Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч З.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Зын Зт холбогдох 2116000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Знь Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн Ёлтонгийн услалтын систем гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Дтойхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн бугалга, аюулхай, зүүн мөрөнд хутгалж, хохирогч Д.Д-ынэрүүл мэндэд зүүн бугалга, аюулхайд шарх, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.Знь Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн Ёлтонгийн услалтын систем гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Дтойхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн бугалга, аюулхай, зүүн мөрөнд хутгалж, хохирогч Д.Д-ынэрүүл мэндэд зүүн бугалга, аюулхайд шарх, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Згэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч З.Зшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Архи хэтрүүлж хэрэглэсэндээ гэмшиж байна. Доржготовтой найзууд байсан боловч архи хэтрүүлж хэрэглэснээс тийм асуудал болсон уучлалт гуйгаад гэм буруугаа гэмшиж байна гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

   Хохирогч Д.Д-ынмөрдөн байцаалтад өгсөн “...Ёлтонгийн услалтын систем дээр Л гэх айлд ороод хэсэг байж байгаад гэрээс гараад хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи гаргаж ирээд Мө, Мб, З бид 4 Лын гэрийн гадна хувааж уусан. Л ажилтай гээд архи уугаагүй. Нэг шил архиа ууж дуусгаад байж байтал З.ЗЛын гэрлүү ороод унтсан. Тэгээд Мө, Мөнбат бид 3 үлдсэн нэг шил архиа ууж дуусгаад Мб гэх хүн Лын хойд талд байх Гантулга гэх айлруу унтах гээд явсан...Тэгээд би Мбын мотоциклыг унаад З.Зын гадаа ирээд байж байтал ардаас Л З.Зыг араараа суулгаад ирсэн. Л дээд талын гэр лүү орсон би гэр лүүгээ явах гэтэл З.Зсогтуурхаад над руу уурлаад байсан. Тэгээд мотоциклоо асаах гэтэл З.Здоод талын гэр лүү ороод нэг хутга авч гарч ирээд зүүн гарын булчин хэсэгт нэг удаа, гэдэс рүү нэг, зүүн талын дал руу нэг нийт гурван удаа намайг дүрсэн. Тэгээд гэрээс Л гарч ирээд З.Заас хутгыг нь булааж авсан. Би гэр лүүгээ яараад явсан. Манай гэрийн урд талд ойрхон багийн эмч байдаг юм. Гэрт очтол хүн байгаагүй. Тэгээд жижиг гэрт ороод дээгүүрх хувцсаа тайлаад хэвтэж байтал миний ач болох Өсөхбаяр орж ирээд юу болсон талаар асуугаад миний төрсөн эгч Энхтуул руу утсаар залгаж хэлээд удалгүй багийн эмчийг авч ирсэн юм. Оройхон сумын төв рүү очиж эмчилгээ хийлгэсэн...3.3 нь Халиун сумын Чацран багийн Ёлтонгийн услалтын систем гэх газарт 2 бага гэр зэргэлдээ барьсан байдаг. Доод талын гэр лүү ороод дунд зэргийн урттай, эвхдэггүй хутга авч гарж ирсэн санагдаж байна. Би сандраад сайн харж чадаагүй...Би эмчилгээний зардал мөнгө гэж 200,000 төгрөг авсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгө төгрөг байхгүй. Энэ хэрэгтэй холбоотой гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14, 53-рт/,

Хохирогч Д.Д-ын2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан “...З.З, Д.Дбид 2 үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар Д-миний биед З.Знь хөнгөн гэмтэл учруулж миний эмчилгээний зардал болох 200,000 төгрөгийг төлж барагдуулсан учир цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй бие биеэ уучилж, эвлэрсэн тул Зт холбогдох асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 94-рт/,

Гэрч Д.Л мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар 20-ны өглөө Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран баг Ёлтоны услалтын систем гэх газар манай гэрийн гадна Д, Б гэж дууддаг Мб, Мө нар 2 шил хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би ажилтай байсан болохоор архи уугаагүй. 2 шил архи ууж дуусгаад З.Зын мотоцикльд Мөийн мотоциклиос 2 литр бензин хийж өгөөд Мө гэр лүүгээ явсан. Тэгээд би Зыг гэрт нь хүргэж өгөх гээд араараа суулгаад Доржготовыг өөрийнх нь мотоцикльтой дагуулаад явсан. Зын гэрийн гадаа ирээд би баруун талын гэр лүү ороод хүйтэн цай уугаад байж байтал гэрийн гадна хутгалчихлаа, дүрчлээ гээд эрэгтэй хүн орилоод байхаар нь гэрээс гараад хартал З гартаа хутга барьсан зогсож байсан. Би Зыг боож унагаагаад гарт байсан хутгыг нь салгаж авсан. Тэгээд Дс юу болсон талаар асуухад З миний гэдэс рүү нэг, зүүн гар луу нэг дүрчлээ гэж хэлсэн. Таны бие зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлээд мотоциклоо унаад явсан. Би З.Зыг гэр лүү нь оруулж үлдээгээд сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/,

Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг Говь-Алтай аймаг Халиун сум Чацран багийн Дэрс гэх нэртэй газар гэртээ байж байхад Ө гэх залуу ирээд Д-гурван удаа хутгалуулчихсан байна очоод үзээдхээч гэж хэлээд намайг дагуулаад Халиун сум Чацран баг Ярим гэх газар Дын гэрт очсон. Тэгээд би очоод даралт, пульсыг нь үзсэн тэгээд биеийн үзэхэд аюулхай орчим 1, зүүн гарын мөр орчим 1, зүүн гарын булчин орчим 1, тус тус хутгалуулсан байсан. Тэгээд надад тухайн үед оёдлын утас, цус тогтоогч байхгүй байсан болохоор сумын төв рүү захиж авхуулсан. Тэгээд биеийн байдал хэвийн байж байгаад шарх цэвэрлэж байгаад бие засчхаад ирий гэж хэлээд босоод 2 удаа ухаан алдаж унасан. Тэгэхээр нь би 00 цагийн үед сумын төв рүү дуудлага дуудаад 02 цагийн үед ирээд сум руу аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-рт/,

Гэрч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймаг Халиун сум Шандын хорооллын 214 тоотод гэртээ байж байхад Чацран багийн Улаан шанд гэх газраас манай хүр дүү Энхтуул над руу яриад Д-хутгалуулчихлаа гэхээр нь би чи яаж мэдсэн юм гэсэн чинь над руу системээс хүн ярьсан юм аа. Хэн хэн архи ууж байгаад яасан юм гэсэн чинь Л, Мө, З, Б, Д нартай уусан юм шиг байна гэхээр нь би хэн хутгалсан юм байна гэсэн чинь З хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд Э багийн эмч нь энд ойрхон ямаа самнаж байсан юм байна эмч ирсэн байна. 3 удаа хутгалсан байна нэг нь их том юм байна гэж эмч хэлсэн. Та цагдаад мэдэгдэхгүй бол болохгүй юм шиг байна гэхээр нь ирж сумын цагдаад хэлсэн. Тэгээд манай эхнэр Оюун Дын эхнэр Б лүү яриад юу болсон талаар асуухад Д-харин архи ууж явж байгаад хутгалуулаад иржээ энд цус нь гоожоод хэвтэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-рт/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 151 дугаартай “...Д.Д-ынбиед зүүн бугалага, аюулхайд шарх, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг шарх нь нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40-рт/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн цамцны урд хэсэгт нэг, зүүн ханцуйны ар хэсэгт хоёр, поло захтай фудболкны урд хэсэгт нэг, зүүн ханцуйны ар хэсэгт нэг удаа үүссэн гэмтэл байна. Уг гэмтлүүдийн утасны зах ирмэг нэгэн жигд суналтгүй тасарсан, зах ирмэгүүдийг нийлүүлж үзэхэд нэг бүхэл үүсгэж байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Утасны зах ирмэг бохирлогдоогүй, өнгөө алдаагүй байгаа нь шинээр гарсан зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өгийн иштэй хутгаар зүсэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-59-рт/,

З.Зын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Халиун сумын төвд 2 шил архи ганцаараа ууж дуусгаад байж байтал манай нутгийн Д, Мө гэх хоёр хүн ирээд намайг Халиун сумын Чацран багийн Ёлтонгийн услалтын систем гэх газарт байх хөдөө гэр лүү дагуулаад явсан. Ёлтонгийн услалтын систем дээр Л гэх айлд ирээд нэг шил архи задалж Мб, Мө бид 3 хувааж ууж дуусгаад би унтаж байтал Л намайг дуудаж сэрээгээд ах гэртээ харьж унт би хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Лын араар нь суугаад гэртээ ирсэн. Би нэлээн муудсан байсан. Л архи уугаагүй байсан. Манайд Д.Дирсэн байсан. Л урд гэр лүү цай уух гээд орсон. Гэрийн гадна би Д.Дтоймуудалцаж байсан. Тэрнээс хойш болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа. Би найман удаа их хэмжээний норкозтой хагалгаанд орж байсан. Архи хэтрүүлж хэрэглэсэн үедээ болсон үйл явдлыг огт санадаггүй юм. Орой нь манайд сумын цагдаа ирээд та Д.Дгэх хүнийг хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Д-ынбие нь гайгүй байна уу гэж асуусан. Багийн эмч ирсэн сум руу авч явна, эмчилгээ хийлгэнэ гэж байна гэж хэлсэн. Удалгүй сумын цагдаа гараад явсны дараа Мб манайд ирээд чи Д.Дыг хутгалсан юм байна гэж хэлээд гар утсаа надад өгч Д.Дтойярь биеийн байдлыг нь асуу гэж хэлсэн. Би Д.Друу залгаж бие чинь гайгүй байна уу гэж асуухад бие гайгүй байна аа хө, санаа зоволтгүй, багийн эмч ирсэн эмчилгээ хийсэн гэж хэлсэн...Би Д.Д-ынбиеийн зүүн гарны булчин орчим, аюулхай болон зүүн дал хэсэгт хутгаар бага зэрэг зүссэн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Знь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч З.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч  З.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хавтаст хэргийн 92-рт/, хохирогч Д.Д-ынцагдаагийн газарт гаргасан “...миний эмчилгээний зардал болох 200,000 төгрөгийг төлж барагдуулсан учир цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 94-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.Знь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч З.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хохирол 200,000 төгрөг төлсөн. Хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан малгайтай бор өнгийн цамц 1 ширхэг, улбар шар өнгийн фудболк 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Зын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Зт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч З.Зт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан малгайтай бор өнгийн цамц 1 ширхэг, улбар шар өнгийн фудболк 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА