| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0061/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/62 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Дийн О-д холбогдох 2216000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийн говь багт нутаглаж байгаа өөрийн танил Б.Бын гэрт гурав хоноод явахдаа ширээн дээр байсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аягыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийн говь багт нутаглаж байгаа өөрийн танил Б.Бын гэрт гурав хоноод явахдаа ширээн дээр нь байсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.О гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би Бтой доор баривчилгаанд байхад танилцсан. Тэгээд эндээс гэртээ хүргээд өг гээд цуг явсан. Эндээс явахдаа чамд мөнгө төгрөг байхгүй. Чи гэрээсээ мөнгө төгрөг аваадхаач гээд тэгээд авгайгаас 80.000 төгрөг авсан. Өөрөө хэлэхдээ 1 хонь өгнө дээрээс нь банкийг чинь дүүргээд авгайгаас чинь авсан мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд 3 хоноод наашаа явсан чинь надад мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд өөрт нь хэлсэн чинь юм дугарахгүй байсан. Тэгэхээр нь ширээн дээр нь байсан мөнгөн аягыг аваад гарсан гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Т.Гаар хулгайд алдагдсан мөнгөн аягыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32-рт/,
Хохирогч Т.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би нөхөр, хүүхдийн хамт Хөх-морьт сумын “Хүйсийн говь” багт мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр манай нөхөр Бд аймгаас О гэж залуугаар хүргүүлээд мотоциклтойгоо хөдөө гэртээ ирсэн юм. Ингээд О гэж залуу нь манайд 3 хоноод 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр аймаг руу явахад нь манай нөхөр хонь гаргаж өгөөд явуулсан юм. Тэгтэл тэр өдрөөс хойш манай ээжээс өвлөгдөн надад ирсэн дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга алга болчихсон юм. Ингээд гэр орондоо хайгаад олохгүй болохоор нь сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргаж шалгуулсан юм. Тэгтэл манайд манай нөхөр Быг хүргэж ирсэн О гэгч залуу аягыг маань аймаг руу хулгай хийж авч яваад ломбардад тавьсан байсныг араас нь очиж авсан юм. Би мөнгөн аягаа нэг сая төгрөгөөр үнэлнэ. Хуучин цагийн аяга байгаа юм ...би мөнгөн аягаа буцааж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48-рт/,
Гэрч Н.Тийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хөхморьт сумын иргэн Б.Б, Т.Г нарыг танихгүй. Манай нөхөр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөхморьт сум яваад ирсэн. Манай нөхөр ирээд нэг мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирээд энэ аяга Б-н аяга байгаа юмаа Б эхнэрээсээ нуугаад ахад нь мөнгө төгрөг байхгүй энийг аваад яв гээд өглөө гэж надад хэлсэн юм. тэгээд тухайн өдөр ломбардад тавиад мөнгө болгоно гээд тэгээд би нөхөртэйгөө хамт явж Буянт гэх ломбардад тавьсан юм. 14 хоногийн хугацаатай 40.000 төгрөгөөр бодоод тавьсан. Тухайн аяга хуучин цагийн, доогуур дээгүүрээ мөнгөн тоноглолтой, дундаа бор өнгийн тагштай, доод талын мөнгөн дээрээ улаан өнгийн 3 ширхэг шигтгээтэй аяга байсан. Манай нөхөр Б гэх айлаас эр хонь авч ирсэн байсан. Тухайн хонийг идшиндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/,
Гэрч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Би “Буянт” Ломбард ажиллуулдаг, Би байхгүй үедээ цоожлоод явдаг. Манай Ломбардад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Түвшинбулаг гэх хүн дунд гарын мөнгөн аяга байсан. Дээгүүрээ мөнгөтэй, дундаа тагштай, доогуураа мөнгөтэй мөнгөн дээрээ улаан шигтгээтэй аяга байсан. 2020 оны 03 сарын 22-оос 2022 оны 04 сарын 04 хүртэл барьцаалан зээлдүүлсэн. 40.000 төгрөгөөр бодож авсан. тухай үед Т нь манай аяга гэж хэлээд барьцаалан зээл авсан. Т нь аягаа аваад нөхөр нь бололтой нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. 2022 оны 04 сарын сүүлээр яг өдрийн санахгүй байна. Түвшинбулаг, хохирогч гэх хүмүүс ирээд аягыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рт/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хөхморьт сумын Хүйсийн говь багт эхнэр охины хамт мал маллаж амьдардаг малчин хүн байгаа юм. Т.Г нь манай эхнэр. Д.О нь сая 3 сард баривчлах байранд баривчилгаанд байхдаа танилцсан юм. Н.Тийг бол танихгүй. Оын эхнэр юм шиг байна лээ. Манайд манай эхнэрийн ээж нь өгсөн ганц мөнгөн аяга байдаг. Тухайн аяга хуучин цагийн дунд гарын дээгүүрээ мөнгөтэй, дундуураа бор тагштай, доод тал нь бас мөнгө доод талын мөнгөн дээрээ 3 ширхэг улаан шигтгээтэй аяга байгаа. одоо байхгүй харин хулгайд алчихсан юм. Манай эхнэрт ээжээс нь өвлөгдөн ирсэн аягыг би юу гэж хүнд өгч явуулхав дээ. Хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байж байсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд аягаа хайгаад олохгүй байсан. Тэгээд хэдэн өдөр гэртээ юм юмны араар, тавилганы дээгүүр доогуур орчихсон юм болов уу гэж бодоод нэлээн хэдэн өдөр хайсан боловч олдоогүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Би Оыг аймгийн төв рүү буцахад нь гэртээ байсан мөнгөн аягыг ахын дүү мөнгө болгож ав гэж өгч явуулсан зүйл байхгүй. Би Д.О-т мотоциклд нь бензин хийж өгөөд хотноосоо нэг эр хонь гаргаж өгөөд явуулсан. Би юу гэж гэртээ байгаа ганц мөнгөн аягаа хүнд өгч явуулах вэ дээ. Ямар хоосон хонох гэж байгаа биш” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/,
Хулгайд алдагдсан хуучин цагийн мөнгөн аягыг 800.000 төгрөгөөр үнэлсэн 'Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн ТХҮ-921/2559 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-29-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Оыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хулгайд алдсан эд зүйл буюу аягыг буцаан авсан санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.От гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Дийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.От мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баритаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА