан ачааны автомашиныг  санал болгоогүй, техникийн гэрчилгээний хуулбар байхгүй,  “Л” ХХК-ийн төсөвчин захиалагчийн албанд ажилладаг тул  тухайн компанийн үндсэн ажилтан биш, 5-аас дээш жил ажиллах шаардлагыг хангахгүй, мөн С.Е болон уг ажлын зураг төслийг үйлдсэн “Од дизайн”  ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч С. Бержантай төрсөн ах дүү нар, Од дизайн” ХХК-ийн бүх ажлыг С.Е удирдан явуулдаг ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдүүд” гэж тайлбарлажээ. 

1.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 дах заалтын 11-т “Зураг ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, зураг төсвийг зохих хууль журмын дагуу баталгаажуулсан байна. /Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2021 оны 01 сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ” гэж заажээ.

Мөн  тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын Яамны сайдын 2021 оны 181 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Дөрөвдүгээр бүлэгт заасан барилгын ажиллах хүчний зардлыг тодорхойлох хэсэгт “Барилгын ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг тооцохдоо “Ажлын тоо хэмжээ бодох заавар” /БД 81-101-01/-ын дагуу ажлын зургийг үндэслэн тодорхойлсон  ажлын тоо хэмжээг  үндсэн ажлын болон талбайн зөөвөр тээвэр ачиж буулгах ажлын  нэгж хөдөлмөр зарцуулалтаар үржүүлж нэгтгэн тооцно. Ажилчдын хөдөлмөр зарцуулалт,хөдөлмөрийн хөлсний тооцоог Загвар №1-д үзүүлэв”, “Ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан барилгын төсөв зохиоход хэрэглэдэг цагийн жишиг тарифт цалингаар  үржүүлж,  төсөвт тусгагдсан  ажилчдын үндсэн  цалингийн хэмжээг тодорхойлно”,“Төсөвт тусгагдсан  ажилчдын үндсэн цалингийн дүнгээс үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны цалинг 17 хувиар, ажилчдын ээлжийн амралт, шагнал урамшуулал, нөхөн олговор, нэмэгдэл цалин хөлсийг  37 хувиар тус тус тооцно. Нийт цалингийн хэмжээг төсөвт тусгагдсан  ажилчдын үндсэн цалин, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл хөлсний нийлбэрээр тогтооно. Нийт цалингийн дүнгээс мөрдөгдөж байгаа хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэлийн хэмжээг тодорхойлно”, “Төсвийн нийт цалин, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас хэрэгсэлд зарцуулах хөрөнгийн нийлбэрийг ажиллах хүчний зардал гэнэ” гэж тус тус заажээ.

Дүрмийн дээрх заалтуудаас үзэхэд ажиллах хүчний зардлыг тооцохдоо ажилчдын үндсэн цалин дээр үндсэн цалингийн 17 хувиар үржүүлэн тооцож инженер техникийн ажилтны цалинг, ажилчдын үндсэн цалинг 37 хувиар үржүүлэн тооцож нэмэгдэл цалинг тус тус тооцох ба төсвийн нийт  цалин нь дээрх ажилчдын үндсэн цалин, инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалингийн нийлбэр байхаар, харин ажиллах хүчний нийт зардал нь төсвийн нийт цалин дээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажлын багаж, хувцас хэрэгсэлд зарцуулах хөрөнгийн нийлбэр байхаар тодорхойлжээ.

“Л” ХХК нь  ажиллах хүчний зардлыг[11] тендерт ирүүлэхдээ зөвхөн үндсэн цалингаар тооцож ажиллах хүчний зардал гэж ирүүлсэн байх ба энэ нь дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэхдээ захиалагчаас  ТОӨЗ 5.2 дах заалтын[12]  10-т “5.1.5-5.1.10-д дурдсан нөхцөл хангаагүй бол тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаас үзэхэд 5.11-т заасныг зөрчсөн  тохиолдлыг захиалагчийн тогтоосон “...нөхцөл, шаардлагыг” зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж тус тус заасан, захиалагчаас шаардсаны дагуу гуравдагч этгээд нь  Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй барилгын төсвийн  “Estimator Pro” программыг ашиглаж, хийгдэх ёстой бүх ажлыг оруулж  ажлын нийт төсвийг тооцон гаргасан, үүнээс  ажилчдын үндсэн цалинг дээрх дүрэмд зааснаар тооцсон, энэ нь захиалагчаас боловсруулсан ажлын хяналтын төсвийн  үндсэн ажилд тооцсон  37,489,324 төгрөгийн төсөвтэй тохирсон,  харин нэмэгдэл зардлуудыг компанийн ашгаас олгох үндэслэлээр ажиллах хүчний зардалд нэмж тооцоогүй  нь хяналтын төсвийг зөрчөөгүй, хийгдэх ёстой ажил орхигдоогүй  болох нь уг ажлын хяналтын төсвийг зохиосон, гэрч Х.Ж мэдүүлгээр[13] тогтоогдож байх тул  ажиллах хүчний нэмэгдэл зардлыг  төсөв зохиох дүрмийн дагуу тооцоогүй  үндэслэл нь  уг барилгын ажлын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж дүгнэлээ.

2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (д) “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 5 жил /2015, 2016, 2017,02018, 2019 он/ гэсэн шаардлагыг “Л” ХХК-нь хангаагүй гэж маргасан нэхэмжлэгч талын үндэслэл тогтоогдохгүй байна.

            Гуравдагч этгээд  нь Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилгын 785 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг нь  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах гэрээг байгуулсан нь “Л” ХХК-ийн тендерт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан дугаар №ДЛ-ЗДТГ 2018/01 тоот “Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилгын ажлын гэрээ”-ээр  батлагдаж байгаа бөгөөд барилга хүлээж авсан улсын комиссын актын огноог үндэслэж энэ ажлыг 2020 онд гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Мөн уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд эрх бүхий 2 албан тушаалтан гарын үсэг зураагүй нь  уг барилгын ажлыг “Л” ХХК нь гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, Дэлүүн сумын  Засаг даргын Тамгын газрын конторын барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээж авсан нь тендерт авагдсан барилгыг  худалдан авагч Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3/59 дугаартай албан бичиг дэх тодорхойлолтоор[14] тогтоогдож байгаа тул гуравдагч этгээд нь ижил төстэй ажлыг сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт” гэсэнтэй нийцсэн байна.

3. ”Л” ХХК-аас ирүүлсэн тендерт   ерөнхий инженерээр С.Еыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон нь  компанийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар[15] , тэрээр 10 жил ажилласан, компанийн үндсэн ажилтан мөн болох нь хүний нөөцийн судалгаа, инженер техникийн ажилчдын жагсаалтаар[16]  тогтоогдсон тул тендерт оролцогчдод өгөгдөх хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г) хэсэгт заасан “...ерөнхий инженер нь ... тухайн компанийн үндсэн ажилтан байх ба ажилласан туршлагатай байх хугацаа 5-аас дээш жил”  гэх шаардлагыг С.Е хангасан тул энэ талаарх үнэлгээний хорооны шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”,  14.1.5-т “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д ““тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно”, 5.1.6.”а”-д “дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.”б”-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” , 5.1.15-т ““зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг” гэж тус тус хуульчилжээ.

“Л” ХХК-ийн   ажлын төсвийг гаргасан ерөнхий инженер  С.Е нь Алтанцөгц сумын сургуулийн А байр, биеийн тамирын заалны засварын ажлын зураг төслийг гаргасан  “Рус-Нур” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцсон “Од дизайн” ХХК-ийн гишүүн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[17] тогтоогдсон боловч “Од дизайн” ХХК-ийн боловсруулан гүйцэтгэсэн ажлын зураг төслөөс үзэхэд уг бичиг баримтыг инженер С.М  гүйцэтгэж, С.А шалгасан, уг зураг төслийг компанийн захирал Б.А баталгаажуулсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх бичиг баримтыг боловсруулахад “Л” ХХК-ийн ерөнхий инженер С.Е оролцоогүй байх тул нэхэмжлэгч талаас “Л” ХХК болон “Од дизайн” ХХК нь  “... хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заасан нэгдмэл сонирхолтой этгээд” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

5. Гуравдагч этгээд “Л” ХХК нь тендерт оролцогчдод өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ (в) хэсэгт  ачааны автомашин-1 ш шаардлагыг хангасан нь хэрэгт авагдсан “Л” ХХК-ийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын судалгаанд[18]  “... өөрөө буулгагч машин 5 тн” гэж тусгасан байдал, 2383 БӨТ улсын дугаартай  ЗИЛ 4505 өөрөө буулгагч машины техникийн тодорхойлолт[19] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгч талаас маргасан “Л” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцээгүй гэх үндэслэлүүд нь үгүйсгэгдэж байна.

 Нэхэмжлэгч “К “ ХХК-аас “ угсралтын агрегат гэж  ойлгомжгүй тоног төхөөрөмж шаардаад, түүнийг гаргаж өгсөнгүй  гэх үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан тендерийн хорооны шийдвэр үндэслэлгүй” гэж маргажээ.

Захиалагч нь  тендерт оролцогчдоос   “угсралтын агрегат” гэх тоног төхөөрөмжийг тендерийн бичиг баримтад тусган шаардсан, энэ нь 2 давхар барилгын ажлыг хийхэд зайлшгүй шаардлагатай угсрах шат болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Шындаулетийн мэдүүлгээр[20] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь тендерт оролцогчийн хувьд тендерийн бичиг баримтад тусгасан захиалагчаас тогтоосон нөхцөл, шаардлага  нь ойлгомжгүй, тодорхойгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно”, Тендерт оролцогчдод өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 10.1 хэсэгт  “захиалагчаас тендерийн бичиг баримттай холбоотой тодруулга авах” гэж  заасан бөгөөд тендерт оролцогч нь дээрх заалтуудыг үндэслэж   “угсралтын агрегат” гэх тоног төхөөрөмжийн талаар тодруулга, мэдээлэл авах эрхтэй байсан, энэ эрхээ эдлэхгүйгээр “... ойлгомжгүй, шаардлагагүй тоног төхөөрөмж” гэх үндэслэлээр захиалагчаас шаардсан тоног төхөөрөмжийн шаардлагыг тендерт ирүүлээгүй нь хууль бус байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”, 27 дугаар зүйлийн  27.1-т заасан “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-т заасан “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т заасан техникийн тодорхойлолт”, 27.1.3-т заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т заасан “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-т заасан “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”,  28.7.4-т заасан “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан  “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, захиалагч нь 46 дугаар зүйлийн  46.1.3-т заасан “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж тус тус заажээ.  

Үнэлгээний хорооноос “Л” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэн дүгнэлт гаргаж, захиалагчид шалгарсан компанитай  гэрээ байгуулах тухай санал гаргасан  нь, уг саналыг үндэслэж захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь  “Л” ХХК-д гэрээ байгуулах , нэхэмжлэгч “К” ХХК-д шалгараагүй үндэслэлийг заасан мэдэгдлүүдийг   хүргүүлсэн нь, захиалагч шалгарсан компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тус тус хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, харин   нэхэмжлэгч нь тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг захиалагчтай гэрээ байгуулахыг шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй,  маргаан бүхий захиргааны актуудын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж  шүүхээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас аймгийн Засаг даргад болон  Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд  холбогдуулан гаргасан “Алтанцөгц сумын сургуулийн А корпус, биеийн тамирын заалны засварын БСШУСЯ/202001129 дугаартай ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг,  аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1-01/114 тоот мэдэгдлийг,  аймгийн Засаг даргын “Л” ХХК-д эрх олгох тухай шийдвэрийг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Л”ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 26 дугаар хуудасны ар тал, 32 дугаар хуудас

[2] Хэргийн 38 дугаар хуудас

[3] Хэргийн 51 дүгээр хуудас

[4] Хэргийн 40-41 дүгээр хуудас

[5] Хэргийн 29 дүгээр хуудас

[6] Хэргийн 29 дүгээр хуудасны ар тал, 30 дугаар хуудас

[7] Хэргийн 30 дугаар хуудасны ар тал

[8] Хэргийн 54, 61 дүгээр хуудас

[9] Хэргийн 58-60, 73-75 дугаар хуудас

[10] Хэргийн 32 дугаар хуудас

[11] Хэргийн 82-89 дүгээр хуудас

[12] Хэргийн 66 дугаар хуудас

[13] Хэргийн 170-171 дүгээр хуудас

[14] Хэргийн 97 дугаар хуудас

[15] Хэргийн 95 дугаар хуудас

[16] Хэргийн 93 дугаар хуудас

[17] Хэргийн 186 дугаар хуудас

[18] Хэргийн 91 дүгээр хуудас

[19] Хэргийн 92 дугаар хуудас

[20] Хэргийн 184 дүгээр хуудас