Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2019/00033

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

ШО-д холбогдох

 

Өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 770 140 төгрөг, нийт 90 153 649 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш О ХК-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500 метр, 39 мм-ийн, 12 650 000 төгрөгийн, Ган дээс нийлүүлсэн болно. Үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг байна.

Мөн Ш О ХК-иас зарласан СШ.№17.ШОХК.2018 дугаартай “Ган дээс нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 494 дугаартай гэрээ байгуулах албан мэдэгдэл хүлээн авч, хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа гаргаж, ШО18-2/89 дугаартай “Ган дээс худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан болно.

Гэрээнд заасан техникийн тодорхойлолтын дагуу 1360 метр, ГОСТ 7669-80, 52 мм-ийн, 77 014 080 төгрөгийн, эксковаторын ган дээсийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулав.

Гэрээний 6.3-д “Барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан байна.

 

2018.08.17     -   60 хоног-         2018.10.12            101 хоног       2019.01.21

        /бараа хүлээлгэн өгсөн/                               /барааны төлбөр төлөх/                                           /хугацаа хэтэрсэн/

 

Мөн гэрээний 9.7-д “Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01%-ийн алданги төлнө” гэж, 9.8-д зааснаар алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1%-иас хэтрэхгүй байхаар заасан тул алданги 770 140 төгрөг байна.

Иймд өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 770 140 төгрөг, нийт 90 153 649 төгрөгийг хариуцагч Ш О ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ш О ХК нь М ХХК-ийн өмнөх үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, нийт 89 383 509 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин алдангийн асуудлыг талууд тохиролцох байдлаар шийдэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Тус компани хөрөнгө, санхүүгийн хүндрэлтэй асуудлаас шалтгаалан М ХХК-ийн нийлүүлсэн барааны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Мөнгөн хөрөнгийн ургал сайжирч, эдийн засгийн боломж үүссэн нөхцөлд М ХХК-ийн нийлүүлсэн барааны төлбөрийг төлөх болно. Ш О ХК, М ХХК-иудын хооронд үүсч буй нийлүүлсэн барааны төлбөрийн асуудлыг эвлэрлийн журмаар харилцан ойлголцох байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байх хэмээн үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Шивээ Овоо ХК-д холбогдуулан өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 770 140 төгрөг, нийт 90 153 649 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш О ХК-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500 метр, 39 мм-ийн метрийн диаметртэй, 12 369 429 төгрөгийн ган дээс нийлүүлсэн ба хариуцагч нь нийлүүлсэн ган дээсний үнийг нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх14-16/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-27/-аар нотлогдож байна. Хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаагүй болно.   

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Шивээ Овоо ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр СШ.№17.ШОХК.2018 тоот “Ган дээс худалдах, худалдан авах” гэрээ байгуулжээ. /хх2-3/

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид 77 014 080 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй болох нь гэрээ дүгнэсэн акт, зарлагын падаан, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх14-16/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-17/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар /хх-28/ тогтоогдож байна. Хариуцагч гэрээний үндсэн төлбөр дээр маргаагүй.

Харин хариуцагчаас “... алданги дээр нэхэмжлэгч талтай тохиролцох бүрэн боломжтой” гэж хариу тайлбартаа ирүүлжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ хэмээн заажээ.

Гэтэл хариуцагч ШО ХК нь ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.3-д “Барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор шилжүүлнэ”, 

9.7-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.01 хувиар алданги төлнө, 9.8-д зааснаар алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1%-иас хэтрэхгүй гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь гэрээт барааны үндсэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх тул хариуцагч ШО ХК-иас алданги 746 997 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 23 143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, нэхэмжлэгч нь бараа хүлээлгэн өгсөн өдрийг 2018 оны 08 дугаар сарын 17 гэж, хугацаа хэтэрсэн өдрийг 2018 оны 10 дугаар сарын 12 гэж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар хэтэрсэн хоногийг тоолсон  байна.

Шүүх нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд заасан 1 төрлийн ГОСТ 7669-80 52 мм-ийн эксковаторын ган татлага 1360 метрээр бүрэн хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн /хх14/ ба гэрээний 6.3-д заасан хугацааг тоолж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусч, хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоногийг тоолсон тул энэ өдрөөр тооцов. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 6.3-д заасан хугацааг буруу тооцож 101 хоног гэснийг 97 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэв.

          /77 014 080х0,01%=7 701 төгрөг, 7701х97 хоног=746 997 төгрөг/

          Иймд, хариуцагч ШО ХК-иас өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 746 997 төгрөг, нийт 90 130 506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 23 143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 608 602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баримт үйлдэж баталгаажуулсан, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдэхэд “... Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад болох  шүүх хуралдаанд очих боломжгүй, миний эзгүйд шүүх хурлыг явуулж өгнө үү ...” гэсэн /хх-31/ тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ШО ХК-иас өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 746 997 төгрөг, нийт 90 130 506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 23 143 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шивээ Овоо ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 608 602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА