| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0461/И |
| Дугаар | 748 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 748
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК (гүйцэтгэх захирал М.Т, утас 99422512)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б Газар /дарга Х.Б,/-т холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Б Газрын дарга Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б газраас 2016, 2017 онд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл бүгд 11300413 төгрөг, алданги 5650206 төгрөг нийтдээ 16950619 төгрөг гаргуулах тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХК-аас 2016 онд гэрээнээс гадуур илүү авсан дулааны эрчим хүчний төлбөр нийт 5737418 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч “Э” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээдэг. Аймгийн Б газар нь манай компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авч ашигладаг боловч дулааны үнийг цаг хугацаанд төлөхгүй манай компанийг хохироож байна. Тухайлбал 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 11300413 төгрөг төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг Э/92 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Компани, хэрэглэгч хоёрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүнийг хэрэглэх тухай гэрээний 6.2-т хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан ба төлөөгүй хөлс 11300413 төгрөгийн алданги гэхэд 2018 оны 6 дугаар сарын 07-ны байдлаар /158 хоног х 0,5%= 79%, 11300413х79%=8927326 төгрөг/ 8927326 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзны нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 5650206 төгрөгийн алданги нэхэж байна. Иймд хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ төлөөгүй аймгийн Б газраас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 11300413 төгрөг, алданги 5650206 төгрөг бүгд 16950619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч “Э” ХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг тодруулсан тайлбарт: Манай компани нь Б газраас хэрэглэсэн эрчим хүчний төлбөр 11300412 төгрөг нэхэмжилсэн. Дээрх 11300412 төгрөгийн 3898589 төгрөг нь 2016 оны төлбөрийн үлдэгдэл мөнгө юм. Б газар нь 2016 онд гэрээ ёсоор 211904073 төгрөг төлөх ёстойгоос нийт дүнгээр 208005484 төгрөг төлж 3898589 төгрөг дутуу төлсөн. Дээрх үлдэгдэл мөнгийг төлж барагдуулах талаар тус газарт 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан боловч ямар ч хариу ирүүлээгүй, төлж барагдуулах талаар санаачилга гаргаагүй. Нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл 7401823 төгрөг нь 2017 оны 10,11,12 дугаар саруудад дутуу төлсөн төлбөр юм. Дулааны станцаас борлуулах дулааны эрчим хүчний үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог бөгөөд тус хорооны 2017 оны 2 сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тарифыг шинэчлэн баталсан. Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулах дулааны тарифыг төсөвт байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад 1м.куб нь НӨАТ-гүйгээр 1411 төгрөг байхаар тогтоосон. Манай компани нь аймгийн Б газарт бусад төсөвт байгууллагуудын нэгэн адил 2017 оны 4 сарын 25-ны өдрийн 125 дугаартай албан бичгээр тогтоолын хувийг хүргүүлж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөө мэдэгдсэн. Гэвч тус байгууллага нь мөнгийг дутуу төлсөн. Манай компани нь хувийн хэвшлийн байгууллага бөгөөд эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифыг баримталж үйл ажиллагааны орлогыг олдог. Дээрх тариф нь эрх бүхий байгууллагаас тогтоосон тариф бөгөөд энэ талаар хариуцагчид урьдчилан мэдэгдсэн учир хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлж барагдуулах ёстой гэжээ.
Хариуцагч Б Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, тус газраас 2017 оны дулааны эрчим хүч хэрэглэх гэрээний дагуу сард төлөх тохиролцсон хувиар ёсоор дулааны халаалтын хөлсийг тухайн жилд багтаан 202272070 төгрөг төлсөн болно. Гэрээ хэлцэл хийх үед байгууллагын дарга, ня-бо нар төсвийн захирагчид хэний ч нөлөөнд үл автагдан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээнд гарын үсгээ зурж баталж тохиролцсон байгаа болно. Тухайн онд дулааны халаалтын үнэд өөрчлөлт орсон бол аль нэг талын санаачилгаар гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах юм уу эсхүл дахин гэрээ байгуулах байсан. Энэ талаар тохиролцож гэрээ хэлцлийн 7 дугаар зүйлийн 7.2-рт тусгасан болно. Нэхэмжлэлд дурдсанчлан... 2017 онд халаалтын хөлснөөс 11300413 төгрөг төлөөгүй байна гэсэн мөртлөө 2018 оны 6 дугаар сарын 07-ны байдлаар өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 158 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 5650206 төгрөг төлүүлэхээр ямар ч утгагүй тооцоо гаргаж нэхэмжилжээ. Түүнээс гадна тус компанийн 125 тоот албан бичигт дурдсанаар бол шинэ үнийн тарифыг 2017 оны 10 сараас мөрдвөл мөн оны үлдсэн 2 сарын халаалтын үнийн зөрүү 11300413 төгрөг гармааргүй юм. 2018 оны гэрээнд ч 2017 оны төлөгдөөгүй үлдэгдэл мөнгийг төлж барагдуулах талаар тохиролцсон ямар ч үг өгүүлбэр ороогүй байна. Гэрээ хэлцэлүүд нэг жилийн хугацаатай хийгдэж тухайн ондоо хүчин төгөлдөр үйлчилж байсан. Байгууллагын ня-бо К.Г нь 2017 оны жилийн эцэст нийлэх гэсэн боловч Э ХК-ны ня-бо зөвшөөрч нарын үсэг зураагүй байсныг дурдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б Газар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХК-ны захирал асан Д.М аймгийн БТС-ын газрын дарга асан Х.Хайнар нар харилцан тохиролцож жилийн 7 сарын хугацаатай халаалтаар үйлчлэх гэрээ байгуулан халаалтын хугацаанд сар бүр 28895438 төгрөг гэрээ байгуулсан байжээ. Гэтэл түлш хангагч тус компани гэрээндээ дур мэдэн өөрчлөлт оруулан өөрсдөө нэмж бичиж 10 хоногийн халаалтын хөлсийг илүү нэхэмжилж авч, өөрөөр хэлбэл тухайн онд 208005484 төгрөг төлж нийт тооцоогоор 5737418 төгрөгийг илүү авчээ. Хоёр тал тохиролцсон ёсоор БТС-ын газар нь нийт төлөх халаалтын хөлсийг тухайн жилийн төсөвт суулган батлуулсан байна. Гэтэл “Э” ХК нь гэрээний заалт болон иргэний хууль зөрчиж нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр, харилцан зөвшилцөлгүйгээр дур мэдэн гэрээндээ өөрчлөлт оруулан илүү мөнгө нэхэмжлэн авч БТС-ын газрын төсвийн хөрөнгөөр хууль бус хөрөнгөжсөн байна. Иймд ИХШХШТХ-ийн 73-р зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Гэрээнээс гадуур илүү авсан нийт 5737418 төгрөгийг “Э” ХК-аас гаргуулан олгож БТС-ын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний гүйцэтгэх захирал М.Тйн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа 5737418 төгрөг нь өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал бөгөөд манай компаниас дахин нэхэмжлэх ямар ч үндэслэл. Тус газар нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танай шүүхэд манай компаниас илүү нэхэмжилсэн 10436424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Дээрх 10436424 төгрөгийн 4700000 төгрөг нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 дугаартай төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн мөнгө, 5736424 төгрөг нь 2016 оны халаалтын улиралд шилжүүлсэн мөнгө бөгөөд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18-05/59 дугаартай актаар төлбөр тавьсан байсан. Манай компани нь дээрх актыг огт мэдээгүй байсан ба шүүхээс нэхэмжлэлийн хувийг гаргаж авах үед энэ талаар мэдэж актыг хүчингүй болгуулахаар эхлээд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч, Сангийн сайд, дараа нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус хандсан. Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0045 дугаар шийдвэрээр улсын байцаагчийн актын 5736424 төгрөгийг нөхөн төлүүлэх хэсгийг хүчингүй болгосон. Дараа нь танай шүүх Б газрын нэхэмжлэлийг авч хэлэлцээд 2018 оны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00443 дугаар шийдвэрээр манай компаниас 4700000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Б газарт олгож, илүү нэхэмжилсэн 5736424 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М биечлэн оролцсон ба зохигчид давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Нэхэмжлэгч нь Б газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.300.413 төгрөг, алданги 5.650.206 төгрөг нийт 16.950.619 төгрөг нэхэмжилсэн. 11.300.413 төгрөгийн талаар тайлбарлахад, 3.898.589 төгрөг нь 2016 оны жилийн эцсийн үлдэгдэл юм. 2016 оны жилийн эцсийн дүнгээр хариуцагч 211.904.073 төгрөг төлөх ёстойгоос 208.005.484 төгрөг төлж, 3.898.589 төгрөг дутуу төлсөн. Санхүүгийн хяналт шалгалт аудитын албанаас хийсэн шалгалтаар акт 5.773.413 төгрөгийн акт тавигдсан ба 5 дугаар сард 9.632.003 төгрөг төлсөн байдаг. Дутуу төлөгдсөн 5.773.413 дээр акт тавигдсан. 2017 оны жилийн эцсийн үлдэгдэл 7.401.824 төгрөг байгаа. Энэ нь 2017 оны 10, 11, 12 дугаар сард дутуу төлсөн. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх эрхийг Эрчим хүчний хороо эдлэх” талаар зохицуулсан. Дээрх заалтын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 52 дугаар тогтоол гаргаж тарифыг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ 2 янзаар зохицуулсан. Нэг нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, нөгөө нь 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр зохицуулсан. Тухайн үед өвлийн улирал байсан ба мөнгө төгрөгийн бололцоогүй байдлын улмаас 2 дугаар сараас дээрх тарифыг мөрдөөгүй. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаар албан бичгээр бүх байгууллагад мэдэгдэж, тогтоолыг хүргүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж уг тарифыг мөрдөхийг албан байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авах, бэлтгэл ажлыг хангах талаар сануулсан. Уг албан бичгийг тараасан жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Жагсаалтын 8 дугаарт хариуцагч байгууллагын нягтлан бодогч Г гэдэг хүн 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байна. 2017 онд гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар гэрээ байгаа. Уг гэрээний 1.3-т “талууд хоорондын дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг хэрэглэнэ, хэрэв энэ тарифыг шинэчлэн тогтоосон бол мөрдөж эхлэхээр мэдэгдсэн өдрөөс төлбөр тооцоонд мөрдөнө” гэж заасан. Үүний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн тул гэрээний дагуу батлагдсан тарифыг баримтлах ёстой. Алдангитай холбоотой хэлэхэд, 2016 оны төлбөр 2 дахь жилдээ явж байгаа. Алдангийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 158 хоногоор тооцсон ба 0,5 хувиар бодоход 79 хувь гарсан. гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн дагуу 50 хувь болох 5.650.206 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Төсөвт байгууллагатай холбоотой 7, 8 сард хэд хэдэн хэрэг шийдэгдсэн ба бид алдангийн асуудал дээр тохиролцож байсан. Учир нь тухайн байгууллагад “төлбөр байгаа ч төлж чадахгүй байгаа” тухайгаа хүлээн зөвшөөрч байсан тул алдангийн асуудал дээр тохирч байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдээд тогтоогдсон асуудлаар дахин асуудал гаргасан, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах зэрэг хүндрэлтэй байдал үүсгэсэн тул алдангийн талаар тохиролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд ч гэсэн алдангийн асуудал дээр тохиролцоод явж болох байх. Иймд Б газраас 2016, 2017 онд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл бүгд 11300413 төгрөг, алданги 5650206 төгрөг нийтдээ 16950619 төгрөгийг гаргуулж өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б Газрын дарга Х.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Би сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 2016 оны үед төлбөрийн хувьд тухайн үеийн даргаар ажиллаж байсан Хайнар, нягтлан бодогч нарын буруутай үйл ажиллагаанаас болж тухайн үед төсөвт илүү гарсан 8 сая төгрөг татуулсан байж магадгүй байна. Хэрэв 2016 оны халаалтын мөнгийг хийлгүй өр үүссэн байсан бол энэ мөнгийг татуулах ёсгүй байсан. 2017 оны 10 сараас мөрдөж эхэлсэн тарифаар 2 сарын халаалтын мөнгөнд 11 сая төгрөг гарсан байна. Нэхэмжлэлд “2017 оны сүүлийн байдлаар” гэж бичсэн байна. Би уг ажлыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан. Урьд нь ажиллаж байсан дарга гэрээ хийсэн. Уг гэрээнд өөрчлөлт хийх талаар нэхэмжлэгч талаас ямар нэгэн санал гараагүй, нягтлан бодогч энэ талаар танилцуулаагүй. 2017 оны 10 сараас эхэлж 2 сард 11 сая төгрөгийн төлбөр гарах ёсгүй. 2 сарын төлбөрт 11 сая төгрөг гарч байгаа Гэрээний 1.3-т заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн. Албан бичгийг албан ёсоор мэдэгдсэн. 9 сая төгрөгийн зөрүү гарч байгаа. гэхдээ хариуцагч зарим сард илүү төлөх зэрэг тооцооны зөрүү гардаг. Хариуцагч 1.598.176 төгрөг төлөгдсөн ба уг мөнгийг хасахад 7.401.824 төгрөг гарсан тул нэхэмжилж байна.Биеийн тамир спортын газар өөрсдөө гарын үсэг баталгаажуулаагүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, жилийн эцсээр аудитын дүгнэлт гаргуулдаг. Авлагатай гарахаар санхүүгийн дутагдал алдагдалтай гэж үздэг. Үлдэгдэлтэй байгаа тохиолдолд тооцоо нийлэхгүй байх асуудал байдаг. Өөрсдөө акт тавих байх гэж зугтах асуудал байна. Тэрнээс биш манай байгууллагын зүгээс тооцоо нийлээгүй асуудал байхгүй. 2017 оны жилийн эцсийн байдлаар 11 сая төгрөг гарсан. Төсвийн байгууллага баталсан төсвийн хүрээнд зарцуулна. Гэрээний 7.2-т “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт оруулах ба энэ талаар нөгөө талдаа 15 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ, нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсны дараа энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан. бичгээр тохиролцсон, өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэлсэн бол болох байсан байх. Шинэчлэн тогтоосон үнэ тариф нь тухайн жилийнхээ төсөвт тусгагдаагүй. Бид төсвөө тухайн жилд багтаах ёстой. Тодотгол хийлгэх ёстой байсан. Би уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2-3 сарын дотор 158 хоног, 11 сая төгрөгийн тооцоо гаргаж ирээд байна. Төсөвт байгууллагын өнөөдрийн байдал ямар байгаа билээ. Би төсвийнхөө дагуу сар сард нь төлбөрөө хийж байгаа Би төлөх боломжгүй, илүү төсөв байхгүй. Одоо сард 31 сая төгрөг хийж байна. 2017 онд сард 28 сая хийж байгаа ба хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгасан. 2017 оны жилийн эцсээр нягтлан бодогчтой тооцоо нийл гэж хэлсэн. Э ХХК-ны нягтлан бодогч тооцоо нийлэлгүй гарын үсэг зураагүй байсныг дурдмаар байна. Гэрээний 7.2-т “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт оруулах ба энэ талаар нөгөө талдаа 15 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ, нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсны дараа энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан. Дахин гэрээ хийгээгүй. Нягтлан бодогч намайг анх ажил авахад тариф шинэчлэгдсэн талаар хэлээгүй. Бид нар төсвийн хүрээнд мөнгөө шилжүүлж байсан. Одоо манай байгууллагын төсөвт дулаан эрчим хүчний мөнгө гэсэн мөнгө байхгүй, алданги төлөх илүү мөнгө тусгагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б Газар нь нэхэмжлэгч “Э” ХК-аас 2016 онд гэрээнээс гадуур илүү авсан дулааны эрчим хүчний төлбөр нийт 5737418 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч энэхүү сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
А)Нэхэмжлэгч “Э” ХК болон хариуцагч Б Газар нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №35 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар байгуулсан байна.
Энэхүү гэрээний “Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтэд: Дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хүртэл, 7 сар, Спорт хорооны шинэ байр, халаалт авах эзлэхүүн м3 1430, 1430, нэг сард төлөх 24824800 төгрөг, Спорт хорооны хуучин байр, халаалт авах эзлэхүүн м3 1430м3, нэг сард төлөх 4070638 төгрөг, бүгд 28896438, нэг жилд төлөх үнэ 202268066 төгрөг гэсэн байна.[1]
Энэхүү гэрээг байгуулсаны дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоосон ба хэрэглэгчийн ангилал 2-т “Төсөв байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалт хэмжих нэг төг/м3 тариф /НӨАТ-гүй/ 1,4110.00 гэж тогтоосон байна. [2]
Иймээс Баян-Өлгий аймгийн “Э “ХК-ний 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар “Аймгийн Б газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б танаа” гэсэн албан бичигт: Танай газар нь 2016 оны жилийн эцсийн тооцоогоор 3898589 төгрөгийн, энэ оны эхний улирлын байдлаар 1212430 төгрөгийн бүгд 5144019 төгрөгийн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн төлбөрийн үлдэгдлийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох ёстой. Иймд дээрх төлбөрийг 4 дүгээр сарын 15-ны дотор яаралтай барагдуулах арга хэмжээ авч өнгө үү. Хэрэв дээрхи хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу алданги тооцож эрх бүхий байгууллагад хандах болохыг мэдэгдье гэсэн байна. Энэхүү албан бичгийг хариуцагч Б газарт 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн нь 2017 оны Явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.[3]
Мөн Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний гүйцэтгэх захирал М.Тйн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай “Б газар дарга, нягтлан бодогч нарт” гэсэн албан бичигт: Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталсан. Манай компани дээрхи тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан дулааны тарифыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах тул үнийн зөрүүг 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах аргах хэмжээ авахыг хүсье гэсэн байна. Энэхүү Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний “Үнэ нэмэгдүүлсэн тухай” албан бичгийг хариуцагч БТСГазарт 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бичиг тараасан бүртгэлийн дэвтэрээр нотлогдож байна. [4]
Мөн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний гүйцэтгэх захирал М.Т 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 7/92 дугаар “Аймгийн Б газрын дарга Х.Бын танаа” гэсэн албан бичигт: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор дулааны тарифыг шинэчлэн тогтоосон тул үнийн зөрүү 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах талаар танай байгууллагад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай албан бичгээр урьдчилан мэдэгдсэн байсан. Танай байгууллага 2017 оны жилийн эцсийн тооцоогоор хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ 11300413 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл төлбөрөө 4 дүгээр 20-ны дотор яаралтай барагдуулах арга хэмжээ авч өгнө үү. Хэрэв заасан хугацаанд төлөхгүй бол Эрчим хүчний тухай хууль, байгууллага хооронд байгуулсан гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож шүүхэд хандах болно гэсэн байна.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний захирал нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтыг үндэслэн дулааны тарифыг шинэчлэн тогтоосныг дээрх удаа дараагийн албан бичгээр хариуцагч тал мэдэгдсэн нь нотлогдож байгаа боловч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №35 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-ний 7.2-т “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ тухай саналаа 15 хоногийн өмнө нөгөө талд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ тухай саналаа 15 хоногийн өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулснаар энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй болох бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” заасны дагуу энэхүү гэрээнд дулааны эрчим хүчний шинэчилсэн үнэ тарифтай холбоотой өөрчлөлтийг бичгээр хийгээгүй, баталгаажуулаагүй байна.
Улмаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний захирал, ня-бо нарын гарын үсэг зурж, тус компаний тамга дарсан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Спорт цогцолборын 2017 оны тооцоо” гэдэгт: Эхний үлдэгдэл 3898589 төгрөг, 2017 онд нийт төлөх дүн 209673893 төгрөг, төлсөн нь 202272070 төгрөг, үлдэгдэл 11300412 төгрөг гэсэн байна.[5]
2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний ерөнхий ня-бо Т.Бирлесханы гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан “Б газрын үндсэн төлбөр, төлөх алдангийн тооцоонд: Үндсэн төлбөрийн 2017 оны жилийн эцсийн үлдэгдэл 11300413 төгрөг, хэтэрсэн хоног 158, хэтэрсэн нэг хоногт тооцох алданги 0,5 хувь, алдангийн хэмжээ 79 хувь, алдангийн дүн 8927326 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу нэхэмжлэх алданги /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь/ 5650206 төгрөг байна, нэхэмжлэх нийт дүн /үндсэн төлбөр + алданги/ 16950619 төгрөг байна гэсэн байна. [6]
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газрын ня-бо К.Гын тооцоо хийж, төрийн сангийн мэргэжилтний тэмдэгийг дарсан “Э” ХК-ний 2017 оны тооцоо нийлсэн акт”-д:...2017.02.01-2017.12.20...нийт төлсөн нь 202272070 төгрөг гэсэн байна.[7]
Иймд эдгээр нотлох баримтаар хариуцагч Б газар нь 2017 онд нийт төлөх 209673893 төгрөгөөс, төлсөн бүгд 202272070 төгрөгийг хасаад үлдэгдэл 7401823 төгрөг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаар 7401824 төгрөгийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний төлөх ёстой нь нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №35 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-ний 7.2-ыг зөрчиж дулааны эрчим хүчний тариф шинэчилсэн тарифын талаар нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийгээгүй, баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар алданги нэхэмжлэх эрхээ алдаж байгаа болно.
Б) Талуудын байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №07 дугаар ”Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ”-г 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар байгуулсан байна. Энэхүү гэрээний “Хэрэглэгчийн дулаан авах байгууллагын тооцооны үзүүлэлтэд: Дулааны авах, тасалдуулах, хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хүртэл, үргэлжлэх хугацаа 7 сар, Спортын цогцолбор, халаалт авах эзлэхүүн 17360,4 м3, м3 үнэ 1430 төгрөг, бүгд 24824800, Спорт хорооны хуучин байр, халаалт авах эзлэхүүн 2846,6м3, м3 үнэ 1430 төгрөг, бүгд 4070638 гэсэн байна. [8]
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний захирал,ня-бо нарын гарын үсэг зурж, тус компаний тамга дарсан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Спорт цогцолборын 2016 оны тооцоо” гэдэгт нийт төлөх дүн 211904073 төгрөг, төлсөн нь 208005484 төгрөг, төлөөгүй дутуу 3898589 төгрөг гэсэн байна.[9]
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК нь хариуцагч Б газраас 2016 оны дулааны эрчим хүчний төлөөгүй дутуу төлбөр 3898589 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын маргаан бүхий 2016 оны дулааны эрчим хүний төлбөртэй холбоотой буюу тухайн үйл баримттай холбоотой хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00443 дугаартай Шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасны дагуу 2016 оны дулаан эрчим хүчний төлбөртэй холбоотой нотлох баримт үйл баримтад дахин дүгнэлт хийх шаардлагагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага 2016, 2017 онд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл бүгд 11300413 төгрөгнөөс 2016 оны дулааны эрчим хүчний төлөөгүй дутуу төлбөр гэх 3898589 төгрөгийг хасаад 2017 оны дулааны эрчим хүчний төлөөгүй дутуу төлбөр 7401824 төгрөгийг хариуцагч Б газраас гаргуулан, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9548796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242704 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 133379 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газраас 2017 оны төлөгдөөгүй дулааны эрчим хүчний үнэ 7401824 (долоон сая дөрвөн зуун нэг мянга найман зуун хорин дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9548795 (есөн сая таван зуун дөчин найман мянга долоон зуун ерэн таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газар нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242704 (хоёр зуун дөчин хоёр мянга долоон зуун дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б газраас 133379 (нэг зуун гучин гурван мянга гурван зуун далан есөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Э” ХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
[1] Хэргийн 5-6 хуудас
[2] Хэргийн 28-30 дугаар тал
[3] Хэргийн 32-34 дугаар тал
[4] Хэргийн 30-31 дугаар тал
[5] Хэргийн 37 дугаар тал
[6] Хэргийн 8 хуудас
[7] Хэргийн 19 дугаар тал
[8] Хэргийн 35 дугаар тал
[9] Хэргийн 36 дугаар тал