Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0211/Э |
Дугаар | 2022/ШЦТ/218 |
Огноо | 2022-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/218
2022 12 14 2022/ЦШТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Д-ын Х-д холбогдох эрүүгийн 2235001660246 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 19-ний Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын ...... дүгээр багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Ц овогт Д-ын Х /РД:................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Л.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Л.Г-ийг зодсон болох нь:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
Хохирогч Л.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б гэх хүний гэр лүү явсан. Б гэх хүн надад 0.75л-ийн нэг шил архи гаргаж задласан. Б бид хоёр 2 тал хүртэл нь уугаад би тэдний гэрээс гарч найз Г-ын гэр лүү очиход нэг шил архи задалж өгснийг уусан. Г-ын гэрээс гараад хүргэн ах Д.Д гэх хүний гэр лүү явж тэдний залуу болох Х-аас зээлж авсан 900.000 төгрөгийн оронд оронд өөрийнхөө малаас өгөх гээд очсон. Тэднийд очоод машинаа зосоогоод буухад Д.Х над дээр ирээд ямар нэг зүйл хэлэхгүйгээр намайг гараараа татаж газарт унагаад эхлээд миний зүүн талын хөл рүү Х олон удаа өшиглөсөн учир тухайн үед хавдаад гишгэж чадахгүй байсан. Тухайн үед Х ганцаараа ирж зодсон. Тэгээд би Д-ын гэрээс алхаад өөрийн хадам ээж Ц-ний гэрт очсон. Би хадам ээжийн гэрт очоод эхнэр болон хадам ээж хоёрт “Х намайг зодсон, яагаад намайг зоддог байна аа” гэж хэлчихээд хадам ээжийн гадна байсан өөрийн эмээлтэй, хазаартай морио унаад Д-ын гэр луү явсан бөгөөд замдаа хадам ээжийн түлшний модон дээр байсан бор өнгийн модон иштэй сүх байхаар нь би тухайн хүмүүсээс биеэ хамгаалах, мөн тухайн хүмүүсийг айлгах зорилгоор уг сүхийг газраас авсан. Би тэднийд гэрийн урд талд очоод агсам тавьж тэдний гэрийн хаалгыг сүхээр цохичихоод Х-ыг хайж гэрийн ар талд гарахад гэрийн ар талд Х, С нар 2-3 мотоцикл дээш харуулаад босгочихсон засаж байсан. Тухайн үед би Х-т ална шүү гэж хэлээд морьтой давхиж очиход морь мотоцикль дээгүүр үсрээд буухад би барьж явсан сүхэндээ цохигдоод миний духанд шулуун зүсэгдсэн, хэгзэрсэн шарх үүсэж, нүүрний ясыг 2 хуваасан гэмтэл үүссэн байсан. Би төмөр сүхэнд цохигдоод ухаан алдсан юм. Харин миний биед үүссэн хавирганы хугарал, зүүн шилбэ, тавхайд учирсан гэмтлүүдийг Х учруулсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохиролд Х нь 3.000.000 төгрөг төлж барагдуулсан. Надад ямар нэгэн номдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-30, 33-36 дахь тал),
Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр манай сумын Б-ын малаас өөрийн малын үлдэгдлийг ялгахаар өглөө эрт 06:00 цагийн үед ганцаараа мориор яваад буцаж 09:00 цагийн үед ирсэн. Нөхөр маань ирэхдээ Б-тай хамт нэг шил архи задалж уучихаад ирлээ гэж хэлсэн. Г ангийн найз ирлээ гэж хэлээд 0.5 литрийн нэг шил архи задалсан. Ингээд уг архийг Г, Г хоёр уусан. Нөхөр бид хоёр тэднийд 1 цаг болоод тэднийхээс Г бид хоёр машинтайгаа хөдөлж манай ээжийн гэр рүү явсан. Тэгээд Г бид хоёр манай ээжийн гэр рүү явж байх замд Г машинаараа нэг хадан дээгүүр машинтай үсэргээд гарахаар нь би Г-ийг загинаад хадан дээгүүр гарчихлаа гэхэд нөхөр маань намайг буу гэж хэлээд буулгачихсан. Тэгээд Г машинтайгаа ганцаараа цааш явсан би алхаад ээжийн гэрт очсон. Ээжийн гэрт очоод 1 цаг гаруй хугацаа өнгөрч байхад манай нөхөр Г хажуудаа 2 хүүхдээр сугадуулж ирж байх шиг харагдсан. Г Д-ын гэрээс ирэхдээ баруун талын хацар болон хүзүү, энгэр нь улайчихсан, маажуулчихсан юм шиг болсон, зүүн талын хөл нь доголоод чирчихсэн арай гэж зөөж алхаж байсан. Мөн Г нь зүүн талын хавирга өвдөөд байна гэж ирсэн. Тухайн үед Г алхаж ирээд намайг Х цохичихлоо, намайг яагаад ингээд цохидог юм бэ, би юу хийсэн гэж намайг зодож байгаа юм бэ гэж хэлээд уйлчихсан ирсэн. Тэгээд Г ирэхээр нь би нөхрөө тайвшруулах гээд нус нулимсыг нь арчаад тайвшруулж байсан, тухайн үед нөхөр маань надад намайг яагаад цохидог юм бэ, миний хавирга хуга цохиод хаячихлаа, би очиж асуумаар байна гэхээр нь ээж бид хоёр Г-ийг аргалаад тайвшруулж байсан тэгээд би гэрт ороод гараад ирэхэд Г зэл дээр байсан эмээлтэй өөрийнхөө хар зүсмийн морийг унаад Д-ын гэр лүү яваад өгсөн. Би тухайн үед Г-ийг сүх гартаа аваад явсан гэдгийг мэдээгүй, яваад өгөхөөр нь Д-ынд очиж учраа олоод ирэх байх, ах дүү нар учраа олчих байлгүй гэж бодоод араас нь явалгүй орхисон. Тухайн үед Г Д-ын гэр лүү явах үед 18:00-19:00 цаг болж байсан байх. Тэгээд тэр шөнө Г ээжийн гэрт эргэж ирээгүй. Тэгээд маргааш өглөө нь нөхрийгөө яагаад ирэхгүй байгаа юм бол гэж бодоод байж байтал 07:00 цаг өнгөрч байтал манай хадам аав Л нь ээж бид хоёрт “Л.Г-ийг цохиж зодоод, шөнө эмч ирээд аваад явсан” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд би хадам аав Л-тай хамт ээжийн гэрээс өөрийн хүргэн Ц-аар сумын төв рүү хүргүүлсэн. Сумын төвд ирээд би эмнэлэг орж нөхөр Г-ийн өрөө рүү ороход нөхрийн маань баруун талын нүд хавдаад ягаарч хөхөрсөн, толгойгоо боочихсон байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Гэрч Л.Ц-ний мөрдөн байцаалтад өгсөн: “Г нь хонио буулгахгүйгээр манай гэрийн гадна манай охин С-г үлдээчихээд Г машинтайгаа ганцаараа Д-ын гэр лүү явсан. Тухайн үед 16:00 цаг болж байсан байх. Тэгээд Г нь 18:00 цагийн орчимд Д-ын гэрээс алхаж ирсэн бөгөөд хажууд нь Х, С нарын 3 хүүхдийн хамт хүргүүлж ирсэн. Г Д-ын гэрээс ирэхдээ алхаж явж чадахгүй, зүүн хөлөө чирчихсэн, хавирга нь хугарчихлаа, намайг Х зодоод хавирга хугарчихлаа, хөл өвчин орчихлоо гэж хэлээд ирсэн бөгөөд машинаа Д-ын гэрт үлдээчихээд алхаж ирсэн юм. Тухайн үед Г-ийн цээжний зүүн хэсгээрээ зовуурьтай, мөн зүүн хөлөө чирч алхаад гишгэж чадахгүй ирсэн юм. Г буцаад Д-ын гэрлүү явна, намайг Х зодчихлоо гэж хэлээд өөрийнхөө хар зүсмийн эмээлтэй морио унаад Д-ын гэрлүү явна гээд байсан учир С бид хоёр Г-ийг явуулахгүй, зодоон цохион болж магадгүй гэж бодоод явуулахгүй гэхэд Г морио унаад тэднийх рүү явсан. Г явахдаа манай гэрийн гадна модон дээр байсан бор иштэй сүхийг аваад яваад өгсөн юм. Тэгээд тэр шөнө Г Д-ын гэрлүү морьтой яваад буцаж ирээгүй. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 07:00 цагийн орчимд Д-ын гэрээс манай худ хөгшин буюу Г-ийн аав Л нь манайд алхаж ирээд “Г-ийг энэ айлын залуучууд зодоод хаячихлаа, тэгээд шөнө эмч ирээд аваад явсан, миний хүүхэд амьд байна уу. үхсэн байна уу мэдэхгүй. намайг эмнэлэг хүргээд өг” гэж хэлээд ирсэн. Тэгээд Г-ийн аав Л болон Г-ийн эхнэр С нар манайхаас сумын төв рүү явсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр малаа ялгаад гэрт орж ирээд хоол унд идээд сууж байтал 18:00 цагийн үед Г согтуу машинтайгаа хүрч ирээд “Та хэдийг ална" гэж орилоод байсан. Тэгэхэд би “та чимээгүй бай нялх нойтон хүүхэд байна” гэрээс гар гэж хэлэхэд “Чи надад үг хэлдэг хэн бэ” гэж хэлээд машин руугаа орох гээд “Та нарыг бүгдийг дайрч ална” гэж хэлэхэд машиных нь түлхүүрийг булаагаад авсан. Тэгээд би эхнэр хүүхдээ дагуулаад аавын гэрээс гэрлүүгээ явсан. Буцаж аавынд ирээд Х ахтай мотоцикпь янзлаад сууж байтал Г ах морьтой сүх барьчихсан дахиад ирж байсан. Ирээд шууд ална гээд гэрийн хаалга хэд цохиж байгаад Х ах бид хоёрыг хараад нааш давхиад хүрээд ирэхээр нь бид 2 хоёр тийшээ зугатаад эргээд хартал морьтойгоо янзалж байсан мотоцикпийн дээгүүр харайгаад буухдаа хөл нь мориныхоо дөрөөнд чиргэдсэн явж байсныг Х ах гүйж очиж мориных нь цулбуурыг татаж авч Г ахыг салгаж авсан. Толгойноос нь цус их алдаж байсан. Г өөрийгөө жолоодох чадваргүй согтуу байсан. Миний биед бэртэл гэмтэлгүй учир үзлэгээр орох шаардлагагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г согтуу машинтайгаа ирсэн. Гэрлүү орж ирээд “Хулгайчуудаа бүгдийг ална” гэж хэлсэн. Тэгээд бид хэдийг болох болохгүй үгээр харааж зүхэж байгаад машин руугаа явахад миний хүү Э түлхүүрийг нь булааж аваад машиныг нь гэрээс хол аваачаад тавьсан. Г өөрийн хадам ээж Ц гэх хүний гэр лүү алхаад явсан. Удалгүй 30-40 минутын дараа морь унасан сүх барьсан доороос давхиж ирээд сүхээрээ гэрийн хаалга цохиод цааш гэрийн араар давхиад явсан. Тэгээд гэрээс гараад гэрийн хойшоо хартал Г унасан толгой нь цус болсон хэвтэж байсан. Бид хэд хүний толгой цус нөж боллоо гэж сандралдаж цусыг тогтоож сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой 22:00 цагийн орчимд манай Эрүүл мэндийн төв рүү манай сумын иргэн Х-ын эхнэр О-ээс “Г гэдэг хүн морьтой явж байгаад сүхэн дээр унасан, дуудлага дуудмаар байна, цус гарч байна, Д-ынд байна" гэж хэлээд утасны сүлжээ нь тасалдчихсан. 2022 оны 08 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө 03:00 цагийн орчимд Ө над руу яриад Г гэдэг хүнийг эрүүл мэндийн төв дээр аваад ирлээ толгойд нь оёдол тавих юм байна гэж хэлсэн. Тэгээд би эрүүл мэндийн төв дээр очиход Ө эмч Л.Г-ийн толгойнд нь боолт хийгээд цус тогтоох, шингэн сэлбэх эмчилгээ хийгээд Л.Г-ийг авч ирсэн байсан бөгөөд түүнийг үзэхэд амин үзүүлэлт хэвийн, баруун талын хөмсөгний дээд талд духны хэсэгт юманд зурагдсан, цохигдсон ч гэмээр гүнзгий босоо шулуун сорви бүхий шархтай, цаана нь духны яс нь харагдаж байсан шархтай, баруун нүд хөхөрч улайж хавдсан, хамраас жаахан цус гарсан байдалтай, хавирга өвдөж байна гэсэн зовуурьтай байсан. Тэгээд би тухайн хүний духны хэсэгт байрласан шархыг цэвэрлэж хэсгийн өвдөлт намдаах оёдол тавьж цэвэр боолт хийсэн би нийт гурван оёдол тавьсан. Тухайн шарх нь нь босоо байрлалтай, иртэй юман дээр юм уу, ирмэгтэй зүйл дээр унасан юм уу гэмээр язарсан шархтай байсан ба шархны байрлал нь босоо байрлалтай шулуун хзлбэртэй шарх байсан юм. Тэгээд Л.Г-д тайвшруулах өвдөлт намдаах тариа хийгээд тэр шөнө хонуулсан. Маргааш өглөө нь би 09:00 цагт Л.Г-ийг үзэхэд Л.Г нь тухайн үед надад баруун талын үүдэн шүдэнд зай гарчихлаа гэж хэлсэн. Мөн нүдний хавдар нь ихэссэн байсан. Тэгээд Л.Г-ийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардпагатай гэхэд би нэгдэх өдөр хүртэл байж баймаар байна миний бие өвдөөд явж чадахгүй гэсэн. Би хэн цохисон юу болсон талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 86-87 дахь тал),
Гэрч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн шөнө манай эрүүл мэндийн төвд 2-р багт хүн мориноос унасан байна гэж манай сумын эмч Б над руу ярьж дуудлага егсөн. Уг дуудлагын дагуу би тэр шөнө 21:00 цагийн орчимд жолоочийн хамт 2-р багийн нутагт байх иргэн Д-ын гэрт очсон. Тэдний очиход манай сумын иргэн Г нь Д-ын гэрт хэвтэж байсан бөгөөд нүүр нь нэлэнхүүдээ цустай, баруун талын нүд нь хавдчихсан, толгойноос нь цус гараад толгойд нь хөвөн тавиад боочихсон байсан. Тэгээд би Г-т цус тогтоох, өвчин намдаах тариа хийсэн бөгөөд Г ах өөрөө согтуу байсан учраас хордпого тайлах шингэн хийсэн. Тухайн үед юу болсон талаар асуухад Г ах өөрөө хариулахгүй байсан харин гэрт байсан хүмүүс согтуу морьтой ирээд гадна байсан мотоцикпыг даваад "газарт байсан сүхэн дээр уначихсан гэж хэлж байсан. Тэгээд би Г-ийн толгойн боолтыг авч үзэхэд баруун талын духны хэсэгт 2-3 см орчим язарсан шархтай байсан тухайн хэсгээс нэлээд цус гарсан байдалтай байсан. Тэгээд би шинээр боолт хийж өгөөд Г ахыг аваад тэр шөнө Хяргас сумын төв рүү явсан. Тухайн үед Г-той хамт ар гэрийнхнээс нь хүн яваагүй бөгөөд Г ах Д-ын гэрт ганцаараа очсон байсан, эхнэр нь тухайн үед байгаагүй. Тэгээд би жолоочийн хамт Г-ийг сумын төв рүү зөөвөрлөж тэр шөнө 02:00 цаг өнгөрч байхад сумын төвд ирээд Б эмчид Г ахыг хүлээлгэж өгөөд оёдлыг нь тавилцаж өгчихөөд харьсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед би илүү гэрт байсан бөгөөд гараад ирэх хооронд аавын гэрт хүмүүс маргалдаж, ноцолдох чимээ гараад Г ах, Х нар зууралдаж гарч ирээд давхарлаад унасан. Би очиж дундуур нь орж салгасан. Би салгах хооронд Х хүрч ирээд Г-ийг өшиглөсөн. Би дундуур нь орж салгасан. Тэгтэл аав гарч ирээд Г-ийг” чи одоо яагаад байгаа юм орж унт гэж загнасан. Г дахин хүрч ирэхэд Х түүний цээж мөр хэсэгт цохисон. Тэгтэл Г уурлаад та хэдийг дайрч ална гэж орилоод машин руу явсан би түрүүлж очоод машинаас түлхүүрийг нь авсан. Тэр үед Г хөл хавирга өвдөөд байна гэж хэлээд доголоод явж байсан. Түүнийг хадам ээжийнд нь хүргэсэн. Удалгүй Г морьтой давхиж ирээд гэрийн үүдэнд очоод хаалганы тотгыг барьж ирсэн сүхээрээ цохиод гараад ир гэж орилсон. Тэгтэл гэрийн ардаас Х ах орилж яагаад байгаа юм бэ боль гэж орилсон. Тэгтэл Г морьтойгоо давхиад явсан. Би гэрээс гутлаа өмсөөд гараад очих хооронд отрын гэрийн ар талд тачигнах чимээ гарсан. Гарч харахад гэрийн ард талд засаж байсан 3 мотоцикль хажуугаараа уначихсан. Г мотоциклуудын цаад талд сууж байсан. Сүх мотоциклийн баруун талд цус болчихсон хэвтэж байсан санагдаж байна. Өөр ирмэгтэй зүйл харагдаагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),
Шинжээч эмч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Г-ийн биед учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн дээрээс доошоо чиглэсэн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Духны баруун хэсэгт байрлах шарх "гэмтэлд хүч үйлчилж гавал ясанд хугарал үүссэн байна. Духны баруун хэсэгт учирсан гэмтэл нь ямар нэгэн зүйлээр цохих, ямар нэгэн зүйл дээр унах аль ч тохиолдолд үүсэх боломжтой. Гавал ясанд учирсан гэмтлээс бусад гэмтэл нь "гэмтлийн хөнгөн” зэрэгт хамаарна. Гавал ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),
Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 17:00-18:00 цагийн орчимд нагац ах Г машин жолоодож согтуу ирсэн. Г ирээд машинаа гэрийн үүдэнд тулгаж ирж зогсоогоод гэрт орж ирчихээд “Хулгайчууд гуйлагчингууд” гэх зэргээр орилоод байсан. Би нялх хүүхэд унтаж байсан тул та битгий орилоод бай, нялх нойтон хүүхэд байна гэхэд урдаас чи миний дууг хорьдог хэн юм гэж над руу аашлаад намайг заамдаж авсан. Би түүнийг түлхээд гаргах хооронд үүдэнд босгонд тээглэж унасан. Би түүнийг гэрээс гэрээс гаргаад унасан байхад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгж байтал дүү нар салгаж авсан. Тэгэхэд түүний биед гэмтэл учирсан байх Г-ыг хадам ээжийнд нь хүүхдүүд хүргэж өгсөн. Би дүүгийн хамт гэрийн ард мотоцикль засаж байтал Г морьтой гэрийн үүдэнд ирээд гараад ир ална гэж орилсон. Би дүүгийн хамт гэрийн ард байж байгаад түүнийг болиоч гэж орилоход тэр морьтойгоо бид хоёр луу хүрч ирээд сүх далайгаад давхиж ирсэн тул бид хоёр, хоёр тийшээ зугтаасан. Ард чимээ гарахад нь эргээд харахад Г ах мориноосоо унаад мориноосоо чирэгдэж байхад би очиж хөлийг нь дөрөөнөөс салгасан. Тэгээд харахад Тэгээд харахад Г ахын нүүр цус болчихсон байсан. Тэгээд духны баруун хэсгээс цус гараад байсан тул өвөр дээрээ бариад цусыг нь дарсан боловч тогтохгүй байсан. Тэгээд гэрт оруулж эмнэлэг дуудсан. Г луу төмөр сүх, эдзүйл шидсэн зүйл байхгүй. Би учирсан хохирлыг барагдуулж Гт 3 сая төгрөг өгсөн. Мөн түүнийг өвчтэй байх үед нь ар гэрийн амьдралд тус дэм болж машин тэргийг нь хүртэл засаж өгсөн.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №352 дугаартай Духанд язарсан шарх, цээжний зүүн талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэ, тавхайн дотно хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Х нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Л.Г-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд “...Д.Х нь хохиролд 3.000.000 төгрөг төлж өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 159 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 152 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Д.Э-ын өгсөн: “Д.Х миний төрсөн ах бөгөөд бид эцэг эхээсээ 8-уулаа бүгд тусдаа гарч амьдрал зохиосон. Ах маань тайван дөлгөөн зантай, архи уудаггүй, тамхи татдаг, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, хүний өмнөөс хэрэлдэж маргалдаад байдаггүй, бусдад хүндэтгэлтэй ханддаг хүн байгаа юм. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал), Гэрч С.Ш-ийн өгсөн: “Д.Х нь Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тамхи татчихдаг, гэр орондоо суурин байх сонирхолтой, хөдөө мал маллаж амьдардаг, даруу төлөв зантай, хүнтэй найрсаг харьцаатай, алиа хошин зантай хүн инээлгээд байж байдаг, ширүүн дориун ааш авир байхгүй, хүнтэй энгийн сайхан харьцаатай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Х-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Х-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ