Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А-д холбогдох 2216000000160 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Д овогтой О-н А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.А-н 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Баян-Өндөр гэх газраас Б.Б-н эзэмшлийн ТОЗ-8 загварын бага калибрын винтов буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтах Хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, өөрийн эзэмшлийн Мустанг-200 маркын мотоциклоор хар сүүлтий зээрийн махыг тээвэрлэж амьтны аймагт 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч О.А нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Баян-Өндөр гэх газраас ТОЗ-8 загварын бага калибрын винтов буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтах Хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, өөрийн эзэмшлийн Мустанг-200 маркын мотоциклоор махыг тээвэрлэж амьтны аймагт 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 19 цаг өнгөрөөд манай нөхөр О.А гэрийн гадаа байсан мотоциклоо унаад явсан. Хаашаа явах гэж байгаагаа надад хэлээгүй. Ажлаас нь байнга дууддаг болохоор ажил руу явсан байх гэж бодсон. 22 цаг өнгөрч байх үед над руу утсаар залгаж мотоцикл болохгүй байна хойшоо аймаг явах төв замаар машинтайгаа хүрээд ир гэсэн. Тэгээд би урдаас нь машинтай очиход замын хажууд мотоциклтой зогсож байсан... Машины багаж руу юм хийчхээд машины хойд талын хаалгыг онгойлгож буу оруулж тавьсан. Тэгээд мотоциклоо тэнд үлдээчхээд бид хоёр машинтай гэр лүүгээ явсан. Замдаа багаж руу юу хийсэн бэ, машинд тавьсан хэний буу вэ? гэж асуухад мах хийсэн, хүний буу, худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн. Би ангийн мах байсныг тухайн үед мэдээгүй. Тэгээд явж байхад замд цагдаа нар зогсоож машины багажийг шалгаад ангийн мах тээвэрлэсэн байна гэж хэлээд машин дээр чинь үзлэг хийнэ гээд аваад явсан. Цагдаа нар шалгахад ангийн мах байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 79-80 дугаар тал/ 

 

2. Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би байгаль экологид учирсан 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70 дугаар тал/ 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 09 сарын 04-ний өдөр 15 цаг 30 минутын үед О.А манай гэрийн гадаа мотоциклтой ирж намайг дуудсан. Тэгээд би гэрээс гарч хашаан дотор О.А-тай уулзахад О.А зарах гэж байгаа бууг чинь үзье гэж хэлсэн. Тэгээд гэр лүү буцаж ороод хар өнгийн дурантай бууг авч гараад О.А-д өгсөн. О.А миний бууг үзчихээд ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд орой 18 цаг 30 минутын үед О.А манай гэрийн гадаа мотоциклтой дахиж ирээд надад нөгөө калибр бууг бас өгч байгаач, хоёуланг нь үзээд аль нэгийг авъя гэж хэлээд аваад явсан... Надад 2 буу байгаа нэг нь манай аав Б Дорноговь аймаг руу шилжиж явахдаа надад үлдээчхээд явсан. Манай аав Б-н эзэмшлийн ТОЗ-8 маркын буу байсан. Нэг нь 2022 оны 08 дугаар сарын сүүлд Улаанбаатарт байдаг хүнээс 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Герман улсад үйлдвэрлэгдсэн “Webley scott Xocet” гэсэн марктай хар өнгийн дурантай буу байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/

4. Шүүгдэгч О.А-н агнасан гэх хар сүүлтий зээрийн арьс, толгой, шийр зэргийн илрүүлэн, хэрэгт бэхжүүлэн тусгасан мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хавтаст хэргийн 3-8 дугаар тал/

5. Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...**** УБМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” маркын тээврийн хэрэгслийн багаж хэсгээс хар сүүлтий зээрийн махыг илрүүлэн, хураан авсан...” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/1-р хавтаст хэргийн 9-15 дугаар тал/

6. Хар сүүлтий зээрийн маханд үзлэг хийж, хураан авсан мөрдөгчийн  тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/

7. Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны  өдрийн улсын дугааргүй улбар шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./1-р хавтаст хэргийн 26-31 дүгээр тал/

8. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.О-н 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/02 дугаартай “...1. Уг амьтны эд эрхтний бүтэц, толгой шүдний бүтцээр 3 настай бие гүйцсэн 1 толгой хар сүүлтий зээр болох нь тогтоогдож байна... Хөл мах 4 ширхэг /хаа, гуя/, бусад яс хүзүү 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц сүвээ 1 ширхэг, арьс 1 ширхэг, толгой 1 ширхэг, 4 шилбэ /хөл, шийр/ байна. Хар сүүлт зээрийн эр нь эвэртэй байдаг учир эр бодгаль болох нь тогтоогдож байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт/1-р хавтаст хэргийн 126-130 дугаар тал/

9. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Б-н 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн онгоц модтой буу нь бариул хэсэгтээ цуурсан байна. Хар өнгийн онгоц модтой бууны эд анги нь эвдрэлгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн буунуудаар буудлага үйлдэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээнд ирүүлсэн 5,6x15 мм-ийн калибрын 1 ширхэг сумаар 4 удаа туршилтын буудлага хийхэд буудаж байх тул буудлага үйлдэгдэх боломжтой.

3. Шинжилгээнд ирүүлсэн буунууд нь гох дарахгүйгээр өөр ямар нэгэн хүчний нөлөөгөөр буудлага үйлдэгдэхгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн онгоц модтой буу нь хуучнаар Зөвлөлт холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэсэн ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу байна. Харин шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн онгоц модтой буу нь Герман улсад ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэсэн WEBLEY& SCOTT XOCET загварын буу байна...” гэх  дүгнэлт, хавсралт гэрэл зургууд /1-р хавтаст хэргийн 135-139 дүгээр тал/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч О.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ТОЗ-8 маркын галт зэвсэг, WEBLEY& SCOTT XOCET галт зэвсгүүд 5.6х15 сумаар буудлага үйлдэгддэг. Өөрөөр энэ хоёр галт зэвсэг нь нэг ижил сумаар буудлага үйлддэг. Сум нь хоорондоо тохирно ...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 17 дугаар тал/

11. Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...Хар сүүлтий зээрийн  арьсны зүүн талын нурууны хэсгээс 18см зайд 1.4:1.5см хэмжээтэй буудагдсан байж болзошгүй нүхний оромтой...” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /2-р хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/

12. Шүүгдэгч О.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Орой 18-19 цагийн хооронд гэрээс гарч Б.Б гэдэг айлд очоод ТОЗ-8 гэдэг бууг авсан. Махгүй болсон учраас хойд гол руу маханд явж байгаад замд зээр таарахаар нь хөөж яваад буудсан... ТОЗ-8 маркын бууг авч явсан. Өмнөх бууг Б.Б-с аваад машин дотроо мишоконд боож тавьсан байсан... Хашаа явж байгаа талаараа эхнэртээ хэлээгүй ... Нэн ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар шүүгдэгч О.А-н агнасан хар сүүлтий зээр нь ховор амьтны жагсаалтад багтсан байна.

Шүүгдэгч О.А-н үйлдэл нь хар сүүлтий зээр буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийн зүйл болох махыг нь өөрийн эзэмшлийн “Мустанг-200” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 185 дугаар тал/, шүүгдэгч О.А 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  Байгаль орчин, уур амьсгалын санд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 205 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Би О.А-с өөрийн буу болох ТОЗ-8 маркын калибрын үнэ болох 700,000(долоон зуун мянга) төгрөг бэлнээр авсан тул ямар нэгэн хохиролгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн бичиг /1-р хавтаст хэргийн 221 дүгээр тал/,  “Мустанг-200” загварын тээврийн хэрэгслийг 725,000 (долоон зуун хорин таван мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-921/4038 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хавтаст хэргийн 110-112 дугаар тал/, “ТОЗ-8” загварын галт зэвсгийг 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  ТХҮ-921/4025 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хавтаст хэргийн 118-121 дүгээр тал/, гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын үед О.А-д улбар шар өнгийн Мустанг маркын бичиг баримтгүй мотоциклыг 300,000 төгрөгөөр зарж байсан. 2022 оны 04 дүгээр сарын үед хүнээс 150,000 төгрөгөөр худалдаж аваад миний өөрт байсан муу мотоциклтой сэлбэж янзалсан..” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч О.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар эсвэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэргийн ангилалд оруулахаар тусгасан байна. Шүүгдэгч О.А-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болохоор хуульчилсан тул хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймээс шүүгдэгч гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” тогтоосон 1 дүгээр хавсралтад хар сүүлтийн үнэлгээг 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоосон байна.

Иймээс 1 ширхэг хар сүүлтий үнэлгээ 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийн хохирлыг 2 дахин нэмэгдүүлж, шүүгдэгч О.А-н үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг байна. Шүүгдэгч нь дээрх хохирлыг “Байгал орчин, уур амьсгалын сан”-д төлж барагдуулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан гэж үзлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 725,000 (долоон зуун хорин таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, улбар шар өнгийн Мустанг-200 загварын мотоцикл болон 700,000 (долоон зуун мянга)  төгрөгийн үнэлгээ бүхий ТОЗ-8 загварын галт зэвсгийг тус тус улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ. Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.А нь иргэний нэхэмжлэгч Болдбаатараас ТОЗ-8 болон “Webley scott Xocet” загварын буунуудын аль нэгийг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд ТОЗ-8 бууны үнийг төлсөн байна. Ингэснээр тухайн  ТОЗ-8 загварын бууны хувьд шүүгдэгчид өмчлөх эрх шилжжээ. Энэ галт зэвсгээр дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн тул улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Webley scott Xocet” загварын галт зэвсэг болон хэрэгт битүүмжлэгдсэн **** УБМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан болох нь тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн А790388 гол төмрийн дугаартай “Webley scott Xocet” загварын магазингүй галт зэвсгийг хууль ёсны эзэмшигч Б.Болдбаатарт буцаан олгож, **** УБМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18,810 (арван найман килограмм намайн зуун арван грамм) килограмм мах, 1 ширхэг толгой, 1 ширхэг арьс, 4 ширхэг шийр зэргийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, улсын дугааргүй, Мустанг-200 загварын тээврийн хэрэгсэл, гол төмрийн Г****, замгийн **** дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохиролд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д овогтой О-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эд зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч О.А-д оногдуулахгүйгээр 2(хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч О.А-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.А-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, Мустанг-200 загварын тээврийн хэрэгсэл, гол төмрийн Г******, замгийн **** дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг тус тус улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохиролд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18,810 (арван найман килограмм намайн зуун арван грамм) килограмм мах, 1 ширхэг толгой, 1 ширхэг арьс, 4 ширхэг шийр зэргийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, улсын дугааргүй, Мустанг-200 загварын тээврийн хэрэгсэл, гол төмрийн Г******, замгийн ***** дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хар өнгийн А****** гол төмрийн дугаартай “Webley scott Xocet” загварын магазингүй галт зэвсгийг хууль ёсны эзэмшигч Б.Б-т буцаан олгож, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоос ***** УБМ улсын дугаартай “Axio corolla” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА