Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

    2022          12          16                                        2022/ЦШТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

Шүүгдэгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Бо овогт Ж-гийн Н-д холбогдох эрүүгийн 2235000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхээр 2000 онд Эрүүгийн хуулийн 260.1-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт 4 сарын баривчлах ялаар тус тус шийлгүүлж байсан Б овогт Ж-гийн Н /РД:............./,

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүглэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөговь сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний шанаа хэсэг рүү 2 удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ж.Н-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн ..... тоот өөрийн гэрт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөговь сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б-ний шанаа хэсэг рүү 2 удаа цохиж биед нь халдсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Хохирогч Г.Б-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр 22:56 цагт Өмнөговь сумын төвд олон нийтийн цагдаа А.А-ийн хамт гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал тус сумын иргэн Б-гийн Т гэх хүн утасдаж “Манай нөхөр гэрт агсам тавиад байна. Яаралтай ирээрэй. Би унтуулах гээд хүч хүрэхгүй байна" гэж дуудлага өгсөн тул хаягийн дагуу очиход байшинтай айл байсан бөгөөд ороход том өрөөнд зүүн талын буйдан дээр Ж.Н гэгч хэвтсэн, дээрээс нь Т болон түүний хүү дарсан байдалтай байсан. Н нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай босохоор зүтгэж эхнэрийгээ "чи муу пизда, янхан" гэх мэтээр харааж байсан. Би ороод "Амрыг эрье. Энд юу болоод байна вэ?" гэж асуухад Т нь "Н миний толгой руу аяга шидсэн, бас агсам тавиад байна” гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг холдуулаад “Таны гаргаж буй үйлдэл зөрчлийн шинжтэй байж болзошгүй байна. Цагдаагийн хэсэг рүү авч очиж, шалгах шаардлагатай. Та хувцасаа өмсөөд дагаад яваарай” гэж хэлсэн. Тэгэхэд урдаас Н нь "Чадахгүй, явахгүй, явах ёстой юм уу. Та нар чаддаг юм бол аваад яваарай за юу?" гэж хэл амаар доромжилж бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Би тухайн үед олон нийтийн цагдаа А-д хандаж гараад машинаас гар утас аваад ир бичлэг хийнэ гэж хэлэхэд А гараад явсан. Би Н руу очиж "босоорой хувцасаа өмсөөрэй” гэж хэлэхэд урдаас салаавч гаргаад "Чадахгүй пизда минь" гэж хараалын үг хэлсэн. Би түүнд “та шаардлага биелүүлэхгүй бол бид албадлагын арга хэмжээ, хүч хэрэглэх эрхтэй” гэж хэлээд түүний гарнаас татаж босгох гэтэл урдаас босож ирээд “Чи одоо яах гээд байгаа новш вэ?" гэж хэлээд баруун гараараа миний зүүн эрүү орчимд нэг удаа, зүүн хацар орчимд нэг удаа тус тус цохисон. Дахин гараа далайж цохиход нь би биеэ зайлаад хажуу тийш зайлахад тэр миний араас 2 гарыг хумьж тэвэрсэн. Би түүний гарнаас нь барьж буйдан дээр хүнийг тонгорч унагаад босгохгүй, цохиулахгүй байх зорилгоор дарж байтал олон нийтийн цагдаа А гаднаас орж ирсэн. Н намайг цохиж байхад эхнэр Т нь хүүхдийн хамт хажууд байсан бөгөөд "Хүүе яана аа. Чи" гэж уулга алдаж байсан. А орж ирэхэд нь түүнтэй хамт Н-ыг өргөж гаргаад машинд суулгахад машины хаалганы дээд ирмэгээс гараараа тулчихаад сууж өгөхгүй байсан. Энэ хугацаанд дагаж явахгүй гэж чаргууцалдаж, мөн хэл амаар доромжилж "Муу гуйранч /гуйлгачин/ харж байгаарай, буруу хүнтэйгээ оролдлоо доо, маргааш та нарыг үнсэн товорго болгоно харж байгаарай" гэж орилж хашхирч байсан. Цагдаагийн хэсэг дээр авч ирээд байранд оруулах хооронд үүдэн дээр миний баруун гуяны гадна ар хэсэгт нэг удаа өшиглөсөн. Н нь цагдаагийн хэсэг дотор байхдаа намайг хэл амаар доромжилж  “гөлөг, чи цусаар шээнэ, шүүхийн шийдвэрт миний бүх найзууд байгаа, чамайг нойргүй болгоно, баривчилгаанд ороод гараад ирэх хүртэл байж байгаарай за юу гөлөг минь, маргааш амьтан болгоно, пизда минь, баасны гадар, намайг архи уухыг анаад байж байсан юм уу пизда, эргүүтэй төлөг, чамайг цусан далай болчихсон байхад би уулзана” гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Миний эрүүний зүүн хэсэг зуураад хөндүүрлэж өвдөж байна. Буйл бага зэрэг хавдсан, өвдөж байна. Духны баруун хэсэгт гараараа самардаж маажсан бололтой зулгарсан байна. Тухайн үед өмсөж байсан цагдаагийн дүрэмт хувцас болох хээрийн өмдний арын хэсэгт байрлах тэлээний 2 төдөг тасарсан байна. Өөр гэмтсэн, урагдсан зүйл байхгүй. Уг дуудлага нь согтуу хүн гэр орондоо агсам тавьсан, эхнэрийнхээ биед халдсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болох нь очиход тодорхой болсон. Эхнэр Т нь "Н миний толгой руу аяга шидсэн, агсам тавиад байна" гэж хэлсэн тул уг хүнийг цагдаагийн хэсэг рүү авч очих, гэр бүлийн гишүүдээс тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангах бодит шаардлага гарсан тул Н-д хандаж "Таны гаргаж буй үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байна. Тиймээс цагдаагийн хэсэг дээр авч очиж шалгах шаардлагатай, хувцас аа өмсөөд хамт явна уу" гэж шаардлага тавьсан. Цагдаагийн хэсэг рүү гэрээс нь өргөж авч гарсан, тэр үед Ж.Н хөл нүцгэн байсан бөгөөд шууд машинд суулгаад цагдаагийн хэсэг рүү орсон. Энэ хооронд гадна удсан, хөл нүцгэн яваад байсан зүйл байхгүй. Ж.Н машинд суухгүй 2-3 минут гадна зогссон. Тухайн үед цагдаагийн хэсэг дээр авч ирсэний дараа Ж.Н амьсгал давчдаад байна, агаар амьсгалмаар байна гэж хэлээд кобанаас 1 минут гарч зогсоод буцаж орсон дахин гаргаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал),

Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 16-ны орой сумын соёлын төв дээр дууны тэмцээн болж байсан тэр орчмоор эргүүлийн үүргийг хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б-ийн хамт гүйцэтгэж байтал тус сумын иргэн Т-аас нөхөр Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд дийлдэхгүй байна гэх дуудлага ирсэн тул цагдаагийн дэд ахлагч Г.Б-ний хамт уг айлд очсон. Биднийг тэдний байшинд ороход Т нь дунд сургуулийн сурагч хүүхдийн хамт Н-ыг буйдан дээр дарчихсан уйлсан байдалтай байсан бөгөөд Н нь эхнэр, хүүхэд рүүгээ орилж хашхирсан, хэл амаар харааж, доромжилж байсан. Бид ороод Цагдаагийн дэд ахлагч Б юу болсон талаар асуухад эхнэр Т нь "нөхөр маань согтуу ирчихээд агсам тавиад аяга шидсэн, энэ хүнийг авч яваарай, амраах гээд хүч хүрэхгүй байна" гэж хэлж байсан. Н нь эхнэр лүүгээ янхан банзал гэх зэргээр харааж доромжилж байсан. Н-ыг авч явах гэтэл явахгүй, чадахгүй, чаддаг юм бол аваад яваарай гэх зэргээр хэлж явахгүй байсан. Г.Б нь Н-ыг буйдан дээр дарсан байдалтай байсан бөгөөд Н нь эсэргүүцэж зууралдсан байдалтай байсан. Г.Б-ийг хэл амаар доромжилж байсан. Би гар утсаар бичлэг хийхээр камерыг дарж эхлүүлээд унтраах товчлуур дарж дэлгэцийг хаасан гэтэл бичлэг хийгдээгүй байсан. Н нь цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж цагдаагийн хэсэг рүү хамт явъя гэхэд явахгүй, чадахгүй, чаддаг юм бол аваад яваарай гэж орилж байсан. Цагдаагийн дэд ахлагч Г.Б нь энэ намайг цохичихлоо гэж хэлж байсан. Г.Б-ний духны баруун хэсэгт зулгарсан байсан. Н өөрөө дагаж явахгүй байсан тул түүнд хүч хэрэглэж өргөж авч гараад машинд суулгах гэхэд хаалганы дээд талаас зуурчихаад суухгүй байсан. Машинд орчихоод зууралдаад байсан. Цагдаагийн хэсэг дээр авч ирээд оруулах хооронд цагдаагийн хэсгийн хаалган дээр Цагдаагийн дэд ахлагч Г.Б-ийг хаалга онгойлгох хооронд гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Н-ын эхнэр Т нь дуудлага өгч нөхөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж аяга шидсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд дийлдэхгүй байна, энэ хүнийг аваад яваарай гэж хэлсэн тул цагдаагийн хэсэг рүү хамт явах, шалгах шаардлагатай талаар хэлэхэд эсэргүүцээд хэл амаар доромжилж урдаас салаавч гаргаад явахгүй, чадахгүй, чаддаг юм бол аваад яваарай гэж хэлээд уг үйлдлээр эсэргүүцээд байсан. Мөн Н нь хэсгийн цагдаа, зодож цохиж биед халдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Н маань гадуур гараад явж байгаад орой ирэхдээ халамцуу байсан. Тэгээд унтаж амрахгүй үглээд байсан тул би тоглолт үзнэ гэж хэлээд гараад явчихсан юм. Соёлын төвд очиж тоглолт үзээд гэртээ буцаж ирэхэд нөхөр маань архи нэмээд уучихсан согтуу байсан. Тэгээд унтаж амрахгүй элдэв янзын юм яриад байсан тул би хүүхдийн хамт дарж унтуулах гэсэн боловч унтахгүй эсэргүүцээд байсан. Надруу агсраад ширээн дээр байсан аяга авч шидсэн. Аяга нь хана цохиод ойгоод миний духны дээд хэсэгт оносон. Тухайн үед аяга хагараагүй. Би нөхрийгөө унтаж амрахгүй байсан тул сумын хэсгийн цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сумын хэсгийн цагдаа Б, олон нийтийн цагдаагийн хамт ирсэн. Тэр хоёр Н-ыг цагдаагийн хэсэг рүү авч явах гэхэд нөхөр маань согтуу байсан болохоор явахгүй гэсэн. Тэр хооронд олон нийтийн цагдаа залуу гарч явсан. Урьд нь Б цагдаа нөхрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь саатуулж эрхийг нь хасуулж байсан тул нөхөр маань уурлаад урьдны юм аа яриад түүн лүү агсраад Б-ний урдаас ноцолдоод эсэргүүцээд үгэнд нь орохгүй хамт явахгүй байсан. Тэр хооронд нөхөр маань цагдаагийн араас нь тэврээд бариад авсан. Цагдаа залуу нөхрийг буйдан дээр унагаад дарж байтал олон нийтийн цагдаа орж ирээд тэр хоёр нийлээд нөхрийг хөл, гарнаас нь өргөөд аваад явсан. Н цагдаагийн урдаас нь ноцолдоод байсан. Богино хугацаанд болж өнгөрсөн асуудал байгаа юм. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа хоёр миний нөхрийг зодож цохисон зүйл байхгүй. Би цагдаад дуудлага өгөөд энэ хүнийг эрүүлжүүлээд өгөөч, аваад яваарай гэж хэлсэн. Цагдаа нар ирэхэд би хүүхэдтэйгээ хамт Н-ыг дарчихсан байсан юм. Тэгээд цагдаа нар түүнийг цагдаагийн хэсэг рүү хамт явъя гэхэд нөхөр маань явахгүй эсэргүүцээд би гэртээ амарч байна гэж хэлээд босохгүй маргалдаад байсан юм. Түүнийг босгох гэж гараас нь татахад уурлаад ноцолдоод эхэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12:00 цаг өнгөрч байтал манайд Н хүрч ирээд "машинаа хүнд зарах гэсэн юм танд аккумулятор байна уу?" гэж асуусан. Би нэг хуучин аккумулятор өгөхөд та очоод машин асаалцаад өгөөч гэж гуйсан тул хамт тэдний хашаанд очиж машиныг нь асааж өгсөн. Тэгэхэд Н "би маргааш машин аа зарна. Ашгүй асчихлаа" гэж хэлээд 1шил 0,5л-ийн архи гаргаж ирж задалсан. Түүнийг нь хувааж уугаад "би ажилтай" гэж хэлээд 13:00 цагийн орчимд гэртээ харьсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Ныг хаануур явсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),   

Шүүгдэгч Ж.Н-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үд орчимд Б гэх хүнтэй машин засаж асаах ажлаар уулзаж 1 шил архи хувааж уусан. Б ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Би гэртээ үлдээд машиндаа засвар үйлчилгээ хийж байгаад дахиад 18:00-19:00 цагийн орчимд гэртээ 0,5 литрийн нэг шил архи ганцаараа уусан. Тэгээд эхнэртэйгээ ойр зуурын зүйлээс болж маргалдаад эхнэр цагдаад дуудлага өгчихсөн юм. Удалгүй сумын хэсгийн цагдаа Б урьд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож явахад саатуулж эрх хасуулсан байсан тул дахин энэ байдалд намайг харгалзаж үзэх байх гэж бодсон боловч цагдаагийн хэсэг рүү авч явах шаардлагатай гэсэн. Тухайн үед би эхнэртэйгээ маргалдсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас уурлаад явахгүй гэж хэлээд түүнтэй барьцалдаж авч түлхэж татсан тэр хооронд түүний нүүрэнд 2 удаа хальт цохисон. Тэгээд тэврээд авахад намайг тонгорч буйдан дээр унагасан. Би кабоны үүдэнд очоод Б-ний хөл рүү хөл нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн өөр зодож цохисон зүйл байхгүй. Эхнэртэй маргалдсан байснаас уурандаа ийм үйлдэл хийсэн байна. Цагдаагийн алба хаагч намайг зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөговь сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Цагдаагийн албан хаагч нар дуудлагын дагуу очиход шүүгдэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй нөхцөл байсан тул уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөговь сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б-ийг цагдаагийн хэсэг рүү хамт явах талаар шаардлага тавьсан нь тухайн нөхцөл байдалд тохирсон, зайлшгүй хийх ёстой хууль ёсны үйлдэл байсан тул түүнийг шаардлагыг хууль ёсны шаардлага гэж үзнэ.

Шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №539 дугаартай “Үзүүлэгч Г.Б-ийн биед духанд зулгаралт, цус хуралт, эрүүний зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Духанд зулгаралт, цус хуралт, эрүүний зүүн талд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбай хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.”гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-аар хууль сахиулагчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа нь шүүгдэгч Ж.Н нь хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэсэн болохыг нотлож байна.

Иймд шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №132 дугаартай “...Ж.Н-аас гэх C04735741,C06042921 дугаартай хуруу шилтэй цусанд  1,0% промилли спиртийн агууламж илэрч байна. Ж.Н-аас цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирогч Г.Б-ний  “Ямар нэгэн гомдол саналгүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Н нь урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2000 онд Эрүүгийн хуулийн 260.1-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2-т заасан гэмт хэрэгт 4 сарын баривчлах ялаар тус тус шийлгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Н-ын хувийн байдлын талаар: Гэрч Г.Ч-гийн өгсөн:Ж.Н-тай гэр бүл болоод 14 жил амьдарч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ ааш зан сайтай, хөдөлмөрч, намайг гал тогоонд гар хүргэдэггүй, өглөө босоод нүүрс түлээ түлээд хоол цай хийчихдэг хүн байгаа юм. Хувьд ногдох хөрөнгийн хувьд нэг ачааны машинтай түүгээрээ амьдарлаа залгуулдаг юм.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 18 дахь тал), Гэрч Ш.Л-ын өгсөн:  Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ ааш зан сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, хүний арга эв олчихдог, яриа хөөрөө дэлгэчихдэг, ажилсаг хөдөлмөрч зүгээр суугаад байдаггүй, юм юмруу л тэмүүлж хөөцөлдөж явдаг, үр хүүхдүүддээ хандах хандлага сайн, халамж анхаарал сайн тавьдаг бололтой харагддаг, гэр орноор нь хааяа нэг очиход зочломтгой сайхан айл харагддаг.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 20 дэх тал)-ууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон ялын талаарх тохиролцоог хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т  заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т  заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Н-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ