Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/376

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.K,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Бд холбогдох эрүүгийн 2238000000618 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ  төрөөд 16 хонож байсан өөрийн төрсөн хүү О.Мт угжны ус найруулах гэж байгаад түүний биед халуун ус болгоомжгүйгээр асгаж амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон эрүүгийн 2238000000618 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү 16 хоногтой О.Мыг угжих, угжны ус бэлдэж байхдаа түүний бие рүү халуун ус асгаж, толгой, нүүр, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, ар нуруу зэрэг түлэгдэлтийн улмаас хордлогын шоконд оруулан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Kын өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би хөдөө байсан. Манай ээж, эхнэр хүүхдүүдтэйгээ сумын төвд байсан. Тэр өдөр миний утсанд эхнэрээс дуудлага ирсэн байсан. Тэгээд залгатал манай хажуу талын эгч хүү түлэгдсэн байна, хурдан ирээрэй гэсэн..гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Kын өгсөн: “...Миний хүү О.М 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. 2022 оны 09 сарын 15-ны өдөр Тосонцэнгэл сумын төвд ээжтэйгээ хамт байж байгаад түлэгдсэн байсан. Ингээд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай авч ирж үзүүлээд эмчилгээ хийлгэсэн боловч нас барсан... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг хөдөө байхад хүүхдээ түлсэн асуудал болсон байсан. Би яг яаж байгаад түлсэнг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ орны урд талын ширээн дээр байсан халуун савтай усыг асгасан байх гэж бодож байгаа. Гэхдээ миний хувьд бол яг албаар асгасан гэж бодохгүй байна. Угаасаа халуун савтай ус ойр тавиад хүүхдээ угжих угжийг найруулдаг байсан. Тэгэхээр угж найруулах гэж байгаад л алдаж унагаж асгасан байхаа. Ер нь ажиглаад байхад Б миний анзаарснаар өөрөө юм их алдаж унагааж байгаа харагддаг. Манай эхнэрийн сэтгэл санаа одоог хүртэл хямралтай, хүүхдээ алдаад бас их хэцүү байгаа учраас нэгэнт ийм асуудал болсон болохоор эхнэрээ л эмчлүүлж хэвийн болгож авахыг бодож хүсэж байна. Тэрнээс одоо эхнэр хүүхдээ түллээ энэ тэр гэж гомдол санал гаргах зүйл алга байна. Хүүхдээ алдсаны хувьд надад ч гэсэн бас хэцүү л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч Ц.Цгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой манай бэр Б төрсөн хүү Мын хамт байшингийн хойд талын хана дагуух модон орон дээр унтсан. Шөнө ер нь сэрж уйлаагүй тайван унтсан. Ээж нь ч сайхан унтсан. Тэгээд өглөө босоход нялх хүү маань сэрчихсэн байсан. Ээж нь ч сэрсэн байсан. Би гал түлээд ээж нь хүүгээ хуурайлаад би тэр хоёртоо шөл хийж өгсөн чинь шөлөө уучихаад хүү, ээж хоёр унтаад өгсөн. Би 08 цаг 55 минут орчимд хоёр ач хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа л буцаад ирэхэд ээж нь орилчихсон уйлаад байшингийн гадаа сууж байсан. Манай эгч Чулуунбаатар Бг хөнжлөөр ороочихсон сууж байсан. Би шууд гүйгээд байшинд ороход хүүгийнхээ өлгийг задалчихсан байсан бөгөөд хүү маань улайгаад нүүр цээжин бие хэсэг нь түлэгдсэн эвгүй харагдсан. Намайг гарахад ширээн дээр халуун устай байсан улаан алаг өнгийн халуун сав орны талд уначихсан байдалтай байсан. Тэгээд би шууд сумын эх баригч руугаа залгаж дуудаад сумын эх баригч Э, их эмч Нандиа, мөн Н гээд эмнэлэгт ажилладаг эмэгтэй нарын хамт ирсэн. Ирж үзээд яанаа ямар аймар түлчихээ вэ гээд сандралдаад шууд аваад явья гээд өлгий хөнжлөөр нь боогоод шууд сумын эмнэлэг аваад явсан. Сумын эмнэлэг дээр очоод гүйлгээд л байсан...Ингэж байгаад сумын эмч нар чадах бүхнээ хийлээ бид нар одоо аймаг авч явна гээд эмнэлгийн машинаар эх хүү хоёрыг сувилагч эмч нар аваад Мөрөн сум руу явсан. Би хүнээр машин бариулаад Kыг хөдөөнөөс ирж байхад нь урдаас нь очиж тосож аваад Мөрөн сум руу авч орж ирсэн. ..Тэгээд одоо ерөөсөө найдваргүй болчихлоо гээд бид нар орж салах ёс гүйцэтгэж байснаа мэдээд байгаа. Ийм л асуудал болсон...Б манай хүүтэй гэр болоод 7-8 жил болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Энэ өнгөрсөн хүү маань гурав дахь хүүхэд нь байсан юм...Суманд очоод ээж хүү хоёр дажгүй сайхан болж байсан. Манай бэр хүүгээ угждаг байсан юм. Тэр халуун савтай ус нь угж найруулдаг ус байсан юм. Тэр халуун савтай усыг орны урд талын ширээн дээр тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Д.Нийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг 17 минутын үед эх баригч эмч рүү нас барсан хүүхдийн эмээ нь “манай бэр хүүхдээ түлчихлээ” гэсэн утгатай дуудлага өгсөн байсан. Тухайн дуудлагыг надад дамжуулж хэлэхээр нь би эх баригч М.Э болон нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ц.Н нарын хамт тухайн дуудлага өгсөн айлд очсон. Тэр айлд очиход байшинтай айл байсан. Байшинд ороход хойд талын хана дагуу орон дээр түлэгдсэн гэх хүүхэд өлгийг нь задалсан байдалтай байсан бөгөөд биед дээгүүр нь цагаан юм болчихсон, биеийн байдал нь маш хүнд байсан, нүүр цээж хэвлий хоёр гар, хамар ам нь түлэгдэж арьсны өнгө хэсэг нь хууларч унаж улайсан байдалтай байсан. Амьсгал нь тасалдаж, сул уйлагнаж байсан. Байшинд ороход ээж нь нөгөө талын орон дээр нь дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн сууж байсан. Ээжийнх нь байр байдлыг нарийн сайн анзаараагүй, бид нарт хандаж ямар ч байсан юм хэлж яриагүй. Бид нар бол хүүхэд рүү анхаараад л анхны тусламж үзүүлэх гээд ажиллаж байсан. Байшин доторх эд зүйлсийг нарийн сайн анзаараагүй. Гэхдээ гурав хоногийн өмнө тэр хүүхдийг эргэж очиход орны урд талдаа орноос өндөр ширээ тавиад дээр нь эд зүйлс, халуун савтай цай сүү энэ тэр тавьсан харагдаж байсан. .. Намайг ороход бол хүүхдийн өлгий даавуу эргэн тойрон нойтон байсан. Би хуурай өлгий даавуу бэдрээд доод талын цонхны тэндээс шал нойтон өлгий олсон. Эмээ нь өлгий даавууг нь сольсон, хуурайлсан гэж байсан. Тэгээд ээжийнх нь цэнхэр халааданд боогоод авч гараад шууд сумын эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт очоод хүчилтөрөгч өгсөн, түлэгдэлтийн анхан шатны тусламжууд үзүүлсэн. Хоёр гар нь түлэгдсэн байсан учир хөлөнд нь тариа хийх гэхэд судас нь сайн олдохгүй байсан. .. Тэгээд 10 цаг 50 минутанд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж, 11 цаг 50 минутанд яаралтай тусламжийн тасагт хүүхдийг хүлээлгэж өгсөн. Замд бол хүүхдийн биеийн байдал хүнд хэвээрээ огцом өөрчлөлтгүй нэгэн хэвийн шокийн байдалтай явсаар байгаад ирсэн. Тэгээд сэхээний тасаг дээр хүлээж байтал нас барсан. Сэхээний эмч ар гэрийнхэнтэй уулзаад тайлбарлаж хэлж байхдаа 2 удаа зүрх зогсож сэхээ амьдруулалт хийгээд үр дүн өгсөнгүй, цаашдаа найдваргүй гэж байхыг би сонссон. Сэхээний эмчээс ар гэрийнхэн нь яагаад нас барах болсон юм бэ гэхэд түлэгдэлт нь маш хүнд байна гэж хэлж байсан. Ээж нь болон эмээ нь буюу хүүхдийн ээжийн хадам ээж нь гээд хүн байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Намайг дуудлагаар очиход бол ээж нь түлчихлээ л гэсэн юм ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Гэрч М.Эын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг 17 минутад Бгийн хадам ээж Ц “манай бэр хүүхдээ түлчихлээ” гэсэн утгатай дуудлага өгсөн байсан. Дуудлагыг эх эмч Нт хэлээд эх эмч Н, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Н нарын хамт дуудлагын дагуу очиход хүүхэд байшин дотор хойд талын хана дагуу байх модон орон дээр байсан. Хүүхдийн өлгийг задалсан байсан. Бие рүү нь цагаан юм цацсан байсныг асуухад сүү цацсан, өлгийг нь сольсон гэж Ц эгч хэлж байсан. Хүүхдийн ээж Б нөгөө талын орон дээр хөнжлөө дээгүүрээ нөмөрчихсөн сууж байсан. .. Эмээ нь хэлэхдээ цэцэрлэгт хүүхэд хүргэж өгөөд буцаад ирэхэд Б хүүхдээ түлчихсэн байна гэж хэлж байсан. Бид нар хүүхдийн эмнэлэг дээр хүргэж түлэгдэлтийн анхны тусламж үзүүлээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нараас манай их эмч Н зөвлөгөө аваад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү 10 цаг 50 минутад тээвэрлэж 11 цаг 50 минут орчимд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. ..Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эргэлтээр тэр айлд очиход орны урд талдаа орноос өндөр модон ширээ тавьж байрлуулсан, дээр нь халуун савтай ус цай энэ тэрээ тавьсан байсан. Хүүхдээ угжиж хооллодог гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай: “...О.Мын цогцост толгой, нүүр, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, ар нуруунд түлэгдэлтийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. О.Мын цогцост учирсан гэмтэл нь биеийн нийт гадаргуугын 63 хувийг хамарсан 3 дугаар зэргийн түлэгдэлт байна. Уг гэмтлүүд нь нас барахаас өмнө, өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. О.Мын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд нөлөөлнө. О.М нь түдэгдэлтийн улмаас хордлогын шокод орж нас барсан байна. Энэ нь биеийн гадаргуугийн 63 хувийг хамарсан түлэгдэлт, толгой, нүүр, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, ар нуруун 3 дугаар зэргийн түлэгдсэн шарх, хордлогын шок, дотор эрхтний цус дүүрэлт, шокийн бөөр, тархи уушгины хаван, судсанд түгээмэлээр цус бүлэгнэх хам шинж, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, уушги, зүрх, нарийн бүдүүн гэдэсний гадаргуу дах цус харвалт зэрэг шинжээр батлагдаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 65 дугаартай: “...Д.Б нь одоогоор сэтгэцийн хувьд нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... Д.Б нь одоогийн сэтгэцийн байдлаар хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт, шинжилгээ /хх-ийн 46-47 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “...Би бол тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа...Уг мэдүүлэгт манай хүүхдийн нэрийг Мөнх-Эрдэнэ гэж буруу бичсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Kын мэдүүлэг, гэрч Ц.Ц,  Д.Н, М.Э нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх сэтгэц эмгэг судлалын 65 дугаартай дүгнэлт, шинжилгээ, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү 16 хоногтой О.Мыг угжих, угжны ус бэлдэж байхдаа түүний бие рүү халуун ус асгаж, толгой, нүүр, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, ар нуруу зэрэг түлэгдэлтийн улмаас хордлогын шоконд оруулан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр 16 хоногтой О.М нь түлэгтэлтийн хордлогын шокийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Бгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн хүү болох амь хохирогч О.Мыг гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бгийн үйлдлийн улмаас түүний 16 хоногтой хүү О.Мын амь нас хохирсон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.K нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 38-40 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 195 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Дгийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Бг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН