Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2539

 

МАГАДЛАЛ

 

2017.12.15                                                     Дугаар 2539                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

                                                              С.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч А, ШЗ д М О Х холбогдох,

7 305 572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н, П.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Интернэтээс А улс руу найдвартай зуучилна гэсэн зарын дагуу ярихад А д суралцагч “М О Х” ТББ-д очиж уулзсан. Тус байгууллага нь А улсын С хотын сургуульд суралцахад зуучлахаар болж, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Зуучлалын гэрээг байгуулсан. Тус холбооны захирал П.Б нь надтай гэрээ байгуулах үедээ чиний хувьд 100 хувь найдвартай виз гарах юм байна, виз гарахад шаардлагатай бичиг баримтыг манайх бүрдүүлнэ, чи төлбөрөө л төлөөрэй гэсэн юм. Зуучлалын төлбөрт урьдчилгаа 480 ам.долларыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны Монгол банкны ханшаар 1823 төгрөгөөр бодон гэрээ байгуулах үедээ 700 000 төгрөгийг бэлнээр, 175 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Сургалтын 6158 А долларыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дансаар шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн даатгалд 459 ам.доллар 60 цент, зуучлалын хөлс 1.200 А доллар буюу 1 823 000 төгрөгийг, нийгмийн даатгалд 600 000 төгрөг, газрын гэрчилгээ 120 000 төгрөг, дансны хуулга 400 000 төгрөг болон бусад жижиг зардлууд, нийлээд 15 383 000 төгрөгийг төлсөн. Ингээд А д суралцагч “М О Х” ТББ-аас А улсын Элчин сайдын яаманд визний материалыг өгсөн ба 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр визний материалд хуурамч бичиг баримт байгаа учраас татгалзсан гэсэн хариуг өгсөн гэж надад хэлсэн. Удаа дараа мөнгөө буцааж авья гэж нэхэж байж 8 077 428 төгрөгийг авсан ба үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Энэ баримтыг нэхэмжлэгчээс өгсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Баримтыг бүрдүүлж өгч байж, баримтыг бүрэн болсны дараа визэнд оруулдаг гэж байна. Х Б хуулгын тухай яригдаж байгаа боловч нэхэмжлэгч Х Б дансны хуулга өгсөн гэж байна. Тэр нэхэмжлэгчийн өгсөн хуулга нь ямар түвшинд яаж, хэрхэн өгөгдсөн асуудал өөрөө тодорхойгүй байна. Шаардсан мөнгийг явуулаад байж. Өнөөдөр элчин сайдад мөнгө төлсөн гээд хэд хэдэн мөнгөний тухай яригдаад байна. Энэ мөнгөнүүд хариуцагчийн дансанд орсон байна. Тэгээд цаашаа визэнд орж төлөгдсөн гэх баримт байхгүй байна. Төлбөр төлсөн баримт тогтоогдсонгүй. Визэнд хандсан баримт нь тогтоогдохгүй байна. Хариуцагчаас нотлох баримтаар өгөөд байгаа орчуулгатай баримтууд болон мэдэгдэл гэсэн баримт нь байхгүй байна. Шийдвэр, гэрээ гэх мэт баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй эргэлзээтэй байна. Шүүхэд өгсөн баримт нь эргэлзээгүй, үнэн зөв байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тэгш эрхтэйгээр нотлох баримтыг үнэлүүлнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5, 37, 25.2.2, 44.2 дурьдаж байна. Иргэний хуулийн 9.4.2-оор эрх нь зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоохоор зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсээд байна. Иргэний хуулийн хэлцлийн хувьд сургуультай байгуулсан гэрээ байхгүй байна. Зуучлалын гэрээтэй нэхэмжлэгч маргаагүй байгаа учраас гэрээний 7.4-т зааснаар тайлбарлаад байна. Тэгэхээр хуурамч баримт нь өөрөө тогтоогдохгүй байгаа учир хариуцагчийн татгалзал нотлогдохгүй, үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А улсын аль нэг сургуульд суралцах хүсэлтэйгээ илэрхийлж, холбогдох сургуульд зуучилж өгөхийг хүссэн. А д суралцагч “М О Х” ТББ-ын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тухайн сургуульд явахад ямар шаардлагатай материал бүрдүүлэх ёстой талаар зөвлөгөө өгсөн. Тус байгууллага нь энэхүү ажлыг 10 гаруй жил хийж олон зуун оюутан залуусыг А улсад суралцахад нь зуучлан тусалсан туршлагатай билээ. Бидний зуучлалын үйлчилгээ нь холбогдох сургуулийн талаар мэдээлэл өгөх, сургуультай холбох, тухайн сургуулиас баталгаат урилга гаргуулах, сургуулийн орших элчин сайдын яаманд хандаж тус улсад зорчих эрх олгох мэдүүлэг анкет бөглөх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх, орчуулах ажлын хүрээг хамардаг бөгөөд түүнчлэн зуучлуулсан суралцагчийг онгоцноос тосож авах, байрлах байр захиалах нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Бид дурдсан журмын дагуу иргэн С.Т д үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл иргэн С.Т нь 100 хувь найдвартай визийг гаргана, виз гаргахад шаардлагатай баримт бичгийг манайхыг бүрдүүлж өгнө гэх утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байна. Элчин сайдын яам виз олгох эсэхийг шийдвэрлэх байгууллага болохоос манай байгууллага энэ шийдвэрийг гаргадаггүй учир бид виз гаргана гэх нь утгагүй бөгөөд суралцагч ч энэ наад захын хууль дүрмийг мэдэх билээ. Бидний зүгээс виз гаргахад шаардлагатай баримт бичиг ямар бүрдэлтэй байвал гарах магадлал өндөртэйг туршлагаасаа мэдэх учраас зөвлөгөө өгдөг, түүнээс тухайн баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэггүй, тэр тусмаа хуурамчаар зохиох хориотой төдийгүй гэмт хэрэг. Энэ хүрээнд захирал П.Б зөвлөгөө өгсөн. Гэрээний дагуу манай байгууллага зуучлалын урьдчилгаа төлбөрт 480 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар шилжүүлж авсан. Энэ нь баримтаар нотлогдоно. Харин бусад төлбөрийн асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд энэхүү гэрээний асуудал биш байна. Энэ талаар манайд хамаарах ямар баримт нэхэмжлэгчид байгааг бид мэдэхгүй байна. Иргэн С.Т нь энэ асуудлаар манайхыг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Талуудын хоорондын гол тохиролцоо 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд бүрэн тусгагдсан бөгөөд гэрээний 4.1-т заасан үйлчилгээ хийгдэж талуудын эрх үүрэг хэрэгжсэн болно. Элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан тохиолдолд гарах үр дагаврыг талууд гэрээний 4.5-4.9 заалтад тусгасан. А улсын элчин сайдын яамнаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирсэн албан бичигт С.Т эхнэр болох Г.З-ийн нэр дээрх 5001596776 тоот дансны хуулга нь Х Б баталгаажуулснаар хуурамч гэж үзсэн учраас виз татгалзсан байна. Гэтэл С.Т болон А М сургуулийн дотоод журамтай танилцаж гарын үсэг зурснаар бол хэрэв оюутан хуурамч бичиг баримт үйлдсэний улмаас виз татгалзсан /М сургуулийн дотоод журмын 4-т заасан/ бол урьдчилан төлсөн бүх төлбөр буцаан олгохгүй гэж заасан байна. Мөн бид бүхэн иргэн С.Т-ий хувийн хүсэлт бусад нөхцөл байдлыг харгалзаж үзээд захиалга өгсөн сургуультай удаа дараа хүсэлт, санал явуулж харилцсаны үндсэн дээр 70 хувийн буцаан олголтыг хүлээн зөвшөөрүүлж чадсанаа С.Т өмнө байгуулсан тус гэж үзэж байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний Х банкны 5041010345 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 120 000 төгрөгийг үйл ажиллагааны нэмэгдэл зардал болгон шилжүүлсэн мөнгийг С.Т д буцаан олгоход бэлэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А, Ш дахь М О холбоо ТББ-иас 5 939 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 365 847 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А, Ш дахь М О холбоо ТББ-аас 109 986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн 23-39 дэх талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх баримтаас нь орчуулаагүй, түүнчлэн хариуцагч тал өөрөө орчуулж, орчуулгын тэмдэг дарж баталгаажуулсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно гэжээ. Үүний дагуу шүүхэд бүрдүүлэн өгсөн хавтаст хэргийн 23-39 дэх талд авагдсан нотлох баримтуудыг англи хэл дээрх эх хувиар нь мөн албан ёсны эрхтэй, тамга тэмдэгтэй орчуулгын товчоогоор орчуулсан хувьтай нь хамт өгсөн байдаг. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулсан байна гэж заажээ. Албан ёсны эрхтэй орчуулагч орчуулсан байна гэдэг нь уг заалтын гол нөхцөл. Хариуцагчийн зүгээс албан ёсны орчуулгын тамга тэмдэгтэй орчуулгыг англи хэл дээрх эх хувьтай нь хамт анхан шатны шүүхэд гарган өгсөн байдаг нь хавтаст хэргийн 23-39 дэх талаар нотлогддог. Үүнээс үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг өөрийн орчуулгын товчоогоор орчуулсан гэдэг үндэслэлээр үнэлэхээс татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг буруу хэрэглэж хуулиас давсан тайлбар хийсэн болох нь харагдаж байна. Хэрэв шүүх үнэхээр уг нотлох баримтуудын орчуулга үнэн эсэхэд эргэлзэж байсан бол нэгэнт хавтаст хэрэгт нотлох баримтууд англи хэл дээрх эх хувиараа авагдсан байсан тул эх хувиас нь үнэлэх эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар "...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд...” шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэсний дагуу мэргэжлийн орчуулагчийг шүүхийн санаачилгаар шинжээчээр томилон орчуулгуудын үнэн зөв эсэхэд дүгнэлт хийлгэсэн бол зүй нь шүүхийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх үүрэг сая биелэлээ олох байсан. Мөн шүүх эх баримтаас нь орчуулаагүй хэмээн дүгнэсэн нь хуулинд байхгүй шаардлагыг бий болгож илт буруу дүгнэлт хийсэн болохыг харуулж байна.

Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч С.Т болон хариуцагчийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "зуучлалын үйлчилгээний нийт төлбөр 1200 AUD нэгж, төгрөг байна. Суралцагч /зуучлуулагч/ үйлчилгээний төлбөрийг 2 хувааж төлөх бөгөөд урьчилгаа төлбөр болох 480 авсрали доллар /875 000 төгрөг/-ыг гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлнө. Үйлчилгээний бүртгэлийн хураамжийн төлбөрт доорх үйлчилгээ орно, үлдэгдэл төлбөр болох 720 авсрали доллар нэгж, төгрөгийг тухайн улсын элчин сайдын яамнаас сургуульд сурах албан ёсны зөвшөөрөл олгогдсоноос хойш 24 цагийн дотор тус тус төлнө" гэсэн байдаг. Манай ТББ-ийн зүгээс гэрээгээр тохирсон урьдчилгаа буюу бүртгэлийн хураамж болох 875 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авч гэрээгээр тохирсон /4.1 дэхь хэсэг/ үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн тул урьдчилгаа үйлчилгээ үзүүлсэн хөлсөө буцаан олгох үндэслэлгүй. Харин виз амжилттай гарсан тохиолдолд гэрээгэээр тохирсон үлдэгдэл төлбөрийг авах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх урьдчилгаа төлбөрийг гэрээний нийт үнийн дүн хэмээн үзэж талуудын хооронд байгуулсан гэрээ буюу нотлох баримтыг буруу дүгнэсэн.

Хавтаст хэргийн 37 талд манай байгууллагаас С.Т бүрдүүлэх материалын жагсаалтыг өгсөн байдаг. Шүүх үүнд дүгнэлт хийлгүй орхигдуулж гэрээний уг зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлэх гэдгийг манай байгууллага бүх материалыг С.Т өмнөөс бүрдүүлэх ёстой мэтээр буруу дүгнэлт хийсэн.

Үүнээс үзвэл уг төлбөрийг манай ТТБ аваагүйг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрнээ аваагүй төлбөрийг хариуцагчаас шаардаж буй нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн хийгээд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй, шүүхийн дүгнэлт хоорондоо ноцтой зөрчилдөж байгаа нь харагдаж байна. Шүүх Нэхэмжлэгч нь "...дансны хуулга 400 000 төгрөг бэлнээр өгсөн гэх боловч баримтаар нотлоогүй...” хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж дүгнэжээ. Ийнхүү шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч А, Ш З дахь Монголын Оюутны холбоо ТББ-д холбогдуулан 7 305 572 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэх хэсэг болох 7 305 572 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...С.Т нь хуурамч баримт үйлдсэний улмаас виз татгалзсан учир нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Зуучлалын гэрээгээр хариуцагч нь нийт 1 200 А долларын хөлстэйгээр, А улсын С хотын сургуульд зуучлах зуучлалын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь зуучлалын урьдчилгаа төлбөрт 480 ам.долларыг 1 823 төгрөгөөр тооцон 700 000 төгрөгийг бэлнээр, 175 000 төгрөгийг бэлэн бусаар, сургалтын 6 158 А долларыг бэлэн бусаар, эрүүл мэндийн даатгалд 459 ам.доллар 60 цент, 1 200 А доллар буюу 1 823 000 төгрөг, нийгмийн даатгалд     600 000 төгрөг, газрын гэрчилгээний 120 000 төгрөг, дансны хуулга 400 000 төгрөг гэх мэт нийт 15 383 000 төгрөгийг хариуцагчид өгснөөс 8 077 428 төгрөгийг буцаан авсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин талууд зуучлалын гэрээ хэрэгжээгүй шалтгааныг өөр өөрөөр тайлбарлан маргасан. Тухайлбал, нэхэмжлэгч нь гэрээний 4 дэх заалтыг зөрчиж хууль бусаар бичиг баримт бүрдүүлсний улмаас түүнд виз олгохоос татгалзсан хариу ирсэн гэж хариуцагч тайлбарласан бол нэхэмжлэгч нь “зуучилсан сургуулиас нь урилга ирээгүй, “...хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй” гэжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул гэрээний үүргийн талаарх шаардлагыг талууд харилцан гаргах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Талууд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтуудыг шүүх үнэлэхгүй байх эрхгүйгээр харин бичмэл нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй бол шийдвэрийн үндэслэл болох учиргүй.

Хэргийн 102 дахь талд авагдсан, талуудын байгуулсан гэрээний хугацаанд хамаарах “G  t  i” гэх нэхэмжлэгчийн нэр дээрх баримт орчуулагдаагүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа 480 А доллараас гадна хариуцагч нь зуучлалын хөлс 1200 А доллар буюу 1 823 000 төгрөг, газрын гэрчилгээний 120 000 төгрөг, дансны хуулга 400 000 төгрөг гэх зэрэг мөнгийг нэхэмжлэгчээс авсан нь тухайн гэрээний харилцаанд хамаарах төлбөр эсэх талаар дүгнэлт хийхэд эдгээр баримт ач холбогдолтой байж болно.

Дээрх ажиллагааг хийснээр тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгон хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэргийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 110 000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

                                                                         

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ