| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/129 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/129 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Н.Н, Н.О,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н-ийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Нын О нарт холбогдох 2228003670175 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн хажуу талаас иргэн М.Эгийн эд хөрөнгө болох бага хэмжээнээс дээш буюу 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг олж, бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан,
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Хавцгайтын 2-5 тоотод гэртээ, өөрийн эх Н.Нын хүүхдийн тоглоомын талбайгаас олсон 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон, бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 500.000 төгрөгөөр худалдан авч юнителийн 80990651 дугаарын сим картыг хийж хууль бусаар эх үүсвэрийг нь нуун далдалж ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Н, Н.О нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлгээ өмнө нь үнэн зөв өгсөн.
Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлгээ өмнө нь үнэн зөв өгсөн.
Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон ба хүүхдээ ангиас нь аваад цэцэрлэгийн гадаа хүүхдийн тоглоом дээр хүүхдээ тоглуулж байгаад халаасандаа гар утсаа үзэхэд байхгүй байсан ба эргээд цэцэрлэг дотор ороод хүүхдийнхээ ангийн хувцас солих өрөөнд үзэхэд байхгүй байсан тэгээд утас руугаа залгахад дуудаж байгаад таслаад байсан ба хамгийн сүүлд 23 цагийн үед дуудаж байсан. Маргааш өглөө нь 09:00 цагийн орчимд утас руугаа залгахад холбогдохгүй байсан. ...Би гээгдүүлсэн гэх iphone 13 promax загварын гар утсаа буцааж авсан болохоор надад гомдол санал байхгүй. /хх-ийн 21 дэх тал/
Гэрч Н.Нын: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд байхдаа хүүхдийн тоглоомын хажуугаас цэнхэр өнгийн iphone 13 promax загварын гар утас олсон. Би уг гар утсыг аваад халаасандаа хийгээд гэррүүгээ аваад явсан. Тэгээд маргааш нь манай дунд хүү болох Н.От iphone 13 promax загварын гар утас олсон гэж хэлсэн. Би өөрийн хүүдээ гар утсаа 500.000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 25 дахь тал/
Гэрч Н.Оын: 2022 оны 10 сарын 20-ны өдөр намайг гэртээ байхад манай ээж ирээд өчигдөр нэг гар утас олсон гэж хэлсэн. Тэр гар утсыг харахад iphone 13 promax загварын гар утас байсан. Та наад утсаа хаанаас олсон юм бэ гэхэд 26 дугаар цэцэрлэг дээр явж байхдаа олсон гэж хэлсэн. Тэгээд уг гар утсыг надад 500.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд би авахаар болоод ээжийнхээ 5585235436 данс руу өөрийн 5585438292 гэх данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. /хх-ийн 28 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1078 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: iphone 13 promax гар утас 3.200.000 төгрөг /хх-ийн 33 дахь тал/
Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй /хх-ийн 44 дэх тал/
Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд утас авахаар өгсөн 500.000 төгрөгөө буцаагаад ээж Наас авсан болно. /хх-ийн 47 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 67 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 62 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51, 61 дэх тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1705 дугаартай тодорхойлолт /хх-ийн 55 дахь тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1708 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн хажуугаас иргэн М.Эгийн эд хөрөнгө болох бага хэмжээнээс дээш буюу 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Н.Н нь iphone 13 promax загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч М.Эгийн мэдүүлэгт: Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон ба хүүхдээ ангиас нь аваад цэцэрлэгийн гадаа хүүхдийн тоглоом дээр хүүхдээ тоглуулж байгаад халаасандаа гар утсаа үзэхэд байхгүй байсан ба эргээд цэцэрлэг дотор ороод хүүхдийнхээ ангийн хувцас солих өрөөнд үзэхэд байхгүй байсан. Тэгээд утас руугаа залгахад дуудаж байгаад таслаад байсан ба хамгийн сүүлд 23 цагийн үед дуудаж байсан. /хх-ийн 21 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Оын: 2022 оны 10 сарын 20-ны өдөр намайг гэртээ байхад манай ээж ирээд өчигдөр нэг гар утас олсон гэж хэлсэн. Тэр гар утсыг харахад iphone 13 promax загварын гар утас байсан. Та наад утсаа хаанаас олсон юм бэ гэхэд 26 дугаар цэцэрлэг дээр явж байхдаа олсон гэж хэлсэн. Тэгээд уг гар утсыг надад 500.000 төгрөгөөр зарна гэсэн. /хх-ийн 28 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Хавцгайтын 2-5 тоотод гэртээ, өөрийн эх Н.Нын хүүхдийн тоглоомын талбайгаас олсон 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон, бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 500.000 төгрөгөөр худалдан авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Н.О нь юнителийн 80990651 дугаарын сим картыг хийж хууль бусаар эх үүсвэрийг нь нуун далдалж ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч М.Эгийн: Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон ба хүүхдээ ангиас нь аваад цэцэрлэгийн гадаа хүүхдийн тоглоом дээр хүүхдээ тоглуулж байгаад халаасандаа гар утсаа үзэхэд байхгүй байсан ба эргээд цэцэрлэг дотор ороод хүүхдийнхээ ангийн хувцас солих өрөөнд үзэхэд байхгүй байсан тэгээд утас руугаа залгахад дуудаж байгаад таслаад байсан ба хамгийн сүүлд 23 цагийн үед дуудаж байсан. Маргааш өглөө нь 09:00 цагийн орчимд утас руугаа залгахад холбогдохгүй байсан. /хх-ийн 21 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Нын: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд байхдаа хүүхдийн тоглоомын хажуугаас цэнхэр өнгийн iphone 13 promax загварын гар утас олсон. Би уг гар утсыг аваад халаасандаа хийгээд гэррүүгээ аваад явсан. Тэгээд маргааш нь манай дунд хүү болох Н.От iphone 13 promax загварын гар утас олсон гэж хэлсэн. Би өөрийн хүүдээ гар утсаа 500.000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 25 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн хажуу талаас иргэн М.Эгийн эд хөрөнгө болох бага хэмжээнээс дээш буюу 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг олж, бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Хавцгайтын 2-5 тоотод гэртээ, өөрийн эх Н.Нын хүүхдийн тоглоомын талбайгаас олсон 3.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон, бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 500.000 төгрөгөөр худалдан авч юнителийн 80990651 дугаарын сим картыг хийж хууль бусаар эх үүсвэрийг нь нуун далдалж ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Эд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1078 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: iphone 13 promax гар утас 3.200.000 төгрөг /хх-ийн 33 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би гээгдүүлсэн гэх iphone 13 promax загварын гар утсаа буцааж авсан болохоор надад гомдол санал байхгүй. /хх-ийн 21 дэх тал/ гэснээр шүүгдэгч Н.Н, Н.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Н.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Н.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 67 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1705 дугаартай тодорхойлолтод: Н.Н нь Даланзадгад сум Баруунсайхан 1 дүгээр баг Гурвансайхан 4-10 тоотод ам бүл ганцаараа оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тодорхойлов /хх-ийн 55 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,
Шүүгдэгч Н.О нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хх-ийн 66 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1708 дугаартай тодорхойлолтод: Н.О нь Даланзадгад сум Баруунсайхан 1 дүгээр баг Гурвансайхан 4-10 тоотод ам бүл 5 оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тодорхойлов /хх-ийн 58 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоох санал, шүүгдэгч Н.От 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Даланзадгад сум болон Цогтцэций сумдын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоох саналыг тус тус гаргасан ба шүүгдэгч Н.Н өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй, шүүгдэгч Н.О өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Нд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Н.От зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс болон Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байр хязгаарлалт тогтоох тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Н.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Н, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Эд гар утсыг биетээр буцаан өгсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Н-ийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овгийн Нын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Нд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Н.От зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс болон Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байр хязгаарлалт тогтоох тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Н.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Эд гар утсыг биетээр буцаан өгсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА