Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч З.Бат-Амгалан,

              Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Чд холбогдох эрүүгийн 2238000000700 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Дг үл ялих зүйлээр шалтаглаж түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи болон дух, зүүн шанаа, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000700 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Дг “хаалга өнгөрч зогслоо” гэх шалтгаанаар түүний толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи болон дух, зүүн шанаа, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чы өгсөн: “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Дгийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим би таксинд явах гээд өөрийн эзэмшилд байдаг Note маркийн машинаа унаад явж байхад Мөрөн сумын 4 замаас 5 дугаар хороо орно гэж эрэгтэй, эмэгтэй хүн суусан. Энэ хоёр хүн суухдаа архи үнэртүүлсэн согтуу байсан. Тэгээд би энэ хоёроос хаа хүрэх юм бэ гэж асуухад эрэгтэй хүн нь хүнсний захаар баруун эргээд Сод монгол ШТС-аар хойшоо эргэнэ гэж хэлж байсан. Тэгээд тэр хүний хэлснээр Сод монгол ШТС дээр очиход зогс гэхээр нь би зогссон чинь надаас хэдэн төгрөг гарав гэж асуухаар нь би 2000 төгрөг гарлаа гэсэн чинь тэр хүн надад бэлэн мөнгө байхгүй байна мобайлаар хийнэ гэхээр нь надаас 3000 төгрөг аваад 5000 төгрөг шилжүүлчих надад мэдээлэл ирнэ гэж хэлсэн. Тухайн үед тэр хоёр хүний аль аль нь мөнгөө шилжүүлж чадахгүй байсан. Намайг хойш нь гэрт хүргэж өг гэхээр би машинаа араандаа хийгээд хөдөлсөн чинь чи явахгүй гэлээ намайг хулхидана гэж бодоо юу гэж хэлж байсан. Би тэгээд заасан зүг рүү нь яваад Мөрөн сумын 05 дугаар багийн 19 дүгээр гудамж руу ороод гэрийн хаяг чинь аль юм бэ гэж асуухад хаалгаа зааж өгөөгүй байсан. Угаасаа тухайн гудамж нь мухар гудамж байсан. Тэгээд мухар гудамжинд тулаад зогссон чинь гэрийн хаалга өнгөрч явлаа гээд над руу дайраад буугаад ир гэхээр нь би буусан. Тэгсэн чинь шууд миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн жавж руу нь хуруугаа хийгээд хойш нь машины хаалга налуулаад дарсан чинь эхнэр нь гарч ирээд надаас зуураад унахаар нь би тавьсан. Тэгэхэд нөгөө нөхөр чинь намайг шууд унагаагаад доороо хийгээд толгой руу 7-8 удаа цохиод байсан. Тэгээд миний дээрээс ундаа асгаад дахиад миний толгой руу цохиод унахаар нь би авраарай гэж орилсон чинь хэн ч туслахгүй байсан. Тэр хүн над дээрээс босохоор нь би шууд машин руу ороод шууд хөдөлсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Г.Ч нь надаас уучлалт гуйсан. Надад Ч нь 700.000 төгрөг өгсөн байгаа... Одоогоор миний биеийн байдал хэвийн байна. Тэгэхдээ одоо би Улаанбаатар хотод очиж тархины МRI хийлгэнэ. Учир нь би өмнө нь 2017 онд тархины хагалгаанд орж тархинаасаа хавдар авахуулж байсан. Тэгээд цохиулснаас болоод ямар нэгэн өөрчлөлт гарсан байна уу гэдгийг нь шалгана... Би өөрийн биедээ эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 тал/,

              гэрч Х.Эийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-нд манай хүүхдүүдийн урлагын үзлэгийн тогтолт 1 дүгээр арван жилийн сургуульд болсон. Тэгээд хүүхдүүдийн урлагын үзлэгийн тоглолт нь өдрийн 14 цагийн үед дуусаад 7-8 хүүхдийн эцэг эхчүүд нийлээд Green gold нэртэй ресторанд ойр зуурын юм ярингаа хоол идэж суусан. Тухайн үед бид хэд хоол идэнгээ 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад дараа нь В1 давхрын караоке руу ороод хэсэг дуулж байгаад би нэлээн муудаад зүрх савлаад байхаар нь нөхөр Чыг дагуулаад харих гээд Green gold-оос 18 цаг өнгөрч байхад гараад такси барьсан. Тэгэхэд дөрвөлжин саарал жижиг тэрэг ирж зогссон. Тэгээд тэр машинд Ч бид хоёр суугаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед тэр машин нь манай гэрийг өнгөрөөд явсан чинь Ч нь өнгөрөөд зогсчихлоо гээд жоохон ширүүхэн дуугарсан. Тэгээд бид хоёр таксины мөнгө шилжүүлэх гээд мобайл банкаа ашиглаж чадахгүй хоорондоо бас маргалдсан. Би өөрөө тухайн үед салхинд цохиулаад согтсон байна лээ. Нэг мэдэхэд Ч нь таксины жолоочтой барьцалдсан зогсож байхаар нь би энэ хоёрын дундуур орсон. Тэгээд энэ хоёрыг салгаж чадахгүй байхаар нь би нойл орох гээд хашаа руугаа орсон. Нэг мэдсэн чинь гэрийн гадаа цагдаагийн машин ирсэн Чыг аваад явлаа гэж байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор болсон үйл явдлын бүрэн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

              гэрч Д.Оийн өгсөн: “...Би тус өдрийн өглөөний 09 цагаас 11 сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл цагдаагийн газарт 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан... Д гэдэг хүн өөрийн биеэр цагдаагийн газарт 11 дүгээр сарын 22-ны өдрийн оройны 19 цаг 40 минутын үед 5 дугаар хороонд хүн зодууллаа гэж ирсэн. Уг дуудлагын дагуу жижүүрийн жолооч ахлах ахлагч Т.Энхбаярын хамт Д гэх хүнийг дагуулаад зодуулсан гэх 05 дугаар хорооны 19-08 тоотод очсон. Очиход хашаан дотор ганц гэр байсан ба хашааны хаалга нь түгжээтэй байсан учраас хаалгыг нь тогшиход согтуу эмэгтэй хүн гарч ирсэн. Үүний дараа би Дг дагуулаад тухайн хашаанд байх гэрт ороход хоймрын орон дээр согтуу хүн хувцсаа тайлсан сууж байсан. Д нь тэр хувцсаа тайлсан хүнийг намайг зодсон гэж заасны дагуу тухайн хүнийг хувцасны нь өмсүүлээд цагдаагийн газарт авчран эрүүлжүүлсэн. Толгойноос нь цус гарсан, зодуулсан байдалтай, хувцас нь шороо болсон, толгой болон хувцас нь норсон байсан. Бас нүд нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 594 дугаартай: “...А.Дгийн биед баруун нүдний дээд доод зовхи болон дух, зүүн шанаа, хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. А.Дгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

              Шүүгдэгч Г.Чы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...нэмж ярих зүйл байна. Би Д гэдэг хүнийг эмчилгээ хийлгэсэн баримтаа аваад ирэх юм бол хохирлыг нь бүрэн барагдуулна. Дтай өнөөдөр ярихад цас их ороод хот руу явж чадаагүй байна гэж байсан. Би одоогийн байдлааар Дд МRI хийлгэнэ гэхээр нь 700.000 төгрөг шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Дгийн мэдүүлэг, гэрч Х.Э, Д.О нарын мэдүүлэг,  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 594 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Чы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Дг үл ялих зүйлээр шалтаглаж түүний бие эрх чөлөөнд халдаж  эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи болон дух, зүүн шанаа, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Чы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Г.Чы үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Чы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Дг үл ялих зүйлээр шалтаглаж түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи болон дух, зүүн шанаа, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Чы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч А.Д, шүүгдэгч Г.Ч нар нь  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “эмчилгээний зардалд 700.000 төгрөг хүлээн авсан, хохирол бүрэн төлсөн” гэх эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Чы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 34-38, 40 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Ч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 19-08 тоотод оршин суудаг, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Г.Чы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч У овогт Гын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Гын Чыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    .      

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН