Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Гын Эд холбогдох 2116000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол 2-р багийн нутаг “Улаан чулуут” гэх нэртэй газарт хадам эцэг болох Ш.Ятай согтуурхан маргалдаж улмаар чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “зүүн гарын долоовор хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол 2-р багийн нутаг “Улаан чулуут” гэх нэртэй газарт хадам эцэг болох Ш.Ятай маргалдаж улмаар чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “зүүн гарын долоовор хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Тус үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Би 06 дугаар сарын 25-ны өдөр хадам аав Ш.Ятай үг яриа зөрж маргалдсан. Тухайн үед би буруу үйлдэл хийж чулуу авч шидээд гарт нь гэмтэл учруулсан. Тэр миний буруу.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ш.Яын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2022 оны 6 дугаар сарын 25-ны орой сумын төвөөс 40 км зайд хөдөө Улаан чулуут гэх газарт эхнэр Д.Б, охин Э, хүү Э, Н, Т гэх хүмүүсийн хамт 21 цагийн үед ямаагаа хашаанд хийж байх үед манай хүргэн болох Эн согтуу ирээд сайн байна уу гэхээр нь би чи хамт байгаа юм байж юу яриад байгаа юм бэ одоо харьж унт гэсэн чинь та нар надыг танихгүй байна уу гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь манай бага хүү Э, Эг та архи ууж ирэхээрээ байнга аав руу янз бүрийн юм ярьж байх юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Эг хүү Т гэртээ очиж амар гэж хэлээд цаашаа аваад явсан би тухайн үед хашааны гадна талд зогсож байсан чинь Э намайг хэл амаар доромжлоод салаавч гаргаад байж байснаа газраас чулуу аваад над руу шидэхээр нь би эргэж харахад толгойны арын хэсгээ зүүн гараараа дарсан чинь чулуу ирээд толгойны арын хэсэгт оносон. Тэгээд сумын эрүүл мэндийн төвөөс эмч ирээд намайг сум руу авч ирсэн. ...Э нь архи уусан үедээ надтай хэрүүл маргаан хийж хэл амаар доромжлоод байдаг урьд өмнө хэд хэдэн удаа хэрэлдэж надыг цохиж зодсон асуудал байгаа. ...над руу чулуу аваад шидэхээр нь зүүн гараараа толгойгоо дараад буруу харсан чинь миний зүүн гарын долоовор хуруу болон толгойн дагзны хэсэгт онож гэмтэл бэртэл учруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-нд хөдөө Улаан чулуут гэх газарт нөхөр Я хүү Э охин Э манай бэр Н зээ хүү Т гэх хүмүүсийн хамт 21 цагийн үед ямаагаа хашаанд хийж байх үед манай хүргэн Энхтүвшин архи ууж ирчхээд манай нөхөр Я-ыг хэл амаар доромжлоод байхаар нь би хүргэн Эг чи архи ууж ирэхээрээ дандаа ингэж байх юм гэж хэлсэн. Эг хүү болох Т гэр лүүгээ очиж амар гэж хэлээд хажууд нь зогсож байсан тухайн үед юу болсныг би анзаараагүй өөр тийшээ хараад зогсож байсан чинь манай охин Э аав уначихлаа гэж хэлэхээр нь би эргээд харсан чинь манай нөхөр Я газарт уначихсан байхаар нь Эийн хамт очоод босгосон чинь манай нөхөр Яын гарнаас цус гарч байхаар нь юу болсон талаар асуусан чинь манай нөхөр Я, Э над руу чулуу аваад шидэхээр нь би гараараа толгойгоо дарсан чинь ирээд оночихлоо гэж хэдсэн. Тэгээд сумын Эрүүл мэндийн төв рүү залгаад эмч дуудсан. Эмч ирээд манай нөхөр Яыг сум руу авч явсан. ... манай нөхөр Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хүргэн Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ямар ч байсан архи уусан нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-нд хөдөө Улаан чулуут гэх газарт хадам аав Я, манай нөхөр Э, хадам ээж Б, эгч Э, Т гэх хүмүүсийн хамт 21 цагийн 3 үед ямаагаа хашаанд хийж байх үед Энхмаа эгчийн нөхөр болох Э архи ууж ирчхээд хадам аав болох Ятай хэл амаар доромжлоод байсан чинь манай нөхөр Э, Э ах руу та архи уухаараа аавыг байнга хэл амаар доромжлоод байдаг юм гэхээр нь би нөхөр Эыг архи уусан хүнд юм хэлж яадаг юм бэ гэж хэлээд гэр лүүгээ аваад явсан тухайн үед Э ахын хүүхэд Т аавыгаа гэр лүүгээ явъя гэж хэлээд хажууд нь зогсож байсан. Тэгээд гэрийнхээ гадаа нөхрөө дагуулж оччихоод байж байсан чинь манай нөхөр Э аавыг чулуугаар цохичихлоо гэхээр нь эргээд харсан чинь манай хадам аав Я газарт уначихсан байхаар нь би нөхөр Эны хамт очсон чинь гарнаас нь цус гарсан байсан тухайн үед Э нь гэр лүүгээ явсан байсан. Тэгээд манай нөхөр Э сумын Эрүүл мэндийн төв рүү залгаад эмч дуудсан. Эмч ирээд манай хадам аав Яыг сум руу авч явсан. ... Манай хадам аав Яр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Энхтүвшин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед архи уусан нь мэдэгдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Гэрч Я.Эны мөрдөн байцаалтад өгсөн “...Э нь газраас чулуу аваад манай аав Я луу шидсэн чинь манай аав хойшоо саваад уначихсан. Тухайн үед манай Э эгч аавыг очоод газраас өргөж өндийлгөсөн би яваад очиход аавын гарнаас нь цус гарч байсан толгойны арын хэсэг нь бондойсон байсан. Манай хүргэн ах Э гэр лүүгээ яваад өгсөн дахиж янз бүрийн юм болоогүй.Тэгээд сумын Эрүүл мэндийн төв рүү залгаад эмч дуудсан Эмч ирээд аавыг сум руу авч явсан. ... манай аав Я архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан хүргэн ах Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Тухайн үед хөл дээрээ зогсож чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаартай “....1. Ш.Яын биед зүүн гарын долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь 4 хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Ш.Я нь хохирол нэхэмжлээгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Г.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Эд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Г.Э нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ш.Яр нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Гын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 шүүгдэгч Г.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-нд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Эд танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ш.Я нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА